| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/00150/И |
| Дугаар | 146/ШШ2024/00179 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2024/00179
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** ХХК-ийн байр, *** регистрийн дугаартай, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймаг *** сумын *** баг, *** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, **** холбогдох
“2,529,790 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч *** холбогдуулан 2,529,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч *** нэхэмжлэгч *** ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч “***” нэртэй дэлгүүр газраар дамжуулан зах зээлд зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2,529,790 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 31-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдэж баталгаажуулсан. Гэвч хариуцагч дээрх төлбөрийг төлж барагдуулалгүй манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Хариуцагч **** “Тооцоо нийлсэн актаар баталгаажсан” нийлүүлсэн барааны төлбөр болох 2,529,790 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч *** нь *** дэлгүүрийг түрээсээр 2020 онд ажиллуулсан байсан. Манайхаас 2,529,790 төгрөгийн бараа авсан боловч гэрээний хугацаа дуусахад мөнгөө өгөөгүй. Жил болгоны л хавар, намарт өгье. Идэш, самарны үеэр өгнө гэсээр өдийг хүрсэн. Иймд хариуцагчаас 2,529,790 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р хуудас/, *** ХХК-ийн *** олгосон итгэмжлэл /хх-ийн 3-р хуудас/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 4-р хуудас/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 5-р хуудас/, *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2,529,790 төгрөгийн бараа авсан боловч гэрээний хугацаа дуусахад мөнгөө өгөөгүй. Иймд хариуцагчаас 2,529,790 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч **** 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсаар нотлогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтан биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заажээ.
Хариуцагч *** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж,
Энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан баримтаар **** ХХК нь хариуцагч **** харилцан тохиролцож, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлттэй нөхцөлөөр худалдаж, хариуцагч зах зээлд борлуулдаг байсан нь 2023 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримт /хх-ийн 4/, 2022.01.01-2023.12.31-ний өдрийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 5/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
6. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул зээлээр худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** нийлүүлсэн барааны төлбөр 2,529,790 төгрөгийг шаардах эрхтэй.
8. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч **** 2,529,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 55,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 55,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **** 2,529,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 55,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 55,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН