Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1621

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 24 441 302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Ч.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Мц- болон М.М- нартай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот зээлийн гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот барьцааны гэрээг байгуулж, орон сууцны барилга барих зориулалтаар 65 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн Ч.Гэзгээ, М.Тэнгис нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 65 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгчид нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот зээлийн гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот Барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 51 408 762 төгрөг, хүүгийн төлбөрт 45 924 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334 966 төгрөг, нийт 97 668 482 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч М.Мц- нь 2017 онд нас барсан гэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчтэй утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Банк 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, мөн өдрийн № БГҮ/12/61 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хамтран үүрэг гүйцэтгэгч М.М-д холбогдуулан шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13 591 262 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 229 976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 610 588 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 500 төгрөг, нийт 24 441 302 төгрөгийг гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 65 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, мөн зээлдэгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Х” ХХК болон зээлдэгч М.Мц-, хамтран үүрэг гүйцэтгэгч М.М нарын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-12/61 дугаар зээлийн гэрээний зээлдэгч М.Мц- нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана гэж, өв нээгдсэн өдрийг мөн хуулийн 518.1-д нас барсан өдөр гэж тус тус заасан байна. Зээлдэгч нас барснаас хойш Хаан банкны хувьд хуульд зааснаар гомдлын шаардлага гаргаагүй. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгчийг нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор /2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр/ гомдлын шаардлага гаргах байсан. Түүнчлэн, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн дотор (2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр) шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар хуульчилсан байтал нэхэмжлэл гаргалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж хуульчилжээ. Зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч тус бүр зээлийн үүргээс хэр хэмжээгээр хариуцах нөхцлийг заагаагүй, түүнчлэн зээлийг бүхэлд нь М.Мц-ын зээлийн дансанд олгосон. М.М-ын орлогыг тухайн үед банк судалгаанд оруулалгүйгээр, гэрээ байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуруулсан нь М.М-ын хувьд зээл эргэн төлөлтөд ямар хэмжээний үүрэг хүлээж оролцох нь тодорхойгүй учир үүргийг хамгийн ихдээ тэнцүү хэмжээгээр хариуцах үндэслэл болж байна. Зээлийн үүрэг нь хуваагдах шинж чанартай мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үүрэг юм. Иймд нэхэмжилж буй үүрэг нь хуваагдах шинж чанартай үүрэг тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “үүрэг тэнцүү” байна гэж зааснаар үлдэгдэл зээлийн тал хувь болох 6 795 631 төгрөгийг хариуцах нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 240.1.2-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ... гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зээлийн хүү гэдгийг зээлдэгчийн ашигласан хугацаанд хамаарах хариу төлбөр гэж хуульчилсан байна. Зээлдэгчийн авсан зээлийн хүү төлөх үүрэг нь иргэний хувьд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзнэ, учир нь зээлдэгч өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотолж түүний үндсэн дээр зээл, түүний хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцон үүргээ бүрэн гүйцэтгэж байсан. Иймд зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017 оны 01 дүгээр сарийн 24-ний өдрөөс зээлдэгч М.Мц-ын хувьд зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болох үндэслэлтэй байтал “Х” ХХК зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл бүтэн тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, мөн хариу тайлбарын 2 дахь хэсэгт дурдсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч үүргийг тэнцүү хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Ч.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хаан банкны барьцааны гэрээнд бичигдсэн орон сууцыг Ч.Гэзгээ би өөрийн ач хүү М.Тэнгисийн хамт өмчилдөг бөгөөд тус орон сууцыг би Хаан банкны зээлд барьцаалаагүй, барьцааны гэрээнд өмчлөлийн хөрөнгө дурдагдсан боловч би гэрээний нэг тал биш (барьцаалуулагч), миний нэр тус гэрээнд огт байхгүй байна. Түүнчлэн, М.Мц- надаас өөрт нь олгосон итгэмжлэлийг ашиглан, өөрөө зээл авч тус зээлийн барьцаанд миний хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэлцэл хийсэн гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хаан банкны 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн он сартай барьцааны гэрээнд бичигдсэн хөрөнгийг иргэн М.Тэнгис би миний эмээ Ч.Гэзгээтэй хамтран өмчилдөг бөгөөд тус орон сууцыг би Хаан банкны зээлд барьцаалаагүй, барьцааны гэрээнд бидний өмчлөлийн хөрөнгө дурдагдсан боловч би гэрээний нэг тал биш (барьцаалуулагч), миний нэр тус гэрээнд огт байхгүй, би гарын үсэг зураагүй, зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй болно. Хаан банк нь барьцааны гэрээг хөрөнгийн хөрөнгийн эзэн бус этгээд болох М.Мц-тай тухайн үед байгуулжээ. Энэхүү иргэний хэрэгт иргэн М.Мц-т 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэл байх бөгөөд тухайн итгэмжлэлээр банкны барьцаанд хөрөнгө барьцаалах эрхийг олгожээ. Би тэр итгэмжлэлд гарын үсэг зураагүй, хөрөнгөө банкинд барьцаалахыг зөвшөөрөөгүй. Барьцааны гэрээг байгуулах үед буюу 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 16 насанд хүрсэн /2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр/, иргэний үнэмлэхээ авсан байсан, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-т зааснаар би өөрийн хөрөнгийг үзэмжээрээ захиран зарцуулах, бие даан хэрэгжүүлэх эрхтэй, хэн нэгэн намайг төлөөлөх үндэслэлгүй байсан. Иймд хэрэгт байгаа итгэмжлэл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.М-оос зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 15 811 005.6 /арван таван сая найман зуун арван нэгэн мянга таван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8 630 296.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М- нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ч.Гэзгээ, М.Тэнгис нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38А дугаар байрны 65 тоот, улсын бүртгэлийн Ү-2204014872 дугаарт бүртгэгдсэн, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 307 205 /гурван зуун долоон мянга хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлдэгч М.Мц- нь төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан, дээр дурдсанчлан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээл төлөх мэдэгдлийг хамтран үүрэг гүйцэтгэгчид өгч байсан болох нь баримтаар тогтоогдохгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг зөрчсөн хэдий боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 3 сар 5 хоногийн дараа шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн хугацаанд 334 966 төгрөгийг зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 13 591 262 төгрөгөөс 334 966 төгрөгийг хасч 13 256 296 төгрөгийн үлдэгдэлтэй ба уг үлдэгдлээс сарын 2 хувь /жилийн 24 хувь/-ийн хүүг тооцоход нэг сард 265 126 төгрөг гарч байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 8 сарын хүүд 2 121 008 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 424 201.6 төгрөг, нийт 15 801 505.6 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч М.М-оос гаргуулах нь зүйтэй байна гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Талуудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-д зээлдэгч нар ямар үүрэг хүлээж байгааг маш тодорхой тусгасан бөгөөд тухайлбал, 5.2.5-д зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 5.2.18-д Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /тухайлбал зээлдэгч нас барах... гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг хариуцан барагдуулах үүргийг хүлээх талаар гэж заасан ба үндсэн зээлдэгч М.Мц- нас барсан гэсэн тул эхнэр Б.Бямбасүрэнгээс нь өв залгамжлалын асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгааг тодруулан холбогдож байсан боловч хүүхдүүд нь гадаад улсруу явсан, ирээгүй байгаа гэсээр хугацаа алдсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч мөн нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч М.Мц- агсаны өв залгамжлалын гэрчилгээг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч уг асуудал нь одоог болтол шийдвэрлэгдээгүй байгаа гэсэн хариуг хариуцагчийн зүгээс өгсөн. Хариуцагч М.М- нь үндсэн зээлдэгч М.Мц- агсаны төрсөн дүү бөгөөд зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, төлөхгүй хугацаа алдсаар байвал хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсоор байгаа гэдгийг мэдэж байсан ба заавал банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийг төлөх ёстой гэсэн үг биш. Хэрвээ хариуцагч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, гэрээгээ үргэлжлүүлэх аргагүй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл өөрөө ч шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ зогсоолгох боломжтой, эрх нь ч нээлттэй байсан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалъя гэсэн хүсэлтийг Хаан банкинд гаргаж байгаагүй талаар шүүхэд гаргасан хариу тайлбараас харагдана. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаарх зээлийн хүүгийн төлбөрийн 9 229 976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 610 588 төгрөг нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тушаалын хавсралт: “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасан аргачлалын дагуу бодогдож гарсан дүн юм. Гэтэл шүүх хариуцагч М.М-оос 15 811 005.6 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас 8 630 296.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 24 441 302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13 591 262 төгрөг, зээлийн хүү 9 229 976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 610 588 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 500 төгрөг, нийт 24 441 302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Х” ХХК нь М.Мц-, М.М- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/12/61 дугаартай зээлийн гэрээгээр 65 000 000 төгрөгийг орон сууцны барилга барих зориулалтаар ашиглахаар, жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хөрөнгийг хүлээн авч, хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлж байсан, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Зээлдэгч М.Мц- нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж, үндсэн зээлд 51 408 762 төгрөг, хүүгийн төлбөрт 45 924 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334 966 төгрөг, нийт 97 668 482 төгрөгийг тус тус төлсөн болох нь Зээлийн бүртгэлийн карт, М.Мц-, М.М- нарын 5085079827 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зээлдэгч М.Мц- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/002147 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, харин нас барагч М.Мц-ын өвийг хүлээн авсан, үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцах өвлөгч байгаа талаарх баримт авагдаагүй байна. /хх58/

 

Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгч нар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сүүлийн төлөлтийг хийснээс хойш буюу 2 жил гаруй хугацааны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Х” ХХК-аас “Зээл төлөх мэдэгдэл”-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч М.М-, талийгаач М.Мц-ын гэр бүлийн хүн н.Бямбасүрэн нарт гардуулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдлийг хүргүүлжээ. /хх31, 32/

 

Зээлийн хөрөнгийг хүлээн авч зарцуулсан хүн нь М.Мц- гэж хариуцагч М.М- тайлбарласан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул зээлдүүлэгч түүнээс зээлийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, гэрээний 5.2.5-д зааснаас үүргийг шаардах эрхтэй.

 

            Гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээл төлөхийг хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогдохгүй, мөн зээлийн гэрээнд хэтэрсэн хугацаанд хүү тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан өдрийг хүртэлх хугацааны хүү, уг хүүд гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцох нь талуудын тохиролцоонд нийцнэ.

 

Дээрхээс үзвэл зээлийн гэрээний үндсэн хугацаанд 334 966 төгрөгийг  нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцэхгүй гэж шүүх дүгнэн үндсэн зээлийн үлдэгдэл 13 591 262 төгрөгөөс 334 966 төгрөгийг хасч 13 256 296 төгрөгийн үлдэгдэлд сарын 2 хувь /жилийн 24 хувь/-ийн хүүг тооцоход нэг сард 265 126 төгрөгийн хүү төлөх үүргийн үлдэгдэлтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 8 сарын хүүд 2 121 008 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцон 424 201.6 төгрөг, нийт 15 801 505.6 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч М.М-оос гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

            Мөн зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой гарсан зардал гэж нотариатын үйлчилгээний хөлс 9 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Барьцааны гэрээ”-гээр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38А дугаар байрны 65 тоот, улсын бүртгэлийн Ү-2204014872 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь Ч.Гэзгээ, М.Тэнгис нарын өмчлөлийнх бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өмчлөгч Ч.Гэзгээ, М.Тэнгисийг төлөөлөн түүний эцэг М.М- нар нь зээлдэгч М.Мц-т “...орон сууцыг банкны барьцаанд бариулах, барьцаалбар болон зээлийн барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон” итгэмжлэлийн дагуу барьцаалсан нь баримт хэрэгт авагджээ. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч М.М- нь сайн дураараа үүргийн гүйцэтгэлийг эс биелүүлбээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ