Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0453

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г., С.,

Хариуцагч: Үндэсний аудитын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Б.,

Маргааны төрөл: Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
  2. Улмаар нэхэмжлэгч мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр Үндэсний аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.

2.1. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай төлбөрийн актыг манай компанид холбогдох хэсгийг хэсэгчилэн хүчингүй болгуулах тухай” гэж,

2.2. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу төлбөрийн актын зөрчил хэсгийн 2 дахь заалт, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “” ХХК-д давхардуулан олгосон 88.153.164 төгрөг гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, төлбөрийн актад хэсэгчилэн өөрчлөлт оруулахыг Үндэсний аудитын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2.3. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар төлбөрийн актын “” ХХК-д холбогдох хэсгийг илт бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

  1. Үндэсний аудитын газраас “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэхээр баталсан XIII.1.1.63 дугаартай Сургуулийн барилга, 640 суудал, /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, олон улсын сургалттай “*******” сургууль/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил гүйцэтгэх дугаартай 4,977.6 сая төгрөгийн үнийн дүнтэй анхны гэрээг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-тай байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр барилга угсралтын ажлын тоо хэмжээний зөрүү, сургуулийн барилгын /920 хүхэд/ гадна тохижилт, сургуулийн барилгын /640 хүүхэд/ ус дулаан дамжуулах төвийн барилгын, гадны дулаан, дулааны узелийн нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр +2 дугаартай нэмэлт санхүүжилтийн гэрээг 3,500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан боловч анхны гэрээний үнэд багтсан 640 хүүхдийн сургуулийн гадна тохижилтын ажлын 88,153,164.0 төгрөгийн тус гэрээний дүнгээс хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр “” ХХК-д давхардуулсан олгосон 88,153,164.0 төгрөгийг ... Төв төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын ******* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төвлөрүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг тогтоожээ.
  2. “” ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/060 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт гомдол гаргасан байх ба тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/7279 дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ.
  3. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5208 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6051 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/A0170107-АГГ-2022/16-ШТА-ГА дугаартай төлбөрийн акт манай компанид албан ёсоop ирээгүй бөгөөд тус актын хуулбар эхний 2 хуудсыг бид Боловсролын ерөнхий газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай компанид хүргүүлсэн шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар үзэж танилцсан.

Өнөөдрийг хүртэл манай компани тус төлбөрийн актын эх хувьтай /эрх бүхий албан тушаалтны гарын үсэг тамга тэмдэгтэй төлбөрийн акт/ албан ёсоор танилцаагүй байна.

Үндэсний аудитын газрын дээрх төлбөрийн актыг манай компани илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тайлбарлавал:Манай компани 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БСШУСЯ-тай Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, олон улсын сургалттай “*******” сургууль сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /цаашид “анхны гэрээ” гэх/-г 4,977,643,480 /дөрвөн тэрбум есөн зуун далан долоон сая зургаан зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөр байгуулсан.

Барилга угсралтын ажлын тендерийн шалгуур өгөгдөл төсөвт Баянзүрх дүүрэг, 26-р хороонд баригдах ******* сургуулийн төсөлд хамааралгүй,магадлалын дүгнэлтгүй гадна тохижилтын ажлын төсөв, тоо хэмжээ ирүүлснээр эхний гэрээ хийгдсэн юм.

Гэрээ байгуулж ажил эхэлсэнээс хойш ашиглагч буюу ******* сургууль болон зураг төсөл зохиогчийн зүгээс барилгын цаашдын ашиглалтын нөхцөлийг зайлшгүй сайжруулах зорилгоор барилгад хийгдэх нэмэлт ажлуудыг хийлгэхээр болсноор барилгын зураг төсөлд өөрчлөлт орсон. 2021 оны оны 07 сарын 03-ны өдөр захиалагч, ашиглагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нарын хамтарсан хурлаар анхны гэрээний үнийн дүнд багтсан гадна тохижилтын ажлын 278,525,420 /хоёр зуун далан найман сая таван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг зайлшгүй хийх нэмэлт ажлууд /агаар сэлгэлт, тоног төхөөрөмж, спорт заалны зориулалтын шалны нэмэлт ажлууд/-ын зардалд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. Бид уг хурлын шийдвэрийн дагуу барилга угсралтын нэмэлт, өөрчлөлтийн ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн.

“*******” ХХК БЗД-ийн 26-р хороонд барилгын төслийн байршил дээр хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын гадна тохижилтын зураг төслийг нэгдсэн байдлаар боловсруулж, 2020 оны 11 дүгээр сарын 03 өдрийн 2082/2020 тоот зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт гарснаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай компани 640, 920 хүүхдийн хоёр сургуулийн барилгын гадна тохижилтын ажил, бусад ажлуудтай хамтатган нэмэлт гэрээг 3,500,000,000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөгөөр захиалагч БШУСЯ-тай байгуулсан.

Үндэсний аудитын газраас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* сургуулийн барилгын төсөлд гүйцэтгэлийн аудит хийсэн ба тус аудитын дүгнэлтээр манай компанийг 2021 оны 07 сарын 05-ны өдөр барилгын ажлын нэмэлт гэрээ байгуулахдаа анхны гэрээний үнийн дүнд багтсан ******* сургуулийн гадна тохижилтын ажлыг дахин нэмэлт гэрээнд тусгуулан 278,525,420 төгрөгийг давхардуулсан байна гэж дүгнэсэн.

Харин бид манай төсөлд хамааралгүй анхны гэрээний төсөвт суугдсан, давхардсан гээд байгаа гадна тохижилтын ажлын 278,525,420 төгрөгийг Захиалагчийн зөвшөөрлийн дагуу /2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 640 хүүхдийн сургуулийн барилгын магадлагдсан зураг төсөвт байгаа тендерийн төсөвт тусгагдаагүй ажлын тухай асуудлаар захиалагч, ашиглагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нарын хамтарсан хурлын шийдвэр, тэмдэглэл/ зургийн өөрчлөлтөөр хийгдэх нэмэлт ажлын зардал 362,095,197 /гурван зуун жаран хоёр сая ерэн таван мянга нэг зуун ерэн долоон/ төгрөгийн өртөгт шилжүүлэх асуудал шийдэгдсэн гэж үзэж бид зайлшгүй шаардлагаар буюу зургийн өөрчлөлтөөр хийгдэх агаар сэлгэлт, тоног төхөөрөмж, спорт заалны зориулалтын модон шалны нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үндэсний аудитын газрын аудиторт бид сургуулийн барилгын нэмэлт ажил, хурлын тэмдэглэл, ажлын зураг, баталгаажсан гүйцэтгэлүүд, төсөв тооцоогоор гүйцэтгэхээр болсон нэмэлт ажлуудын зардал 362,095,197 төгрөг болохыг тайлбарласан боловч Үндэсний аудитын газраас тус нэмэлт ажлын зардлын зөвхөн материалын зардал буюу 190,372,256 /нэг зуун ерэн сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг актаас хасаж тооцсон боловч 88,153, 164 /наян найман сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун жаран дөрвөн төгрөгийн үнийн дүнгээр манай компанид төлбөрийн акт /2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 184/A0170107-АГГ-2022/16-ШТА-ГА дугаартай төлбөрийн акт/ тавьсан.

Бид гэрээний төсөвт байхгүй 302,095,197 төгрөгийн нэмэлт зардал гаргаж захиалагч, зураг төсөл зохиогч, ашиглагч нартай харилцан ярилцаж шийдвэрлэсний үндсэн дээр ******* сургуулийн барилгын нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Манай компани 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газарт 88,153,164 /наян найман сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

Үндэсний аудитын газраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дээрх гомдолд хариу ирүүлсэн ба 88,153,164 төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг бидэнд өгсөн.

Үндэсний аудитын газрын хариуг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус захиргааны актыг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дахь заалтад заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх заалтуудад үндэслэн манай компани Үндэсний аудитын газрын төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

Илт хууль бус захиргааны акт болох үндэслэл нэг:

47.1.6 дахь заалтад заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”

Үндэсний аудитын газраас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай компанид төлбөр тавьсан 184/A0170107-АГГ-2022/16-ШТА-ГА дугаартай төлбөрийн актын хууль зүйн үндэслэлд байгаа Төсвийн тухай хуулийн 16.5.2 дахь заалт, ТБОНӨХБАҮАТХ-ийн 46.1.4 дэх заалтууд нь барилгын ажлыг гүйцэтгэгч, төлбөрийн акт тавигдсан манай байгууллагатай холбоогүй заалтууд /тухайлбал энэхүү хуулийн заалтууд нь сургуулийн барилгын захиалагч, төсвийн шууд захирагч нарын эрх, үүрэгтэй хамааралтай хуулийн заалтууд/ байгаа юм.

Төсвийн тухай хуулийн 6.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.2 батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; ТБОНӨХБАҮАТХуулийн 46.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: 46.1.4.худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах;

Дээрх хуулийн заалтууд нь төсвийн шууд захирагч, барилгын захиалагч нартай холбоотой эрх, үүргийн заалтууд бөгөөд тус хуулийн заалтуудыг үндэслэн манай компанид төлбөрийн акт тавьсан нь хуульд үндэслэх, эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг харуулж байгаа юм. Мөн тус актад үндэслэсэн Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам” нь хүчин төгөлдөр бус эрх зүйн акт буюу тухайн үед хүчингүй болсон байсан эрх зүйн акт байгаа юм.

Төлбөрийн актад тусгасан дээрх хүчингүй болсон журам “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 5.2.1, 5.2.7 заалтууд нь мөн л барилгын захиалагчийн чиг үүрэгт хамаарах заалтууд байгаа юм.

Төсвийг захиран зарцуулах эрхтэй төсвийн шууд захирагч, барилгын захиалагч нарын эрх, үүргийн заалтыг хууль зүйн үндэслэл болгон барилгын гүйцэтгэгч байгууллага болох манай компанийн эрх, үүрэгт хамааруулж төлбөрийн акт тогтоосон нь Үндэсний аудитын газрын төлбөрийн акт хууль зөрчсөн акт болохыг илтгэж байна.

Илт хууль бус захиргааны акт болох үндэслэл хоёр:

47.1.7.”түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”

2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын Захиалагч БСШУЯ, Барилгын хөгжлийн төв, ашиглагч “*******” сургууль, зураг төсөл зохиогч “*******” ХХК, гүйцэтгэгч “” ХХК нарын хамтарсан хурлын шийдвэрээр тус сургуулийн барилгын агаар сэлгэлт, тоног төхөөрөмж, спорт заалны нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.

Барилгын нэмэлт ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах хүчний зардал, машин механизм, тээвэр, бусад зардалд нийт 171,722,941 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорин хоёр мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөг шаардлагатай болсон бөгөөд тус зардлыг харгалзан нягтлалгүй Үндэсний аудитын газраас 88,153,164) /наян найман сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийн төлбөрийн акт тавьсан нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа тул манай компани тус төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, ашиглагч, гүйцэтгэгч нарын хамтын шийдвэрээр дээрх нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компани дур мэдэж нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгээгүй зайлшгүй шаардлагаар нэмэлт зардал гаргаж тус ажлуудыг хийж гүйцэтгэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн 2022 онд Үндэсний аудитын газрын шалгалт орох үед /төлбөрийн акт тавигдсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар/ манай компани ******* сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлээр гадна тохижилтын ажилд гүйцэтгэл бичүүлж аваагүй байхад Үндэсний аудитын газраас гадна тохижилтын ажилд 88.153.164 төгрөг манай компанид давхардуулан олгосон гэх үндэслэлээр төлбөрийн акт тавьж тус мөнгийг төлөхийг шаардсан нь хууль эрх зүйн болоод шударга ёсны хувьд ч үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт болохыг илтгэж байгаа юм.

Үндэсний аудитын газрын төлбөрийн акт тавьсан дээрх хууль зүйн үндэслэлүүд нь манай компани /барилгын гүйцэтгэгч/-ийн эрх, үүрэгтэй холбогдолгүй харин барилгын захиалагч талын эрх, үүрэгт хамаарах хуулиудын заалтуудыг үндэслэсэн байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны “шударга ёс, хууль дээдлэх” үндсэн зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх” зарчмыг тус тус зөрчсөн.

Мөн барилгын захиалагч, ашиглагч, зураг төсөл зохиогч нартай харилцан зөвшилцөж шийдвэрлэсний үндсэн дээр барилгын нэмэлт ажлуудыг манай компани ажиллах хүчний зардал, машин механизм, тээвэр, бусад зардалд 171,722,941 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорин хоёр мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөгийг нэмэлтээр гаргаж гүйцэтгэж байгааг Үндэсний аудитын газар огт авч хэлэлцэхгүй байгаа нь “” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна гэж бид үзэж байна.

Иймд Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 184/Α0170107-ΑΓГ-2022/16-ШТА-ГА дугаартай төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газар Боловсрол шинжлэх ухааны яаманд төлбөрийн акт тавьсан. Хэнд акт тавьсан талаар манай компани 2023 оны 4 сар хүртэл мэдээгүй байсан. 2023 оны 3 сард Боловсролын ерөнхий газар танай компанид акт тавьсан тул зөрчлөө арилгана уу гэсэн албан бичиг ирүүлсэн. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газартай харилцан тохиролцсоны дагуу нэмэлт ажлыг тухайн гадна тохижилтын ажлын зөрүүгээр гүйцэтгэсэн. Үндэсний аудитын газар акт тавьсан учраас Боловсролын ерөнхий газарт актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Тиймээс энэ акт илт хууль бус гэж Үндэсний аудитын газарт хандсан. Захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажлыг хийсэн. Зөрүү болох 88 сая төгрөгт нь гүйцэтгэсэн нэмэлт ажлуудын хөлс, унаа зардал, машин механизм гэсэн зардлууд орж байгаа. Тэдгээр зардлыг тухайн үед Үндэсний аудитын газрын н.******* аудиторт манай төслийн менежер С. сонсох ажиллагааны үеэр хэлсэн. Тэгэхэд н.******* аудитор энэ зардлуудыг тооцох боломжгүй гэж хариу өгсөн. Сонсох ажиллагаанд манай хүсэлтийг яагаад хүлээж аваагүй үндэслэлээ тайлбарлах ёстой байдаг. Гэтэл тайлбарлаж өгөөгүй.

С. төслийн менежерийг н.******* гэдэг нэрээр биччихсэн байсан. Үндэсний аудитын газраас ирсэн бичиг дээр ч гэсэн н.******* гэж байгаа. Сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй гэж бид үзэж байгаа. Боловсрол шинжлэх ухааны яам төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажилд хяналт тавих үүргээ Боловсролын ерөнхий газарт 2022 оны 04 дүгээр сард шилжүүлчихсэн байсан. Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн хариу тайлбарт 2022 оны 4 сард эрх үүргээ хүлээж авсан, 88 сая төгрөгтэй холбоотой тайлбарыг өгч чадахгүй гэж бичсэн байсан. Гэтэл Үндэсний аудитын газраас гаргасан энэ төлбөрийн акт 2022 оны 6 сард бичигдсэн. Тухайн үед Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар 88 сая төгрөгийн талаар мэдэгдсэн бол бид нэмэлт ажлуудыг хийхгүй байсан. 2 байгууллагын тайлбараас харахад гэрээ байгуулсан, ажлаа хийсэн нь үнэн гэж дурдсан. 88 сая төгрөгийг давхардуулан олгосон эсэх талаар мэдэгдээгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж бид үзэж байгаа. Төлбөрийн актад 88 сая төгрөг гэж бичигдсэн байх боловч бид 278 сая төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Ямар ч мөнгө аваагүй байхад давхардуулан олгосон гэж төлбөрийн акт тавьсанд гомдолтой байна. Боловсролын ерөнхий газар, Боловсрол шинжлэх ухааны яаманд холбогдуулан акт тавигдсан гэдгийг шүүхэд нэхэмжлэл өгснийхөө дараа буюу Үндэсний аудитын газраас хариу тайлбар ирэх үед мэдсэн. Эхний 2 хуудсыг манай компанид ирүүлсэн. Арын хуудсанд бичигдсэн буюу яг хэнд төлбөрийг хариуцуулсан бэ? гэдэг заалтыг ирүүлээгүй. Манай компанид холбогдуулан акт тавигдсан гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн инженер, техникийн ажилтнууд байнга хяналт шалгалтыг хийж, баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилт хийгддэг байсан. Иймд 88 сая төгрөгийг төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

9. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Танай газраас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “Нэхэмжлэлийн хувь хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах тухай” 1/5705 дугаартай албан бичигт “” ХХК-ийн Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14/40170107-ΑΓΓ-2022/16-ШТА-ГА дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд манай байгууллагын зүгээс дараах хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг хавсралтаар хүргүүлж байна.

“” ХХК-ийн гүйцэтгэсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлалтай 640 хүүхдийн суудалтай, олон улсын сургалттай “*******” сургуулийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх дугаартай анхны гэрээг БШУЯ-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 4,977.6 сая төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Гэвч 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр барилга угсралтын ажлын тоо хэмжээний зөрүү, сургуулийн барилгын 1920 хүүхэд/ гадна тохижилт, сургуулийн барилгын 640 хүүхэд/ гадна тохижилт, ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулаан, дулааны узелийн нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр +2 дугаартай нэмэлт санхүүжилтийн 3,500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулахдаа өмнөх гэрээний үнийн дүнд багтсан 640 хүүхдийн сургуулийн гадна тохижилтын ажлын 88,153,164,0 төгрөгийг хасаж тооцоогүй нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 5.2.1-т “Захиалагчийн чиг үүрэгт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг барилга байгууламжийн болон норм, нормативын баримт бичиг, тухайн барилгын ажлын батлагдсан зураг төсөл болон төсөв, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгагдсан барилгын ажлын үе шатны хуваарийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр нь тулган шалгаж, хянан баталгаажуулах”, 5.2.7-д “төсөл, арга хэмжээний санхүүжилт хүссэн гүйцэтгэлд ирүүлж буй холбогдох баримт материал, мэдээллүүдийн иж бүрдэл үнэн зөв эсэхэд бүрэн хариуцлага хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул төлбөрийн акт тогтоосон.

Гарсан зөрчлийн талаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр БШУЯ-ны хурлын зааланд зохион байгуулсан сонсох ажиллагаанд БШУЯ-ны холбогдох ажилтнууд болон “” ХХК-ийг төлөөлөн төслийн менежер С.******* нар оролцож, зөрчлийг хүлээн зөвшөөрсөн.

Үндэсний аудитын газраас БШУЯ-нд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1373 дугаар албан бичгээр гүйцэтгэлийн аудитын тайлан, төлбөрийн акт, албан шаардлагуудыг баталгаажуулан хүргүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд төлбөрийн актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах боломжтой боловч хуулийн хугацаанд гомдол санал ирүүлээгүй болно.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 тоглоомын талбайг 2 давхардуулсан зөрчил илэрсэн. 278 сая төгрөгийн төсвийн ажлыг төсөл арга хэмжээ, үр дүн, хэр үр ашигтай төсөл болсон бэ? гэдэг агуулгаар нь  гүйцэтгэлийнхээ аудитын зарчимд нийцүүлж тоглоомын талбайг өөрчлөөд хийчихсэн 190 сая төгрөгийг бид хасаж тооцсон. Өөрөөр хэлбэл тоглоомын талбайгаа хийгээгүй, агаар сэлгэлтийн ажил, тоног төхөөрөмж, спорт заалны зориулалтын шалны үнэ болох 190 сая төгрөгийг нь хассан. 278 сая төгрөгийн үлдэгдэл болох 88 сая төгрөгөө гэрээнийхээ дүнгээс хасаж тооцуулах албан шаардлагыг өгсөн юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрмийн дагуу зардлаа тооцоод өг гэж буруутгахаасаа илүүтэйгээр энэ төсөл арга хэмжээ хэрэгжсэнээрээ Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдэг талаас нь Аудитын байгууллага хандсан. Зөрүү дүнгээ гэрээнийхээ дүнгээс хасаж тооцуул гэсэн акт тогтоосон. Актын талаар мэдээгүй гэж байна. Гэтэл өөрсдөө хүлээн зөвшөөрч тооцоогоо гаргасан шүү дээ. Барилгын тухай хуульд захиалагч гүйцэтгэгч 2 барилгын зураг төсвийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглодог заалт бий. Хэдэн хүн уулзаад өөрчлөлт хийдэг гэж хэлж байна. Гэхдээ өөрчилж болно, өөрчлөхгүй гэж бид аудитын тайланд огт дурдаагүй.

Бодит хийсэн ажлыг нь хаслаа шүү, зарцуулаагүй 88 сая төгрөгөө хасаж тооц гэсэн агуулгатай төлбөрийн актыг тогтоосон. Нэг байгууллагад холбогдох хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгож болохгүй. Аудитын шалгалтаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хувьд гэхэд 7 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илрүүлж акт тавьсан. Бусад нь бүгд төлбөрийн актыг хүлээн зөвшөөрсөн. Маш уян хатан акт гаргасан. Өөрсдөөр нь тооцоог гаргуулсан байхад дахиад 88 сая төгрөг хүчингүй болгуулна, илт хууль бус гэж ярьж байгаа нь ёс суртахуунгүйг илтгэж байна.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг уншихад манай байгууллагад хамааралгүй гэж ойлгогдож байна. Актын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж харагдаж байна. Үндэсний аудитын газар төсвийн хөрөнгө оруулалтад аудит хийж хийх ёстой ажлыг хийсэн эсэхэд шалгасан. ******* гэдэг сургууль дээр бид очиж үзэхэд сургуулийн шал стандартад нийцэхгүй байсан. Шал нь хөндий, цөмөрчихсөн. Суурилуулсан тоног төхөөрөмж чанаргүй байсан. Улсын мөнгөөр ийм зүйл хийж байгаад эргэлзэж байна. ... Нэхэмжлэлийн шаардлага удаа дараа өөрчлөгдөж байсан. Тухай бүрд нь бид хариу тайлбарыг өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагууд хэр үндэслэлтэй вэ? гэдэгт шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Үндэсний аудитын газар зөрчлийг илрүүлээд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт даалгасан. Тэд гүйцэтгэгч компанитайгаа харилцан тохиролцож төлөх эсэх асуудалд нь байгууллагуудын хоорондын л асуудал байх гэж бодож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй гэж үзсэн байна. 88 сая төгрөгийг илүү зарлагадсан байна гэдгийг Үндэсний аудитын газар аудит хийхдээ нотлох баримтын хүрээнд хангалттай нотолсон. Үүнийгээ сонсох ажиллагааныхаа хүрээнд мөн сонсгож гарын үсэг зуруулж танилцуулсан. Үндэсний аудитын газарт гомдол гаргахад нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуг нь өгчихсөн. Гэтэл шүүхэд тайлбар өгөхдөө хүчээр гарын үсэг зуруулсан гэж байгаа нь шударга бус байна. Нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 2 заалтыг үндэслэж байгаа боловч эдгээр нь өөр хоорондоо уялдаа холбоогүй байна. Иймд нэхэмжлэгч талын гаргаж байгаа үндэслэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчсан Үндэсний аудитын газрын 022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар “” ХХК-д давхардуулсан олгосон 88,153,164.0 төгрөгийг ... Төв төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын ******* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төвлөрүүлэхээр тогтоосны дагуу Боловсролын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/757 дугаар албан бичгээр дээрх зөрчлийг арилгахыг “” ХХК-иас шаардсан байна. 

1.1 Дээрх байдлаар Үндэсний аудитын газрын актын эрх зүйн үйлчлэл буюу үр дагавар нэхэмжлэгчид чиглэсэн түүнд олгосон гэх мөнгөн дүнг эргүүлэх төлүүлэхээр шаардсан байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчидөөгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхгүй.

  1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчээс Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн хүчин төгөлдөр байна.

2.1. Иймд захиргааны акт хууль бус эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдснаар Үндэсний аудитын газрын 2022 оны дугаар акт илт хууль бус эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6.”захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.1.7.”түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.”, 47.2.”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3.”Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.”Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.”, 21.3.”Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна.” гэж заажээ.  
  2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл төрийн аудитын байгууллагад шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа зөрчсөн бол төлбөрийн акт тогтоох эрхийг хуулиар олгосон байх тул Үндэсний аудитын газрын 2022 оны дугаар актыг хариуцагч гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
  3. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд илт хууль бусад тооцох юм.

5.1. Үндэсний аудитын газрын 2022 оны дугаар актаар “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэхээр баталсан XIII.1.1.63 дугаартай Сургуулийн барилга, 640 суудал, /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, олон улсын сургалттай “*******” сургууль/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил гүйцэтгэх дугаартай 4,977.6 сая төгрөгийн үнийн дүнтэй анхны гэрээг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-тай байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр барилга угсралтын ажлын тоо хэмжээний зөрүү, сургуулийн барилгын /920 хүүхэд/ гадна тохижилт, сургуулийн барилгын /640 хүүхэд/ ус дулаан дамжуулах төвийн барилгын, гадны дулаан, дулааны узелийн нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр +2 дугаартай нэмэлт санхүүжилтийн гэрээг 3,500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан боловч анхны гэрээний үнэд багтсан 640 хүүхдийн сургуулийн гадна тохижилтын ажлын 88,153,164.0 төгрөгийн тус гэрээний дүнгээс хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр “” ХХК-д давхардуулсан олгосон 88,153,164.0 төгрөгийг ... Төв төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын ******* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төвлөрүүлэхээр шийдвэрлэж, актын биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.*******, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.******* нарт хариуцуулсанаас үзвэл Үндэсний аудитын газрын актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар төлбөрийн актын “” ХХК-д холбогдох хэсгийг илт бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН