Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00489

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/004*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 318,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С. /цахимаар/,

Хариуцагч:С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч С. холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 318,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* миний бие нь хариуцагч ******* тай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Компаний хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ"-г байгуулсан. Тухайн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэхүү гэрээний дагуу Б. миний зүгээс өөрийн үүсгэн байгуулсан, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Д.Нацагдоржийн гудамж, Багануур ХК-ийн урд байрлах "" ХХК-ийн /РД:*******5/ нийт хувьцааны 15 хувь буюу өөрт ногдох 1,500 ширхэг хувьцааг 212,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Худалдан авагч талаас хувьцааны үнийн дүнгээс 150,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 62,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар гэрээнд тусгасан болно. Миний зүгээс гэрээнд заасны дагуу Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, тухайн компаний 1,500 ширхэг хувьцааг С.ын нэр дээр шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал буюу С. нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар биелүүлэлгүй, миний эрх ашгийг зөрчиж, хохирол учруулсан нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Дээрх гэрээний 2.6 дах хэсэгт худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож худалдагч талд төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон билээ. Миний зүгээс худалдан авагч талд удаа дараа биеэр болон утсаар гэрээнийхээ үүргийг биелүүлж, төлбөрөө хугацаандаа төлж барагдуулах талаар шаардлага тавьж ирсэн. Гэтэл хариуцагч тал буюу худалдан авагч тал нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие нь гэрээнд заасны дагуу хувьцаа шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн атал хариуцагч С. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, намайг хохироож байна. Иймд хариуцагч /худалдан авагч/ иргэн С. нь гэрээнд заасан үүргээ хугацаанд биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул "Компаний хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ-ний дагуу 1,500 ширхэг хувьцааны үнэ болох 212,500,000 төгрөгийг, мөн 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш /алдангийг гэрээний үнийн дүн бүрэн төлөгдөх хугацаанаас тооцов. Гэрээнд зааснаар нэг өдрийн алданги 212,500,000*0.1%=212,500.00 төгрөг /2024 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл нийт 1,672 хоног хэтрүүлсэн тул тухайн хугацаанд бодогдсон 355,318,000.00 төгрөгийн алдангиас /Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул / 106,250,000.00 төгрөг, нийт 318,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч надад олгуулахаар шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хууль эрх зүй болон гэрээний эрх зүйн талаасаа энэ мөнгийг нэхэмжлэх нь зөв гэж үзэж байгаа. Энэ хэрэгт хамаагүй боловч С. 60 сая төгрөгийг 210 сая төгрөг болсон нь чамд ашигтай шүү дээ гэж хэлж байсан. "" ХХК-ийг С. худалдаж авахад өмнөх эзэн Одгэрэл гэдэг хүнд итгэлцлийн журмаар 60 сая төгрөг өгсөн. Энэ хүнд 60 сая төгрөг өгснөөс болоод тухайн үед би хүнд байдалд орж байсан. Барилгын үйл ажиллагаа маань бүрэн эхэлж чадаагүй, хөрөнгө мөнгө дутаж байсан. Тухайн үеийн 60 сая төгрөгийн үнэ цэнэ одоо үед асар их мөнгө болчихсон байгаа юм. Би эхнэрийнхээ нэр дээр аав ээждээ байр авах гэхээр энэ хүнээс мөнгө нь орж ирэхгүй болохоор ББСБ-аас 110 сая төгрөгийн зээл авчихсан сард 4 сая төгрөг төлж байна. Хариуцагч өөрөө төлбөрийг барагдуулна, компанийг чинь авна гэсэн учир энэ алданги төлбөрийг төлөх нь хууль ёсны асуудал, энэ газар нь ТӨХК-ийн хажууд байрлалтай, хайрганы үйлдвэртэй, хайрганы ордтой стратегийн чухал ач холбогдолтой газар юм. Би хувьцааны 15 хувийг л эзэмшдэг хүн, 60 сая төгрөгийн 15 хувийн хувьцаатай л салсан хүн, ямар ч байсан энэ газар нь зүгээр газар биш шүү гэдгийг хэлье гэв.

3.Хариуцагч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би төлөх төлбөр дээрээ маргахгүй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох корона вирус гарч, хил гааль хаагдаж, бүх ажлууд зогсож төлбөр төлөлт хойшилсон. 2023 онд хил нээгдсэний дараа манай компаний үйл ажиллагаа эхэлж одоо 70 хувьтай явж байна, 10 дугаар сарын 10-ны дотор нээгдэх төлөвлөгөөтэй байгаа. Би огт юм хийгээгүй биш, нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшиж байсан "" ХХК-ийг анх энэ хүмүүстэй ярихдаа үйлдвэр ашиглалтад орсны дараа бүтээгдэхүүн гаргаж байж би төлбөрөө төлнө гэж бүгдтэй нь тохирсон. Ковид гарах үед би бүгдэд нь Манай энэ үйл ажиллагаа ингэж явж байна, тоног төхөөрөмжүүд маань Эрээн хотод ирчихсэн байна, хил гааль хаагдсанаас болоод авч чадахгүй байна, дээр нь тээврийн зардлууд их өссөн байна гэдэг талаар албан бичгийг бүгдэд нь өгч байсан. Бас нэг гэдэг хүн байдаг бүтэн нэрийг нь санахгүй байна, тухайн үеийн захирал Батбаатар гээд энэ 2 хүнд албан бичиг өгч байсан. Миний худалдаж авсан "" ХХК нь 6 га газартай өөр үйл ажиллагаа явуулдаггүй газар юм. Энэ газар дээр л би одоо төмрийн үйлдвэр барихын тулд их хол газраас тог татаж байна. Үнэнийг хэлэхэд өөр хямдхан газар байвал болох л байсан. Одгэрэл өөрөө энэ газрыг авчих, бид нар зээлээр өгье гэж ярихаар нь авсан. Үйлдвэр технологийн парк дээр газар нь үнэгүй үйлдвэрүүд барьж болж л байна. Гэхдээ бүр онцолж хэлэхэд энэ газар ямар ч ашиггүй, үйл ажиллагаа ч явуулдаггүй, тогны мөнгө манаачийн цалинг төлсөн л газар байсныг би авсан, түүнээс айхтар мундаг байсан компанийг би авчихсан юм биш. Нэхэмжлэгч ч гэсэн хувьцаа шилжүүлж авснаасаа хойш манаачийн цалин нэг удаа ч өгч үзээгүй, тогны мөнгөнөөс нэг удаа ч төлж үзээгүй. Надад энэ төлбөр дээр маргах юм үнэндээ алга, гол нь энэ алдангийн хувьд үйлдвэр ашиглалтад ороод бүтээгдэхүүн гарснаас хойш алданги тооцно шүү гэж тохирч авсан. Одоо би бүгдтэй нь уулзаад л байгаа, нэхэмжлэгч ч гэсэн манай үйлдвэр дээр очиж үзэж байсан. Үйлдвэрт олон хятадууд ороод ирчихээр нэхэмжлэгч намайг их л мөнгөтэй болчихсон гэж бодоод байх шиг байна. Энэ чинь үйлдвэр барьж байна, мөнгө олох хугацаа нь болоогүй учираа хэлэхээр ойлгохгүй байна гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний хуулбар, Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ХХК-ийн дүрэм, аж ахуйн нэгж, ХХК-ийн газар эзэмших гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б. нь шаардлагын үндэслэлээ: Миний бие нь С.тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр, алдангиа нэхэмжилнэ гэж, хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үндсэн төлбөрийг төлнө, алдангийг төлөхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1.Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээгээр худалдагч Б. нь хувьцааны нэг бүрийн үнэ нь 10,000 төгрөгийн үнэтэй, 1500 ширхэг, нийт 15,000,000 төгрөгийн хувьцааг 212,500,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч хариуцагч С. нь гэрээнд заасан хувьцааны төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 150,000,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 62,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар, худалдан авагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 5-6 хуудас/

3.2.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуульд заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

3.3.Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дахь хэсгийн 2.4, 2.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн төлбөр, түүний алдангийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал алдангийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүрэг 212,500,000 төгрөгийн 50 хувь буюу 106,250,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх ба хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, 2 тал гэрээгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан атлаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үйлдвэр ашиглалтанд ороогүй, мөнгө байхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, хууль, шударга үнэний зарчимд нийцээгүй гэж үзнэ.

3.4.Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн төлбөрт 212,500,000 төгрөг, алдангид 106,250,000 төгрөг нийт 318,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,751,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,751,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

5.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* овогт ******* аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 318,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* овогт ******* д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,751,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамж 1,751,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ