Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2024/0005

 

 

     2024       06         19                                        115/ШШ2024/0005            

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц-ийн дүгнэлттэй, Нийгмийн даатгалын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Ц 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “…. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 0010229 дугаартай шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Т.Ганбаатар гэснийг “Х” ХХК гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын баталсан “2024 оны 13-07/07 тоот удирдамжийн хүрээнд Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй “Х” ХХК-д хяналт шалгалт хийхэд ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй зөрчлийг илрүүлж эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Тус зөрчилд НД-003 дугаартай хэрэг нээн шалгаж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0010229 дугаартай шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Тус шийтгэлийн хуудсанд иргэний нэрийг бичиж түүнд хуулийн этгээдэд оногдуулах ёстой торгуулийг оногдуулсан нь буруу байх тул шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Г гэснийг “Х” ХХК гэж өөрчлөлт оруулах талаар хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 дүгээр дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010229 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Г-т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эрх бүхий албан тушаалтны гаргасан дээрх шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлснийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц-аас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 0010229 дугаартай “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах тухай 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ОТГОНТУЯА