Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1011

 

Д.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлоор Д.Тт холбогдох 2209 00000 1203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ....ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ...., ... дугаар байрны 1..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Д.Т нь 2022 оны 6 дугаар сарын 1ий өдрийн 04:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд иргэн С.Майцэцэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсэгт зааснаар “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...” үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, С.Майцэцэг нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Д.Тээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/855 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж, өөртөө дүгнэлт хийж, өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг сонгож оногдуулах ялтай. Д.Т нь 2010 оноос “Улаанбаатар Төмөр Замын Улаанбаатар татах хэсэг”-т ашиглалтын цехийн инженер-тууз орчуулагчаар ажиллаж байх хугацаандаа жил бүр эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгт хамрагддаг байсан ба энэ үзлэгээр элэгний хатуурал В, Д вирустэй болохыг тодорхойлж байсан байна. Элэгний хатуурлаас болж ядарч сульдах, цустай бөөлжих, булчин хүчтэй шархирч өвдөх шинж илрэх болсон тул цаашид мэргэжлээрээ биеийн хүчний ажил хийх боломжгүй болсон тул 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарах хүсэлт гаргаж хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Эмчийн байнгын хяналтад байдаг ба элэгний хатуурал оношны заалтаар биеийн хүчний ажил хийхийг хориглосон. Одоо Д.Т нь “Бумба насан” ХХК-д сарын нэг сая төгрөгийн цалинтай өөрийн эрүүл мэндэд тохирсон оффис менежерийн ажил эрхэлж байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Тт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг торгох ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.Т нь 2022 оны 6 дугаар сарын 1ий өдрийн 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд иргэн С.Майцэцэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Майцэцэгийн “...2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө үүрийн 04:05 цагийн орчимд нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай зочид буудалд орж ирсэн. Тухайн үед эмэгтэй нь цааш гарах гээд байхад эрэгтэй нь араас нь түлхээд дотогшоо оруулах гээд байсан. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрэгтэй нь надаас сул өрөө байгаа эсэхийг асуухад би “байгаа та хэдүүлээ явж байгаа юм бэ” гэхэд тэр эрэгтэй “чамд ямар хамаатай юм бэ, тэнэг янхан минь, балай пизда минь” гэж хэл амаар доромжилсон. Ингээд надтай муухай харьцаад, авирлаад байхаар нь би “танд үйлчлэхгүй ээ, өөр буудлаар үйлчлүүлнэ үү” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй “би гарахгүй, би үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч бол хаан, чи надад үйлчлэх ёстой мангар бацаан минь” гэж хашхирч намайг хэл амаар доромжилсон. ...Тэгээд би тек дээр байсан дэвтрийг тэр эрэгтэй рүү шидсэн. Гэтэл тэр эрэгтэй уурлаж текний арын хэсэг рүү хүчээр орж ирээд намайг алгадаж, үснээс зулгааж, доош дарж, үсийг лав барьж гараа ороогоод тавихгүй чангалаад байсан. Толгой дээрээс минь дарчихаад миний гэдэс, хөл хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Толгой руу маш их цохисон. ...” /хх 22-23, 27/,

шүүгдэгч Д.Тийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 42-43/,

гэрч М.Алтайгийн “...2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө 04:00 цагийн үед манай найз охин Майцэцэгийн ажлын хүн нь над руу залгаж “Майцэцэг эгчийг нэг согтуу хүн зодчихлоо, та ажил дээр хүрээд ирэх үү” гэсэн. Тэгээд би босоод ажил руу нь 05:00 цагийн үед очсон. “Топаз” зочид буудал руу ороход ажлынхан захирал, ажилтнууд байсан. Тэгээд Майцэцэгийг зодсон гэх улаан өнгийн фудволктой залуу сууж байсан. ...” /хх 29/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний дээд зовхинд цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 46-48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7988 дугаартай “...С.Майцэцэгийн биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний дээд зовхинд цус харвалт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн гуяны дунд хэсгийн цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. ...” /хх 33-34/ гэх дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Д.Т шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж хохирогч С.Майцэцэгийг алгадаж, үснээс нь зулгаах зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдханд “...Д.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй. ...Эмчийн байнгын хяналтад байдаг ба элэгний хатуурал оношны заалтаар биеийн хүчний ажил хийхийг хориглосон бөгөөд шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн байдалд нийцсэн оффисын ажил хийж байгаа. ...Сарын 1 сая төгрөгийн цалинтай. ...Иймд шүүгдэгч Д.Тийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Д.Т нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ        

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ