Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 124/ШШ2024/0008

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би иргэн Д.О-ы “Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д.О миний бие нь 2023 оны 02 сард төрийн албаны тусгай шалгалтад орж 55.60 оноогоор 1 -р тэнцэж, төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 сарын 15- ны өдрийн Дугаар 9 тогтоол, 2023 оны 02 сарын 15-ны №23 тоот албан бичгийн дагуу 2023 оны 02 сарын 28-ны Дугаар Б/10 тоот тушаалаар томилогдсон. 2023 оны 07 сарын 05-ны өдөр Төрийн албан хаагчийн Тангараг өргөсөн. 2024 оны 04 сарын 28-аас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Давст суманд томилолтоор ажиллаж байх хугацаанд дарга А.Б 2024 оны 04 сарын 30-ны өдрөөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, 46.5 дахь хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Тухайн тушаалд дурьдагдсанаар Д.О миний бие ажлаас халагдах хүсэлтээ өгөөгүй бөгөөд тус тушаалыг БШУГ-ын дарга Г.Э 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 11 цагийн үед хамт олны хурлаар гардуулан өгсөн. Тухайн өдрийн 14 цагийн орчимд хуучин дарга А.Б тус тушаалыг урж, хүчингүй гээд ажлаа хийхийг зөвлөсөн. Тухайн үед Бодлого төлөвлөлтийн албаны дарга И.Г, сургалт арга зүйн албаны дарга Б.Н нар байсан.

Д.О миний бие нь ажлаас гарах өргөдлөө өгөөгүйг бичиг хэргийн ажилтан Т. Намсрай, Бодлого төлөвлөлтийн албаны дарга И. Ганболд нар гэрчилж нотолно. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, буцаан ажилд томилуулах, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэрийг гаргуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О-ы нэхэмжлэхийн шаардлагатай танилцахад Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар өмнө нь ажиллаж байсан А.Болормаа нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаа өгөх хүсэлтээ өгөөгүй, хөдөө томилолтоор ажиллаж байх хугацаанд төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ. Д.О-ы ажлаас халагдах хүсэлт нь Архив, бичиг хэргийн ажилтан дээр бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх  явцад хариуцагч Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч аймгийн Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-оос ирүүлсэн  “Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, Д.О-ы нэхэмжлэлтэй, Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргад холбогдох 124/2024/0016/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЛТАНЦЭЦЭГ