| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0377/Э |
| Дугаар | Б |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар Б
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0377/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогч Бу-,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Омоош Уламбаярын Баяржаргалд холбогдох эрүүгийн 1718003960173 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ба-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ба- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой Дархан- Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 12 дугаар байрны 20 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Бу-ыг цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ба- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой Дархан- Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн 12 дугаар байрны 20 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Бу-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, дээд гадна хананы цууралт, баруун хөмсөгний шарх, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр ба зүүн чихний дэлбэнгийн арын цус хуралт, зүүн дал орчмын зулгаралт, баруун нүдний алимны доргилт, салстын доорх цус харвалт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Шүүгдэгч Ба-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 11-р сарын 06-ны өдөр Мөнхцоожийн төрсөн өдөр болсон. Тэгээд 20 цагийн орчим Баян-Идэр худалдааны төвд Мөнхцоож, Анар хоёрын ажил дээр Батхас, Намнансүрэн бид нар уулзаад Отгонбаярын гэрт очиж Мөнхцоожийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болоод Анар, Мөнхцоож, Батхас, Намнансүрэн бид нар 20 цаг өнгөрөөгөөд Анар, Мөнхцоож нарын ажлыг тарахаар нь Дархан сумын 8-р багийн 12-20 тоотод Отгонбаярын гэр рүү явсан. Тэдний гэрийн гадаа Буянттай тааралдаад хамт Отгонбаярын гэр рүү орсон. Мөнхцоож Буянтыг утсаар дуудсан байсан. Тэгээд Отгонбаярын гэрт ороод бид нар дундаасаа мөнгөө цуглуулаад Отгонбаяр, Мөнхцоож бид 3 дэлгүүр гарч 0,75 литрийн Хараа архи 2 шил, 2 литрийн 1 том хүрэн савтай пиво, 2 хайрцаг тамхитай авч ороод том өрөөнд нь бөөнөөрөө суугаад юм ярьж авсан архиа уусан. Архи яг ууж эхлэх гээд тойроод сууцгааж байхад Буянтын найз охины тухай ярьцгаасан. Тэгэхээр нь би Буянтын найз охиныг бага ангидаа таньдаг байсан учраас би Буянтад найз охиныг чинь би танина бага ангидаа нэг ангид сурдаг байсан манайд очиж тоглодог байсан энэ тэр гээд нийлж тоглодог байсан хүүхдүүдээ хэлсэн тэгээд тэр яриа дууссан. Тэгээд 1 шил архи ууж дууссаны дараа Намнансүрэн бид хоёр жижиг өрөөнд ороод юм яриад сууж байсан чинь Буянт орж ирээд надаас тамхи авч татаад хажууд суусанаа над руу чи манай найз охиныг яах гэж ярьж байгаа юм гээд дуугаа өндөрсгөөд уурласан өнгө аястай ярихаар нь би чи яагаад байгаа юм бэ бага ангидаа нийлдэг байсан гэж ярьсан шүү дээ гэж тайлбарлаж хэлсэн чинь Буянт чи найзуудын хажууд тэгж ярьж болохгүй байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Буянтаа чи надтай битгий ингэж яриад бай гэж хэлээд Буянт бид 2 маргалдсан чинь тэнд байсан найзууд Буянт бид 2-г болиулаад том өрөө рүү оруулсан боловч Буянт бид 2 том өрөөнд ороод дахиад хэл амаараа бие биенээ доромжлоод маргалдсан. Тэгсэн чинь Урангоо буюу гэрийн эзэн нь та 2 энд хэрэлдэж маргалдахгүй гарцгаа гэхээр нь би Буянтад айлд маргалдаад яах бэ хоёулаа гарах уу гэсэн чинь Буянт гаръя гэсэн. Тэгсэн чинь Отгонбаяр та 2 гарч яах гээд байгаа юм жижиг өрөө рүү ор гээд Отгонбаяр, Буянт бид 3 жижиг өрөө рүү орсон. Тэгээд жижиг өрөөнд Буянт бид хоёр барилцаж аваад би эхлээд Буянтын шанаа руу нь гараараа 2 удаа цохиод барилцаад газар уначихсан. Би Буянтын хүзүүгээр гараа тохой хэсгээрээ боосон байсан тэгэхэд Буянт намайг гараараа нүүр лүү цохисон тэгээд Буянт бид 2 бие биенээ 3-4 удаа цохисон. Тэгээд Отгонбаяр бид хоёрыг салгаад 2 тийшээ болоод 1-2 минут маргалдаж зогсож байгаад Буянт бид хоёр дахиж барилцаж аваад хоорондоо зодолдоод бид хоёр газар унаад би Буянтыг боогоод бие биенийгээ цохисон. Тэгсэн чинь цаанаас найзууд орж ирээд Буянт бид хоёрыг салгасан. Тэгэхэд Буянтын хөмсөг нь язраад цус гарчихсан нүд нь хавдчихсан байсан. Буянт тэнд хоноод би шөнө 02 цаг өнгөрч байхад гарч машин дотроо унтаад өглөө 07 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд Буянт, Мөнхцоож хоёрыг 330-р цэргийн анги дээр хүргэж өгөөд Буянт ангиасаа чөлөө авсан. Дараа нь Буянтын гэрт нь хамт очоод аавтай нь уулзаж учир байдлаа хэлээд эмнэлэг дагуулж ороод хөмсгийг нь оёулсан гэх мэдүүлэг,
Хохирогч Бу-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 11-р сарын 06-ны өдөр орой 22 цагийн орчимд Дархан сумын 8-р багийн 12-20 тоотод манай найз Мөнхцоожийн төрсөн өдөр болсон учир Отгонбаяр, Урангоо нарын гэрт Мөнхцоож, Батхас, Намнан, Анар, Отгонбаяр, Урангоо, Баяржаргал бид нар цугларч уулзсан. Тэгээд дундаасаа мөнгөө гаргаад Баяржаргал, Отгонбаяр, Мөнхцоож нар гарч дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи, 1 том түмний ундаа, 2 литрийн хүрэн савтай пиво 1, тамхитай авч орж ирсэн. Тэгээд Отгонбаярын гэрийн том өрөөнд нь бүгдээрээ сууцгаагаад хоорондоо хаана юу хийж байгаагаа яриад архиа хувааж уугаад дуулж хуурдаад сууж байтал Баяржаргал над руу хандаж танай найз охиныг би 5-р ангид байхдаа хэд хэдэн удаа гэртээ дагуулж орж байсан ш дээ гэж хэлсэн. Тухайн үед надад найзуудын дунд доош нь хийгээд доромжлоод байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд эрэгцүүлж бодоод өнгөрсөн. Тэгээд нилээн байж байтал Баяржаргал Намнантай жижиг өрөөнд ороод юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би очоод Баяржаргал руу хандаж чи яагаад найзуудын дунд найз охиныг гэртээ дагуулж орсон энэ тэр гэж ярьж байгаа юм бэ гэж асуусан чинь Баяржаргал намайг надтай хүн ингэж ярьдаггүй шүү манай аав цагдаа хоёулаа зодолдъё гэсэн. Тэгэхээр нь би босоод том өрөө рүү орсон чинь араас Баяржаргал дагаж орж ирээд араас татаж чангаагаад зодолдъё гээд байхаар нь би тэгье гээд араас нь дагаад жижиг өрөө рүү орсон. Баяржаргал бид хоёртой хамт Отгонбаяр жижиг өрөө рүү орсон. Тэгээд Отгонбаяр хоорондоо учраа олцгоо гээд жижиг өрөөний хаалгыг хаасан. Тэгтэл Баяржаргал шууд миний нүүр лүү гараа зангидаж байгаад бөгжтэй хэсгээрээ баруун нүд рүү цохисон. Тэгээд би Баяржаргалтай барилцаж аваад зөрүүлж цохиод бид хоёр зодолдсон. Баяржаргал тохой хэсгээрээ хүзүүгээр оруулж боож унагаагаад миний нүүр лүү олон удаа гараа зангидаж цохисон. Тэр үед би бага зэрэг манарсан юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. ...Тэгээд босоод иртэл миний баруун хөмсөг задарчихсан маш их цус гарч байсан. Тэгээд би том өрөөнөөс гараад цагдаа руу залгах гэтэл гэрийн хаягыг нь мэдэхгүй асуухаар хэн ч надад хэлээгүй. Намайг гаргахгүй гээд гутал авч нуугаад, хаалгаа цоожилчихсон. Намайг гаргахгүй байсан Отгонбаяр, Мөнхцоож нар миний нүүрийг хүчээр угаагаад намайг гал тогоонд унтуулсан. Тэгээд маргааш өглөө Баяржаргалтай хамт машинаар нь 330-р цэргийн анги орж багшдаа хэлж чөлөө аваад эмнэлэг орж хөмсгөө оёулсан. Тэр өдөртөө Баяржаргал битгий цагдаад мэдэгдээрэй хохирол мөнгийг чинь бүгдийг барагдуулж өгнө санаа зоволтгүй гээд байсан гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
...Би найз охин Урангоогын хамт Урангоогын гэрт буюу Дархан сумын 8-р багийн 12- 39 тоотод амьдарч байсан. Тэгээд 2017 оны 11-р сарын 06-ны орой 19 цагийн орчим Баяржаргал над руу утсаар яриад Мөнхцоожийн төрсөн өдөр болж байна хэдүүлээ танай гэрт ороод жаахан сууя гэсэн. Тэгээд би Урангоотой ярилцаад Урангоо зөвшөөрсөн. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад Баяржаргал, Буянт, Мөнхцоож, Анар, Батхас, Намнансүрэн нар манайд орж ирээд бид нар дундаасаа мөнгөө цуглуулаад дэлгүүр гараад 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн том савтай пиво, тамхи, ундаа авч ороод том өрөөнд тойрч сууцгаагаад эхний 1 шил архиа ууцгаагаад юм яриад дуулаад сууж байхдаа Буянтын найз охиныг танидаг учраас танай найз охин 6 сартай жирэмсэн юм уу гэх мэтчилэн яриа үүсгээд асуусан чинь Буянт юм яриагүй. Тэгсэн чинь Баяржаргал хажуу талаас Буянт руу би танай найз охинтой бага байхдаа хамт тоглодог хашаандаа оруулж тоглодог байсан гэж хэлсэн. Тэгэхэд Буянт бас л юм яриагүй. Тэгээд тэр яриа дууссан. Тэгээд нилээд сууж байхад Баяржаргал, Намнансүрэн 2 жижиг өрөө рүү орсон. Тэгэхэд Буянт бас араас нь гарсан юм байна лээ тэрийг нь би анзаараагүй. Бид нар том өрөөндөө архиа уугаад сууж байтал Баяржаргал, Буянт хоёр жижиг өрөөнөөс хоорондоо маргалдсан шинжтэй орж ирсэн. Тэгээд яасан бэ гэхэд юм хэлээгүй Баяржаргал Буянтаа чи надтай ингэж харьцахгүй шүү миний хэлсэн юмыг яасан хүндээр тусгаж авдаг юм бэ энэ тэр гээд хоорондоо үг шидэлцээд зодолдох шинжтэй хоёулаа босч ирээд зогсохоор нь би та нар айлд орж ирчихээд болио гэж хэлсэн чинь намайг хойшоо байж бай гээд зодолдъё гарах уу гаръя гээд байхаар нь би тэр хоёрыг харанхуй хар хүйтэнд хаачих гээд байгаа юм та хоёр жижиг өрөөнд ороод чимээгүй учраа олчих гээд жижиг өрөө рүү оруулаад хаалгыг нь хаачихсан. Тухайн үед тэр хоёрыг найзууд олон хүний хажууд бие биедээ томроод аархаад байгаа болов уу гэж бодоод тэр хоёрыг тусад нь ярилцаад учраа олчих байх гэж бодоод жижиг өрөөнд оруулсан. Жижиг өрөөнд ороод маргалдаж байснаа Баяржаргал эхлээд Буянтыг хоёр удаа гараараа нүүр лүү цохьсон тэгсэн Буянт буцаагаад Баяржаргалыг хариу цохисон тэгээд тэр хоёр барилцаж аваад цохилцсоноо газар унасан тэгэхэд нь Баяржаргал, Буянтын хүзүүгээр гараа оруулаад боочихоод Буянтын нүүр лүү гараараа цохиод байсан. Буянт бас хариу цохиод байхаар нь би тэр хоёрыг салгаад босгосон чинь тэр хоёрын нүүр, ам нь улайчихсан байсан. Тэгээд салгаад босгосоны дараа дахиад маргалдаж байснаа барилцаж аваад Буянт, Баяржаргал 2 бие биенээ цохилцоод эхэлсэн. Тэгтэл гаднаас Мөнхцоож, Урангоо нар орж ирээд салгасан. Тэгж салгахад Буянтын баруун хөмсөг язраад цус гарчихсан баруун нүд хацар нь нилэнхүйдээ хавдчихсан, Баяржаргалын зүүн талын нүд, эрүү нь хавдчихсан байсан. Тэгээд Мөнхцоож Буянтыг гал тогоо руу авч яваад Урангоо бид хоёр Баяржаргалыг авч үлдсэн. Тухайн үед Буянтын нүүр нь цус гарчихсан гадагшаа гарна гээд байхаар нь согтуу, цустай нүүртэй харанхуй шөнө хаачих гээд байгаа юм гээд бид нар Буянтыг гаргахгүй Урангоо Буянтын гутлыг нуучихсан. Жижиг өрөө нилэнхүйдээ цус болсон байсан. Буянт гал тогоонд хэвтээд унтаж байхад нь Урангоо, Мөнхцоож бид гурав Буянтын цустай нүүрийг нь чийгтэй алчуураар арчиж цэвэрлэсэн. Баяржаргал том өрөөнд унтсан. Анар түрүүлээд зодоон болохоос өмнө явчихсан. Намнансүрэн дараа нь явсан. Батхас манайд хоносон. Маргааш өглөө нь босоод Баяржаргал Буянттай эвлэрэх гээд аргадсан тэгээд манайхаас гарсан гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч А.Урангоогийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би найз залуу Отгонбаярын хамт Дархан сумын 8-р багийн 12-39 тоотод хамт амьдардаг юм. 2017 оны 11-р сарын 06-ны орой 19 цагийн орчим Баяржаргал, Отгонбаяр луу утсаар яриад өнөөдөр Мөнхцоожийн төрсөн өдөр болж байгаа бид хэд танайд яваад очъё гэж ярьсан. Тэгээд Отгонбаяр бид 2 ярилцаад гэртээ оруулахаар болоод ирж болноо гэдгийг Баяржаргалтай утсаар яриад хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Баяржаргал, Мөнхцоож, Батхас, Анар, Буянт, Намнансүрэн нар манайд ирсэн. ...Тэд нар том өрөөнд архи, пивоо уугаад хоорондоо юм яриад дуулаад чанга чанга ярьцгаагаад л байсан. Тэгсэн гэнэт нэг сонссон чинь Буянт, Баяржаргал хоёр гаръя гараад зодолдъё энэ тэр гээд байх шиг байсан. Тэгснээ хэсэг чимээгүй байснаа тэд нар жижиг өрөө рүү орчих шиг болсон. Жижиг өрөөнд зодоон болох шиг дуу чимээ гарахаар нь очтол Буянт, Баяржаргал 2 аль хэдийн зодолдчихсон жижиг өрөөний гудас, хөнжил, хана цус болчихсон Буянтын баруун хөмсөг нь язарчихсан нүд хөхрөөд хавдчихсан цус гарчихсан, Баяржаргалын баруун талын чамархай хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд би уурлаад айлд ирчихээд тэр тусмаа миний өрөөнд орж зодолдоод хамаг юм цус болголоо гэж аашлаад тэр хоёрыг алгадаж цохиж авсан. Тэгээд анх манайд ирнэ гэж ярьсан учраас Баяржаргалд уурласан. Тэр үед Буянт нилээн согтчихсон явна гээд байхаар нь би гар нүүрээ угаачихаад яв гэсэн чинь үгүй энэ чигээрээ явна гээд байсан. Тэгээд хэсэг зуур тайвшраад Мөнхцоож, Отгонбаяр, Баяржаргал 3 Буянтыг битгий гар гэж нилээн аргадаад Баяржаргал Буянтаа чи ярилцаж байгаад зодолдъё гэж зодолдчихоод сүүлд нь яагаад ингээд байгаа юм гэж байсан. Тэгээд бүгд тайвшраад том өрөөнд орох нь ороод жижиг өрөөнд орох нь орцгоосон. Буянтыг унтуулъя гээд ор дэр засч байхад Анар, Намнансүрэн 2 явчихсан манайд Буянт, Баяржаргал, Батхас, Мөнхцоож, Отгонбаяр бид нар үлдсэн байсан. Буянт гал тогоонд сууж байгаад унтах гэж байхад нь Мөнхцоож Отгонбаяр нар нойтон алчуураар нүүр гарынх нь цусыг цэвэрлэж өгсөн. Тэгээд Буянтыг том өрөөнд орж амар гэхэд Буянт босохоороо бөөлжих гээд байна гээд гал тогоонд ор засч өгөөд Мөнхцоожтой хамт унтсан. Том өрөөнд Батхас унтаад, Отгонбаяр бид 2 жижиг өрөөндөө орж унтсан. Баяржаргал утсаар ярьж байсан. Маргааш нь Баяржаргалыг шөнө гарч машиндаа орж унтаад өглөө орж ирсэнийг мэдсэн. Тэгээд тэд нар зүгээр манай гэрээс инээлдээд гарцгаасан гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч М.Мөнхцоожийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 11-р сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Орой 15 цагийн үед гэрээсээ гараад Идэр худалдааны төвд Батхасын ажил дээр очсон чинь тэнд Баяржаргал, Намнансүрэн, Анар, Батхас 4 байсан. Тэгээд 20 цаг гээд Батхас, Анар хоёрын ажил нь тараад бид нар гараад Дархан сумын 8-р багийн Микорт Отгонбаярын гэрт ирсэн. Отгонбаяр найз охин Урангоогын хамт байж байсан. Бид нарыг Отгонбаярын гэрт орсоны дараа Буянт араас ирсэн. Тэгээд бид нар Отгонбаярын гэрт ороод дундаасаа мөнгөө гаргаад Баяржаргал, Отгонбаяр бид 3 дэлгүүр гарч 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн хүрэн савтай 1 пиво, 1 түмний ундаа аваад буцаж ороод Отгонбаярын том өрөөнд орж тойрч сууцгаагаад ууж эхэлсэн. Миний хувьд архи уугаагүй 2 аяга пиво уусан бас тухайн үед би найз охинтойгоо утсаар маргалдсан учраас ууж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадаагүй. Тэгээд архиа уугаад юм яриад сууцгааж байтал Отгонбаяр Буянтаас танай найз охин 15-р сургуульд сурч байсан тиймээ гэж асуусан чинь Баяржаргал хажуу талаас Буянтын найз охин манай ангийн охин байсан гэж ярисан. Яг тэр үед би утсаараа найз охинтойгоо чатлаж байсан учраас зарим үгийг нь сонсоогүй санахгүй байна. Тэгтэл Буянт наад үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэж Баяржаргалд хэлж байхыг нь сонссон. Тухайн үед би Буянт, Баяржаргал хоёрыг жаахан маргалдаад байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд нэг мэдсэн чинь Отгонбаяр, Буянт, Баяржаргал нар жижиг өрөөнд орилолдох шиг болохоор нь орсон чинь Буянт газар уначихсан нүдний шил уначихсан байхаар нь би ороод Буянтыг босгоод нүдний шилийг нь авч өгөөд салгасан чинь дахиад Буянт, Баяржаргал хоёр улайраад бие бие рүүгээ дайраад байхаар нь Буянтыг жижиг өрөөнөөс авч гараад үүдний коридор луу гарсан чинь Буянт явна гээд гарах гээд байхаар нь Буянтын гутлыг нь нуугаад гаргаагүй дарсаар байгаад унтуулсан. Баяржаргал нүүр, гараа угаачихаад машиндаа унтлаа гээд гарсан өглөө орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод Буянт, Баяржаргал 2 хоорондоо уулзаад байсан хоорондоо яг юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч М.Батхасын мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 11-р сарын 06-ны өдөр Мөнхцоожийн төрсөн өдөр болсон. ...архи уугаад юм яриад дуулаад байж байтал Буянт, Баяржаргал хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгсэнээ гэнэт л хоорондоо зодолдъё энэ тэр болоод Отгонбаяр, Буянт, Баяржаргал 3 жижиг өрөө рүү орсон би эхлээд дагаж орсон. Тэгсэн Буянт, Баяржаргал хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би одоо та нар боль гээд салгачихаад жижиг өрөөнөөс гараад том өрөөнд орсон жижиг өрөөнд Буянт, Баяржаргал, Отгонбаяр 3 үлдсэн. Тэгтэл дахиад Буянт, Баяржаргал 2 зодолдоод эхэлсэн тэгээд бид нар салгах гээд жижиг өрөө рүү ороход Буянтын нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Баяржаргал нүүр нүднийх нь орчим хөхөрсөн байсан санагдаж байна. Тухайн үед би нилээн согтсон
байсан. Тэгээд би бөөлжөөд согтоод Урангоо надад ор засч өгөөд би түрүүлээд унтчихсан гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч Б.Анарын мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 11-р сарын 06-ны өдөр манай найз Мөнхцоожийн төрсөн өдөр болсон тэр өдөр орой 19 цаг өнгөрч байхад манай ажил дээр Батхас, Баяржаргал, Намнансүрэн, Мөнхцоож нар ирж уулзаад байж байгаад манай ажлыг тарахаар бид нар бүгдээрээ Дархан сум 8-р баг Микрод байдаг найз Отгонбаярын гэрт очиж Мөнхцоожийн төрсөн өдрийг тэмдэглэж жаахан суухаар болсон. Отгонбаяр найз охин Урангоогын хамт байдаг. Бид нарыг Отгонбаярын гэр лүү орох гэж байхад Буянт ирж гадаа тааралдаад бид нартай хамт Отгонбаярын гэр лүү орсон. Отгонбаярын гэрт ороод бид нар дундаасаа мөнгөө гаргаад Баяржаргал, Отгонбаяр, Мөнхцоож 3 дэлгүүр гарч 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн хүрэн савтай 1 савтай пиво авч орж ирээд том өрөөнд нь сууцгаагаад юм яриад архиа уугаад сууж байтал Буянт, Баяржаргал хоёр бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Яг юунаас болж маргалдаад байгааг нь сайн ойлгоогүй зодоон цохион болоогүй гайгүй сууцгааж байсан. Намайг байхад Буянт Баяржаргал бага зэрэг маргалдахын хувьд маргалдсан. Тэгээд би жаахан сууж байгаад тэндээс гараад явсан. Намайг байхад ямар нэгэн зодоон болоогүй. Намайг байхад эхний 1 шил архиа ууж дуусаад 2 дахь шил архиа задалж байсан гэх мэдүүлэг /хх 21/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Намнансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Баяржаргал Буянт руу танай найз охинтой багадаа найзууд байсан. Хамт манайд орж тоглодог байсан гэсэн утгатай зүйл хэлсэн чинь Буянт өө тиймүү гээд тэр яриа өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа Баяржаргал жижиг өрөөнд найз охинтой утсаар яриад сууж байхаар нь би орсон. Тэгэхэд миний араас Буянт орж ирсэн. Тэгээд Баяржаргал Буянт бид гурав юм яриад сууж байснаа Буянт Баяржаргал руу чи түрүүн яагаад манай найз охиныг яриандаа оруулсан юм бэ гэж хэлсэн чинь Баяржаргал зүгээр найзууд байсан шүү дээ гэж хэлсэн ш дээ гэтэл Буянт наадах чинь буруу ойлгогдохоор байна гэж хэлсэн. Тэгэхэд нь Баяржаргал 5-р ангид бэлгийн бойжилт үүсээгүй үе байсан шүү дээ тэрэнд юунд нь сонин юм бодсон юм бэ гээд яриад сууж байснаа Буянт нь Баяржаргал хөөе сонсож бай гэж хэлэх шиг болсон тэгсэн Баяржаргал чи яагаад намайг хөөе энэ тэр гээд байгаа юм намайг Баяржаргал гэдгийг чи мэднэ биз дээ гээд Буянт Баяржаргал хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед зодолдоогүй зүгээр маргалдсан. Тэгтэл найзууд гаднаас орж ирээд яагаад маргалдаад байгаа юм бэ больцгоо гээд том өрөө рүү авч орсон. Том өрөөнд оруулаад тэр 2-г эвлэрүүлэх гээд нилээн хичээсэн чинь Буянт, Баяржаргал 2 зодолдоно гээд тэгсэн Отгонбаяр та хоёр зодолдох гээд байгаа юм уу гэхэд нөгөө 2 нь зодолдоно гэсэн чинь Буянт Баяржаргал хоёрыг жижиг өрөө рүү Отгонбаяр дагуулж ороод хаалгыг нь хаачихсан. Тэр гурав жижиг өрөөнд ороод 2-3 минут болсон байх бусад нь том өрөөнд байсан. Тэгсэн чинь Буянт Баяржаргал хоёр жижиг өрөөнөөс гарч ирэхэд Буянтын баруун хөмсөг нь язарчихсан нүд нь хавдаад цус гарчихсан Баяржаргалын нүүр ам нь бас цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх 24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 1102 дугаар дүгнэлт:
“1.Бу-ын биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, дээд гадна хананы цууралт, баруун хөмсөгний шарх, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр ба зүүн чихний дэлбэнгийн арын цус хуралт, зүүн дал орчмын зулгаралт, баруун нүдний алимны доргилт, салстын доорх цус харвалт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Бу-ад учирсан гэмтэл нь мэс заслын эмчилгээ хийлгэсний дүнд цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 35/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 62-65/, толгойн компьютер томографикийн шинжилгээ /хх 83/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ба-аас 1 715 255 төгрөгийг гаргуулан хохирогч Бу-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 290 627 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч талаас гаргасан шүүх хуралдаанаас түр завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүгдэгч, хохирогч тал гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ба-ын эзэмшлийн 4494ДАР улсын дугаартай Toyota mark2 тээврийн хэрэгслийг 2 300 000 төгрөгөнд тооцож өгөхөөр тохиролцон, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч урьд нь ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ба- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ба-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ба-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ба- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ба-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ