Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0301/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Хохирогч  Мө-,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Цэнд-Аюушийн Б-д холбогдох 1718001780109 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн Б-,  урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэснийг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, -----регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын хөтөл гэх газар орон нутгийн зам дээр 28-32ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчиж улсын дугааргүй Ямаха загварын мотоциклыг мөргөж Э.Бямбабаяр, Мө- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 9 сарын 11-ний өглөө 09 цагийн үед ажлаасаа эхнэр болон ажлын газрынхантайгаа Дархан орохоор өөрийн эзэмшлийн 2832 ДАР улсын дугаар “Сonata-7” маркийн машинтай явж байгаад Хар морьтын хөтөлд мотоциклтой явж байсан 2 залуутай мөргөлдсөн. Хар морьтын хөтөл гэх газар би тэр мотоциклтой явж байсан 2 залууг гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж байх явцад хажуу талаас наагаад ороод ирсэн. Мотоциклтой явж байсан залуус гэнэт л хажуу тийшээ дарчихсан. Би 80 км цагийн хурдтай явж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

   Хохирогч Э.Бямбабаярын мөрдөн байцаалтад өгсөн:

...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө манай найз Мөнхтөр Улаанбаатар хотоос манай гэрт буюу Орхон суманд ирээд аавын Ямаха мотоциклыг би жолоодоод Мөнхтөр миний ард суугаад Орхон сумаас Энхталд очиж өвсний бухал хийхээр явж байсан. Тэгээд Хар морьтын хөтөл орох гэж явахдаа замын урагш зүүн гар тал руу салах гээд дохио өгчихсөн явж байхдаа Мөнхтөр эргэж хараад араас машин хол байна гэхээр нь эргээд замын голын цагаан зураас даваад явж байтал араас машин мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдсэн чинь Дарханы Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан. Миний зүүн хөл хугарсан, дух шалбарсан, толгой хагарсан, бүсэлхийний хойд хажууд шалбарсан, баруун гар, баруун зүүн өвдөг шалбарсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

   Хохирогч Мө-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   ...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө би найз Бямбабаярын Орхон суманд гэрт нь очсон. Бид хоёр мотоциклтой өвс бухалдах гээд Энхтал чиглэлд Бямбабаяр мотоцикл жолоодоод явсан. Тэгж явахдаа замаараа найзынхаа гэрээр орж Нортер машин асууна гээд Хар морьтын хөтөлийн орчим засмал замаар явж байхдаа урагшаа эргэнэ гээд Бямбабаяр намайг машин ардаас ирж байна уу хар гэхээр нь намайг эргээд харахад нэг машин зайтай ирж байсан. Тэгээд зүүн тал руу дохио өгөөд эргээд орж байсан чинь араас нэг машин ирээд бид хоёрын мотоциклыг мөргөчихсөн. Ухаан балартаад юу болсныг мэдэхгүй байсан. Нэг мэдсэн зам дээр хэвтэж байсан босож ирээд Бямбабаярыг харахад ухаан алдсан байдалтай замын урд хэсэгт нь хэвтэж байсан. Миний толгой хагарсан, чихний ард оёдол тавиулсан, хөл хугарч, нуруу зулгарсан, хоёр тохой, хоёр шанаа, дух, хоёр хөлийн өвдөг, гарын сарвуу зулгарсан. Шүүгдэгчээс эмчилгээний зардалд 270 000 төгрөг авсан. Цаашид намайг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул эмчилгээ хийлгэсний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

   Гэрч З.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

   ...2017 оны 09-р сарын 11-ний өдөр Болд төмрийн Ерөө гол уурхайгаас
Дархан-Уул аймагт байрлах гэрлүүгээ нөхөр Б-, хамт ажилдаг Мөнхзул
Чөдөрөө, Ванчиндорж нарын хамтаар би урд нь суугаад манай нөхөр өөрийн
эзэмшлийн 2832 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг
жолоодоод Орхон сумын салдаг өнгөрөөд Хар морьтын хөтөл рүү өгсөх
гээд явж байсан. Тухайн үед би унтаж явсан. Гэнэт манай машин юм мөргөөд намайг сэрэхэд машин замын хойд талд гарчихсан, нэг мотоцикл хажуугаараа уначихсан, хоёр хүүхэд газар хэвтэж байсан. Тэгээд нэг хүүхэд нь босож ирээд мотоциклоо босгоод цагдаа битгий дуудаарай гээд байсан. Би эмнэлэг дуудсан. Дарханы эмнэлэг тэр хоёр хүүхдийг аваад явсан гэх мэдүүлэг /хх 28/,

 

            Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ослын дүгнэлт:

 

            “1.2832 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Аюушийн Б-, улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклын жолооч Энхтөрийн Бямбабаяр нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2832 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Аюушийн Б- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ             авна", мөн дүрмийн 9.3. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино" мөн дүрмийн 10.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: в/ урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн зсэхийг мэдсэний дараа гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж гуйцэтгэнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Харин улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклын жолооч Энхтөрийн Бямбабаяр нь МУ-ын ЗХДүрмийн 2.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх, б/.тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй явна", мөн дүрмийн 2.3. "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в./ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй" гэсэн заалтуудыг  тус тс зөрчсөн.

            2.Осол гарахад 2832 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Аюушийн Б- нь дүрмийн 9.3. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалт болон мөн дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

            3.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно." гэжээ /хх 30/,

 

            Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт:

 

            1.Э.Бямбабаярын жолоодож явсан Яамаха маркийн тээврийн хэрэгсэл нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS459852011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

            2.Техникийн хувьд бүрэн, эд ангийн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.         

            3.Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд эвдрэлгүй бүрэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.   

            4.Энхтөрийн Бямбаярын жолоодож явсан Яамаха маркийн тээврийн хэрэгсэлд хойд талын дугуйны обудь цууралттай, амортизатор гулзайсан, утааны яндан хонхойсон зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Дээрх эд ангиуд н осол гарахаас өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. Зураг № 01-04 гэжээ /хх 44-45/,

 

            Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт:

 

            1.Б- жолоодож явсан Соната-7 маркийн 2832 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн техник оношилгооны салбарт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр техник оношилгоонд орсон №12563 дугаарын техник хяналтын дүгнэлтийн хуудас, автомашин дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. 2.Техникийн хувьд бүрэн, эд ангийн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

            3.Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд эвдрэлгүй бүрэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.  

            4.Б- жолоодож явсан Соната-7 маркийн 2832 ДАР улсын дугаартай автомашины баруун гар талын гэрэл дохио, урд гупер хагарсан, крыло тахийсан, хөргөлтийн шингэний радиотор гуурс ханзарсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Дээрх эд ангиуд нь осол гарахаас өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас № 12563 /12.1/ зураг № 01-04 гэжээ /хх 51-52/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 918 дугаар дүгнэлт:

 

1.Э.Бямбабаярын биед зүүн тахилзуур ясны доод 1/3-н битүү зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, тархи няцрал хөнгөн зэрэг, хатуу хальсан доорх цус хуралт, дагзны шарх, дух, зүүн шанаа, хацар, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвууны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь зам хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр цохигдох, доргих үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх 36/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 919 дугаар дүгнэлт:

 

 1.Мө-ийн биед зүүн хавчаар ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйх, чихний шарх, баруун шанаа, зүүн хацар, бүсэлхий нуруу, зүүн тохой, баруун, зүүн шуу, сарвуу, зүүн гуяны зулгаралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр цохигдох, доргих үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 40/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, "Бан хас" ХХК-наас ирүүлсэн эд зүйлийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх 60-61/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 79-104, 121-126/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 127-128/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын хөтөл гэх газар орон нутгийн зам дээр 28-32ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ         авна", мөн дүрмийн 9.3. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино" мөн дүрмийн 10.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: в/ урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн зсэхийг мэдсэний дараа гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж гүйцэтгэнэ" дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклын жолооч Энхтөрийн Бямбабаярыг дайрч хохирогч Э.Бямбабаярын эрүүл мэндэд "зүүн тахилзуур ясны доод 1/3-н битүү зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, тархи няцрал хөнгөн зэрэг, хатуу хальсан доорх цус хуралт, дагзны шарх, дух, зүүн шанаа, хацар, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвууны зулгаралт" бүхий хүндэвтэр гэмтэл, Э.Бямбабаярын мотоциклын ард сууж явсан хохирогч Мө-ийн эрүүл мэндэд "зүүн хавчаар ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйх, чихний шарх, баруун шанаа, зүүн хацар, бүсэлхий нуруу, зүүн тохой, баруун, зүүн шуу, сарвуу, зүүн гуяны зулгаралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч З.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 28/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ослын дүгнэлт /хх 30/, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх 44-45/, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх 51-52/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 918 дугаар дүгнэлт /хх 36/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 919 дугаар дүгнэлт /хх 40/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, "Бан хас" ХХК-наас ирүүлсэн эд зүйлийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх 60-61/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 79-104, 121-126/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Мө- нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд нотлох баримтаар 261 205 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчээс 270 000 төгрөг авсан, хохирогч Э.Бямбабаяр нотлох баримтаар 482 400 төгрөг нэхэмжилснээс 560 000 төгрөг авсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх бөгөөд хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

               Шүүгдэгч Б- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэгдэж, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 127-128/ зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б- нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэгдсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, хянан харгалзсан этгээдийн тэнссэн хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дүйцүүлэн хасах талаар тухайлан зохицуулаагүй.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т "хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно", 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т "торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг", хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т "шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж заасныг баримтлан шүүгдэгч Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Цэнд-Аюушийн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солисон 30 хоногийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 3 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ