Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2024/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Янжиндулам, шүүгч М.Мянганбаяр нарыг бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: Ш.Б,

 

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э,

 

Гомдлын шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагч Ш.Б /цахим/, хариуцагч улсын байцаагч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгээр Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичгийн дагуу арга хэмжээ авч ажиллах талаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлжээ. (Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)

2.2. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаяр Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй... гэх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. (Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

2.3. Дээрх мэдээллийн дагуу холбогдогчоор 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшигч Ш.Б-ыг татаж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын эцсийн тайлангаа Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. (Хавтаст хэргийн 72 дугаар хуудас)

2.4. Холбогдогч Ш.Б шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсыг болгуулах тухай. Ш.Б би дараах үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.5 дугаар зүйлд Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно гэж заасан. Хуулийн эдгээр заалтаас харахад зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээ, зөрчил, түүний үр дагавар илэрсэн газрыг тогтоох ёстой юм байна. Жишээ нь: Хүн зодсон хэрэгт юунаас болж зодолдсон, гараар зодсон, мэс хэрэглэсэн эсэхийг нарийн тогтоож, зохих шийтгэлийг оногдуулахаас шууд шийтгэдэггүй. Тийм учраас би ямар шалтгаанаар зөрчлийн хэрэгт холбогдсон болохоо тайлбарлах шаардлагатай боллоо. Миний бие 2002 оны Улсын Их Хурлын сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн нь зөрчлийн хэрэгт холбогдох шалтгаан болсон. Улсын Их Хурлын сонгууль бол Монгол Улсыг тусгаар тогтносон, ардчилсан улс болохыг дэлхийд таниулж харуулдаг улс төрийн хамгийн том үйл ажиллагаа, нийт ард түмэн оролцож, ардчилсан төрөө сонгож байгуулдаг төрт ёсны том баяр юм. Улсын Их Хурлын сонгууль нь Монгол улсыг дэлхийн ардчилсан гэр бүлд багтаах, дэлхийн ардчилсан орнуудтай хамтран ажиллах гол тулгуур болох амин чухал ач холбогдолтой сонгууль юм. Ардчилсан орнуудын гэр бүлд хамрагдсанаар Монгол Улс Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг эдийн засгийн тусламж, зээл авах эрх нээгддэг. Энэ намар Монгол Улсад зуд болоход Олон улсын байгууллагууд хэрхэн санхүүгийн тусламж үзүүлсний бид харсан. Ийм ач холбогдолтой учраас Улсын Их Хурлын сонгуульд гадаадын болон Олон улсын байгууллагын сонгуулийн ажиглагч нар оролцдог. Сонгуульд нэр дэвшигч нь Үндсэн хуулиар олгогдсон ардчиллын язгуур эрх болох бөгөөд сонгогдох эрхээ эдэлж байсан надад хамгийн дурсгалт мөч болон үлдэнэ. Нэр дэвшигч нь нэлээд удаан хугацаагаар оюун ухаанаа сойж байж сонгуульд оролцдог, олон хүн ажиллуулж, мөнгө зарцуулдаг том хөдөлмөр байгаа. Нийгэмдээ сайн үйлс дагуулсан буянтай үйл хэрэг гэж харж байна. Тэгвэл нийгэмд хор уршиг учруулсан үйлдэл зөрчил байдаг. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хүний амь насанд хохирол учруулах хор уршигтай үйлдэл учраас сонгогдох эрхээ эдлэх нь улс нийгэмдээ зөв нөлөө үзүүлсэн зөв үйлдэл гэж би ойлгож байна.

Хоёрдугаарт: Намайг сонгуулийн эцсийн тайлангаа гаргаж өгөөгүй хэмээн Зөрчлийн тухай хуулиар торгож шийдвэрлэснийг би эсэргүүцэж шүүхэд хандсанаар шүүх хуралдаан хийж байна. Би явцын болон эцсийн тайлангаа гаргасан. Эцсийн тайлангаа цахимаар гаргасан. Яагаад хүлээж аваагүй болохыг би тайлбарлаж чадахгүй. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангаас шүүхэд ирүүлсэн тайлбарт Ш.Б-ын санхүүгийн явцын болон эцсийн тайлан өгсөн эсэх асуудлыг би нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн зүгээс хянаж судлаагүй, хуульд зааснаар Үндэсний аудитын газарт тайлангаа өгөөгүй зөрчил бүртгэгдсэн учир нягтлан бодох бүртгэлийн байцаагчийн хувьд шийтгэл оногдуулсан гэжээ. Ийм амархан хүний эрхэд халдаж болдог юм уу, би гайхаж байна. Мөн шийтгэл нь Увс аймгийн Прокурорын газрын хяналтын дор гарч байгаа. Хүний эрх зөвхөн шүүх дээр хамгаалагдах ёстой. Би шүүх засаглалд баярлаж байна. Шүүхэд би өөрийн эрхээ хамгаалах гэж бараг 2 жил болж байна. Хуулийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалах учраас прокурор мөн хүний эрхийг хамгаалж ажиллах үүрэгтэй. Төрийн байгууллагын цахим мэдээллийг үндэслэж хүнийг торгох шийтгэхийг би эсэргүүцнэ. Учир нь хүний эрх яригдахгүй, хүндлэгдэхгүй байна. Прокурор надад хуулийн хүрээнд эрхээ хамгаалах, мэдүүлэг гаргах боломж олгох ёстой гэж үзэж байгаа. Прокурор санхүүгийн байцаагчийн торгуулийн саналыг баталгаажуулдаг санхүүгийн байцаагчтай адил ажиллаж болохгүй. Тиймээс би прокурор, хуульч хүн ийм байр сууринаас хандаж байгаад харамсаж байна. Төрийн байгууллагын цахим мэдээлэл зөв эсэхийг прокурор шалгаж үзэж ёстой байсан. Төрийн байгууллагын цахим мэдээлэлд худал мэдээлэл ордог, илгээсэн мэдээллийг бүрэн авч чаддаггүйг нотлох баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Эсхүл төрийн байгууллагын цахим мэдээлэл хариуцаж буй ажилтан хариуцлагатай хандсан эсэхийг шалгах ёстой. Тухайлбал, өмнө нь энэ хэргийг хариуцаж байсан Д.Алтанцэцэг шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир гэх хүнд би төрийн байгууллагын цахим мэдээлэлд худал мэдээлэл ордог, илгээсэн мэдээллийг бүрэн хүлээж авч чаддаггүй болохыг нотолсон баримт хүргүүлсэн боловч шүүхэд ирээгүй байсан тул өмнөх шүүх хурал хойшилсон. Нотлох баримт олдоогүй, Н.Эрдэнэ-Очир баримтыг олохыг хичээгээгүй, надаас уучлалт гуйгаагүй нь төрийн албан хаагчид хариуцлагагүй ханддаг асуудал гарч байна. Миний мэдүүлэг худал болж, аудитын дүгнэлт үнэн болж явцын тайлангаа бичгээр авсантай адил эцсийн тайлангаа яагаад бичгээр авч болдоггүй юм бэ, энэ сул талыг би хариуцах ёсгүй. Гуравдугаарт: Төр ард түмний татвар дээр тогтдог учраас ард түмэндээ үйлчлэх үүднээс төрийн нийтийн албыг байгуулсан. Ард түмэндээ үйлчлэх, ард түмний эрх ашгийг хамгаалах нь төрийн анхдагч үүрэг. Төр ард түмэндээ үйлчлэхийн тулд үйлчилгээний байгууллага буюу төрийн албыг байгуулсан. Ийм учраас аудитын байгууллага миний гаргасан тайланд өөрсдөө аудитын шалгалтаа хийгээд, дүгнэлтээ гаргах үүрэгтэй. Үүнийг ард түмэндээ үйлчилж байна гэж ойлгоно. Би явцын тайлангаа шаардсаны дагуу гаргаж өгсөн. Эцсийн тайлангаа хөндлөнгийн аудитаар хянуулаад төр өгөх ёстой гэх шаардлага надад тавьж байна. Төрийн энэ шаардлагын дагуу би хувийн аудитын байгууллагад хандсан талаар би өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. Миний сонгуулийн зардал 10,000,000 төгрөг хүрээгүй болохоор хувийн аудитын байгууллага тоодоггүй юм байна лээ. Би эцсийн тайлангаа хувийн аудитын байгууллагаар хянуулах ёстой гэдгийг ойлгохгүй байна. Төр миний сонгуулийн зардалд хяналт тавих гээд байна. Би өөрийнхөө санхүүд шалгалт хийгээд, аудитын байгууллага хөлсөлж, дүгнэлт гаргуулж явуулсан нүд хуурсан ажил байж болохгүй. Би төрөөс санхүүгийн дэмжлэг авч төрд хохирол учруулаагүй. Хэрэв би төрөөс санхүүжилт авсан бол тайлангаа гаргах үүрэгтэй. Би Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө олж авах, зарцуулах эрхийн хүрээнд өөрийн хөрөнгөө сонгуульд зарцуулсан. Би сонгуульд нэр дэвшихдээ нийгэмд сөрөг үр дагавар, хохирол, хор уршиг учруулсан зөрчил гаргаагүй. Сонгуулийн завсрын тайлангаа сонгууль дуусахаас 3 хоногийн өмнө гаргаж өгсөн. Сонгууль дуусангуут эцсийн тайлангаа цахимаар явуулсан. Нэмж хэлэхэд завсрын тайлан, эцсийн тайлангийн хооронд хөдөлгөөн, өөрчлөлт байхгүй. Би төрд сонгуулийн тайлангаа гаргаж өгөх шалтгаан байхгүй гэж харж байгаа. Учир нь би өөрийн хөрөнгөөр сонгуульд оролцсон болохоос ашиг олохоор бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн албаны байгууллага буюу ард түмэнд үйлчлэх ёстой байгууллага нэр дэвшигч нартай яагаад уулзаж болдоггүй юм бол. Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас сонгуульд оролцож байхад бидэнтэй уулзаж, хариуцлагыг тайлбарлаж өгөөгүй. Тайлангаа өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох тухай зөвлөгөө өгснийг баталгаажуулж гарын үсэг зуруулж болох байсан. Би Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2012-2016 онд сонгогдож ажилласан туршлагатай. Бид дүүргийнхээ төрийн албан хаагчдыг цуглуулж байгаад Авлигатай тэмцэх газартай хамтран сургалт явуулаад, гарын үсэг зуруулж авсан. Шалгалт явуулах нь төрийн албаны үндсэн үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох талаар урьдчилан сануулах ёстой байсан.

Монгол төрийн анхдагч үүрэг бол ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах. Байгалийн хүчин зүйлс цар тахал гарахад Онц байдлын хууль баталсан. Цар тахлыг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол багатай даван туулах бүхий л арга хэмжээг авсан. Төр нь хуулиар хүний эрхийг ингэж хамгаалдаг. Төр онц байдлын тухай хууль баталж, хөл хорио тогтоосныг ойлголгүй онцгой байдлын хүнд үед хууль биелүүлж ард түмнээ торгож шийдвэрлэдэг төрийн албан хаагч байж болох уу. Хууль бол болох, болохгүйн хязгаар болохоос. Галав юүлсэн ч төр оршин тогтнодог болохыг манай төр харуулсан. Аргагүйн эрхэнд хуулиар хүний эрхийг хязгаарлаад хүнсний дэлгүүр, төрийн албан хаагч хоёрыг ажиллах зөвшөөрөл олгосон. Бусдыг нь гэртээ суу гэж хорьсныг бид дагаж мөрдөөд бүгдээрээ гэртээ суусан. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас маш олон хүний амь нас эрсдэж, хүмүүс ажил орлогогүй болоход төрөөс ард түмнээ дэмжих бүхий л аргах хэмжээг авсан. Цахилгаан, дулаан, усны төлбөр төлж өгсөн бөгөөд амьдрал бараг зогсож байсан үе байсан. Цар тахлаар нас барсан хүмүүсийн тоо, эдийн засгийн статистикийн судалгааны баримтыг бичгээр шүүхэд гаргасан. Эхлээд намайг шүүхэд нэхэмжлэл гаргахад цаг хугацаа алдсан байна гээд хүлээн аваагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа тоочиж дахин хандахад хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж нэхэмжлэл гаргах хугацааг сунгаж өгсөн гэв.

3.2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Увс аймгийн 15 дугаар тойрогч Шинэ эвсэл-ээс Ш.Б нэр дэвшсэн. Тухайн үед Улсын Их Хуралд нэр дэвшсэн дэвшигчид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар зардлын дансныхаа зарцуулалтын явцын болон эцсийн тайланг тайлагнах үүрэгтэй байсан. Нэр дэвшигч Ш.Б нь сонгуулийн зардлын дансны явцын тайланг санал хураах өдрөөс 3 хоногийн өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Нэр дэвшигч Ш.Б нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57.3-д заасан Сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сонгуулийн зардлын эцсийн тайланг хувийн аудитын компаниар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөнийг Үндэсний аудитын газар болон Санхүүгийн яамнаас гомдол мэдээллийг харьяаллын дагуу Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн. Энэ гомдлын дагуу Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ш.Б сонгуульд оролцсон уу, тайлангаа яагаад өгөөгүй талаар Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хорооноос албан бичгээр бүх мэдээллийг авч нотлох баримтын үндсэн дээр эцсийн тайлангаа өгөөгүй болох нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан гэв.

4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Батсуурь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Ш.Б нь эцсийн тайлангаа өгөөгүй эцсийн шийдвэр шүүх гаргах байхаа. Нэхэмжлэгчийн зөв гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Иргэн Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан.

3. Гомдол гаргагчаас ...сонгуулийн явцын болон эцсийн тайлангаа хүргүүлсэн, ...надаас үл хамаарах шалтгааны улмаас цахимаар илгээсэн тайланг аудитын байгууллага хүлээн аваагүй. ...Төрөөс санхүүгийн дэмжлэг авч сонгуульд оролцоогүй, төрд ямар нэг санхүүгийн хохирол учруулаагүй, ...сонгуулийн хууль тогтоомжийн талаар болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагаас ямар нэгэн сургалт, зөвлөмж, чиглэл мэдээллийг өгөөгүй байж 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч улсын байцаагчаас ...Ш.Б нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан гэж тайлбар гарган гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргаж байна.

5. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаяр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ш.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан сонгуулийн зардлын эцсийн тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй болох нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг, Үндэсний аудитын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/3435 тоот албан бичгээр тогтоогдсон гэж үзэн 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

6. Ш.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар Зөрчлийн арга хэмжээг авах тухай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 2880 дугаартай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэдээлэл лавлагаа хүссэн албан бичгүүд, лавлагаа мэдээлэл хүргүүлэх тухай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/400 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 дугаар 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичиг, нэр дэвшигч Ш.Б-ын сонгуулийн зардлын явцын тайлан хүлээн авсан бүртгэл, санхүүгийн явцын тайлан, дансны хуулга, прокурорын газрын холбогдох тогтоол, улсын байцаагчаас зөрчилд холбогдогчтой холбогдож байсан талаарх тэмдэглэл, Ш.Б-ын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

7. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатаас сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигчийг нэр тус бүрээр хавсралтаар гарган Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 2880 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн байна.

8. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарын бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч С.Н-оос Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад Арга хэмжээ авч ажиллах талаар 7/6745 дугаар албан бичгээр нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авахыг даалгажээ.

 

9. Гомдол гаргагч Ш.Б нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Шинэ Эвсэл-ээс 15 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн талаар маргаангүй.

10. Нэр дэвшигч Ш.Б 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн зардлын дансны тайлангийн хураангуй буюу сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газар хүргүүлсэн ба иргэнээс 200,000 төгрөгийн орлого олж, 190,300 төгрөгийн зарлага гарсан болох нь зөрчлийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна.

11. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгийн хавсралтаар Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нэр дэвшигчдийг мэдээлсэн бөгөөд хавсралтын 73 дугаарт нэр дэвшигч Ш.Б-ыг сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй тухай тэмдэглэгдсэн, мөн Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр Шинэ Эвсэл-ээс нэр дэвшигч Ш.Б нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүйг тодорхойлжээ.

12. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана., 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. гэж тус тус заажээ.

12.1. Нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, цаашилбал Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах зорилгоор хуулиар хүлээлгэсэн энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зохицуулсан байна.

13. Зөрчлийн хэргийн холбогдогч Ш.Б сонгуулийн зардлын эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

14. Хэдийгээр, гомдол гаргагч Ш.Б-аас ...сонгуулийн явцын тайлан болон эцсийн тайлангаа хүргүүлсэн, ...надаас үл хамаарах шалтгааны улмаас цахимаар илгээсэн тайланг аудитын байгууллага хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

14.1. Тодруулбал, гэрч П.А ...Миний бие 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Шинэ-Эвсэл-ийн сонгуулийн штабт орж ажилласан. ...сонгуулийн эцсийн тайланг цахимаар явуулсан байх ёстой. Ш.Б-ын сонгуулийн зардлын тайланг түүний менежер Д.Б санхүүгийн бүх асуудлыг хариуцаж байсан..., гэрч Д.Б ...Тухайн үед Увс аймгийн аудитын газраас надад тайлангаа өгөөрэй гэж хэлснийг би Ш.Б-д дамжуулж хэлснээс өөр зүйл байхгүй. Би анх удаа менежерийн ажил хийж байсан болохоор нарийн зүйлүүдийг мэдэхгүй, тэр асуудалд оролцоогүй... гэж тус тус шүүхэд мэдүүлсэн ба гомдол гаргагч Ш.Б-аас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сонгуулийн явцын тайланг хүргүүлснээс өөрөөр сонгуулийн зардлын эцсийн тайланг хүргүүлээгүй болох нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Үндэсний аудитын газрын цахим шууданд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

15. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд хэрэгт гомдол гаргагчийн сонгуулийн зардлын явцын тайлан хэрэгт авагдсан, харин сонгуулийн зардлын эцсийн тайланг гомдол гаргагчаас цаасаар гаргаж өгөөгүй, цахимаар хүргүүлсэн гэх цахим хаягтаа үзлэг хийлгэх замаар өөрийн гомдлын шаардлагын үндэслэлийг нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ биелүүлээгүй болно.

16. Түүнчлэн, гомдол гаргагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...хувийн аудитын байгууллага хайсан боловч 10,000,000 төгрөг хүртэл зардлын тайланг хувийн аудитын байгууллага хүлээж авахгүй гэсэн тул дүгнэлт гаргуулаагүй, ...сонгуулийн зардлын эцсийн тайлангаа аудитын дүгнэлтгүй явуулсан... гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх буюу хувийн аудитын байгууллагаар өөрийн сонгуулийн тайланд дүгнэлт гаргуулж, хүргүүлэхээр нэр дэвшигчид үүрэг болгосон хуулийн энэхүү зохицуулалтай нийцээгүй байна.

17. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ., 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан ...шударга ёсыг тогтоох зарчимтай нийцэх юм.

17.1. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас ...сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар холбогдох байгууллагаас ямар нэг сургалт хийгээгүй, зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй гэх боловч энэ нь хуулиар нэр дэвшигчид өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

18. Иймд Ш.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

19. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Б ...нэхэмжлэгчийн зөв гэж дүгнэлт гаргасан боловч гомдол гаргагч Ш.Б нь ...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй... зөрчил гаргасан тогтоогдож байх тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.Б-ын Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-н 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448602 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ

 

ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР