| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2024/0009/З |
| Дугаар | 115/ШШ2024/0006 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 115/ШШ2024/0006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн дүгнэлттэй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн материалыг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын прокурор Т 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0725176 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт 1-д У гэснийг “Д” ХХК-ийн, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д холбогдогч “Д” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0725176 дугаартай шийтгэлийн хуудсаар У-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бичсэн 14 дүгээр дүгнэлтэд дурдсаны дагуу 0725176 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт У-ийн үйлдэл гэж бичсэн, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д хэнд Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл хэсэгт зааснаар оногдуулж байгаа шийтгэлийн төрөл хэсгийг бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт У-т гэснийг “Д” ХХК-ийн, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д “Холбогдогч “Д” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0725176 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар У-т Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эрх бүхий албан тушаалтны гаргасан дээрх шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 0010229 дугаартай “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э-гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА