Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0010/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Насанд хүрээгүй хохирогч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Сартуул Гавьяатын Г-т холбогдох эрүүгийн 1718000000176 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г-, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч*******- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэр “Шинэ орчин” худалдааны төвийн номын лангуун дээрээс *******гийн Ай фон 6 S маркийн гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэр “Шинэ-Орчин” худалдааны төвийн номын лангуун дээрээс *******гийн Iphone 6S gold маркийн гар утсыг хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч*******-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

2017 оын 9-р сарын 03-ны өдөр би Дархан захын хажууд байх Шинэ-Орчин төв дотор коридорт ном бичиг хэргийн хэрэгсэл зардаг лангууны хажуугаар явж байгаад лангуун дээр нь гар утас байгааг хараад гар утсыг авчихсан. Тухайн үед худалдагч нь байхгүй бололтой лангууны хажуу талд нь 2 эмэгтэй хоорондоо юм яриад зогсож байсан. Миний авсан гар утас I phone маркийн гар утас байсан. Дуудлага ирээд байхаар нь би таслаад байсан авч яриагүй. Тэгээд би гар утсыг нь аваад Шинэ-Орчин төвөөс гараад таксинд суугаад дрэвэнгийн эцсийн буудалд дээр буугаад буудал дээр автобусанд суух гэж байсан эрэгтэй залууд нөгөө гар утсаа үзүүлээд 50 000 төгрөгөөр зарсан. Би мөнгөө аваад бааранд сууж архи уугаад дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

   Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   2017 оны 9-р сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд Шинэ Орчин төвийн коридорт бичиг хэргийн лангуу ажиллуулдаг эгчийнхээ дэргэд зогсож байсан. Тэгээд нэг эгч юм үзэх гээд ирэхэд нь үзүүлээд юм яриад байж байх хооронд хөшигний цаана байсан I phone 6s маркын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд Шинэ Орчин төвийн хяналтын камер шүүгээд үзэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг авч байгаа нь бичигдсэн байсан. Миний гар утсан дээр бичлэг нь байгаа. Тэгээд утсаа алга болсныг мэдээд гар утас руугаа залгаад байсан чинь утсыг маань авахгүй таслаад байсан. Тэгээд би тэр захаар баахан гүйж хайгаад олж чадаагүй. Дараа нь 2-3 хоног дараа захын гар утасны худалдаан дээр ирсэн байж  магадгүй гэж бодоод гар утасны лангуунуудаар хайгаад олоогүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг,

   камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9/, "Шинэ-Орчин" төвийн коридорын хяналтын камерын бичлэг бүхий DVD-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 11/ Эд зүйлийн үнэлгээ /хх 23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 38-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь 2017 оны 9-р сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэж 2017 оны 11-р сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 12-р сарын 01-ний өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар /хх 29-32/ тогтоогдсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэн удаа дараа захиргааны зөрчил гаргадаг болох нь хавтаст хэргийн 56-64-р хуудсанд авагдсан Цагдаагийн хайлтын системээс авсан мэдээлэл, гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн "аав, ээжийнхээ үгэнд ордоггүй. Сүүлийн жилүүдэд Дархан хотод амьдарч түүний нөхөрлөж байгаа хүмүүс нь дандаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс байдаг" гэх мэдүүлэг /хх 19/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 700 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

   Шүүгдэгч*******-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

            Шүүгдэгчээс 700 000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч *******, хууль ёсны төлөөлөгч *******нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Шинэ-Орчин" төвийн коридорын хяналтын камерын бичлэг бүхий DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

                       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  *******-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г-оос нийт 700 000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг ******* тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч ******* /*******/, хууль ёсны төлөөлөгч Т.Уранчимэг нарт олгосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ