| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03286/И |
| Дугаар | 181/ШШ2024/03591 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03591
2024 09 27 181/ШШ2024/03591
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, ***** Tower ********* давхарт оршин байх, ********** индустриал ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, Олимп, ******* ****** давхарт оршин байх, ******** ХХК /РД:*************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 26,300,000 төгрөг, үнэлгээний зардал 1,642,000 төгрөг, нийт 27,942,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Манай компани нь ******* ХХК-тай Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход...даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ", 432 дугаар зүйлийн 432.1-т Даатгал нь сайн дурын...гэсэн төрөлтэй байна, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын...гэсэн төрөлтэй байна хэмээх хуулийн заалтуудыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ************ тоот Хүнд даацын тээврийн хэрэгсэл болон машин механизмын даатгал-ын гэрээний дагуу хамтран ажиллаж байна. 2023 оны 12-р сарын 20-ны өдөр манай компанийн эзэмшлийн HINO700 маркийн *************улсын дугаартай техник нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхай руу шатахуун тээвэрлэж явах үедээ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ********-р баг, **** цагаан гэх газарт *********** улсын дугаартай VOLVO маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарч гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон. Манай компани даатгалын тохиолдлыг цаг тухайд нь *************** ХХК-нд мэдэгдэж улмаар харьяалах цагдаагийн байгууллагад мэдээллийг өгч зам тээврийн ослыг шалгуулсан. Тус ослын дуудлага мэдээллийн дагуу шинжээч, цагдаагийн ахмад ****** ослын газрын үзлэг тэмдэглэл, шалгалтыг хийж фото зургаар баримтжуулсан. Улмаар 2024 оны 01 сарын 08-ний өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч ********* Ослын талаар Мөрдөгчийн магадалгааг гаргасан байдаг. Магадалгаагаар Жолооч ********* *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх дүрмийн заалтыг зөрчсөн хэмээн эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан.
Манай компани өөрийн техникийг зам тээврийн осолд өртөж болзошгүй гэж үзэн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1.1-т Зам тээврийн осол-ын үеийн эрсдэл, 4.1.1.2-т Онхолдох, хоорондоо, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах зэрэг ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлүүдийг тус тус даатгуулсан. Ийнхүү манай компанийн HINO700 маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь эрх бүхий байгууллагын Магадалгаа дүгнэлтээр Зам тээврийн ослын улмаас гарсан нь тогтоогдож энэхүү нөхцөл байдал талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1.1, 4.1.1.2-т заасан ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлд бүрэн хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг 2024.02.06-ны өдөр **********ХХК руу хүргүүлсэн. ******* ХХК-ийн зүгээс мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт Магадалгааг харгалзан үзэхгүй, Даатгалын эрсдэл үүссэн бодит шалтгаан нөхцөлд хамаарахгүй техникийн ердийн элэгдэл хорогдолтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргуулан 2024 оны 03 сарын 18-ны өдрийн ********** тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан тоотоор нөхөн төлбөрийг даатгуулагч гэрээний 9.11, 9.12-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр олгох боломжгүй хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт батлагдсан Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт-ийн 7.1.2.а.-д Даатгуулагчтай байгуулж байгаа даатгалын гэрээ нь монгол хэл дээр үйлдэгдсэн, утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой, тодорхой, төөрөгдүүлсэн болон хоёрдмол санаа агуулаагүй байх, бусдад шууд ойлгогдохоор үг, хэллэгтэй хэмээн заасан бөгөөд манай компанийн зүгээс Зам тээврийн осол-ын үеийн эрсдэл, Онхолдох, хоорондоо, мөргөлдөх, биет зүйл мөргөх үеийн ослын эрсдэлийг сонгож даатгуулсан. Энэхүү даатгалын эрсдэлд хамаарах нөхцөл байдал бодитоор үүссэн болох нь хэргийн газрын үзлэг, фото зураг гэрч нарын тайлбар, Мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон байхад гэрээний өөр бусад зүйл заалтыг гуйвуулан тайлбарлаж талуудын гэрээний үндсэн тохиролцоо болох даатгуулагчийн сонгож даатгуулсан даатгалын эрсдэлийг үгүйсгэж байгаа нь дээрх журмын заалт болон гэрээний зүйл заалтуудыг тус тус зөрчиж байна. Тодруулбал манай компани гэрээнд зам тээврийн осол, онхолдох мөргөлдөх үеийн эрсдэлийг тус тус даатгуулсан энэхүү эрсдэл гарвал ямар нэг нөхцөл шаардахгүйгээр нөхөн төлбөр зайлшгүй авах итгэлээр даатгуулсан. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс манай машин мөргөлдсөн зам тээврийн ослын эрсдэлд жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, техник нь бүрэн бус байсан зэрэг манай компанийн даатгалын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригд байгаагүй гэрээний нөхцөлд хамаарахгүй үндэслэлээр татгалзсан нь талуудын хооронд байгуулсан даатгалын 4.1.1.1, 4.1.1.2-т гэрээний нөхцөлүүдийг болон даатгалын багц дүрмийн заалтыг зөрчсөн.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хуулийн 3.1.6-т зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ хэмээн заажээ. Энэхүү заалтаас үзэхэд зам тээврийн осолд ямар нэг тодорхой нөхцөлийг заагаагүй өөрөөр хэлбэл осол жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан уу, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үү, техникээс шалтгаалсан байна уу гэдэгт огт хамаарахгүйгээр тээврийн хэрэгсэл зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсныг зам тээврийн осолд хамаарахаар заасан. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан мэдэгдлээ жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул зам тээврийн осолд хамаарахгүй, мөн эрх бүхий этгээд биш зөвлөх инженерээр дүгнэлт гаргуулж элэгдэл хорогдолтой техник байсан ийм техник замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасан бол зам тээврийн осолд хамаарахгүй гэх тайлбарыг хийсэн нь үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь ихэнх тохиолдолд жолоочийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гардаг тийм ч учраас уг эрсдэлээс өөрийн тээврийн хэрэгсэлд учрах эрсдэлээ тооцож манай компанийн зүгээс даатгалын гэрээ байгуулахдаа зам тээврийн осол, онхолдох мөргөлдөх үеийн эрсдэлийг тус тус сонгож даатгуулсан.
Хэдийгээр эрх бүхий этгээд биш зөвлөх инженер *********** дүгнэлтээр манай тээврийн хэрэгсэлд эд ангийн ердийн элэгдэл үүссэн талаар дүгнэлт гарсан ч энэхүү дүгнэлтэд дурдагдсан шалтгааны улмаас зам тээврийн осол гараагүй болохыг анхаарч үзэх нь зүйтэй. Эрх бүхий байгууллагын болон мөрдөгчийн магадалгаа, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэрч хохирогч нарын тайлбараар зам тээврийн осол нь жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гарсан болох нь тогтоогдож талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1.1-т Зам тээврийн осол-ын үеийн эрсдэл, 4.1.1.2-т Онхолдох, хоорондоо, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах зэрэг ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлүүд үүссэн болно.
Манай компанийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлан Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2024 оны 05 сарын 16-ны өдрийн ***********тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр ******* ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй учир Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2024 оны 05 сарын 22-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг даалгасан. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс 2024 оны 05 сарын 27-ны өдрийн ********** дугаар Хариу мэдэгдэх албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц-д даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн болно. Ингэснээр Миг Даатгал ХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөл болон Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход...даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж Даатгагчийг ихээхэн хохироож байна.
Иймд эрх бүхий байгууллагын болон мөрдөгчийн магадалгаа, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогч нарын тайлбараар зам тээврийн осол нь жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гарсан болох нь тогтоогдож талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1.1 -т Зам тээврийн осол-ын үеийн эрсдэл, 4.1.1.2-т Онхолдох, хоорондоо, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах зэрэг ажил үүргээ гүйцэтгэх байх үеийн эрсдэлүүдэд хамаарч байх тул ******* ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 26,300,000, үнэлгээний зардал 1,642,000 төгрөг нийт 27,942,000 төгрөгийн хохирлыг Миг Даатгал ХХК-иас гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024.09.12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...************ би ******* индустриал ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Талуудын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцан тохиролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т заасан эрхийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээж авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* индустриал ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 26,300,000 төгрөг, үнэлгээний зардал 1,642,000 төгрөг, нийт 27,942,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-тай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.
Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 26,300,000 төгрөг, үнэлгээний зардал 1,642,000 төгрөг, нийт 27,942,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* индустриал ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдох тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 26,300,000 төгрөг, үнэлгээний зардал 1,642,000 төгрөг, нийт 27,942,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,660 төгрөгийн 148,830 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 148,830 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* индустриал ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ