Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0002/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч А.Амартүвшин,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алаг адуун Б-од холбогдох эрүүгийн 1718003500202 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  Б-, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-6-р байрны 16 тоотод өөрийн гэртээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотроо эхнэр А.Амартүвшинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-6-р байрны 16 тоотод өөрийн гэртээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотроо гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Амартүвшинг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, зүүн дал, цээж, бүсэлхий, хэвлий, баруун гуя, өвдөгт цус хуралт, зүүн эгэм, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Амартүвшин нэг арга хэмжээнд оролцоод нилээд орой болсон байхад над руу залгаад Үйлчилгээний төвийн тэндээс ав гэж ярьсан. Би өөрийнхөө машинтай яваад очиход Амартүвшин тэнд байхгүй цаг гаран хүлээж байгаад уулзаад хамт гэртээ харьсан. Гэртээ орж ирэхэд Амартүвшингийн гар утас дуугараад нэг эрэгтэй хүн Батболд чамайг хайгаад яваад байна гэж ярьсан. Үүнээс болж маргаан үүсээд Амартүвшин миний нүүрний хэсгийг самардсан. Намайг самардаад байхаар нь би Амартүвшинг барьж аваад хоёр мөрнөөс нь базсан. Амартүвшин том хүүгээ дуудсан. Том хүүг ирэхэд Амартүвшин арай гайгүй тайвшираад унтсан. Ингээд би маргааш нь үүрээр Улаанбаатар хот руу яваад 4 хоноод тэтгэвэрт гарсан байгууллагаас өгсөн тэтгэмжийн мөнгөөрөө машин худалдаж аваад Дарханд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирэхэд Амартүвшин над руу яриад Компортод байгууллагын ой тэмдэглэж байна 1 шил архи аваад хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би 0.75 литрийн 1 шил архи аваад очиход манай хамт олонд ийм хямдхан архи авч ирлээ гээд уурлаад байхаар нь би Амартүвшинг машиндаа суулгаад харих гэхэд чиний авсан машин энүү гээд тийрээд голын толийг нь хагалчихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод Амартүвшинг машинаас буулгасан. Ингээд Амартүвшинг замын хажууд буулгачихаад машинаа хол тавьж байгаад эргэж явган алхаж Амартүвшин дээр очиход над руу хашхираад чамайг цагдаад хэлнэ чи намайг зодсон гэсэн. Миний хувьд зүрх савалдаг өвчтэй ууралхаараа яаснаа мэдэхээ больчихдог зантай. Уурандаа эхнэрээ ганц нэг цохичихдог. Тэгэхлээр эхнэр намайг зодлоо гээд байдаг. Амартүвшингийн биед байгаа бүх гэмтлийг бүгдийг нь би зодож цохиж учруулаагүй. Над руу Амартүвшин уурлаад сарвалзаад байхаар нь би уурандаа түүнийг цохиод хөхрүүлсэн миний буруу гэх мэдүүлэг,

 

   Хохирогч А.Амартүвшингийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн албаны 55 жилийн ойн баяр болсон. Тус холбоонд би гишүүн ба баг хариуцаж ажилладаг гэдэг утгаараа намайг тухайн арга хэмжээнд урьсан. Энэ өдөр би хүндэтгэлийн цайллагад ороод гарч ирээд эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлийн дарга нартайгаа караокед орж 2 цаг дуулсан. Ингээд 23 цаг болсон. Энэ хооронд нөхөр над руу утсаар залгаад байсан. Би тэр өдөр орой гэрээсээ гарахдаа ийм арга хээнд орох гэж явлаа гэж нөхөртөө хэлээд явсан. Тэгээд Эрдэнэс палазагаас 23 цагийн алдад нөхөр намайг машинтай ирж авсан. Ингээд гэртээ ирсэн хойно намайг архичин авгай нартай нийлж архидлаа гээд нүүр толгой руу нилээд хэдэн удаа гараараа цохиж аваад хэвлий сав руу өшиглөхөд нь өвдсөндөө би өмдөндөө шээсэн. Тэгсэн Батболд миний хөл гар луу өшиглөж зодсон. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай Дархан төмөрлөгийн үйлдвэрийн төмөр бэлтгэх цехийн 27 жилийн ой болоод албан ёсны хэмжээ зохион байгуулагдаж байгаа учраас энэ өдрийн үдээс өмнө нь тэмцээнүүд байгууллага дээр зохиогдсон. Тэгээд орой нь хэсэг хэсгээрээ баяраа тэмдэглэж хоол идэхээр хамт олноороо Компортод орсон. Хоол идээд архи дарс уугаад тэндээ ярьж хөөрч суусан. Тэгж байхад өдөржингөө нөхөр над руу утсаар дарамтлаад хэнтэйгээ чи юу хийгээд байгаа юм гээд утсаар дарамтлаад байсан. Тэгсэн нөхөр миний байгаа газарт манай ажилчид дээр ирчихээд орж гараад яваад байсан. Тэгээд над руу залгаад чи явах болоогүй юм уу, ууж идэх чинь ханаагүй юу, одоо болоо юм биш үү гэхээр нь чи эсхүл хэрүүл хийж байхаар хамт манай цехийнхэнтэй байж бай гэж хэлсэн. Орж ирэхдээ хоосон орж ирж байхаар ганц шил архи аваад орж ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгсэн Батболд 1 шил архи 1 шоколадтай авч орж ирсэн. 21 цаг өнгөрч байхад тэндээс Батболдын хамт би гараад гэрлүүгээ явж байхдаа Батболд машин дотроо намайг чи муу архи уугаад ажлынхантайгаа ангалзаад зугаа цэнгэл хөөж явсан гэж хэлээд миний толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд би эсэргүүцээд тийчигнэж байхдаа хөлөөрөө тийрээд машины голын толийг нь хагалчихсан. Тэгээд тойргийн доор газан колонкын харалдаа машинаа Батболд зогсоож байгаад хаалга онгойлгож намайг машинаас түлхээд намайг унагаагаад буу алхаад яв гэж хэлээд явсан. Би толгой эргээд паркын хашаа налаад уйлаад зогсож байтал Батболд тухайн газарт буцаж явган ирээд машинаа хаана үлдээсэн юм мэдэхгүй “чи муу машины толь хагалсан” гээд гараараа толгой руу болон 2 гар хөл, бүх таарсан хэсэг болгон руу олон удаа цохиж зодоод байж байтал танихгүй хүмүүс хаанаас ч юм гараад ирсэн. Тэгсэн Батболд тэр 2 залууг зайл бид 2 гэр бүлийн хүмүүс өөрсдөө учраа олно гэж хэлж хөөгөөд явуулсан. Ямар залуус байсныг мэдэхгүй байна. Тухайн үедээ би анзаарч харж чадаагүй. Тэгээд гэртээ харьсан гэх мэдүүлэг,

   Гэрч Ц.Дорждэрэмийн мөрдөн байцаалтад өгсөн:

   2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна хагас сайн өдөр манай байгууллага дээр тэмцээн болох гээд намайг ажил дээрээ ажлаа хийж байхад манай байгууллагад үйлчлэгч ажилтай Амартүвшин гэх эмэгтэй орж ирж надтай уулзаад миний бие өвдөөд байна гэхээр нь би яасан юм гэтэл Амартүвшин надад би нөхөртөө хэд хоногийн өмнө зодуулсан юм, бие өвдөөд байна гэж гэсэн. Тухайн үед би эмчийн хувиар гэмтсэн газраа үзүүлдээ гэхэд Амартүвшин цээжин биенийхээ хувцсыг тайлаад надад биеэ харуулсан. Тэгэхэд Амартүвшин гуайн зүүн, баруун бугалга хэсэгт болон хэвлий орчим нилээд том газарт хөхөрсөн, цээжний хэсэгт хумсаар самардсан мэт шархтай байсан. Хөхрөлтийн талбай нэлээд их байсан. Мөн тухайн үед Амартүвшин гуай надад доошоо гуян дээр бас хөхөрсөн байгаа нөхөр Батболд намайг цохиж зодоод ингэж гэмтээсэн гэж байсан. Бас бие өвдөөд байна гэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээрэй гэж түүнд зөвлөсөн  гэх мэдүүлэг /хх 26/,

   Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

   2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Амартүвшин бид нар манай найз Оюуны гэрт тухайн үед очсон. Тухайн үед Оюун Солонгос явах гээд Амартүвшин бид хоёрыг гэртээ урьсан. Ингээд Оюуны гэрт Амартүвшин бид 2 очоод хоол цай идээд байж байтал Амартүвшин надад цамцаа тайлж харуулаад Эрдэнэчимэг эгчээ Батболд намайг 2 хоногийн өмнө зодоод намайг ийм болгочихсон гээд харуулахад Амартүвшингийн баруун талын гарын шууны гадна болон дал цээж зэрэг газарт нилээд хэдэн хэсэгт шинэхэн хөхөрсөн байсан. Тэгээд гуян дээр бас хөхөрсөн байгаа гэж хэлсэн. Гэхдээ надад Амартүвшин өмдөө тайлж гуян дээрх хөхрөлтөө харуулаагүй. Тухайн үед Амартүвшингээс би яагаад Батболд чамайг ийм аймаар болтол зодож байгаа юм гэхэд Батболд уурлаад намайг хардаад зодсон гэсэн. Тэгэхээр нь би ямар хэцүү юм бэ цагдаад наадахаа хэлж арга хэмжээ авахуулаач гэж зөвлөсөн. Хөхөрч гэмтсэн байдлыг нь Оюун бас харсан гэх мэдүүлэг /хх 28/,

   Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

   2017 оны 10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна нилээд орой болсон байхад ээж Амартүвшин над руу утсаар яриад уйлаад гэртээ хүрээд ир аав чинь намайг зодоод байна гэсэн. Ингээд би санаа зовоод Дархан сумын 9-р баг 4/6-р байрны 16 тоотод байх аав Батболдынд 01 цагийн орчим яваад очиход ээж уйлчихсан баруун мөрний дор булчин хэсэгт улайж хөхөрсөн, баруун гарын сарвууны гадна хэсэгт мөн улайсан байсан. Ээжээ яагаад аав таныг зодчихвоо гэхэд ээж хамт олноороо гадуур гарсан тэгээд аав чинь оройтлоо гээд хардаад зодсон гээд уйлаад байсан. Ээж тухайн үед бие өвдөөд байна хэвтлээ гэж хэлээд жижиг өрөөндөө ороод хэвтээд өгсөн. Аав болохоор том өрөөндөө орж суучихаад гарч ирэхгүй байсан. Тухайн үед би аавд дургүй хүрээд юу ч хэлээгүй. Тухайн үед би аавд сонсогдохоор чангаар ээжид ингэж зодуулж байхаар салаач гэж хэлсэн. Тухайн шөнө гэртээ хоноод өглөө эрт би ажилтай байсан тул 06 цагийн үед гараад явсан гэх мэдүүлэг /хх 32/,

   Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “1.А.Амартүвшингийн биед баруун, зүүн бугалга, зүүн дал, цээж, бүсэлхий, хэвлий баруун гуя, өвдөгт цус хуралт, зүүн эгэм, баруун савруу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 40/, аюулын зэргийн үнэлгээ, Дархан сумын 9-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 16-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 54/ тогтоогдож, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-од оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ