Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/973

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

яллагдагч П.Б,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2213 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр П.Бад холбогдох 2206 00910 0935 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., 19.... оны ... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ..... дүүргийн ..... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

П.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 47 дугаар гудамжны 1041 тоотод оршин суух иргэн О.Пүрэвдоржийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг TCL загварын 55 инчийн зурагт, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.049.970 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ганцын задгай тоотод оршин суух хохирогч Б.Бадамгаравын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг” брэндийн хар өнгийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.354.140 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 47 дугаар гудамжны 1031/A/ тоот хашаанд байх хохирогч Д.Эрдэнэбаярын оршин суух байшингийн цонхоор орж, дотроос нь “Самсунг” брендийн 32 инчийн ЛСД зурагт, 22 шил “Харзтай” нэртэй архийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 475.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоот иргэн Т.Эрдэнэцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 220.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн задгайгийн 3 тоотод оршин суух хохирогч Л.Энхтамирын монголын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, дотроос нь Хитачи /Hitachi/ загварын 32 инчийн зурагт, хөөрөг 1 ширхэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 342.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжны 537 /Г/ тоотод хохирогч Б.Манлайбаатарын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, дотроос нь “Sharp” брэндийн 40 инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ганцын задгай тоотод оршин суух иргэн С.Болдбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоотод оршин суух иргэн Б.Цэцэгжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийн хаалганы цоожийг автерикаар эвдэн орж, хар өнгийн “Делл” загварын зөөврийн нөүтбүүк 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 275.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар өөр хэргүүдийг нэгтгэн шалгуулж шийдвэрлэх үүднээс яллах дүгнэлтийг хүлээн аваагүй болохоо тайлбарлаж хүсэлт гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд дараах ажиллагаануудыг хийх нь зүйтэй байна. Яллагдагч П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар өөр хэргүүд байх эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.31 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангах, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг сайтар тогтоох ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзлээ. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Боржигон овгийн Пүрэвийн Болдбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч П.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байтал шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан 4 асуудал нь мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа байх бөгөөд эдгээр 4 ажиллагааг гүйцэтгэх болсон шалтгааныг шүүх хэрхэн дүгнэж байгааг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж цуглуулсан эсэх, энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэхээс бус яллагдагчийн гэм буруутай эсэх талаар яллах болон өмгөөлөх талаас аливаа мэтгэлцээн явагдаагүй, хууль зүйн дүгнэлтийг аль ч талаас илэрхийлээгүй байхад шүүх нотлох баримтын агуулгад дүгнэлт хийж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/Ш3/2213 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч П.Б тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Би прокурорт “Баянзүрх дүүрэг болон зарим дүүрэгт холбогдсон хэргүүд байгаа. Тэдгээр хэргүүдээ нэгтгэж шалгуулмаар байна” гэх хүсэлтийг гаргасан. Мөн “Бичиг үсгийн боловсрол муутай, уншиж чадах ч бичиж чаддаггүй юм. Шүүхэд очсон үедээ томилолтын өмгөөлөгч авч болох болов уу” гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Быг нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч, бусдад нийт 6.766.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Яллагдагч П.Бад өөр хэргүүд байх эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох, ...яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангах, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг сайтар тогтоох ажиллагаануудыг хийх шаардлагатай байна. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Яллагдагч П.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Сонгинохайрхан дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1, нийт 10 удаагийн үйлдэл байгаа. ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шалгаж тодруулснаар хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Хуульчдын гүйцэтгэх үүргийн үндсэн зарчмууд”-ын 1-д “Шүүн таслах ажиллагаанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бөгөөд өөрийн хуульчгүй, хуульчийн үйл ажиллагааны хөлсийг төлөх хангалттай хөрөнгөгүй хүн бүр туршлага, эрх хэмжээ нь хэргийн шинж чанарт тохирох, үр нөлөөтэй хууль зүйн тусламжийг үнэ төлбөргүй хүртэх эрхтэй” гэсэн байна.

Шүүгдэгч П.Б нь 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч, бусдад нийт 6.766.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй байдал нь шүүх эрх мэдэл талуудын эрх тэгш байдлын үндсэн дээр хэрэгжих зарчимаас үүдэж байгаа төдийгүй, төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг нь төр засгаас иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж байгаагийн илэрхийлэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:” гэж, 1.3-д “монгол хэл, бичиг мэдэхгүй;” гэж тус тус заасан бөгөөд яллагдагч П.Бын боловсролын байдлыг тодруулж, түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах нь зүйтэй байна.

Иймд, яллагдагч П.Бад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2213 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2213 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ