Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2024/00003/з |
Дугаар | 124/ШШ2024/0007 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 124/ШШ2024/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А нар
Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан,
Гуравдагч этгээд: С.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон
“Увс аймгийн Улаангом сумын .. багт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Ө-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын ахлах бүртгэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч иргэн А.А нар нь тус шүүхэд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Өд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн С.Өийг Улаангом сумын 5-р баг 11-33б хаягт байршилтай 980 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэж, 2010 оны 12 сарын 02-ны өдөр ........ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
3. Нэхэмжлэгч А.Ад Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 1131 дугаар албан бичгээр “ бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх С.Өд шилжсэн” талаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 6/630 дугаар албан бичгээр “Г-1520000536 дугаар бүртгэлийг хянахад улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариуг тус тус өгсөн байна.
Иймд А.А нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
4. Нэхэмжлэгч А.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн А.А болон С.А, Б.Э, А.А, А.Азжаргал, А.А нар өөрсдийн амьдарч байсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 1 1-336 хаягт байрлах 980 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу холбогдох баримт материал, өргөдлийг гаргасны үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх эрхтэй болсон. Түүний дагуу 191900536 нэгж талбарын дугаартай Г-1520000536 Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлээс гаргаж өгсөн. Бидний хувьд бүгд 2006 оноос хойш Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Гэвч тухайн газартаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар өмчлөх эрхтэй болсон тул бусад этгээдэд алдагдана гэж бодоогүй байсан. Гэтэл тухайн газарт өөр хүн байна гэсний дагуу лавлаж тодруулахад бидний 191900536 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөлийг С.Ө-ийн нэр дээр шилжсэн гэдгийг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 1131 дугаартай албан бичгээс олж мэдсэн. Улмаар дээд шатны захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/630 дугаартай албан бичгээр "...хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. ... гомдлоо шүүхэд гаргах эрхтэй" гэсэн хариуг өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний зүгээс хэн нь ч С.Өд газраа өмчлүүлэх тухай хүсэлт, өргөдөл гаргаагүй тийм хүсэл зориг байгаагүй, мөн хэн нэгэнд гэрээ хийж шилжүүлж өгсөн зүйлгүй ба өөрсдийн газраа нэгэнт өмчлөх эрхтэй болсон тул хуулийн дагуу хамгаалагдсан гэж итгэж байсан. Гэтэл ямар ч хуулийн үндэслэлгүйгээр бусдын өмчийг шилжүүлэн авсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийг тус тус ноцтой зөрчиж, өмчлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон.
Иймд Монгол Улсын иргэн А.А нарын 6 иргэний өмчлөлийн 191900536 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийг С.Өд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож бидний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хариу тайлбарт: “Иргэн С.Ө нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу бэлэглэгч С.А-аас Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 11-33б хаягт байрлах 980 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлгэнд хүлээн авсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг гарган өгч өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл хийлгэжээ.Өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.А 2023 оны 10 дугаар сард манайд байгууллагад хандаж “өмчлөх эрх маань зөрчигдлөө” гэдэг байдлаар гомдол гаргасан. С.Өд тухайн газрыг шилжүүлэх бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд хөтлөх журам, улсын бүртгэгчийн ажиллах журам гээд тухайн үед мөрдөгдөж байсан журам болон хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн. Гэтэл А.А нь 2006 оноос хойш 2023 он хүртэл 10 гаруй жилийн хугацаанд өөрийнх нь өмч хөрөнгө байхгүй болсныг мэдээгүй гэх шалтгаан хэлээд байгаа. Мэдэхгүй байсан юугаар нотлогдож, тогтоогдоод байгаа нь тодорхой бус. Гэрээ хэлцлийн үндсэн дээр С.Өд шилжсэн байхад өөр хүний нэр дээр шилжсэнийг мэдээгүй байсан гэдэг нь мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал биш юм. Тухайн үед мөрдөгдөж байсан, 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд бүртгэл үнэн зөв байх ёстой гэж заасан. Тухайн үед бүртгэл буруу хийгдсэн буюу газраа зарахгүй гэж хэн нэгэн маргасан бол бүртгэлийг хийх боломжгүй байсан. Нотариатаар гэрчлэгдсэн талуудын сайн дурын үндсэн дээр, хүсэл сонирхлыг илэрхийлсэн гэрээ хэлцлийг улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу бүртгэл хуулийн хүрээнд үнэн зөв хийгдсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, үүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Үүрэг гүйцэтгэгч болон талуудын гарын үсгийг нотариатаар гэрчилсэн байна” гэж заасны дагуу нотариатаар гэрчлэгдээд үнэн зөвийг нь нотолсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс манай дүүгийн гарын үсэг байхгүй гэх шалтаг хэлээд байгаа юм. Тухайн үед төрсөн дүү нь насанд хүрээгүй бага насны хүүхэд байсан бөгөөд эрх зүйн бүрэн болон зарим чадамжгүй байсан. Гэрээ хэлцэл дээр бага насны хүүхдийн хүсэл сонирхол нь эцэг эхийн хүсэл сонирхлоос хэзээ ч зөрж илэрхийлэгдэхгүй, бага насны хүүхдийн хувьд гэрээ хэлцэлд оролцох, гарын үсгийг төлөөлж зурах, ямар нэгэн хүсэл сонирхол бие даан гаргах чадвар чадамжгүй үе байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, үүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүртгэл хийгдсэн.Мөн хуулийн 24 дүгээр зүйлд хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан. Насанд хүрээгүй хамтран өмчлөгчийн хууль ёсны төлөөлөгч нь эцэг, эх байгаа. Тэгвэл эцэг эхийн хүсэл сонирхлын дагуу тухайн хүүхдийн хүсэл сонирхол олгогдсон гэж тооцож байгаа. Тухайн үед бүртгэл хийсэн Ж.Б нь улсын бүртгэгчийнхээ эрхийг давамгай эдэлсэн, үүргийг гүйцэтгээгүй, бүртгэгчийн эрх үүрэгт заагдсан зүйл заалтыг зөрчиж бүртгэл хийсэн тохиолдол байхгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч нарт мэдэгдсэн. Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журамд мэдүүлэг авахдаа бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн эсэхийг хавсарган хянана, түүнд хавсарсан нотлох баримтуудыг хуулийн дагуу байгаа эсэхийг нягтлан шалгана гэж заасан бөгөөд өмчлөх эрх шилжихэд худалдах, худалдан авах гэрээ, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж авна, үйлчилгээний хураамж тушаана гээд бүрдүүлэх нотлох баримтуудыг заачихсан. Энэ журмынхаа дагуу нотлох баримтуудыг авч, бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
7. Гуравдагч этгээд С.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Миний бие С.Ө нь 2006 онд С.А, түүний эхнэр Б.Э нараас Увс аймгийн Улаангом сумын төвд байрлах хашааг худалдаж авсан.С.А-ийнх гэр бүлээрээ Улаанбаатар-луу шилжихээр болсон тул хашаагаа зарах гэж байгаа тухай С.А-ийн эхнэр миний эхнэр Б.М-д математикийн багш нарын семинарт хамт сууж байх үедээ хэлснээр хашааг худалдан авахаар тохирч, мөнгийг нь өгсөн.2006 онд С.А Улаанбаатар хот нүүхдээ газрын гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй бөгөөд 2010 онд бэлэглэлийн гэрээ байгуулан улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаж, газрын гэрчилгээгээ шилжүүлж өгсөн юм.Харин 18 жилийн дараа С.А хүүгийн хамт энэ газартай холбоотой асуудлаар гомдол гаргасанд маш их гайхаж байна. Улсын бүртгэл холбогдох хууль дүрмийн дагуу үнэн зөв хийгдсэн учир А.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгч Б.Э гуравдагч этгээдийн гаргасан тайлбарт холбогдуулан гаргасан тайлбартаа :” Миний бие 2006 оны 8 сард Өлзийдэмбэрэлийн эхнэр Маамуутай маргаан бүхий Улаангом сумын 5-р багт байрлах газраас зарах тухай ярилцсан.Тухайн үед манай газар 4.9 сая төгрөгөөр үнэлэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байсан бөгөөд 100.000 төгрөгийг урьдчилан өгөхөөр тохиролцоод үлдсэн мөнгийг өгсөн үед газраа шилжүүлэхээр аман тохиролцоо хийсэн.Гэвч газрын төлбөрийг урьдчилгаа өгснөөс өөрөөр нэг ч төгрөг өгөхгүй өнөөдрийг хүртэл хойшлуулж явсаар ирсэн.Бидний өмчлөх эрхийн гэрчилгээтэй, бидний өмч болсон үл хөдлөх хөрөнгө учраас бидний зөвшөөрөлгүй шилжүүлэн авах боломжгүй гэж бодож байлаа.Гэтэл бидэнтэй гэрээ хийхгүй, мэдэгдэхгүйгээр, газрын төлбөрөө дуусгахгүйгээр өөрсдийн нэр дээр өөрийн нөхөр болох С.Ө-ийн нэр дээр газрыг шилжүүлэн авсан байна.Бидний хувьд С.Ө-тэй ямар нэг холбоо байхгүй, гэрээ байгуулаагүй.Харин эхнэр нь урьдчилгаа өгсөн боловч үлдэгдлээ одоо болтол өгөөгүй.Бидний хувьд бичсэн ямар нэгэн гэрээ байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс өөрийг нь оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч талаас ирцтэй холбоотой санал гаргаагүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч талаас “А.А нар нь Улаангом сумын ..багт байрлах 980 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх эрхтэй, С.Өд газраа өмчлүүлэх хүсэлт гаргаагүй байхад гарын үсэг эргэлзээтэй бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр” тухай нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4. Хариуцагч талаас “ С.Ө нь 2010 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу бэлэглэгч С.А-аас газрыг бэлгэнд хүлээн авсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг гарган өгч өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл хийлгэжээ.Бүртгэлийг хууль тогтоомжийн хүрээнд хийсэн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
5. Гуравдагч этгээд С.Ө-ээс “ 2006 онд С.А, түүний эхнэр Б.Э нараас хашаа худалдаж авахаар тохирч мөнгийг өгсөн.2006 онд С.А Улаанбаатар хот нүүхдээ газрын гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй бөгөөд 2010 онд бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж өгсөн” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.
6. Увс аймгийн Засаг даргын 2005 оны 04 сарын 26-ны өдрийн 138 дугаар захирамжаар 5-р багийн иргэн С.А-д барилгын хорооны 11-33 тоот хашааны 980 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, өмчлөгчдийн дэлгэрэнгүй судалгааг хавсралтаар гаргасны дотор хавсралтын 30-д С.А нөхөр, Б.Э эхнэр, А.А хүү, А.А хүү, А.Ал охин, А.А охин гэж бүртгэгджээ.
С.А нарын 6 иргэний газар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэж 000050821 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
7. Гуравдагч этгээд С.Ө-ээс 2010 оны 12 сарын 01-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “980 м.кв газрыг С.А-ийн гэр бүлээс бэлгэнд авч байгаа тул миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж, мэдүүлэг бөглөжээ.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт С.Ө, С.А, Б.Э, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А.А, А.А, А.А, А.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2010 оны 12 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг баримтуудыг хавсаргасан байна.
8. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэж, мөн зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргахаар заасан.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:
14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;
14.1.2.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол;
14.1.3.энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол;
14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол;
14.1.5.бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;
14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол;
14.1.7.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол;
14.1.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;
14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол гэж зааснаас гадна мөн зүйлийн 14.2-д “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэжээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:
19.1.1.үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;
19.1.2.эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;
19.1.З.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх.
19.2.Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.гэж заажээ.
9. Маргаан бүхий улсын бүртгэлийн хувьд мэдүүлэг гаргагч С.Ө нь иргэн С.Ааас Улаангом сумын .. багт байршилтай ..... хаягт байршилтай 980 м.кв газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч гэрээг мэдүүлэгт хавсаргасан.
10. Бэлэглэлийн гэрээний бэлэглэгч гэх хэсэгт С.А, хамтран өмчлөгчид гэх хэсэгт Б.Э, А.А, А.А, А.А нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байх бөгөөд нотариатаар уг гэрээг батлуулжээ.
Газрыг хамтран өмчлөгч А.А-ын нэр байхгүй, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байх бөгөөд 2010 онд А.А 9 настай байсан байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 24 дүгээр зүйлийн 24.2-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна” гэж, Нотариатын тухай хуулийн /1997 он/ 19 дүгээр зүйлийн 1-д “нотариат нотариатын үйлдлийг мэргэжлийн өндөр түвшинд, бие даан, хууль тогтоомжид нийцүүлэн хийх үүрэгтэй” байхаар заасан байна.
11. С.Ө нь бусдаас гэрээ хэлцлийн үндсэн дээр газар өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар улсын бүртгэлийн байгууллагад эрх шилжүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй болжээ.
2010 оны 12 сарын 01-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас С.Ө-ийн мэдүүлгийг хүлээн авахдаа нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээг ямар нэг байдлаар шалгаж, нягтлах үүргийг хуулиар хүлээгээгүй байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахгүй юм.
Улсын бүртгэлийн байгууллагаас С.А, С.Ө нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг үндэслэн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байршилтай газар өмчлөх эрхийг С.Өд шилжүүлсэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасантай нийцсэн, улсын бүртгэлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Мөн Захиргааны хэргийн шүүхээс гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөхгүй, өмчлөгч тогтоох асуудал нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал байх тул нэхэмжлэгчийн “бэлэглэлийн гэрээнд нэхэмжлэгч талаас гарын үсэг зураагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “улсын бүртгэлийн байгууллага бэлэглэлийн гэрээг хянахгүйгээр улсын бүртгэл хийсэн, гэрээнд гарын үсэг зураагүй ” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
12. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А нарын Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “ “Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Өд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ