Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0755/З |
Дугаар | 128/ШШ2024/0470 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0470
2024 06 03 128/ШШ2024/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И*******” НҮТББ,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О,
Гуравдагч этгээд: “Ш” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б нарын хоорондын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И******* НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ш ХХК-д олгосон MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч И******* НҮТББ-аас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Бд хандан хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/2815 дугаартай албан бичгээр татгалзсан хариуг авч, эс зөвшөөрсөн тул 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших ******* овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын шийдвэрээр С ХХК-д олгож, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Ш ХК-д шилжүүлсэн байна.
4. Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Сүхбаатар аймгийн ******* сумын Баян багийн малчид Ш ХХК-д 2018 онд олгосон MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран төрийн эрх бүхий байгууллагад хандаж 2018-2023 он хүртэл тэмцсэн боловч үр дүнд хүрээгүй тул манай ТББ-д хандсан гэж,
4.2. 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон XB-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд MV-0******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ш ХХК-д олгосноор Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон гэж,
4.3. Ш ХХК нь ашигт малтмалын хайгуул хийж, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл авахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Умард говийн Гүвээд-Халхын Дундад талын сав газрын захиргаанаас Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийж, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаар санал аваагүй гэж,
4.4. Ш ХХК-ийн туслан гүйцэтгэгч Э ХХК нь өрөмдлөг цооногийн ажилд химийн хорт бодис болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аваагүй нь ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болно гэж,
4.5. Ш ХХК-ийн *******-Овоо нэртэй хайгуулын талбайд 2016 онд Палеонтологийн тандалт судалгааны тайланд эртний тахилгат уул Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхнуудын талаар мэдээлэл оруулаагүй гэж,
4.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ нутгийн иргэдийн саналыг аваагүй гэж,
4.8. Ш ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулаагүй байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэжээ.
5. Нэхэмжлэгч И******* НҮТББ-ын төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг *******-Овоо гэдэг газар 862,39 м.кв талбайд Шинэ Уужим орд компанид 2048 он хүртэл MV0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгосон. Дээрх тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиас эхлээд холбогдох хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангаагүй байхад энэ зөвшөөрлийг олгосон гэж нутгийн иргэдийн олон жилийн баримт факт, тэдний гомдол, тэмцэл, манай төрийн бус байгууллага, өмгөөлөгч нараас хийсэн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэл гаргасан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ компани зөвшөөрөл авахдаа Усны тухай хуулийн 17.2-т зааснаар сав газрын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг биелүүлээгүй гэсэн баримтыг ирүүлсэн. Шинэ Уужим орд компанийн туслан гүйцэтгэгчээр Э компанийн өрөмдлөг химийн хортой бодисыг ашигласан гэсэн дүгнэлтийг Байгаль орчны яамнаас гаргаж ирүүлсэн. Хорт бодисын тухай энэ хуулийг зөрчсөн гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хэрвээ энэ нь нотлогдох юм бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй байгаа юм.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.” гэж заасан. Гэтэл нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм. Тухайн нутагт тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах юм бол газар нутаг маш багатай, малын бэлчээргүй болно, уух усгүй болно, уул ус онгон дагшин байдал алдагдуулах гээд байгаа юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хуулиараа тусгай зөвшөөрөл авахад зайлшгүй хийсэн байх ёстой. Мөн гэрээ хийхдээ заавал нарийвчилсан үнэлгээг хийх ёстой гэсэн заалтууд байгаа. Хэрвээ энэ компани үйл ажиллагаа явуулах юм бол тэнд байгаа бүхий л байгалийн нөөц баялаг, хэдий хэмжээний өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн нутаг, ан амьтан, араатан, жигүүртэн, биологийн төрөл зүйл, ус ургамал, хэдэн гол горхи, хэдэн тооны малчин өрх амьдардаг юм, цаашдаа тэд нарын амьдралыг хэвийн авч явах, тэр эрсдэлээс яаж хамгаалах юм, хэдэн төгрөгийн төсөв тооцоо зарцуулах юм гэсэн бүх нарийн тооцооллыг нарийвчилсан үнэлгээгээр тогтоох ёстой. Гэтэл ийм үнэлгээ хийсэн зүйл юу ч байхгүй. Ийм амин чухал асуудлаа ерөөсөө хийдэггүй учраас өнөөдрийг хүртэл явж ирсэн. Байгаль орчны яам олигтой хяналт тавьдаггүй. Нарийвчилсан үнэлгээг өдий хүртэл хийгээгүй ирсэн. Энэ үндэслэлээр тус компанийн ашиглалтын эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхүүд нь байна. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын 1974 оны конвенц байна. Тус конвенцод аль ч ард түмэн өөрийнхөө баялагт эзэн байх эрхтэй, аль ч ард түмнийг ямар ч нөхцөлд ямар ч төсөл хэрэгжиж байсан амьдран буй хэрэгслээс нь салгаж үл болно гэж тусгасан. Олон хуулиудыг бүгдийг нь биелүүлээгүй байхад нь компанид зөвшөөрөл олгосон байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын газраас тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдох хууль тогтоомжийг тухайн үед зөрчиж олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн өргөдөл гаргах журам гэж байгаа. Энэ журам дээр Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мөн хуулийн 39.1-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ гэсэн байгаа юм. 39.1.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө сонгон шалгаруулалтын журмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах гэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага гэж байгаа юм. 24.1-т хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж өргөдөл гаргах эрхтэй гэсэн байна. Энэ өргөдлийг гаргаагүй. Мөн хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгээгүй байна. Энэ нь юугаар тогтоогдож байна гэхээр хэргийн материалд авагдсан Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2380 дугаар албан бичиг байгаа. Энэ албан бичигт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.4-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг боловсруулж, тусгай зөвшөөрөл хүсэгч этгээд болон төсөл хэрэгжүүлэгч тайлангаа Байгаль орчны яамаар батлуулахын өмнө орон нутгийн багийн иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлж саналыг авах хэлбэрээр оролцоог хангах эрхтэй гэж ирсэн. Гэтэл тухайн аж ахуйн нэгж байгууллага нь хууль тогтоомжийнхоо дагуу тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь аваагүй. Энэ нь өөрөө тухайн иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдчихөөд байхад Ашигт малтмалын тухай хуулийн 11.1, 11.1.15, 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хуулийг зөрчсөн. Иргэдээс санал аваагүй гэж үзэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг гэж байгаа. 35.4-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшинэ, уг уурхайг ажиллуулж эхэлнэ гэж заасан байна. Гэтэл тухайн үед тухайн аж ахуйн нэгж, компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хэдий ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ашиглалтад оруулсан комисс ажиллуулах хүсэлтийг ирүүлээгүй гэсэн үг. Энэ Уул уурхайн яамнаас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт үнэлгээний газраас ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот албан бичиг байгаа юм. Энэ албан бичигт тухайн аж ахуйн нэгж байгууллагыг ямар нэгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаар тодорхойлолт хүсэх тухай энэ өргөдлийн дагуу ийм хүсэлт, ийм өргөдөл өгөөгүй гэсэн албан бичиг хэргийн материалд ирүүлчихсэн байгаа юм. Энэ нь хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй байх үед нь Ашигт малтмалын газраас энэ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон гэж үзэж байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж байгаа химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа нь тогтоогдсон. Сүхбаатар аймгийн иргэн н.М*******д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 07/2054 дугаар албан бичгээр Э ХХК химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулах, тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрлийг тус яамнаас авч байгаагүй болно гээд албан бичгээр хүргүүлчихсэн. Тэгэхээр энэ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үед олгож байхдаа тухайн аж ахуйн нэгж компаниар хийлгэсэн Э компани нь тэр газар химийн хорт бодис хэрэглэж байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Энэ албан бичгээр тогтоогдчихож байгаа юм. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг байгаа юм. ******* сумын талбайд 2023 онд гүйцэтгэж байгаа хайгуулын өрөмдлөгийг ашиглаж жагсаалт, нормын хэм хэмжээг албан бичгээр гаргаж өгнө үү гэхэд үүнийг гаргаж өгөөгүй. Үүнтэй холбоотой баримт нь хэргийн материалд авагдсан байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйл. Тус хуулийн 27.1-д холбогдох хууль тогтоомжийн маань газар ус ашиглах гэж байгаа. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрх гэж байгаа. Энэ нь тухайн сав газарт ашиглалтын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж байгаа юм. Гэтэл энэ сав газар ус олгохдоо тухайн сав газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслээгүй. Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 73 тоот албан бичгээр нотлогдож байгаа юм. Ийм учраас хуулийн заалтыг үндэслэн тухайн сум орон нутгийн болон холбогдох төрийн захиргааны байгууллагын саналын дагуу хуулийн дагуу аваагүй байж хууль бусаар ашигт малтмал олгож тогтоосон нь үндэслэлгүй юм. Ийм учраас 461 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах хамгийн том үндэслэл байгаа. Мөн хуулийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсвэл нөхөх, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж заасны дагуу энэ хууль тогтоомжид заасан төлөвлөгөөгөө ирүүлээгүй, тухайн сум орон нутгийн иргэдийн болон захиргааны саналыг аваагүй учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас олгосон 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай энэ шийдвэр нь өөрөө хууль бус юм. Ийм учраас хүчингүй болгож Сүхбаатар аймгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан. Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дахь Уул баян-Овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV******* дугаартай зөвшөөрлийг анх 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр анх Сентерра Гоулд Монголиа гэдэг компанид олгосон байдаг. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Ш гэдэг компанид шилжүүлсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3-д онцгой бүрэн эрхийн талаар заасан. Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайнхаа аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах гэж заасан байгаа. Мөн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу Ш компани өөрийн эзэмшиж байсан энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасан байдаг. Энэ компани Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан өргөдлийг гаргасан байгаа. Төрийн захиргааны байгууллага тухайн өргөдлийг хүлээн авч хянан үзээд 26.3.2-т заасанчлан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийг нь авахаар уурхайн талбай олгож гэж, мөн хуулийн 26.3-д хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсвэл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбайг олгож тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлнэ гэж заасныг үндэслэж Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших *******-Овоо 862,39м2 талбай бүхий ашиглалт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр Ш компанид олгосон байгаа. 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.2-т тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тухайд тусгай зөвшөөрлийг олгоход сав газрын саналыг үндэслэнэ гэсэн зохицуулалт орсон. Дээр дурдсан тусгай зөвшөөрлийг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2006 онд олгосон байдаг. Сав газрын захиргаанаас саналыг авсан байгаа. Хавтаст хэргийн материалд байгаа. Сав газрын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06/231 тоот албан бичгийг хэргийн материалд хавсаргасан. Төрийн захиргааны байгууллага тус албан бичгийг үндэслэн ойн сан, усны эх газарт давхцалгүй гэсэн утга бүхий албан бичиг байгаа. Үүнийг үндэслээд захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгодог. Яам болон сав газрын захиргааны мэдээллийн сан нь яг адилхан байдаг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлүүдийг нэг бүрчлэн дурдаж өгсөн байдаг. 56.1.5-д бол маш тодорхой заасан байгаа. Менежментийн төлөвлөгөөнд биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй талаар орон нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаад Байгаль орчны яамнаас дүгнэлт гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутгийн байгууллага санал гараагүй, яамнаас янз бүрийн санал дүгнэлт гараагүй болохоор тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй байна. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн тоот албан бичигт Баянмөнх, Баянзүрх, Батцагаан хайрхнуудын талаар Соёлын өвийн нэгдсэн улс улсын мэдээллийн санд бүртгэл байхгүй гэж тодорхойлсон. Палеонтологи, тандалт судалгааны тайлан дүгнэлт хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 24-26 дугаар зүйлд бол маш тодорхой зааж өгсөн байгаа. Кадастрын хэлтсээс батлан гаргасан К2 маягтад мөн хуулийн дагуу ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгийг нэг бүрчлэн нарийвчлан зааж өгсөн байдаг. Ш компани хууль болон К маягтад заасан баримт материалыг бүрэн дүүрэн бүрдүүлсний үндсэн дээр Кадастрын хэлтэс өргөдлийн баримт бичгийг хүлээн авч хуульд заасан үндэслэл, журмыг хангасанд татгалзах үндэслэл байгаагүй болохоор тухайн зөвшөөрлийг олгосон. Компани авахдаа хайгуулын талбай дээр Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд авсан ийм талбай байгаа. Ашигт малтмалын газар өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэж тухайн зөвшөөрлийг олгосон байгаа. Тухайн маргаан бүхий талбай нь урт нэртэй хууль болон хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан янз бүрийн талбайтай, стратегийн орд газар талбайтай холбоотой ямар ч давхцалгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр бичгийг тухайн үед Байгаль орчны яам албан бичгээр өгдөг байсан. Сүүлд сав газар руугаа шилжүүлсэн байсан. Тэр үед манайх тусгай зөвшөөрлөө авч байхад Байгаль орчны яамнаас албан хүсэлт гаргаж байсан. Бид нарийвчилсан үнэлгээнд орон нутгийн иргэдээс санал авах явцаа хийж байгаа. Сорьцолж ашиглаж болохгүй гээд, нөөцийг тогтоочихсон бол хүдрийн биетийг цааш нь судлах ёстой юм байна гээд мэргэжлийн хүмүүс нь үзчихээд, үүнийг дахиж судлаад, нөөцийн хайгуулаа хий гээд манай компани дээр шаардлага тавьчихсан учраас бид нар ашиглах талаар ярих ч болоогүй, тэнд ашиглалтын үйл ажиллагаа юу ч байхгүй. Тэр талбай дээр бид нарын яриад байгаа шиг уурхай хүлээж авах комисс ажиллаагүй байна. Монгол Улсын эрх ашиг явж байдаг. Бид нар ашиглалт эхлээ ч үгүй байхад бид нарыг ашиглаж байна гээд байна гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Захиргааны ерөнхий хуульд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоног гэж заасан. Гэтэл И******* төрийн бус байгууллагаас гаргаж байгаа нэхэмжлэл 4-5 жил өнгөрсний дараа гарч байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 онд олгосноос хойш хөөн хэлэлцэх хугацааны асуудал зөрчигдөөд байгаа юм уу гэдэг хууль зүйн үндэслэлээ бичсэн. Иргэдээс зөвшөөрөл аваагүй, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдсөн байна гэдэг юм яриад байгаа юм. Өмнө нь энэ лицензийг хайгуулын лиценз байхад нь гуравдагч этгээд шилжүүлж аваад хуулийн дагуу үйл ажиллагааг нэмж явуулаад, хөрөнгө оруулалт хийгээд, нөөцийг нь 2018 онд батлуулаад, улсын эрдэс баялгийн нөөцийн бүртгэлд оруулсан. Үүний үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан гэдгийг тусгай зөвшөөрөл авах эрх үүсэх юм бол давуу эрхээрээ авах эрхтэй гэдэг хуулийн заалт байгаа. Ашигт малтмалын тухай хуульд давуу эрхээрээ авч байгаа хөрөнгө оруулалт хийгээд үүний дагуу нөөц тогтоогоод, төрийн үүргийг төрийн өмнөөс биелүүлээд, давуу эрхээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаа учраас нутгийн иргэдээс тусгай зөвшөөрлийн санал авах зохицуулалт хуульд байхгүй.
Төрийн захиргааны байгууллагуудаас авах лавлагаа тодорхойлолт гэсэн зүйл хуульд байгаа. Энэ бүгдийг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг авсан. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээн дээр нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэдэг асуудал яриад байх шиг байна. Нарийвчилсан үнэлгээний асуудал нь өөрөө хоёр ойлголт. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ нь 2 үнэлгээнээс бүрддэг. Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгддэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол та нарын үйл ажиллагааг явуулахад болох юм уу, болохгүй юм уу, ямар үйл ажиллагаа явуулах юм бэ, тэр дээр нь ямар нарийвчилсан шинжилгээ хийх юм бэ гэдгийг нь Байгаль орчны яамнаас эрх бүхий байгууллагад даалгавар өгдөг. Тэр даалгаврын дагуу нарийвчилсан үнэлгээг хийдэг. Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд үнэлгээг хийхдээ тусгай зөвшөөрөл авсан техник эдийн засгийн үндэслэл дээр нь үндэслээд бид нар ямар аргаар, ямар хэмжээний газрыг яаж хөндөж, яаж энэ ашиглалтыг ашиглах гэж байгаа юм бэ гэдэг дээр нь үндэслэж хийдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудал чинь өөрөө хамгийн гол эхний цэг нь болоод байгаа юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авангуутаа Ашигт малтмалын тухай хуулиараа нэг жилийн дараа техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулдаг, нэг жил өнгөрсний дараа техник эдийн засгийг боловсруулсан бол дахиад техник эдийн засгийн үндэс нь ашиглалтынхаа тусгай зөвшөөрөл дээр үндэслэдэг. Зөвшөөрөл байхгүй бол техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ямар ч утгагүй. Юун дээр боловсруулах юм. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлалаар техник эдийн засгийн үндэслэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гараагүй байхад нарийвчилсан үнэлгээ хийж болохгүй, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж болохгүй, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байхад нарийвчилсан үнэлгээг хийх үндэслэлгүй болчихоод байгаа юм. Монгол Улс баялаг бүтээж, ард иргэдээ сайхан амьдруулахын тулд юу хийх ёстой юм бэ гэдгийг Монгол Улсын 3,5 сая иргэдийн итгэлийг авсан төлөөлөл болсон Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийгдэж байгаа ажлууд. Гэхдээ төрийн бус байгууллагууд ингэж дайрч орж ирж болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл нь гарч байж, дараа нь техник эдийн засгийн үндэслэл боловсрогдож, дараа нь нарийвчилсан үнэлгээ хийгдэж байж, ард иргэдээсээ танай газар нутаг дээр ийм төслийг хэрэгжүүлэх гэж байна, үүний дагуу байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийх гэж байна, энэ дээр та нар саналаа өгөөч, та нарын саналыг бид нар энд тусгаад яамаар батлуулах ёстой юм гэдэг процессоор явдаг. Гэтэл өнөөдөр нарийвчилсан үнэлгээнийх нь зохицуулалт нь явах болоогүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөөцийг хүлээж авдаг комисс нөөцийг илрүүлээд бүртгүүллээ, сайн байна. Гэхдээ хүдрийн биетүүд дутуу судлагдсан байна шүү. Яагаад гэвэл хайгуулын лицензийн хугацаа нь нөгөө 12 жил. Энэ хугацаандаа багтахгүй их ажил байгаа учраас. Тэгэхдээ ашиглалт явуулахаас өмнө хүдрийн биетүүд дээр ийм ийм судалгаа хийгээрэй. Тэгж байж та нар ашиглалтын асуудлаа ярина шүү, тэгэхгүй бол та нар ярихгүй шүү гэдэг үүрэг өгчихсөн. Гүйцээх хайгуулын ажил хийгээд явж байгаа тохиолдолд нутгийн иргэдийн эсэргүүцэл тулгарч байгаа. Санаатай, санамсаргүй сонирхож байгаа хүмүүс байгаа. Гэхдээ хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэдгийг хэлмээр байна. А лиценз олгогдоод тусгай зөвшөөрлийг талбай дээр хийгдэх нарийвчилсан үнэлгээний тайлан эрх бүхий байгууллагад боловсруулчихаж байгаа тохиолдолд энэ дээр хууль зөрчсөн гэж ярих боломжгүй. Усны тухай хуулийн 17.2-ыг зөрчсөн, тэндээс зөвшөөрөл аваагүй байна шүү дээ гэдэг асуудал яриад байгаа юм. Энэ хууль өөрөө сүүлд батлагдсан хууль. Сүүлд батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг биш. Гэхдээ энэ хуулийн онцлог нь устай газар үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол усанд яаж нөлөөлж байна гэдэг талаас нь зөвшөөрөл аваарай гэсэн санаатай. Тийм учраас лицензээр орж ирж байгаа талбай өөрөө хуурай тал хээрийн нутаг, ямар ч ус байхгүй. Тэгэхээр ийм тохиолдолд бид хуулийн дагуу тэр саналыг авах уу, үгүй юу гэвэл бас эргэлзээд байна. Заавал аваад байх шаардлага байхгүй. Байгаль орчны яамнаас тэр газар дээр ер нь тусгай зөвшөөрөл авч болох юм уу гэдэг зөвшөөрлийг нь авчихсан юм. Яагаад гэвэл Байгаль орчны яам өөрөө Монгол Улсын хэмжээнд усны бодлогын хүрээнд ажиллаж байгаа төрийн захиргааны төв байгууллага. Байгаль орчны яамны зөвшөөрөл хавтаст хэрэгт байгаа. Усан сан бүхий газартай давхцаагүй учраас бид нар татгалзах зүйлгүй гээд, давхцаагүй гэдгийг хэлээд өгчихсөн. Энэ бичиг дээр үндэслээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэрээ гаргасан. Хэрэг үүсээд явж байхад бид нар дахиж асуусан. Усан сан бүхий газартай нь давхцаад байгаа юм болов уу. Усан сан бүхий газрын сав нутгийн газраас нь бичиг авсан. Тухайн бичиг дээр усан сан бүхий газартай давхцаагүй байна гэсэн бичиг ирж байгаа юм.
Усны сан бүхий газартай давхцаж байна уу гэдгийг бид нар тогтоохын тулд дахиад өнөөдрийн байдлаар ер нь давхцаад байгаа юм уу гэдгийг нь асуугаад үзэхээр давхцаагүй байгаа юм. Зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэж байгаа юм бол зөвшөөрөл бүхий этгээдийнх нь саналыг авчихаад нөгөө санал дээр нь дэмжээгүй юм уу, эсвэл дэмжсэн гэдэг санал нь байж байх ёстой. Гэтэл энэ дээр дэмжээгүй гэдэг санал байхгүй. Харин ч усгүй газар учраас, устай давхцаагүй учраас үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй юм байна гэсэн санал ирчихсэн байгаа. Тийм учраас энэ дээр хууль зөрчигдөөд хэн нэгний эрх ашиг ноцтой хохироод байгаа юм байхгүй байна гэж харж байгаа юм. Химийн бодис ашигласан талаар яриад байна. Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт гээд Аюултай бодисын тухай хууль байдаг. Ус хүртэл химийн бодис байдаг. Усыг химийн бодист оруулдаггүй. Химийн хортой болон аюултай бодисын зохицуулалтыг хортойд нь ордоггүй, зүгээр нэг бодис зөвшөөрөлгүйгээр ашигласны төлөө зөвшөөрөл аваагүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа. Полиэтикалинет гэдэг бодис нь зөвшөөрөл авдаг бодист нь ордоггүй, ордоггүй учраас тэр дээр Байгаль орчны яамнаас шалгалт хийсэн шалгалтууд, орон нутгийн байгаль орчны газраас хийсэн шалгалтууд бүгдээрээ байгаль орчинд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан зүйл байхгүй байна гээд дүгнэлт гарсан. Хэрвээ байгаль орчинд хохирол учруулсан байна гээд дүгнэлт гарчихсан бол байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллага учраас байгаль орчны бохирдуулсан асуудлыг үзээд дүгнэлтээр хүчингүй болгоё гээд нэхэмжлэл гаргах нь бол зөв. Гэтэл Байгаль орчны яамнаас орчныг бохирдуулсан гэсэн дүгнэлт гараагүй байхад үүнийг цуцлуулна гээд ярьж болохгүй. Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нөлөөлөх байдлын тухай хуулиудыг нутгийн хэдэн иргэд эсэргүүцэж байна гэж хэлээд энэ хуулийн үйлчлэлийг зогсоож болохгүй. Төрийн төв байгууллагаас шийдсэн асуудлыг бид нар дэмжиж ажиллах ёстой. Тэнд бүх мэдээллүүдийг цуглуулаад ашиглалтын олборлолтыг хийж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх гэдэг асуудлыг ярина. Ийм хохирол учраагүй, юу ч болоогүй байхад төрийн бус байгууллага би хэрэгтэй гэж хэлээд бүх хүмүүсийн өмнүүр ороод 4, 5 жилийн дараа хүртэл энэ асуудлыг зогсоохоор дур зоргоороо яваад байх юм бол төрийн ажил яаж явагдах юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт цугларсан баримтуудаар 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын шийдвэрээр С ХХК-д Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших ******* овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Ш ХК-д шилжүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр NM-025775 дугаартай өргөдлийн дагуу 862,39 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2048 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон болох нь тогтоогдож байна. 3. Нэхэмжлэгчээс “...Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа гэж тайлбарлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа мөн хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар ...”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг ирүүлэхийг шаарджээ.
5. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гуравдагч этгээд Ш ХХК-аас Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших ******* овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг талбайд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /Маягт К-02/ гаргаж, өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт /Маягт КА-4/, Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо, улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбайн байршил, булангийн цэгүүдийн солбицол хилийг буулгасан зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, хайгуулын тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгүүдийг хавсарган ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт Цагаан ширээ нэртэй 862,39 гектар талбайд MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.2-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
6. Мөн “…Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиар гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай биш…” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
7. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж зааснаас үзвэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эрх хэмжээнд хамаарна.
8. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Умард говийн Гүвээд-Халхын дундад талын сав газрын захиргаанаас санал авалгүйгээр ашигт малтмалын хайгуул хийж олборлолт явуулсан гэх үндэслэлийн тухайд:
8.1. 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 17 дугаар зүйлийн 17.2-д “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан нь 2006 онд олгосон XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарахааргүй байх тул ус ашиглах зөвшөөрөл болон ус ашиглалтын гэрээг уурхайг ашиглалтад оруулж ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах үед шаардах бөгөөд ашиглалтыг гүйцээх хайгуулын ажил хийж байгаа нөхцөлд ус ашиглах хэрэгцээ шаардлага гарвал орон нутгаас ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулж ажиллахаар байна.
8.2. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/135 дугаартай захирамжаар Ш ХХК-д унд, ахуй, өрөмдлөгийн үйл ажиллагаанд хоногт 12.4 шоо метр усыг гурван сарын хугацаатайгаар ашиглуулахыг зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ус ашиглах 22Е/01 дугаартай гэрээг байгуулсан нь усны зөвшөөрөл аваагүй гэж үзэх боломжгүй юм.
8.3. Умард говийн гүвээд-халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаартай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 068/231 дугаартай албан бичгээс үзвэл, Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт MV-0******* ашигт малтмалын хайгуулын талбай нь усны сан бүхий газар болон усны эх үүсвэртэй давхцалгүй болох нь тогтоогдож байна.
9. Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийн тухайд:
9.1. Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 82 тоот албан бичгээс үзвэл, Ш ХХК-ийн туслан гүйцэтгэгч Э ХХК нь өрөмдлөг, цооногийн ажилд химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан байж болзошгүй тул тус аймгийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.
9.2. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 362 дугаартай тогтоолоор Ш ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Э ХХК нь 2023 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумын Баян багт өрөмдлөгийн ажил гүйцэтгэхдээ /Acrylamide Based Copolymer Acrymide/acrylate Polymer/ гэх химийн бодисуудыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйл баримт тогтоогдсон боловч эдгээр химийн бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад хамаарахгүй байх тул дээрх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хаасан байх тул гуравдагч этгээдийг хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа химийн хорт болон аюултай бодис ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
10. 2016 онд явуулсан Палеонтологийн тандан судалгааны тайланд орон нутгийн эртний тахилгат уул Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхануудын талаар мэдээлэл байхгүй гэх үндэслэлийн тухайд:
10.1. Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд палеонтологийн судалгааг 2016 онд доктор, профессор Г.С*******, М.А******* нараар MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2022 онд гүйцэтгүүлэн палеонтологийн хайгуулын тандан судалгааны дүгнэлт гаргажээ.
10.2. Соёлын өвийн Үндэсний төвийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 07/200 дугаартай албан бичигт “…Ш ХХК-ийн XV-0******* дугаартай талбайд палеонтологи, археологийн хайгуул судалгааны тайлан Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй болохыг мэдэгдсэн...” байна.
10.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санг соёлын төвд; аймгийн бүртгэл, мэдээллийн санг орон нутгийн музейд; нийслэлийн бүртгэл, мэдээллийн санг нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжид; улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг Соёлын өвийн үндэсний төвд тус тус бүрдүүлж, хадгална”, 22 дугаар зүйлийн 22.2-д “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ”, 23.1-д “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэж зааснаас үзвэл палеонтологи, археологийн хайгуулын судалгааны үр дүнд соёлын өв тогтоогдсон бол бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх үүргийг заасан байх бөгөөд гуравдагч этгээд Ш ХХК-ийн хувьд палеонтологи, археологийн хайгуулын судалгааны тайланд соёлын өв тусгагдаагүй тул бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй болох нь Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “…Ш ХХК-ийн Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших тус хайгуулын талбай нь цагаан ширээ нэртэй MV-0******* тоот 862,39 га ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсонтой холбогдуулан хээрийн судалгааг 2022 оны 7 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд хийж, палеонтологийн үлдэгдэл байхгүй гэсэн дүгнэлт бүхий тайланг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн болно” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж, тайлангаа Байгаль орчны яамаар батлуулахаас өмнө орон нутгийн иргэд, оршин суугчдаас санал аваагүй, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайг хүлээн авах комисс ажиллуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:
11.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан бөгөөд энэ төсөл хэрэгжүүлэгч нь тайлангаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулахын өмнө орон нутгийн иргэдийн нийтийн хуралд тайлангаа хэлэлцүүлж, саналыг авах хэлбэрээр оролцоог нь хангах үүрэгтэй.
11.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13/342 тоот албан бичигт “…төсөл хэрэгжүүлэгч нь Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудлууд, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар хийлгэж, 2018 оны 3 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэх”-ийг Ш ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд дээрх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ нь захиргааны байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход саад болохгүй болох нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам болон захиргааны байгууллагаас баталсан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл /Маягт К-02/-д заасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ” гэснийг зөрчөөгүй.
11.3. Өнөөдрийн байдлаар тус компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй, ашиглалтын хайгуулын төлөвлөгөө болон тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.
11.4. Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2006-2017 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Н/30 дугаар тушаалаар ******* холимог металлын орд нөөцийг хүлээн авчээ.
11.5. Ш ХХК нь техник-эдийн засгийн үндэслэлийг уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий компаниар гүйцэтгүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Т/175 дугаар тушаалаар хүлээн авсан байна.
12. Төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхайг ажиллуулж эхлэхээр байхад уурхайг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:
12.1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д “Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдээс Уул уухай, хүнд үйлдвэрийн яаманд уурхайг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг ирүүлээгүй нь гүйцээх хайгуулын ажил хийгдэж ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа нөхцөл байдалтай хамааралтай.
12.2. Дээрх нөхцөл байдлууд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хх-03-10 дугаартай дүгнэлтийн 12 дахь хэсэгт “Зарим хүдрийн биетийн хайгуул дутуу хийгдсэнийг ашиглалтын үед гүйцээх хайгуул хийх...” -ийг тусгай зөвшөөрөл ашиглагч аж ахуйн нэгжид анхааруулсан тул гуравдагч этгээд Ш ХХК нь гүйцээх хайгуулын ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа нөхцөл байдалтай бүрэн хамааралтай байх бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд “.. Ш ХХК нь 2018 онд гидрогеологийн судалгааны ажил явуулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болно”, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “...Ш ХХК нь 2019 онд геотехникийн судалгааны ажил явуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй”, Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “... Ш ХХК нь 2020-2022 онд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн 1/15 дугаартай тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
12.3. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т “Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийнэ”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах.., төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж зааснаас үзвэл Ш ХХК нь 2020-2022 онд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдож байгаа тухайн нөхцөл байдалд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, уурхайг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргаагүй гэх үндэслэлүүдээр түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй юм.
13. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан байх ба мөн зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 78.2.1, 48.2.2, 48.3.3, 48.3.5-д заасан тохиолдолд захиргааны актын гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж хуульчилжээ.
14. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 461 дүгээр шийдвэр нь Ш ХХК-ийн хувьд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах эрхийг олгосон эерэг нөлөөлөл бүхий акт байх тул захиргааны байгууллагаас уг шийдвэрийг анх гаргахдаа хууль тогтоомж зөрчиж олгосон гэж үзэж хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудыг баримтлах шаардлагатай юм.
15. Иймд Нэхэмжлэгч И******* НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “2018 оны 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И******* НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ш ХХК-д олгосон MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ