Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

        Ц.С-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Пүрэврагчаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.С-д холбогдох, 2235000000121 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..-нд Увс аймгийн Т.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ...р багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х с-т ургийн овогт Ц-гийн С /РД: /.

1. Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 10 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Бургастайн хөх ам” гэх газраас иргэн Д.Г-ийн 30 /гуч/ тооны хонь буюу олон тооны мал хулгайлж, түүнд 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж, 

- шүүгдэгч Х с-т овогт Ц-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

- ялтан Ц.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “ Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Сумьяа нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр баг Бургастайн хөх ам гэх газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Г-ийн 30 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, түүнд 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

хохирогч Д.Г-гийн мэдүүлэг /ХХ-8-16 хуудас/, гэрч С.М-гийн мэдүүлэг /ХХ-19-22 хуудас/, гэрч Х.С-гийн мэдүүлэг /ХХ-23-25 хуудас/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /XX-26-29 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Хохирогч Д.Г-гийн 30 тооны хонь буюу олон тооны бог мал 2021 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд алдагдсан бөгөөд Ц.С нь хохирогч Д.Г-гийн эзэмшлийн 30 тооны бог малыг малдаа нийлүүлж авснаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн, дараа нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан малаа зарж борлуулсан, ахуйн хэрэгцээндээ хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжгүй юм.

Тухайн 30 тооны хонины эзэмшигч, өмчлөгч нь мэдэгдэхгүй байгаа буюу алдуул мал байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тухайлбал 30 тооны хонь Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бургастайн хөх ам гэх газар хэзээ ирсэн, хэдий хугацаанд уг газар нутагт, хэний малд, эсхүл ямар нэгэн айлын малд нийлээгүй байсныг нутгийн хүмүүс мэдэж байсан эсэхийг шалгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад алдуул мал гэж үзсэн нь үндэслэлгүй.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн оролцоогүй ижил сүргээсээ тасарч, бэлчээрлэж байсан газар нутгаасаа холдож гарсан байхыг ойлгох боловч мал хариуллагагүй, тухайн нутаг бэлчээрээр удаан хугацаагаар байсан, эзэн нь тодорхойгүй болох нь нутгийн малчид, иргэдэд илэрхий, болсон, нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх үед хэн нэг этгээд эзэмшил өмчлөлдөө авахыг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэг байдаг.

Гэтэл Ц.С нь хохирогч Д.Г-гийн 30 тооны хонийг алдуул мал гэж нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул түүнийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.С-д холбогдох, 2235000000121 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Сг иргэн Д.Г-гийн 30 тооны хонь буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байна.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.С-г бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.Г-ийн 24 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

7. Прокурорын давж заалдах журмаар гаргасан :”...шүүгдэгч Ц.С нь бусдын 30 тооны хонь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

7.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн нотломжийн түвшин, агуулга зэргийг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэв.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бургастайн ам гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны хооронд өөрийн өвөлжөө болох тус сумын 1 дүгээр багийн нутаг Ендэрт гэх газар руу нүүхдээ  Бургастай хамар гэх газраар малаа тууж явсан. Малаа туух замдаа малаа орхиод уулын орой дээр гарч 20-30 минут амарсан. Намайг амарч байх зуур тууж явсан мал  уулаар цааш даваад орчихсон байсан. Би араас нь мал руугаа явж очиход олон тооны мал нийлчихсэн байхаар нь малаасаа ялгах гэхэд ялгарч өгөөгүй. Учир нь би ууланд ганцаараа мал тууж явсан учраас миний морь муудсан байсан. Уг мал нь ялгараагүй болохоор өөрийн малтайгаа хамт өвөлжөө рүүгээ туугаад явсан. Манай өвөлжөө хол байсан учраас би Хөх тохой гэх нэртэй газар ганцаараа хонож байхад хадам аав Б.С  араас үхрээ туугаад шөнө дунд ирсэн” гэж,

- гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “2021 онд Түргэн сумын төвд байсан манай хүргэн Ц.С 2021 оны 10 дугаар сарын дундуур баруун зуслан нүүх болоод би хүргэн  Ц.С-тай хамт үхэр малыг нь туулцсан юм. Тухайн үед би үхрийг нь тууж,  харин Ц.С хонио тууж явсан юм. Бид хоёр малаа хоёр тусдаа тууж явсан. Хэсэг явж байгаад Бургастай хамар нэртэй газар зөрөөд уулзахад манай хүргэн Ц.С надад Бургастайн хамар гэх газар хэдэн тасархай хонь манай хонинд нийллээ гэж ярьж байсан ба тухайн үед  ирж нийлсэн малыг хамтад нь туугаад явсан байсан. Би зөвхөн үхэр тууж явсан” гэж тус тус мэдүүлсэн, тодруулбал, нүүдлийн замд, шүүгдэгч Ц.С-гийн үйлдэл оролцоогүйгээр түүний тууж явсан хонинд хохирогчийн хонь нийлсэн үйл баримтын талаар мэдүүлсэн байна. 

Мөн түүнчлэн хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “ 2021 оны 10 сарын 11-15-ны өдрийн хооронд Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Сувгийн ооч” гэх газар намаржиж байхад  манай 30 тооны хонь алга болсон байсан, яг хэдийд, хаанаас алга болсныг мэдээгүй, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  малаа тоолж бүртгэхэд 30 тооны хонь дутсан юм ” гэж, мөн гэрч Х.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд: “ манайх 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 15-ны хооронд 30 тооны хонь алга болгосон юм. Манай 30 тооны хонь яг хаанаас алга болсныг мэдэхгүй байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аав Даваанямын малаас малаа ялгаж авахад манай хонь бүрэн байсан ба 11 дүгээр сарын эхээр өдрийн сайн санахгүй байна, хонио тоолж бүртгэхэд 30 тооны хонь дутсан юм. Манайх нүүдэллэх замд малаа гээгээгүй учир манайх нүүхээс өмнө малаа алдсан байх гэж бодож байсан юм” гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогчийн 30 тооны хонь хулгайлагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг үгүйсгэх болон хохирогчийн хонь шүүгдэгч Ц.Сгийн эзэмшилд хэзээ, хэрхэн шилжсэнийг, тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, оролцоотойгоор шилжсэн гэж үзэх өөр бусад нотлох баримт авагдаагүй байна.

Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийх учиртай.

Хулгайлах гэмт хэргийн объектив талын нэг шинж нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг өөрийн идэвхитэй үйлдлийн улмаас хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломжийг бий болгодог, өөрөөр хэлбэл гэмт этгээд эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн идэвхитэй үйлдлийн үр дүнд олж авдаг онцлогтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь нууц, далд аргаар, өөрийн идэвхитэй үйлдлийн үр дүнд хохирогч Д.Г-ийн хонийг шилжүүлэн авсан гэх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй ба хулгайлах гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. 

7.2. Харин алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлтээр захиран зарцуулдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Хэргийн үйл баримтаар хохирогч Д.Г-ийн 30 тооны хонь шүүгдэгч Ц.Сгийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал буюу нүүдлийн замд түүний хонинд нийлж, шилжиж ирсний дараа 24 тооны хонийг худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэх зэргээр захиран зарцуулсан, 6 тооны хонь Ц.Сгийн малд байсан болох нь тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.С нь өөрийн малд нийлсэн хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зарж борлуулах, хүнсэндээ хэрэглэх зэргээр зарцуулж буй үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  

8. Хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй орхигдуулсан байна. Тодруулбал: шүүгдэгч Ц.С нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хөрөнгө орлого олсон болох нь :

- шүүгдэгч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр намар нь манай малд нийлсэн байсан хониноос 14 тооны 4-5 настай эх хонийг нядалж махыг нь аймгийн төв рүү оруулан  ченжид зарж 1.200.000 төгрөг авч, ахуйн хэрэглээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..би 12-13 тооны малыг нэг бүрийг 100.000 төгрөгөөр зарж борлуулсан” гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхтуяагийн “...тухайн үед 14-15 тооны хонь нядалж аймгийн төв оруулж зарсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй тул шүүгдэгчийн алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.200.000 /нэг сая хоёр зуу мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “ хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна” гэх заалтыг баримтлан давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамраахгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ“ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах нь албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ