Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0375/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн 1718003090130 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-, 1984 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн ******* байрны урд зогсоолд байрлуулсан иргэн *******ын ******* улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн гурван цонхыг хагалж, гадаргууг зурж сэв үүсгэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 4 010 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч*******- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн ******* байрны урд зогсоолд байрлуулсан иргэн******* ******* улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн гурван цонхыг хагалж, гадаргууг зурж сэв үүсгэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 4 010 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            Би *******тай одоогоос 5-6 жилийн өмнөөс эр эмийн харилцаатай байсан. Тэгээд сүүлийн 1 жилийн өмнөөс ******* надаас холбоо харилцаагаа тасалж холбоо барихаа больсон. Тэгээд би 2017 оны 8-р сараас хойш ******* ******* хоёрыг эр эмийн харилцаатай болохыг олж мэдсэн. Хээтэй хорооллын ******* байранд ******* байр түрээслэж байдгийг мэдсэн. 2017 оны 10-р сарын 22-ны өдөр би ажлаа тараад найзуудтайгаа уулзаад 5-уулаа 4 шил архи хувааж уугаад орой 22 цаг өнгөрч байхад найзынхаасаа гараад явж байтал ******* байрны гадаа *******ын машин зогсож байсан. Тэгэхээр нь би хардах сэтгэл төрөөд уур хүрээд зам дээр байсан жижиг чулууг аваад машиныг нь тойруулж зураад ******* гэж бичээд чулуугаа цонх руу нь шидэхэд цонх нь хагарчихсан. Хажуу талын цонх руу нь бас холоос чулуу шидсэн хагарчихсан байх. Тэгээд чи гэр лүүгээ яваад өгсөн. Маргааш нь гэртээ амраад өнжсөн нөгөөдөр нь хүнээс сонссон чинь цагдаа дуудаад бөөн юм болж байна гэхээр нь найзаараа залгуулж машиныг нь зурсан гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг,

 

            Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

           

            2017 оны 10 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад өөрийнхөө машиныг унаад Дархан сумын 10-р баг Хээтэй хорооллын ******* байранд өөрийн гэртээ ирсэн. Би байрныхаа урд талд машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Ланд-200 маркын тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд хоолоо идчихээд байж байгаад орой 21 цаг өнгөрч байх үед тамхиа авч татахаар гадагшаа гарч машинаа харахад зүгээр байсан. Түүнээс хойш гэрээсээ гаралгүй унтаж амарчихаад 2017 оны 10-р сарын 23-ны өглөө ажилдаа явахаар гарахад машины багажны 3 цонхыг хагалаад, машиныг тойруулаад зураас үүсгэж эвдэж сүйтгэсэн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Би машинаа засуулахаар үнэлгээ гаргуулахад нийт 4 010 000 төгрөг болж байсан.*******-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх 13/,  

 

Капитал зууч ХХК-ний үнэлгээний тайлан /хх 20/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 38-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн "*******ээс нэхэмжлэх зүйлгүй" гэх /хх 13/ мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялыг доод хэмжээгээр  оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9х4.5 хэмжээтэй бор шаргал өнгийн чулуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас 4 010 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9х4.5 хэмжээтэй бор шаргал өнгийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ