Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/03430

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20

181/ШШ2024/03430

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд оршин байх, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас Банк ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Хаслизинг ХХК-ийг ХасБанк ХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу хоёр хуулийн этгээдийг нэгтгэснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэл хийлгэснээр Хас Лизинг ХХК-ийн бүх эрх, үүрэг, хариуцлага Хас Банк ХК-д хуулийн дагуу шилжсэн тул Хас Лизинг ХХК-ийн эрхийн дагуу манайх дараах нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь Хас Лизинг ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40000920 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 1 ширхэг Jeep Wrangler Rubicon маркийн ****** улсын дугаартай, 1C4HJXFN5KW653757 арлын дугаартай автомашиныг 87 сарын хугацаатай түрээсэлсэн. Гэвч түрээслэгч *******д удаа дараа утсаар болон албан бичгээр шаардаж сануулсаар байхад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн нийт 6 удаа дараалан төлбөрөө төлөхгүй үүргийн ноцтой зөрчил гаргасан. Ийнхүү түрээслэгч гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д "хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах" эрхтэй, 16 дугаар зүйлийн 16.1-д "Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж, Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-д Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно: 294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар" гэж тус тус заасны дагуу Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээг нөгөө талын буруутай үйлдлийн улмаас нэг талын санаачилгаар цуцалснаас үүссэн хохирлоо нэхэмжлэх үндэслэл үүссэн.

Бид хариуцагчтай холбогдон үүргийн зөрчлөө арилгахыг шаардахаар түүний гэрээ байгуулах үед манайд бүртгүүлсэн дараах хаягуудаар шуудангаар мэдэгдэх шаардах хуудас илгээхэд хаягт тийм хүн байхгүй, шилжсэн гэх шалтгаанаар буцаж ирсэн бөгөөд хариуцсан мэргэжилтэн бүх хаягуудаар очиход тус байруудаа бусдад худалдаад 1 жил гаран болсон, утас нь байнга холбогдохгүй, эсхүл утсаа авахгүй, яаралтай үед холбоо барих этгээд болох эхнэр О.Уянгатай нь холбогдоход гэрлэлтээ цуцлуулсан ямар ч мэдээлэл байхгүй гээд хариуцагчтай холбогдож чадахгүй байна. Гэрийн хаяг: Баянзүрх дүүргийн ****-р хороо **** хэсэг сургуулийн гудамж, ***** тоот Шуудан илгээхэд "тус хаягт ийм хүн байхгүй" гээд буцаж ирсэн; Бизнесийн хаяг: Баянзүрх дүүргийн ****-р хороо Кристал Таун ****** тоот - шуудан илгээхэд "Нүүсэн шилжсэн" гээд буцаж ирсэн; Бусад: Хан-Уул *****-р хороо Романа Резиденс ****** хариуцсан мэргэжилтэн нь хаягаар очиход гэрлэлтээ цуцлуулсан эхнэрийнх нь ажлын хаяг байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан гээд хүлээж аваагүй. Бид хайсаар түүнтэй холбогдон одоо амьдарч байгаа хаяг нь хэмээн заалгаж Хан-Уул дүүргийн *****-р хороо, Чандмань вилла, ****-р байр **** тоот /хамгийн захын эхний байр/-д очиж уулзсан ч төлбөрөө төлөхгүй, түрээсийн хөрөнгийг буцааж өгөхгүй гэж маргаан үүсгэж, эвлэрэх боломжгүй байсан тул тус хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх шүүхийн мэдэгдэх хуудас хариуцагч хаягт байхгүй шалтгаанаар удаа дараа буцаж, шүүгчийн туслах утсаар холбогдоход утас нь холбогдох боломжгүй эсхүл утсаа авахгүй байсаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаартай захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү бид хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандахад хариуцагчийн оршин суугаа газар олдохгүй, хариуцагчтай холбогдож чадахгүй байгаа тул хариуцагч С овогтой Г***ын О**** /РД:СЩ******, утасны дугаар ************/-ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******той 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №*********** дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж *******ыг үзэх үндэслэл хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

******* ХХК-иас *******ын оршин суугаа хаяг гэж тодорхойлон Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Романа Резиденс ***** тоот хаягаар шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ************ дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ...дээрх хаяг тус хооронд байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч *******ын амьдарч байсан гэх Хан-Уул дүүрэг, *****дүгээр хороо, Чандмань вилла, **** дүгээр байр, ***** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ...тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолт, шуудан хүргэгчийн хаягаар шалгасан ...хаягт ийм хүн байхгүй гэх магадлагаа,

-түүний гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, **** дүгээр хэсэг, С*********ийн гудамж, ***** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ...дээрх хаяг тус хороонд байхгүй гэх Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа,

-өмчлөлд бүртгэлтэй гэх Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ********дугаар байр, ******** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ...тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн хаягаар шалгасан ...хаягт газар ийм хүн байхгүй гэх магадлагаа,

-Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж, ****** тоот байр, ******** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ...тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн хаягаар шалгасан ...хаягт газар ийм хүн байхгүй гэх магадлагаа зэрэг баримтууд авагджээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч болох *******ын оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул *******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С******* овогт Г*********ын О****** /РД:СЩ*************/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд СС******* овогт Г*********ын О****** /РД:СЩ*************/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, холбоо барих утас:***********/ талд мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ