Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0476

 

     2024         06           04                                     128/ШШ2024/0476

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.М*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г******* нарын хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М******* нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Л.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хандахад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч,

Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хандахад 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас танд өгсөн хариу үндэслэлтэй байна” гэх хариуг мөн үл зөвшөөрч,

Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хандахад 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариуг авч, шүүхэд 2024 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Л.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 53 настай. Миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг 29,3 жил төлсөн. Үүнээс 4,8 жил Говь-Алтай аймгийн ******* суманд, 2005-2007 оны хооронд 1,8 жил сайн дураар нийгмийн даатгал төлсөн. 2007 оны 3 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 16 жил 9 сар Монгол Улсын Прокурорын байгууллагад ажилласан.

Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.” гэж заасан. Мөн хуулийн 60 дугаар зүйлд нийгмийн баталгааны асуудлыг тусгайлан зохицуулсан. Миний бие Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж заасны дагуу болзол шаардлагыг хангаж, өөрийн хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий Прокурорт тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн. Энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хүсэлт өгсөн боловч тус хэлтсээс Нийгмийн даатгалын тухай шинээр батлагдаж байгаа хууль журмын дагуу та 55 нас хүрээгүй байгаа учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох үндэслэлгүй гэж татгалзсан. Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэст Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсээс тухайн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн хариуг хүлээн аваад тогтсон хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад мөн Нийгмийн даатгалын хуульд заасан үндэслэл журмын дагуу таныг 55 нас хүрээгүй байхад нь өндөр насны тэтгэвэрт гаргах зохицуулалтыг Нийгмийн даатгалын хуульд тусгайлан заагаагүй байгаа учраас боломжгүй байна гэсэн хариу өгсөн учраас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандсан гэв.

            4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар тэтгэвэрт гаргах боломжтой гэдэг хэдий ч энэ Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулиар өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэж албан бичгээр мэдэгдсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3.2-д “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.” гэж заасан. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль багц хуулийн хүрээнд хэрэгжсэн. Одоогийн нөхцөлд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тусгай зохицуулагдаж байгаа бол бусад нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиа бариад тэтгэвэрт гарч байгаа даатгагчийн харилцааг зохицуулаад явж байгаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар прокурорын тухай асуудлыг шийдвэрлээгүй байдаг. Прокурор нь Нийгмийн даатгалын тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тэтгэмж, ямарваа нэгэн төлбөр зардал гаргуулах зохицуулалтад ордог. Насны хувьд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд тэтгэвэрт гарах нас 65 нас байна. Тус хуулийн 5.1-д заасан тайлбар хэсэгт 2017 онд батлагдсан хуулийн дагуу 3, 3 сараар нэмэгдэж явж байгаад ерөнхийдөө 2024 оны хувьд даатгуулагчийн хувьд бол эмэгтэй даатгуулагч 56 нас 9 сар хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох ёстой. Үүнийг дагаад ажилласан жилийн тооцоолол хийнэ. Ажилласан жил 25 жил гэдэг боловч, эмэгтэй даатгуулагчийн хувьд 21 жил 9 сар ажилласан байвал 56 нас 9 сар хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох ийм бололцоо байгаа. Малчин, төрүүлсэн хүүхдийн тоогоор 50 настайд нь тэтгэвэр тогтоолгодог байна. Мөн сонгодог урлагийн байгууллагад дуучин, жүжигчин, агаарын гимнастик, төмөр замын албанд хэрвээ ажилладаг байх юм бол нас харгалзахгүй тэтгэвэрт гарах нөхцөлүүд байдаг. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар яг энэ нөхцөлөөр нь хамаатуулаад тэтгэврийг тогтооё гэхээр прокуророор ажилласан жил болон прокурорын байгууллагад ажилласан жилийг тооцуулж энэ насанд нь тэтгэвэрт гарах гэсэн зохицуулалт одоогоор бол байхгүй. Албан бичгээр болон өөрт нь өөрийнхөө хүсэлтийн дагуу ингээд удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч холбогдох дээд шатны байгууллагуудаар ороод холбогдох хариугаа авсан байдаг. Нийгмийн даатгалын харилцаа гэдэг нийгмийн даатгалын сангуудад төлсөн шимтгэлийг хуримтлуулж, даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах эрх нь үүсэх тэтгэмж тогтоох эрх нь үүсэх үед эргүүлээд насан туршид нь олгох мөнгөн хөрөнгийг тэтгэвэр гэж байгаа юм. Тэтгэвэр тогтоолгох эрх гэж юуг зохицуулах вэ гэдгийг хуульд заачихсан байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулиар тэтгэврийг яаж тогтоох эрхийг, ямар бичиг баримт үндэслэх вэ гэдгийг нарийн тодорхойлчихсон. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д заасан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй. Даатгуулагчийн тэтгэвэрт гарах хүсэлт нь үүсэхгүй гэдэг байдлаар хариу өгчихсөн. Ийм учраас даатгуулагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч Л.М*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.М******* нь 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ******* сумын Лениний  зам нэгдэлд зоотехникчээр,

2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2008 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн даргаар,

2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар,

2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор,

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокуророор,

2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор,

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор тус тус ажиллаж байгаад,

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “...50 насанд хүрсэн эмэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасныг баримтлан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь үндэслэн, түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч Л.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хандахад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч,

Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус тус гомдол гаргаж,  “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас танд өгсөн хариу үндэслэлтэй байна” гэх хариуг хүргүүлсэн байна.

4. Нэхэмжлэгчээс “Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй,... эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор  өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагч “өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуульд энэ талаар заагаагүй тул татгалзсан нь хуульд нийцсэн” гэж маргажээ.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлсон.

6. Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 нас, 45 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрх буюу ерөнхий болзлыг тогтоосон байх бөгөөд хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 нас, 45 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч”, 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй, 5.1.3-т төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй”, 5.1.4-т “...газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй”, 5.1.5-д “нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй”, 5.1.6-д нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй, 5.1.7-д “сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар тус тус заасан байна.

9. Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заасан.

10. Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд хуулийн 60 дугаар зүйлд прокурорын нийгмийн баталгааг хуульчилж, 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулжээ.

11. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэгтэй байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.

13. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Л.М*******гээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээс татгалзсан нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ