Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

        Ж.Д-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ж.Д-д холбогдох, 2135001770110 дугаартай, 8 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...нд Увс аймгийн У.. суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Увс аймгийн Т сумын ц-гийн эрхлэгч, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Т сумын  дугаар багт оршин суух, Т овогт Ж-гийн Д  /РД:/.

1. Яллагдагч Ж.Д нь Увс аймгийн Т сумын ц-гийн эрхлэгчээр ажиллахдаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Байгууллагын аварга”-аар шалгарсан гэж сахиул ажилтай Т.Бат-Эрдэнэд 1 сарын  үндсэн цалин 432.754 төгрөг, мөн туслах багш Ч.Ц-д 543.875 төгрөгийг тус тус шагнал нэрээр тухайн сарын цалин, улирлын урамшуулал дээр нэмж олгон, Ч.Ц-гийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн 1.300.079 төгрөгийн цалингаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 535.000 төгрөгийг өөрийнхөө 5813099056 тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 976.629 төгрөг,

- тус цэцэрлэгийн арга зүйч ажилтай Ж.Ц-г ажиллаагүй байхад  жирэмсний амралт дуусаж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр ажилд орсноор 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/12 дугаартай тушаал гаргаж, түүнийг ажилласнаар цагийн бүртгэлд бүртгүүлэн, түүнд 2020 оны 11, 12 дугаар сард нийт 2.686.398 төгрөгийн цалин олгож, олгосон цалингаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 460.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 5813099056 тоот данс руу, 2020 оны 12 дугаар 22-ны өдөр 300.000 төгрөгийг хүү Б.Б-ний ХААН банкны 5813202055 дансаар шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 2.686.398 төгрөг,

- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/03 тоот тушаалаар цэцэрлэгийн арга зүйч Ж.Ц-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгож, түүний цалин дээр нэмэгдэж орсон ур чадварын мөнгөнөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 233.700 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Цэндхүүгээр 1.0 сая төгрөгийн зээл авхуулан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 990.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 5813099056 дансаар шилжүүлэн авч, уг зээлийг ур чадварын нэмэгдлээс нь төлүүлэн цэцэрлэгийн төсөвт 1.935.993 төгрөгийн,

- 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А нөхөрлөлийн ХААН банкны 5800074759 тоот данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн боловч ямар нэгэн үйлчилгээг тус байгууллагаас аваагүй, уг мөнгөнөөс 474500 төгрөгийг хүү Б.Батбилгүүний 5813202055 тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 700.000 төгрөг, бүгд 6.299.020 төгрөгийн хохирлыг цэцэрлэгийн төсөвт учруулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосон,

- тус цэцэрлэгийн бүлгийн багш ажилтай Г.Э-аас урамшуулал, ур чадварын мөнгийг хангалттай өгч байгаа гэж 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5813099056 тоот дансаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г.Э-гийн дансанд цалингийн урьдчилгаа 800.000 төгрөг оруулан өөрийнхөө хаан банкны 5813099056 тоот дансаар, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5813099056 тоот дансаар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөгийг хүү Б.Б-ний хаан банкны 5813202055 тоот дансаар нийт 3.100.000 төгрөг,

- тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Ч-гийн Ц-гээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр 01-ний өдөр 600.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 535.000 төгрөгийг тус тус өөрийнхөө 5813099056 тоот дансаар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.Ц-тэй утсаар ярьж Г.Э-гийн данс руу 100.000 төгрөгийг хийлгэж, уг мөнгийг Г.Э-гийн данснаас хүү Б.Б-ний 5813202055 тоот данс руу шилжүүлэн нийт 2.335.000 төгрөг,

- тус цэцэрлэгийн туслах багш ажилтай С-ын С-аас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөгийг хүү Б.Б-ний 5813202055 тоот дансаар,

- тус цэцэрлэгийн туслах багш ажилтай С-гийн Н-гээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөгийг хүү Б.Б-ний 5813202055 тоот дансаар,

- тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Х-гийн И-ээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 600.000 төгрөгийг хүү Б.Б-ний ХААН банкны 5813202055 тоот дансаар, нийт 6.385.000 төгрөгийг тус тус албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Турдыбекээс шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

-Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-гийн Далайд холбогдох,  2135001770110 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

-яллагдагч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн.4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдих болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан бөгөөд Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,1-т “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах; бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “ Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Яллагдагч Ж.Д нь Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа багш, ажилтнуудын цалин, улирлын урамшуулал, ур чадварын мөнгийг нэмж олгох, амралттай байсан хүнийг цагийн бүртгэлд бүртгүүлэн цалин олгох, хуулийн этгээдийн дансанд мөнгө шилжүүлэх зэрэг байдлаар багш, ажилтнуудын дансанд орсон мөнгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон байдаг.

Өөртөө давуу байдал бий болгосон гэдгийг нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Яллагдагч Ж.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаар үйлдэж өөртөө давуу байдал бий болгосон байх тул түүний үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй юм. Ж.Д-дгийн үйлдсэн гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус цэцэрлэгийн ажилчдад болон цэцэрлэгийн төсөвт хохирол учруулсан үйлдэл нь тус байгууллагын удирдах албан тушаал буюу эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийснээрээ онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл Ж.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөөр ажилчдаасаа зээлж авсан мөнгийг төлсөн үйлдлийг гаргасан байх ба энэ үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/252 дугаар захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэл бол Ж.Д-дгийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэх, хамтран оролцогч байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгох энэ гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Ж.Д нь Т сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа багш ажилчдын цалин урамшуулал, үр дүнгийн мөнгийг нэмж олгох, амралттай байсан хүний цагийг цагийн бүртгэлд бүртгүүлэн цалин олгох, хуулийн этгээдийн дансанд мөнгө шилжүүлэх байдлаар багш ажилчдын мөнгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал олгосон байна.

Өөртөө давуу байдал бий болгосон гэдэг бол нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөртөө болон хувь хүн, хуулийн этгээдэд бий болгох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлдэг. Ийм учраас Ж.Д-дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажилчдаасаа зээлж авсан мөнгийг төсвийн хөрөнгөөс гаргасан нь албан тушаалын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн 252 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ж.Д-д холбогдох, 2135001770110 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Прокуророос яллагдагч Ж.Д-г Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа тус цэцэрлэгийн зарим ажилтнуудын нэр дээр шагнал болон цалингийн нэмэгдэл, урамшуулал хэлбэрээр мөнгө нэмж гаргах, ажиллаагүй ажилтны нэр дээр цалин олгох, мөн байгууллагадаа бараа материал худалдан авах болон ямар нэг үйлчилгээ аваагүй атлаа өөр аж ахуйн нэгжийн данс руу мөнгө шилжүүлэх зэрэг арга замаар тус цэцэрлэгийн төсөвт хөрөнгөөс нийт 6.299.020 төгрөгийг өөртөө авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

- мөн тус цэцэрлэгийн багш, ажилтнуудад урамшуулал, ур чадварын мөнгө хангалттай өгч байгаа гэх үндэслэлээр тэднээс нийт  6.385.000 төгрөгийг өөртөө  авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд  нийцжээ.

3. Яллагдагч Ж.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан: “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна гэж дүгнэлээ.

4. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Ж.Д-гийн үйлдлүүдийг 2 хуваан, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон цэцэрлэгийн төсөвт нийт 6.299.020 төгрөгийн хохирол,    

мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон бусдад буюу тус цэцэрлэгийн багш, туслах багшаар ажиллаж байсан Г.Э, Ч.Ц, С.С, С.Н, Х.И нарт нийт 6.385.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж ялласан байх боловч  яллагдагчийн багш, ажилтнуудаас мөнгө авч байсан үйлдэл бүрийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  

5. Ж.Д нь Увс аймгийн Т сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд тэрээр хууль тогтоомжоор олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тус цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох, батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байна.

Тэрээр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж, дээрхи албаны бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тус цэцэрлэгийн зарим ажилтнуудын нэр дээр шагнал болон цалингийн нэмэгдэл, урамшуулал хэлбэрээр мөнгө нэмж гарган өөртөө авах, мөн ажиллаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтанг ажилдаа орсноор тушаал гарган цалин олгож, өөртөө авах, бараа материал авах нэрийдлээр өөр хуулийн этгээдийн данс руу мөнгө шилжүүлгэн өөртөө авах зэргээр төсвийн хөрөнгөнд хохирол учруулсан, мөн зарим багш, ажилтнуудад цалин олгохдоо урамшуулал, үр чадварын нэмэгдэл хангалттай олгож байгаа гэх үндэслэлээр тэднээс удаа дараагийн үйлдлээр зээлэх нэрийдлээр мөнгө авч байсан, мөн зарим ажилтнаар цалингийн урьдчилгаа авахуулж, түүнийгээ цалин дээр нь нэмэгдэл хөлс, урамшуулал олгох замаар төлж байсан талаархи нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Прокуророос яллагдагчийн дээрхи үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.    

6. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг тогтоолгох, яллагдагч Ж.Д-дгийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг болон мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг аль гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгааг  нарийвчлан шалгаж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

7. Дээрхи үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН