Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

    Н.Б, Н.Т нарт холбогдох

                        эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/267 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Б, Н.Т нарт холбогдох, 2235000970178 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн...-ны өдөр Увс аймгийн М- суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Х.., х ү-ний г-т Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн С.. сумын .. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Н-н Б /РД:./.

Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн ... төрсөн, . настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, англи хэлний багш мэргэжилтэй, Төрийн банкны Увс аймаг дахь салбарын С. сум хариуцсан тооцооны төвийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн С..сумын ..тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Н-н Т. /РД:..

1. Яллагдагч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн сангаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр “сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж хуурч, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс өөртөө гаргуулан авсан,

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М нарын халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг өөрсдөдөө авахаар Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвийн захирал Н.Т-тай үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Гэрэлмаа болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглаж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс гаргуулан авч хохирогч С.Г-д хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сард Сагил сумын 4 дүгээр багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.М-ыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, С.Г, У.М нарын Улаанбаатар хот руу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаарх баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөгийн гаргуулан авч нийгмийн халамжийн санд хохирол учруулж албан тушаалын байдлаа ашиглан залилах гэх гэмт хэрэгт,

Яллагдагч Н.Т нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б-й бүлэглэн үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.Гэрэлмаа, түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банкинд үйлчлэгчээр ажилладаг Х.З-д олгсон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Баянмөнхөөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г, Н.У, У.М нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.З-аар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч хохирогч С.Г болон нийгмийн халамжийн санд хохирол учруулсан албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын А.Анхбаяраас шүүгдэгч Н-н Б, Н-ын Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлин 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/267 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар :

-Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлин 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Н-н Б, Т овогт Н-ын Т нарт холбогдох, 2135000970178 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

-яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалаар хэргийг прокурорт буцаасан гол үндэслэл нь анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй буюу  прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйчилсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй гэж дүгнэсэн.

Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад дүгнэлт хийхдээ шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т : “Нотариат ажилдаггүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд ноториатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ, мөн зүйлийн 2.1-т : Засаг даргын тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн хавсран гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/196 дугаар тушаалаар нотриатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нотариатчийн албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан,

-шүүгдэгч А.Нямдэлгэр нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг үйл баримт тус тус тогтоогджээ гэж дүгнэсэн.

Иймд прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэх заалтын дагуу Х.Б, А.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба гэмт этгээдийн үйлдлийг улмаас бусдын эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой хохирол, эсхүл их хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг байхаар хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол, хор уршиг гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл ус орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж заасан байна.

Харин шүүгдэгч Н.Б, Н.Т-ын нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс Х.Б, А.Н нарын үйлдэл нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгах,

Яллагдагч Н.Б, Н.Т нарын үйлдлүүд нь бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тоггоох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Шүүгдэгч Н.Б, Н.Т нарт холбогдох хэргийг прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ хэрэг урьд нь  анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, давж заалдах шатны шүүхээс прокурорт буцааж байсан.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирсэн нь үндэслэлгүй байна гэж буцаасан. Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байдаг.

Ийм учраас прокуророос мөрдөн байцаалтад буцсаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор мөрдөгч биелүүлнэ гэсэн үүргийнхээ дагуу Х.Б, А.Н нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Н.Б, Н.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Н, Б нарыг энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах, мөн шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг үйлдэлд бие даасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна гэж прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн  байна.

Мөн  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг  шүүх, прокурор, мөрдөгч нь заавал биелүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул  прокурор эсэргүүцэл бичсэн, уг эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 267 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Б, Н.Т нарт  холбогдох, 2135000970178 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ямаач овогт Намсрайн Бадамжав, Таргуд овогт Нямжавын Төгсбаяр нарыг албан тушаалын байдлаа ашиглан залилах  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.    

3. Н.Б, Н.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

- Гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож, эсхүл хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтанд хууль бусаар нөлөөлж үйлдсэн бол тухайн хэргийг зүйлчлэхдээ тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн тохирох зүйл, хэсгийг журамлан хамтран оролцогчоор татна. Энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан А.Нямдэлгэр, Х.Баянмөнх нарын үйлдэлд хамтран оролцсон үйлдэл байгаа эсэхийг шалган тогтоохгүйгээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул А.Нямдэлгэр, Х.Баянмөнх нарын үйлдэлд энэ гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгах,

-яллагдагч Н.Б, Н.Т нарын нийгмийн халамжийн санд хохирол учруулсан үйлдлүүд нь бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох гэх үндэслэлүүдийг зааж,  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд нийцээгүй байна.

4. Н.Б, Н.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1. Гэмт хэрэгт хамтран оролцохын нэг шинж нь гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд үйлдлээрээ нэгдсэн байхаас гадна субъектив санаа буюу сэдэлт, зорилгоороо нэгдэж, гэмт хэрэг үйлдэж хүрэх үр дүн / үр дагавар/  нь нэг байх явдал юм.

Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Баянмөнх, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Нямдэлгэр нарыг яллагдагчаар татаж, Н.Б, Н.Т нарын хохирогч С.Гэрэлмаа болон нийгмийн халамжийн санд хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон байдал болон тэдгээрийн  хүсэл зоригийн нэгдэл байсан эсэхийг шалгаж тодруулсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба  шүүх цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:“анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцнэ гэж дүгнэлээ.            

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд яллагдагч Н.Б нь  хууль тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр, хэд хэдэн удаагийн үйлдлээр авсан,  Н.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдсон ба тэдгээрийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн “яллагдагч Н.Б, Н.Т нарын нийгмийн халамжийн санд  хохирол учруулсан үйлдлүүд нь бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

5. Нөгөө талаар, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэл нь тодорхой бус, тухайлбал хэрэгт ямар ажиллагааг гүйцэтгүүлэх нь  ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээнд үндэслэн Н.Б, Н.Т нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчимд нийцэх бөгөөд  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т : шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчилнө” гэж заасны дагуу яллагдагч Н.Б, Н.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэл тогтоогдож байх боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон, уг хууль 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс  дагаж мөрдөгдсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах боломжгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ