Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1674

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “СО” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01227 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “СО” СӨХ-ны хариуцагч П.А-т холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 189 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч П.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “СО” СӨХ нь 2014 онд Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолоор байгуулагдан хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тус байрны 307 тоот хаягт оршин сууж байсан П.А- нь 94.47 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг байсан бөгөөд төлбөл зохих сар бүрийн төлбөр нь 48 500 төгрөг байдаг. Тэрээр СӨХ-ны үйлчилгээг бусдын адил авсан атлаа өөрийн 2017 оны 6 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 3 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 1 115 500 төгрөг, нийт 1 119 000 төгрөг төлөх үүргээ үл биелүүлж СӨХ-ны үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Манай СӨХ-ноос тус орон сууцанд оршин суугч П.А-, түүний хүргэн Э.Санчир, охин Ц.Болормаа нарт холбогдуулан удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр удаа дараа шүүх хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох байдлаар шийдэж ирсэн. Тиймээс хариуцагч нарыг шүүхэд хандан эрэн сурвалжлуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01008 дугаар шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага П.А-ийн оршин суугаа хаягийг тогтоож өгсөн. Түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр П.А- нь шүүхэд нэхэмжилж байсан 831 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу, түүнчлэн 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны үлдэгдэл СӨХ-ны төлбөрийг төлнө гэж албан ёсоор манай СӨХ-д өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. П.А- нь “СО” СӨХ-ны үйлчилгээг бүрэн авч ирсэн бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн П.А-ээс Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1 119 000 төгрөгийг, түүнийг шүүхэд хандан эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн хамт, нийт 1 189 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хорооллын 307 тоот 94 м.кв бүрэн тавилгатай байрны “СО” СӨХ-ны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг байрны эзэн нь Ц.Г АНУ-д амьдардаг ба тэр өөрийн мөнгөөр авсан 1912 оноос 2015 онуудад хоосон голдуу цоожтой байсан. 2015 онд 6 сарын үеэс Ганхуяг суух хугацаанд СӨХ-ны дарга 400 000 төгрөг авсан. Мөн 2014 онд СӨХ-ны нягтлан 276 000 төгрөг Баянзүрх дүүргийн дулаанд нийлсэн байгаа гээд 476 000 төгрөг тэд авсан боловч ямар ч баримт өгөөгүй. Уг СӨХ-ны оршин суугчдын албан ёсны хурлын протокол 100 айлаас 15-16 айлаар орсон зөвшөөрөл авсан албан бус юм. 2015 онд сантехникийн эвдрэлээс ус алдахад 1 цаг 40 минут слесарьгүй дуудлага ирээгүйн улмаас 22 000 000 төгрөг бүхий эд хогшил, шинэ тавилга, тааз хана, 1 метр ус хөвж пар цонх норш хохирсон нь СӨХ-ны үйл ажиллагааны буруутай үйлдэл болно. 2017 онд мөн 407 тоот, 308 тоотод ус алдсанг “Зүмбэр” ХХК акт тогтоолгоход дарга Содном нь нягтлангийн хамт үзээд хурлын дагуу хохирол барагдуулаагүй ахин хохирсон. Уг байр нь Улсын комисс хүлээн аваагүй. Сантехник, санхүү, СӨХ нь ажлаа хариуцдаггүй 40 гаруй иргэдийг хохироож шүүхэд 20 гаруй иргэдийг өгч ямар ч зөвшөөрөл, иргэдтэй гэрээ хийгээгүйгээр СӨХ-ны төлбөрийг 3 удаа нэмж юу ч хийдэггүй бүлэг хүмүүс. Өндөр настай ажлын чадваргүй татан буулгах гэж 2019 оны 3 сард хуралдсан ч 26 хүний гарын үсгээр өөрсдөө хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж буй нь хууль зөрчсөн. 2016 онд 190 000 төгрөг илүү төлсөн, 2017 онд 79 500 төгрөг илүү төлөлттэй. Хоосон хүн амьдраагүй ч бид төлж байсан. Уг байранд 3-5 сар хүн суухыг эс тооцвол 6-7 жил хоосон хүн амьдраагүй ч бид дулаан СӨХ-ын төлбөрийг заримыг нь өгч байсан. Илүү 269 500 суутгасан төлөлттэй.

Хууль тус хүчирхийлэл, хэл амыг баримтлах, согтуу, ажилчидтай орхидог, мөн ёс зүйгүй удирдах бүлэглэлтэй. Үүнийг ШӨХТГазарт шалгуулахаар өргөдөл өгөгдсөн. Бид байхгүй хүн амьдраагүй хугацааны төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй. 2019 оны 12 дугаар сард гадаах СӨХ-ны узелээс ус алдсан. Шинээр 4 200 000 төгрөгийн засвар хийсэн. Паркетан шал, хана тааз, гал тогооны өрөө, үүдний өрөө өнөөдөр ч норсон хөгц үнэртсэн хохирол амссан. 12 сард 30 гаруй хоног СӨХ-ын чадваргүй удирдлагаас бүх айлуудын паар зогссон. Халаалтаар хохироосон байтал бүх айлууд дулааны төлбөрөө, СӨХ-ын төлбөрөө төлсөн. 2019 оны мөн өвөл гараашид гагнуур хийлгэж иргэдийн машиныг шатаасан. Бидний амьдраагүй шахам хоосон олон удаа СӨХ-д төлсөн байрны төлбөрийг 3 удаагийн суугчдын эрх ашгийг үл ойшоон, эд хөрөнгөд хохирол учруулсан 20 000 000 гаруй төгрөг зэргээс уг төлбөрийг төлөхгүй. СӨХ-ны үйл ажиллагааг үл зөвшөөрнө. Бүх гишүүдийг хурал айл бүртэй гэрээг хийсэн өөрчлүүлэхээр 40 гаруй айл иргэд суугчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдан ажиллаж байсан ба одоо шударга ёсыг дахин тогтоох татан буулгана. Бид тэр байранд хүн амьдраагүй байсан ч СӨХ-д төлбөрийг өгч байсан ба асар ихэд хохирсон тул сөрөг нэхэмжлэл хийнэ. МТХ, хууль хяналт, аудитаар, ШӨХЭХН шалгуулна. 1 119 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй. 2019 оны 11 сард их засварт орсон 4 500 000 төгрөг СӨХ-ын узелээс ус урсан норж хохирсон хохирлоо сөрөг нэхэмжилнэ. “Сүмбэр” СӨХ-ны 2019 оны 3 дугаар сарын хууль бус /татан буулгах/ 2 хурлын материалыг хавтас хэрэгт авах, Улсын комисс хүлээн авсан акт баримтыг үзнэ. Содном дарга өөрийн хүүг 5 жил СӨХ-ны харьяа 12 давхарт амьдруулсан. Бүх төлбөр 0 өгөөгүй гэх мэт. СӨХ-ны үйл ажиллагаа 10 жилд ганцхан үүдний өрөөний хаалга сольсныг эс тооцвол асар их суугчдын төлбөрийг ямар ч хяналтгүй, тайлан хурал ч хийлгүй бусдыг асар ихээр хохироож завшаад байна. Дээрх СӨХ-тэй холбогдох төлбөрийг бид тэнд данс, бүртгэлтэй амьдардаггүй. АНУ-д байгаа Ганзоригийн байр тул төлөх үндэслэлгүй байна. Өөрсдөө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд 60 жил, 45 жил байнга амьдарсаар байгаа харин ч олон жил төлөх ёсгүй төлбөрийг төлж 22 000 000 төгрөг гал голомт оо СӨХ-ны хариуцлагагүйгээс хохирсон хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан П.А-ээс 1 189 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сүмбэр-Орд” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СО” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 091 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-ээс 33 091 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “СО” СӨХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч П.А- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Байрыг миний хүү н.Ганзориг худалдан авсан, миний хүү болон бид нар ч гэсэн тус байранд амьдарч байгаагүй. Энэ байранд 2017 онд миний охин шилжиж ирж сууж байсан. Одоо найзынхаа ээж, аавыг суулгаж байгаа. Өмнө нь тус байранд ус алдаж 20 000 000 гаруй төгрөгийн мебель эвдэрсэн бөгөөд эд зүйлээрээ хохирол амссан. 4 өрөөний шинэ тавилга бүгд гэмтсэн. СӨХ нь иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой байдаг. 100 айл байхад 7 оршин суугчийг суулгаж байгаад хууль бусаар СӨХ байгуулсан. Одоогоор тус байранд өндөр настай 2 хөгшин байдаг. Миний бие 2019 онд тус байрны гарааш шатаж олон айлын машин шатсан, мөн паар болон цонхыг солиулсан. Удирдах зөвлөлийг сонгоно та заавал ороорой гэж надад хэлээд би хуралд нь суусан, 44 хүнээс 38 хүн ирж хуралдсан. Гэтэл П.А- СӨХ-д ямар ч хамааралгүй хүн бөгөөд байрны оршин суугч биш байна гэж хэлээд намайг гаргасан. Суугчдын эрх ашгийг хамгаалдаггүй бөгөөд хууль, дүрмээ мэддэггүй хүмүүс байсан. 11 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд түрүү жил хэл ам хийсний үндсэн дээр орцоо засаж янзалсан байдаг. СӨХ-ны ажилчид гэж ах, дүү хамаатан садан гэж архичид цуглуулдаг мөртлөө ямар хариуцлага хүлээдэггүй. 2016 оны 12 дугаар сард СӨХ-ны мөнгө гэж манай дүүгээс бэлнээр 400 000 төгрөгийг ямар ч баримт өгөхгүйгээр авсан. Мөн нягтлан хийдэг хүн бүх айлуудаас Баянзүрх дүүргийн хүмүүс Орон сууцны контор луу шилжиж байгаа учраас өр төлбөрөө төлөөрэй гээд бэлнээр 275 000 төгрөгийг авсан гэхдээ ямар ч баримт өгөөгүй. 8 жилийн хугацаанд бид СӨХ-ны төлбөрийг төлөөд явдаг байсан. Тэр байранд завсар хийсэн боловч дахин ус алдсан. Хувийн аудит болон өмгөөлөгч нартай учраас мөнгө иддэг. СӨХ-ны асуудал нь Хууль зүйн яамны сайд байсан н.Дорлигжав, дүү н.Баатархүү нарын хуйвалдаанаар Шанхайн Хятадуудаас булааж авсан газар гэсэн. Газар ч будлиантай, СӨХ ч будлиантай байдаг. Улсын комисст хүртэл хүлээлгэж өгөөгүй. Өнгөрсөн 12 сард паар эвдрээд иргэд пааргүй өвөлжсөн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Сүмбэр-Орд” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч П.А-т холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 189 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ““СО” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот СӨХ-ийн төлбөрийн тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолоор 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус СӨХ-ны оршин суугчдаас орох орлогын тооцоог шинэчлэн тогтоосон ба ...307 дугаар байрны оршин суугч П.А-ийн 97.47 м.кв талбайтай орон сууцны суурь үнийг 26 500 төгрөг, хог тээврийн зардал 2 000 төгрөг, цэвэрлэгээ 5 000 төгрөг, лифт 6 000 төгрөг, орцны гэрэл 3 000 төгрөг, харуул хамгаалалт 6 000 төгрөг буюу сард нийт 48 500 төгрөгийн зардал төлөхөөр тогтоосон” гэж шүүхэд уг баримтыг гаргажээ.

 

Уг тогтоолыг сууц өмчлөгчөөс төлбөл зохих төлбөрийн хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасан журмын дагуу тогтоосон гэж үзэхгүй. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан. СӨХ-ны Удирдах зөвлөлд зардал хуваарилах эрх хуулиар олгогдоогүй.

 

Иймд удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан уг тогтоолоор тухайн орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой зардал, суурь үнийг нэмэгдүүлэн тогтоосныг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх бөгөөд зардлын хэмжээг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх боломжгүй болно.

 

СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдэд зардлын хэмжээг тогтоох эрхээ СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул зардлын хэмжээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 3 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаа /24 сар х 48 500/-ны төлбөр 1 164 000 төгрөг буюу нийт 1 167 500 төгрөг төлөх төлбөрөөс хариуцагч П.А-ийн зөвшөөрсөн 831 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг төлснийг хасаж тооцон, үлдэх 1 119 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Харин хариуцагч нь 831 000 төгрөгийг хуваарь гарган төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байсан баримт хэрэгт авагдсан тул  нэхэмжлэлийг түүний зөвшөөрсөн хэмжээгээр хангах нь Иргэний хуулийн147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасанд нийцнэ. Хариуцагч 100 000 төгрөгийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр төлбөрийг гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

П.А- нь 307 тоот орон сууцанд оршин суудаггүй, хариуцагч биш гэж маргадаг боловч хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/ Их монгол улсын гудамж, 601 дүгээр байрны 307 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон, мөн тэрээр өөрийн хүү Ц.Ганзоригийн байр гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. Иймд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч П.А-ээс 831 000 төгрөгийг гаргуулж, “Сүмбэр-Орд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 358 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч П.А-ээс 831 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СО” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 358 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “... П.А-ээс 33 091 төгрөг” гэснийг “...П.А-ээс 24 494 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 091 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ