Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1010

 

  Д.Бөд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

хохирогч Ч.Ганбат, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205 00495 1377 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......., 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш, эрх зүйч мэргэжилтэй, “....... ХХК-д .... ... ажилтай, ам бүл ....., ....ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дүгээр хороо, ..... байрны .... тоотод түр оршин суух хаягтай, /РД:......./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 1 сар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Д.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны 9 давхрын орцонд “иргэн Б.Золбоогоос хууль зүйн туслалцаа үзүүлэхээр авсан мөнгөө буцааж өгөхгүй, нэмж мөнгө авч миний нэрийг баасдлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогч Ч.Ганбаттай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж биед нь халдсаны улмаас хохирогчийн биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... овгийн Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөөс 1.223.950 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ганбат /ЕЙ68031803/-д олгож, хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хохирогч Ч.Ганбат шүүхэд хуурамч эмчлүүлсэн гэх баримт гарган өгч 1.223.950 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хөнгөн гэмтэлд уг үйл явдал өнгөрсний дараа ардын уламжлалт эмчилгээ, массаж хийлгүүлсэн нь миний төлөх хохирол биш юм. Гурван сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй. Миний бие өөрийн ажлаар хөдөө байнга явдаг, хүү Б.Тэмүүлэн нь Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт явдаг. Өөрийн компанийн оффис Чингэлтэй дүүрэгт байдаг тул би хүүхдээ асарч халамжлах эрхтэй болно. Мөн ажил хийж амьдрах ч эрхтэй. Иймд надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хохирогч Ч.Ганбат нар нь Увс аймгийн өмгөөлөгч Н.Нарантуяаг шүүгч болгож өгнө гэж 30 сая төгрөг залилж авсан бөгөөд энэ хэрэгтээ Увс аймгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа. Ч.Ганбат нь шүүгч хахууль нэхэж байна гэж удаа дараа дөрвөн удаа хүмүүсээс мөнгө залилан авч тус хэргээрээ одоо Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст яллагдагчаар татагдаж шүүх рүү шилжсэн. Энэ 2 этгээдүүд нь шүүхийн нэр хүндэд халдаж залилан хийж байгаа этгээдүүд мөн болно. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

Хохирогч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Бөөс гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Хохирогч Ч.Ганбат шүүхэд хуурамч эмчлүүлсэн гэх баримт гарган өгч 1.223.950 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн байсан. Энэ нь миний анх эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн бичгээр үгүйсгэгдэнэ. Уламжлалт эмчилгээ хийлгэсэн үндэслэл нь тархи хавантай байсан тул бариа заслын эмнэлэгт эмчлүүлсэн. Тэр нь хавтас хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогддог. Мөн намайг яллагдагчаар татагдсан гэж бичсэн байсан. Би ямар нэгэн хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд зүйл ангийг хүндрүүлэх саналтай мэтгэлцэж оролцсон боловч шүүх хүлээж авалгүй шүүгдэгч Д.Бөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Үүнтэй холбоотой асуудлыг манай өмгөөлөгч тайлбарлана.” гэв.

Хохирогч Ч.Ганбатын өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянана. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн зүгээс дан ганц хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдээгүй, дахиад өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаагүй гэж үзсэн. Уг гэмт хэрэг 1 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Хохирогч 3 дугаар сарын 31-ний өдөр “ийм, ийм ажиллагааг хийж өгнө үү” гэх гомдол гаргасан. 4 дүгээр сарын 7-ны өдөр хариу өгсөн. Хариу ирэхэд 4 дүгээр сарын 2, 3-ны өдөр холбогдох хүмүүсээс тайлбар авсан байдаг. Тайлбарыг авахдаа хохирогчийн хүсэлтэд дурдсан шиг ажиллагааг хийгээгүй. Энэ үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг юм шиг харагддаг атлаа хохирогчийг айлгах, заналхийлэх санаа зорилго цаана нь байдаг. Энэ байдлыг шалгаж тогтоолгох хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн харагддаг. Хохирогч Ч.Ганбатын хүүхдийг айлгаж дарамталсан асуудал байдаг. Өмгөөллийн хөлсний асуудал яригдаж маргаж байгаа юм шиг боловч цаад зорилго нь айлган, сүрдүүлэх үйлдэл харагддаг. Энэ байдлыг шалгаж тогтоож өгнө үү гэх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч хүлээж аваагүй. Дараа нь өмгөөлөгч миний нэр хүндэд халдсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б энэ хэргийн талаараа ярих ёстой байтал миний нэр хүндийн талаар ярьсан. Миний дүүгийн талаар ярьсан. Үндэслэлгүй зүйлийг маш их ярьдаг. Анхан шатны шүүгч миний яриаг тасалсан атлаа нөгөө тал буюу шүүгдэгчийг яриулаад байдаг. Прокурор хуульд заасан журмын дагуу ажиллагаагаа хийсэнгүй. Дээрх асуудлуудад дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд нь тохирсон. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт хариу тайлбар хэлье. Шүүгдэгч Д.Б нь иргэн Золбоогоос хууль зүйн туслалцаа үзүүлэхээр авсан мөнгөө буцааж өгөхгүй, нэмж мөнгө авч миний нэрийг баастлаа гэх шалтгаанаар хохирогчийн гэрт очиж маргалдах явцдаа гэнэт бий болсон санаа сэдлийн улмаас хохирогч Ч.Ганбатын бие махбодид нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд зааснаар хохирогчийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Б нь Золбоо, Пүрэв нарт зээлдүүлсэн мөнгөө нэхэхэд “Ч.Ганбат өмгөөлөгчөөс очиж ав, та хоёр нийлж 9.600.000 төгрөгийг бид нараас авлаа” гэхэд Д.Б нь нүүрэлдэх зорилгоор хохирогч Ч.Ганбатын гэрт очсон үйл баримт тогтоогдсон ба хохирогч түүний өмгөөлөгч нарын хэлсэнээр заналхийлэх зорилгоор очсон болох нь нотлогдоогүй. Хохирогч Ч.Ганбат нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад “2022 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө манай гэрт ирсэн нэр бүхий хүмүүс ямар санаа зорилготой ирсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулан шалгуулах, мөн дээрх хүмүүсийг цагдан хорьж, Золбоо, Батмөнх, Пүрэв нараас мэдүүлэг авах ажиллагаанд прокурорыг хяналт тавьж оролцуулах” гэсэн хүсэлтээ гаргасан. Гэрч Золбоо, Пүрэв нар нь хохирогч, яллагдагчийн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн гэж дүгнээд өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хэргийн оролцогч нараас хуульд заасны дагуу дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг хохирогчид гардуулж, хохирогчийн гомдол гаргах эрхийг хангаж ажилласан. Иймд шүүгдэгч Д.Бөөс гаргасан гомдол болон хохирогч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Д.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны 9 давхрын орцонд “иргэн Б.Золбоогоос хууль зүйн туслалцаа үзүүлэхээр авсан мөнгөө буцааж өгөхгүй, нэмж мөнгө авч миний нэрийг баасдлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогч Ч.Ганбаттай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж биед нь халдсаны улмаас хохирогчийн биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Ч.Ганбатын “...Батмөнх нь цохих үед миний хажууд Энхпүрэв байсан, Золбоо болохоор яг өөдөөс гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Намайг Батмөнх цохиж унагах үед газраас Энхпүрэв намайг татаж босгосон. ...Залилагч, луйварчин авгай гэж хараалын үг хэрэглээд байхаар нь “чи саяхан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгөн торгуулийн шийтгэл авсан байна лээ” гэж хэлтэл миний нүүр хэсэгт цохиод авсан. Батмөнх намайг үсдэж аваад эхлээд миний баруун талын шанаа орчим хоёроос гурван удаа, зүүн тал руу нэг удаа цохисон. Мөн миний үснээс зулгааж зодсон. Батмөнхтэй хамт ирсэн хүмүүс намайг зодсон зүйл байхгүй. Батмөнх бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын болон өс хонзонгийн асуудал байхгүй. ...” /хх 37-39/,

шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ганбатыг цохиж зодсон нь үнэн. ...Тэгтэл Ганбат нь над руу шууд дайраад намайг өшиглөөд тэгэхээр нь миний уур хүрээд Ганбатыг түлхэж унагаад, мөн үснээс нь зулгаагаад цохисон. ...” /хх 82-84/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Золбоогийн “...Батмөнх нь Ганбатад хандан “чи энэ хүмүүсээс авсан мөнгөө өг, чи надтай ярихдаа юу гэж хэллээ” гэж хэлэхэд нөгөөх нь “чиний наад амнаас болдог шүү, би аваагүй” гэх мэтээр тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ Батмөнх нь Ганбатыг түлхчихсэн чинь Ганбат газарт унасан ба эргэж босож ирээд Батмөнхийн салтаа руу нэг удаа өшиглөсөн. Ингээд тэр хоёр зууралдаад Батмөнх нь Ганбатыг үсдээд, өшиглөөд, цохиод зууралдаад байсан. Энэ үед ээж бид хоёр тэр хоёрын дундуур орж салгасан. ...” /хх 42-43/,

гэрч Б.Энхпүрэвийн “...Ингээд Ганбатын гэрт очоод уулзахад Батмөнх Ганбатад хандан “чи энэ хүмүүсээс авсан мөнгө төгрөгөө өгөөч” гэж хэлтэл Ганбат хариуд нь “чимээгүй байхгүй яасан юм, хохино би аваагүй” гэж өөдөөс цааргалж эхэлтэл Батмөнх уурлаж, тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ хэрүүл нь ширүүсч Батмөнх эхлээд Ганбатыг түлхэж нүүр хэсэг рүү нь нэг билүү хоёр удаа цохиж газарт унагасан. Тэгтэл Ганбат босож ирээд Батмөнхийн салтаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зууралдаад Батмөнх Ганбатыг үсдээд байхаар нь охин бид хоёр салгаад Батмөнхийг аваад гадагш гарсан. ...” /хх 46-47/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2305 дугаартай “...Ч.Ганбатын биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 68-70/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Д.Б “...Миний бие өөрийн ажлаар хөдөө байнга явдаг, хүү Б.Тэмүүлэн нь Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт явдаг. Өөрийн компанийн оффис Чингэлтэй дүүрэгт байдаг тул би хүүхдээ асарч халамжлах эрхтэй болно. Мөн ажил хийж амьдрах ч эрхтэй. Иймд надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тэрээр байнга оршин суух хаягаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо гэж мэдүүлж ирсэн бөгөөд хавтаст хэрэгт Д.Бийг өөрийн ажлаар хөдөө байнга явдаг, хүү Б.Тэмүүлэн нь Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт явдаг, түүний ажлын компанийн оффис Чингэлтэй дүүрэгт байдаг гэх хувийн байдалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бөд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Д.Бийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтайг харгалзан Д.Бийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бөд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 3 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх хүрээ хязгаарыг өөрчлүүлэх талаар хүсэлтээ зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул хохирогч Ч.Ганбатын эмчилгээ, оношлогоо, эм тарианы зардалд нийт 1.223.950 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй ба анхан шатны шүүх гэм буруутай этгээдээс гаргаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шүүгдэгч Д.Б нь урд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд энэ ял биелэгдсэн эсэх талаар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу болохыг дурдав.

Иймд шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Б-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 3 /гурав/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Д.Бийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 3 /гурав/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ