Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/955

 

Б.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

яллагдагч Б.Нын өмгөөлөгч Г.Нямхүү, Д.Амаржаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1329 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Нт холбогдох 2205 00501 1117 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..... хамт ...  дүүргийн ...  дугаар хороо, .... хороолол, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

Б.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр АОС 3 дугаар гудамжны ойролцоо 08-52 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл дотор нэг удаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд нэг удаа, нийт 2 удаа тус тус бага насны Б.Штэй /13 нас 11 сар 5 хоногтой/ арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээс “Насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь харагдах байдлаараа хэдэн настай байж болох вэ” гэсэн асуулт тавьсаны дагуу шинжээч уг асуултанд “Гаднаас харах байдал, бие махбодийн хөгжил зэргээс шууд 16 настай гэж тогтоохгүй” гэж хариулжээ. Дээрхээс дүгнэж үзэхэд хохирогч Б.Шийн биологийн болон сэтгэхүйн хөгжил, онцлог байдал, зан харьцаа, аливаа зүйлд хандах хандлага зэргийг салбар бүрийн тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээч нараар шинжлэх ухааны аргаар хийлгэж насны байдлыг тогтоолгох шаардлагатай байна. Энэ нь хохирогчийн насны талаар энгийн хүмүүс төөрөгдсөн ойлголт төрүүлэх нөхцөл байдал үүсч болох эсэхийг дүгнэж үзэхэд ач холбогдолтой юм. Яллагдагч Б.Нын холбогдсон эрүүгийн хэрэгт хохирогчийн насны байдлыг тогтоох нь түүний гэм буруугийн хэмжээнд нөлөөлөх онцгой ач холбогдолтой тул дээрх шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй хийлгэх нь зүйтэй. Хэдийгээр энэ талаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийх оролдлого гаргасан боловч зөвхөн асуулт, хариултаар хязгаарласан байгаа нь дээрх ажиллагааг дутуу хийсэн байна. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж хуульчилжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Булган томилогдсон бөгөөд улмаар насанд хүрээгүй хохирогчоос удаа дараа мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч байлцсан байдаг. /Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан/

Гэтэл анхан шатны шүүх яллагдагч Б.Нт холбогдох хэргийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, улмаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь дээрх хуулийг зөрчихөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг хасаж хязгаарласан маш ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...”, 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн;” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан гэх цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь бага насны буюу 13 нас 11 сар 5 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Нөгөөтээгүүр яллагдагч Б.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бага насны буюу 13 нас 11 сар 5 хоногтой Б.Штэй бэлгийн харьцаанд орсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Харин Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь яллах дүгнэлтдээ “Б.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АОС 3 дугаар гудамжны ойролцоо 08-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор нэг удаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” зочид буудалд 2 удаа бага насны Б.Штэй /13 нас 11 сар 5 хоногтой/ бэлгийн харьцаанд орсон гэж хэргийн үйл баримтыг дүрсэлсэн атлаа түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй.

Хүчиндэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох үйлдэл, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч обьект, обьектив талын нэмэгдэл шинж болох үйлдлийн арга, субьектив талын шинж болох хохирогчийн хүсэл зориг, гэмт хэрэг үйлдсэн хүний насаар нь ялгаж зүйлчилдэг онцлогтой.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр АОС 3 дугаар гудамжны ойролцоо 08-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор нэг удаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” зочид буудалд 2 удаа бага насны буюу 13 нас 11 сар 5 хоногтой Б.Штэй бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогддог бөгөөд түүний дээрх үйлдэл бага насны хохирогчтой бэлгийн харьцаанд орсоноор хүчиндэх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Учир нь, хууль тогтоогчийн зүгээс “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж тайлбарлажээ.

Иймээс яллагдагч Б.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнд прокуророос сонсгосон хэргийн зүйлчлэлийг зөвтгөж яллах дүгнэлтийг дахин үйлдэх зайлшгүй шаардлагатай.

Энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэрэгт төдийлөн ач холбогдолгүй ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр яллагдагч Б.Нын хэргийн үйл баримт болоод зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1329 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Нын өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Анхан шатны шүүх “насанд хүрээгүй хохирогч Б.Шийн биологийн болон сэтгэхүйн хөгжил, онцлог байдал, зан харьцаа, аливаа зүйлд хандах хандлага зэргийг салбар бүрийн тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээч нараар шинжлэх ухааны аргаар хийлгэж насны байдлыг тогтоолгох шаардлагатай байна” гэж хэргийг прокурорт буцаасан. Үүнийг буруутгахгүй байгаа учраас давж заалдах гомдол гаргаагүй. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Б.Нын өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Б.Нын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Насанд хүрээгүй хохирогчийн биологийн насыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Ингэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн ярьж буй зүйл эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээж авсанаас хойш хяналт тавьсан. Мөн яллах, цагаатгах байдлыг тэгш баримталж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Өмгөөлөгч Л.Батжаргалаас “анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй” гэж байна. Үүнд хэлэх тайлбар байхгүй. Би ээлжийн амралттай байсан тул анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Хохирогч тухайн үед 13 нас 11 сар 5 хоногтой байсан. Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч болон шүүгдэгч нарын хоорондын харилцааны асуудал байдаг. “Би 14 нас хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг байдаг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “охин хальс урагдаагүй. Гэхдээ бэлгийн харьцаанд орсон” гэсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зүгээс хохирогчийн биеийн байдал, өсөлт хөгжлийн байдалд дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хууль зүйн үндэслэлтэй дүгнэсний үндсэн дээр үнэлэх ёстой гэж заасан. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, цахим орчны хараа хяналтгүй байдал нөлөөлсөн байдаг. Мөн хохирогч урд нь бэлгийн харьцааны шинжтэй гэмт хэргийн хохирогчоор оролцож байсан нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокуророос уг зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд Баянгол дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг хянаж шалгах ажлыг хариуцан ажилладаг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч “энэ хүн ийм настай байна” гэх дүгнэлт гаргахаас биш “ийм настай байх боломжтой байна” гэх дүгнэлт гаргах боломжгүй талаар шинжээч мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээс гадна бусад нотлох баримтыг хууль зүйн үүднээс нэгтгэж дүгнэх эрх нь прокурор, мөрдөгч, шүүхэд оногдсон учраас нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлоор хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ныг 2022 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр АОС 3 дугаар гудамжны ойролцоо 08-52 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл дотор нэг удаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд нэг удаа, нийт 2 удаа тус тус бага насны Б.Штэй /13 нас 11 сар 5 хоногтой/ арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...хохирогч Б.Шийн биологийн болон сэтгэхүйн хөгжил, онцлог байдал, зан харьцаа, аливаа зүйлд хандах хандлага зэргийг салбар бүрийн тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээч нараар шинжлэх ухааны аргаар хийлгэж насны байдлыг тогтоолгох шаардлагатай байна. Энэ нь хохирогчийн насны талаар энгийн хүмүүс төөрөгдсөн ойлголт төрүүлэх нөхцөл байдал үүсч болох эсэхийг дүгнэж үзэхэд ач холбогдолтой юм. Яллагдагч Б.Нын холбогдсон эрүүгийн хэрэгт хохирогчийн насны байдлыг тогтоох нь түүний гэм буруугийн хэмжээнд нөлөөлөх онцгой ач холбогдолтой тул дээрх шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй хийлгэх нь зүйтэй. Хэдийгээр энэ талаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийх оролдлого гаргасан боловч зөвхөн асуулт, хариултаар хязгаарласан байгаа нь дээрх ажиллагааг дутуу хийсэн байна. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 13 нас 11 сар 5 хоногтой байсан хэдий ч гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хувийн байдлыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоосноор яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал холбогдолтой юм.

Иймд, яллагдагч Б.Нт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1329 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булган, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарт урьдчилан хэлэлцүүлэг товлох тухай шүүгчийн захирамжийг танилцуулаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдаан явуулсан байдлыг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1329 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ