Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0382/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бор шувуу Болдбаатарын Д-д холбогдох эрүүгийн 1718003700188 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д-, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

 1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай авсан,

2.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.7-т зааснаар 7 жил 6 сар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар 7 жил 6 сарын хорих ялд нь 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сарын хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ТА97031151 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Яллагдагч Б.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байрны ойролцоо М.Хосбаярыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байрны ойролцоо насанд хүрээгүй М.Хосбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь "зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б.Д-ын шүүх хуралдаанд өгсөн:

 

2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед Дархан сумын 9-р багийн 4-3-р байранд амьдардаг найз болох Т- уулзах гэж очсон. Тэднийд очиход хуучны найз Сэргэлэнбаяр байсан. Сэргэлэнбаяртай Энэрэл төвд хамт байсан. Тэгээд бид нар уулзаад хоёр пиво хувааж уучихаад гадуур явсан. Гадуур явж байгаад би дэлгүүр орсон. Намайг дэлгүүр ороход Сэргэлэнбаяр дэлгүүрийн гадна үлдсэн. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд Сэргэлэнбаярыг гурван хүүхэд тойрч зогсоод нэг нь Сэргэлэнбаярыг заамдчихсан байсан учраас би нэгийг цохисон. Миний цохисон хүүхэд бол Х- байсан. Нүдний шил авч өгсөн гэх мэдүүлэг,  

 

   Насанд хүрээгүй хохирогч Х- мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Оюун ирээдүй сургуулийн Б байрны спорт зааланд тоглочихоод сургуулиас гараад хашааны үүдэнд очсон чинь нэг согтуу ах бид нарт хандаж ах нь зодуулчихлаа гэхээр нь та харь гэж хэлсэн. Тэгээд Дашчирүү, Төгс-Эрдэнэ нартай хамт Дархан сумын 9-р багийн 4-6-р байрны чиглэлтэй явж байсан чинь нөгөө зодуулчихлаа гэсэн ах бид нараас юм асуусан бололтой дуугархаар нь тоохгүй та одоо гэртээ харь гэж хэлсэн чинь хажуугаар зөрж өнгөрч байсан ах та нар надад заах болоогүй гээд дайраад байсан. Бид гурав тэр согтуу залуугаас зайгаа аваад явах гэтэл дэлгүүрээс нэг залуу гарч ирээд шууд над руу дайрч намайг барьж авсан. Нөгөөх нь манай хоёр найз руу хутга гаргаж ирээд хөдлөх юм бол ална шүү гээд зогсоосон. Намайг барьж авсан залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь миний нүдний шил хагарчихсан. Би доошоо тонгойсон чинь толгой руу хоёр удаа цохисон. Миний цамцны малгайнаас барьчихаад гар утсаа гаргаад ир гээд байсан. Тэгээд явсан залуу нь ирээд наадахаа тавь гэж хэлээд тэр хоёр явсан. Миний нүдний шил хагарсан 35 000 төгрөг болсон, зүүн хөмсөг язарсан эмнэлэг орж хоёр оёдол тавиулсан. Бид гурав тэр хоёр залуутай зодолдсон асуудал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч С- мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Т- гэрт байж байтал Д- гэх найз гадаа ирчихсэн байна гараад ир гэсэн. Тэгээд байрны гадаа уулзаж дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво аваад байрны ойролцоох саравчинд уусан. Тэгээд пиво уучихаад Төрбаяр найзынхаа гэр лүү орсон орохдоо дэлгүүрээс 2 литрийн нэг авч авч орсон. ...тэгээд Д- дэлгүүр ороод би араас нь явах санаатай зогсож байсан чинь хоёр залуу ирсэн. Тэгээд ирээд намайг хүн цохисон уу гэж надаас асуухаар нь тийм зүйл байхгүй гэсэн чинь цаанаас нэг залуу ирээд шууд намайг цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа пизда вэ гээд орилсон. Тэгэхэд Д- дэлгүүрээс гарч ирсэн болохоор шууд над руу гүйж ирээд нэг залууг нь барьж аваад заамдчихсан. Тэгээд нөгөө хоёр залуу нь Д-тай зодолдох гээд байхаар нь та хоёр яах гээд байгаа юм бэ эр хүмүүс хоорондоо учраа олно биз дээ гэж хэлсэн. Тэгээд Д-ыг салгачихаад Д- намайг Төрбаярын гэрт орж унт гээд оруулсан гэх мэдүүлэг /хх 11/,   

Насанд хүрээгүй гэрч Н.Нямдаваа /хх 8/, гэрч А.Амгаланзаяа /хх 9/, гэрч М.Сэргэлэн нарын мэдүүлгүүд,  

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1109 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

      “1.М.Хосбаярын биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Шүүгдэгч нь сүүлд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.7-т зааснаар 7 жил 6 сар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар 7 жил 6 сарын хорих ялд нь 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сарын хорих ялаар тогтоож уг ялаас хугацаанаас өмнө буюу 1 жил 4 сарын хорих ялаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тэнсэн суллагдсан болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Шүүгдэгч эрүүгийн 1718003700188 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн байх бөгөөд шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.7-т заасан гэмт хэргийн зүйлчлэл 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэгдэж тэгшитгэлээр 7 жил 6 сарын хорих ял нь 6 жил 4 сар 26 хоногийн хорих ял болно. Тиймээс шүүгдэгчийг тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хуульд заасан хэмжээгээр торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бор шувуу Болдбаатарын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ