Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1670

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О- нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Х” ХХК-д 48 163 209 төгрөгийг төлөх болсон. Гэвч нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлтэй байсан учраас уг мөнгийг төлж чадаагүй байж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс барьцаанд байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр 14 тоот 25 м.кв талбай 2 өрөө орон сууцыг үнэ тохироогүй учраас үнэлгээ хийлгэсэн. Миний бие Ү-2202011161 улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр, 14 тоот, 25 м.кв 2 өрөө байрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 145 032 000 төгрөгийн 50 хувь болох 72 516 000 төгрөгөөр доод үнийг тогтоосон Шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 145 042 000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч нь үүнийг багаар үнэлсэн байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Дуудлага худалдаа нь эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлдэг. Уг байр нь хотын А зэрэглэлийн бүсэд байдаг бөгөөд супер засвар хийсэн, сан техникийн бүх тоноглолууд нь Итали улсаас ирүүлж хийсэн байхад бодит байдлаас багаар үнэлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дүгээр захирамжаар Д.О-аас 48 163 209 төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна. Төлбөр төлөгч Д.О- нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-2202011161 дугаартай 25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Д.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 145 032 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагүй” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, түүний аргачлалын талаар шүүхэд маргаж мэтгэлцсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг хэрэгжүүлээгүй болно.

Шинжээч үнэлгээ гаргахдаа харьцуулах объектыг оновчтой сонгоогүйгээс үнэлгээ бодиттой гаргаагүй тул шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан хариуцагч Д.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48 163 209 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   /хх14-16/

 

Хариуцагч Д.О- нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ГХ2019/00589 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх13/ Төлбөр төлөгч нь барьцааны зүйлийг битүүмжилж, хураасан ажиллагааны талаар маргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч маргажээ.

 

Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011161 дугаар бүртгэлтэй, 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгох тухай төлбөр авагч “Х” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх17-18/

 

Шинжээч тогтоолд заасан 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 145 032 000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/29868 тоот мэдэгдлээр мэдэгдсэнийг төлбөр төлөгч хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргасан тайландаа үнэлгээ хийсэн ажлын зарчим, аргачлалыг тодорхой зааж, зах зээлийн хандлага, зардлын хандлага, орлогын хандлагын аргыг хэрэглэж, олон улсын стандартад заасан аргаар үнэлсэн талаар дэлгэрэнгүй тусгасан, шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шинжээч орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ байрлалын болон чанар хийцийн итгэлцүүрийг ашиглаж, ижил төстэй байрлал, хийц, насжилт бүхий орон сууцны тухайн үеийн зарлагдсан үнийг харьцуулан тогтоосон байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн супер засвар хийгдсэн, италийн сантехникийн холболттой орон сууцыг доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ