Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 562

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л******* ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Л******* ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулаагүй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамааруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Л******* ХХК-иас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын тайлангаа тайлагнасан. Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болох 4,235,796.000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас Х******* ХХК-ийн 5******* тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө шимтгэлийн төлбөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын санхүүгийн дансанд орж ирээгүй гэсэн шалтгаанаар уг хуульд хамааруулахгүй гэсэн. Уг асуудлыг банкнаас тодруулахад 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт Баянгол дүүргийн нийгмийн даатгалын дансанд шимтгэлийн төлбөр шилжин орсныг мэдээлсэн.

Манай компаниас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн баасан гаригт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад банк хоорондын гүйлгээ болон дараа өдөр нь ажлын бус өдөр таарснаас шалтгаалан гүйлгээ даваа гаригт шилжигдэж орсон байна.

Дээрх явдал нь аль аль талаас үл хамаарах Монгол банкны дотоод үйл ажиллагаанаас хамаарсан болно.

Уг нөхцөл байдлыг мэдсэн даруйдаа 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Л******* ХХК-аас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гарган манай нийгмийн даатгалын тайланг хүлээн авч хуульд хамруулж өгөхийг хүсэхэд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Б*******аас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/394 тоот албан бичгээр 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэж өөрчилсүгэй гэж заасан тул хуульд заасан хугацаанаас хойш нийгмийн даатгалын санд шимтгэл нь төлөгдсөн хуулийн этгээдийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах боломжгүйг мэдсэн. Тус шийдвэрт манай компаниас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргахад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/621 тоот албан бичгээр мөн л боломжгүйг мэдэгдсэн.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд ажил олгогчоор нийгмийн даатгалд тайлангаа гаргасан байвал хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дураар бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол дор дурдсан хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөөлгүй улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ” гэж заажээ.

Хуулийн заалтаас үзэхэд нийгмийн даатгалын тайлангаа хуульд заасан хугацаанд тайлагнасаар хуулийн үйлчлэлд хамрагдах ба нуусан бол бууруулсан орлогод ногдох шимтгэлийг төлсөн баримтаа тайландаа хавсаргасан нь хуульд заасан алданги болон хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна. Манай байгууллагаас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тайлангаа өгч, холбогдох шимтгэлийг төлсөн баримтаа хавсарган материалаа нийгмийн даатгалын газарт өгсөн байхад шимтгэлийн төлбөр нь хуулийн хугацаанаас хожуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын дансанд орсноос болж үндэслэлгүйгээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулахаас татгалзсан гэж үзэж байна.

Хуулийн заалтаас үзэхэд нийгмийн даатгалын тайлангаа хуульд заасан хугацаанд тайлагнасан, нуусан болон буруулсан орлогод ногдох шимтгэлийг төлсөн баримтыг хавсаргасан байхад хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тайлангаа өгч, холбогдох шимтгэлийг төлсөн баримтаа хавсарган материалаа Нийгмийн даатгалын газарт хугацаандаа өгсөн байхад шимтгэлийн төлбөр нь банкны үйл ажиллагаанаас хамаараад хуулийн хугацаандаа өгсөн байхад шимтгэлийн төлбөр нь банкны үйл ажиллагаанаас хамаараад хуулийн хугацаанаас хожуу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд орсныг шалтаглан үндэслэлгүйгээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...“Л******* ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын тайланг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байна.

Тус ажил олгогчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан баримт бичгийг шалгаж үзэхэд тус ажил олгогчийн төлсөн шимтгэл нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Х******* ХХК-ийн 5******* тоот дансанд шилжигдсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэж заасан байна. Тус ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэл нь хуульд заасан хугацаанаас хойш төлөгдсөн тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Л******* ХХК-ийн гаргасан “Л******* ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулаагүй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамааруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л******* ХХК-иас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын тайлангаа тайлагнаж, мөн өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрөө 4.235.796.00 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Х******* дахь 503418999 тоот дансанд шилжүүлсэн боловч уг төлбөр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын дансанд шимтгэлийн мөнгө шилжин орсон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хугацаа болох 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23:59 минутаас өмнө Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын санхүүгийн дансанд орж ирээгүй гэх үндэслэлээр хариуцагч эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын тайлангаа тайлагнасан гэдэгтэй хариуцагч маргадаггүй, харин нэхэмжлэгчээс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хугацаа хэтэрч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд орж ирсэн гэж маргадаг.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01/01-784.1 тоот албан бичгээр “...Л******* ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 4.235.796.00  төгрөгийн гүйлгээг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Х*******ны 5******* тоот дансанд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 57 минутад хийсэн.” болохыг тодорхойлж гүйлгээний баримтыг ирүүлжээ.

Х*******ны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 29/6800 дугаар албан бичгээр “...Банк хоорондын гүйлгээ нь 1.000.000 /нэг сая/ төгрөгнөөс дээш үнийн дүнтэй гүйлгээнд тооцогдох ба ажлын өдрийн 16:30 цагаар тасалбар болдог байна. Ажлын өдрийн 16:30 цагаас хойш болон амралт, баярын өдрүүдэд хийгдсэн төлбөр нь дотоодын дансанд бүртгэгдэн дараагийн ажлын өдрийн 9:10 цагаас эхлэн банк хоорондын их дүнтэй гүйлгээнүүдийн төлбөр бүрэн шилжин орсон байдаг...” гэжээ.

Мөн Монгол банкны 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А-7/787 дугаар албан бичгээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Л******* ХХК-ийн 4.235.796.00 төгрөгийн төлбөрийн даалгаврыг хүлээн аваад Х******* дахь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансруу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийсэн ба Монгол банкны Банк хоорондын их дүнтэй гүйлгээ дамжуулдаг RTGS системээр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дамжсан болно.” гэсэн тодорхойлолтыг гүйлгээний баримтын хамт ирүүлжээ.

Дээрх гүйлгээ нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А-51 дүгээр тушаалаар батлагдсан “Төлбөрийн системийн оролцогч хоорондын их дүнтэй төлбөр тооцооны журам”-ын дагуу хийгджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын тайлангаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг мөн өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн байна. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.” гэж заажээ. 

Нэхэмжлэгч дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д  заасан 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23:59 минутаас өмнө хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын тайлангаа ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, мөн нийгмийн даатгалын  шимтгэлийн төлбөрийг мөн өдөр шилжүүлсэн боловч банк хоорондын гүйлгээний журмын дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд орсон өдрөөр тооцон хуульд хамрагдах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн  нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх байдлуудыг дүгнээд Л******* ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамааруулахыг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л******* ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулаагүй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын халтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулахыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН