Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

Д.Л-О-т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Турдыбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Л-От холбогдох, 2235000000106 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Д-гийн Л-О, ... Увс аймгийн У.. суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... дугаар ангид инженерийн ахлах офицер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:

1. Шүүгдэгч Д.Л-О нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Баялаг Увс шатахуун түгээх станцын дэргэд хохирогч Ж.З-тай хамт архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш ургийн овогт Д-гийн Л-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая ) төгрөгөөр торгох ял шийтгэж,

- шүүгдэгч Д.Л-О энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж,

- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хохирогч Ж.Золбоогийн толгойн компьютер томографын шинжилгээний хариуг агуулсан CD /сиди диск/ нэг ширхэгийг, дивиди диск нэг ширхэгийг тус тус хохирогчид буцаан олгож, гэрч Р.Батмөнхийн гар утсаар хийсэн бичлэгийг агуулсан дивиди дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Д.Л-От торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан байхад энэхүү заалтыг хэрэглээгүй нь Д.Л-Оын эрх зүйн байдлыг дордуулсон гэж үзэхээр байна.

Д.Л-О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Золбоогийн зүгээс ямар нэгэн гомдол байхгүй гэж мэдүүлсэн, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар Д.Л-О болон түүний эхнэр төрийн байгууллагад ажилладаг, бага насны 3 хүүхэдтэй, банкинд орон сууцны ипотекийн зээлтэй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гаргуулах хохирол төлбөргүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж Д.Л-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.0000 төргөөр торгосон ялыг нь хэсэгчлэн төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “Шүүгдэгч Д.Л-О-ыг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйдлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Д.Л-О нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Д.Л-О болон түүний эхнэр нь төрийн байгууллагад ажилладаг. Орон сууцны ипотекийн 8%-ийн зээлд хамрагддаг.

Ийм учраас анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордсон гэж үзэж байна. Шүүхээс оногдуулсан 10.000.000 сая төгрөгийн 90 хоногийн хугацаанд төлөх боломжгүй байна.  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тухайн оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдсан гомдлоо дэмжиж байна“ гэв.

6. Прокурор А.Турдыбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.Л-От холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Лхагва-Очир нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын дэргэд  хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Золбоотой харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогдсон.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргасныг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ ял тохирсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Энэ хэргийг өмнө нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ял тохиролцохдоо 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн энэ оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр прокурортой тохиролцсон байсан. Гэтэл анхан шатны шүүхээс прокурор шүүгдэгчтэй тохиролцсон торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Шүүхийн бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Хэргийг прокурор хүлээн авч эсэргүүцэл бичихгүйгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хэсэг дээр ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүйгээр, зөвхөн торгох ял оногдуулахаар тохиролцож дахин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн боловч ял хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг хэрэглэх талаар манай шүүхэд  практик тогтоогүй байна. Зарим шийтгэх тогтоолд хэсэгчлэн төлүүлэхээр зааж байгаа боловч зарим шийтгэх тогтоолд хэрэглэхгүй байгаа. Зарим шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр эсэргүүцэл бичигдсэн. Үүний үр дагавар нь хэдий хугацаанд хэсэгчлэн төлөх нь тодорхой бус болчихсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг хэрэглэх шүүхийн нэгдсэн практикийг тогтоох шаардлагатай байна гэж үзэж байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ торгох ял оногдуулаад мөн оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр прокурор ял тохиролцож болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгэх шаардлагатай байна гэж үзэж байна. Ер нь хэсэгчлэн төлүүлэх асуудал дээр прокурор, өмгөөлөгч нар болон хэргийн бусад оролцогч нар тохирдог. Шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хэсэгчлэн төлүүлэхээр прокурор  тохиролцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн.  

Ийм учраас давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно гэж заасан заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй байна. Энэ байдлаас нь харахад шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордохоор байна гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байнагэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Л-О-т холбогдох, 2235000000106 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Д.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч Д.Л-О нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Баялаг Увс шатахуун түгээх станцын дэргэд хохирогч Ж.Золбоог зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Ж.З-гийн: “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 11:00 цагийн үед Р.Батмөнхийн гэрт очиж уулзаад хамт гарч Д.Л-Оыг гэрээс нь очиж авсан. Бид гурав Улаангом сумаас урагш гараад самбартай хөтлийн дэргэд очиж хоёр шил 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол гэх архи уусан. Буцаж орж ирэх замдаа автомашин дотор Д.Л-О бид 2, намайг архи ууж байгаад асгасан гэх асуудлаас болж маргалдсан. Р.Батмөнх бид гурав Д.Л-Оын гэрийн ойролцоо очиж автомашинаас буугаад Д.Л-О бид хоёр маргалдаж зодолдсон. Тухайн үед би их согтсон байсан учир болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

- гэрч Р.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:26 цагт хийсэн 20220422_162516.mр4 хаягтай, 126.48 мб хэмжээтэй 1 минут 1 секундийн бичлэг байв. Бичлэгт цээж нүцгэн хар өмдтэй хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн газарт унасан байх ба бэлтгэлийн хувцастай хүн толгой руу нь гараараа цохиж доор байгаа хүн нь хажуугаараа хэвтэхэд дээрээс нь дарж толгой руу нь хоёр удаа цохих бөгөөд доор байгаа цээж нүцгэн хүн нөгөө хүнийхээ хөлөөс зуурч өндийх гэхэд дээрээс нь түлхэж хоёулаа газарт унаж зууралдаж ноцолдох бөгөөд цээж нүцгэн эрэгтэй дээр нь гарч бэлтгэлийн өмдтэй хүн дээш харж хэвтэх ба бэлтгэлийн хувцастай эрэгтэйн хамар амны орчимд цус болсон байв. Цээж нүцгэн эрэгтэй нь нөгөө хүнийг гурван удаа нүүр лүү нь гараараа цохив. ...Дараагийн бичлэг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:28 цагт хийгдсэн 20220422_162516.mр4 хаягтай, 54.04 мб хэмжээтэй 26 секундийн бичлэг байв. Бичлэг эхлэхэд бэлтгэлийн өмдтэй, урт түрийтэй гуталтай хүн зогсож тонгойсон байдалтай, доор нь хар өнгийн өмдтэй, хагас түрийтэй гуталтай хүн суусан байдалтай байв. ...Урт түрийтэй гуталтай, бэлтгэлийн өмдтэй хүн нөгөө хүнийхээ толгой руу нэг цохиод, нүүр лүү нь өшиглөхөд хагас түрийтэй гуталтай эрэгтэй нь түүний хөлийг барьж авав. Тэгэхэд хөлөө жийж унагаад урт түрийтэй гуталтай, бэлтгэлийн өмдтэй хүн нь хэвтэж буй хар өмдтэй, хагас түрийтэй гуталтай хүний нүүр лүү дэвсэхэд уг хүн гараараа хаах гэсэн боловч хааж чадалгүй нүүрэндээ өшиглүүлж гараа алдалж, дээш харж хэвтээд хөдөлгөөнгүй болов” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

- гэрч Г.Э-ын : “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын үед над руу манай ажлын зэвсэг, химийн албаны дарга, ахмад Р.Батмөнх өөрийн 88160120 дугаарын утсаар залгаад  Д.Л-О, Ж.З хоёр зодолдоод байна, та хүрээд ирээч гэж хэлсэн, би техникийн дарга, дэд хурандаа н.Ганзоригийг дагуулаад автомашинтай Улаангом сумын 12 дугаар багийн захын доод талд байрладаг,  Баялаг Увс шатахуун түгээх станцын ар талд очиход замын баруун талд буюу доод талд байх гудамжинд Ж.З газарт толгойгоо дараад суучихсан, Д.Л-О, Р.Б нар нь хоорондоо маргаад байгаа бололтой юм яриад зогсож байсан. Автомашинаас бууж Ж.З руу очоод гараас нь татаад  дуудахад нэг их сайн дуугарахгүй, юм ярихгүй байсан. ...Тухайн үед Ж.З-гийн нүүр нь нэлээд хавдаад уруул ам нь цус болчихсон, зүүн шанаа нь хавдчихсан байсан, харин Д.Л-Оын нүүр нь жаахан улаачихсан, мөн хамрынх нь хэсэгт улайчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- гэрч Р.Б-ийн: “Тухайн өдөр 10 цаг 30 минутын үед ажлаас гарч автомашинаа засварын газраас аваад явж байтал Ж.Золбоо тааралдсан ба түүнтэй хамт онцгой байдлын газарт ажилладаг хүн байсан. Тэд нар намайг дагаж яваад гэрийн гадна ирсэн бөгөөд би автомашинаа тавиад тэдний автомашинд суухад нэг шил архи задалсан. Түүнийг нь уугаад Д.Л-О луу Ж.З ярьж уулзахаар болсон. Д.Л-Оыг аавынхаас нь аваад тэр гудамжинд автомашин дотроо нэг шил архи уусан. Тэгээд гашууны гол гарч дахин нэг шил архи хувааж уугаад буцаж орж ирээд онцгой байдлын газрын гадна онцгойгийн ажилтныг буулгасан. Тэгээд Д.Л-Оын гэр лүү жолоочтой явж байхад Ж.З, Д.Л-О нар хоорондоо архи асгалаа гэж маргалдаад байсан. Тэгтэл жолооч дургүйцээд Заяашикийн дэргэд очоод биднийг буулгачхаад яваад өгсөн. Автомашинаас Д.Л-О, Ж.З хоёр буугаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэр хоёр хувцсаа тайлаад дээр дороо ороод харилцан зодолдсон. ...Ж.З нүүр лүүгээ өшиглүүлээд уначихсан тул би бичлэгээ зогсоогоод Ж.Зг тэврэхэд Д.Л-О зодохоо больсон. Би штабын даргад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаартай : “хохирогч Ж.З-гийн биед гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн байх боломжтой. ...Гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт ...гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас);

 - хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “...Ж.З-гийн 2022/05/11-нд Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютерт томографын шинжилгээний хариунд “Гавал яс, суурь яс, нүдний ухархай, хацар ясанд хугарал цуурлын өөрчлөлтгүй” гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг шинжилгээний зургуудыг хуулбарласан DVD-нд байх зурагт илэрсэн өөрчлөлтүүд нь 2022/04/25-нд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютерт томографын шинжилгээний зургуудыг хуулбарласан CD-нд байх зургуудын өөрчлөлтүүдтэй тохирч байна. ...Тиймээс 2022/05/09-ний өдрийн №178 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй. Иймд Ж.З-гийн биед учирсан гэмтлүүдэд нэмэлт- материалаар тогтоогдсон буюу нэмэгдэх болон хасагдах гэмтэл байхгүй байгаа тул 178 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан нь хэвээр байна гэж үзэж байна” гэх шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Ж.Золбоогийн  биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Л-Он үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч Д.Л-О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан  “...Д.Л-О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Золбоогийн зүгээс ямар нэгэн гомдол байхгүй, Д.Л-О болон түүний эхнэр нь төрийн байгууллагад ажилладаг, бага насны 3 хүүхэдтэй, орон сууцны ипотекийн зээлтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан  10.000.0000 төгрөгийн  торгох  ялыг нь хэсэгчлэн төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Шүүхээс шүүгдэгч Д.Л-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу прокуророос шүүгдэгчтэй тохиролцсон ялын төрөл, хэмжээний талаархи саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6.2. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т: “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу  шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохдоо шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан үзэх бөгөөд энэхүү харгалзан үзэх нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байхыг шаардана. 

Хавтас хэрэгт  шүүгдэгч Д.Л-Оын хөрөнгө, орлого болон цалин хөлс, бусад орлогыг нотолсон  баримтууд авагдаагүй байна.

 Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “ шүүгдэгч Д.Л-О болон түүний эхнэр нь төрийн байгууллагад ажилладаг. Орон сууцны ипотекийн 8%-ийн зээлд хамрагддаг” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж нотлоогүй байна, тодруулбал: шүүгдэгч, түүний гэр бүлийн гишүүд хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг, өөр орлогын эх үүсвэр байгаа эсэх, ипотекийн зээлтэй зэрэг нөхцөл байдлыг  нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтооход үндэслэл болгох  нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Л-От оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох  боломжгүй болно.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ