Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/03426

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20

181/ШШ2024/03426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол /****/, Сөүлийн гудамжны ***дүгээр барилгын *** давхарт оршин байх, Б.И.Д ББСБ ХХК /РД:5013348/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Мыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.М нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №12000700323 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ***** улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн авто машиныг барьцаалж тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 18,000,000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Д.М нь зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс ББСБ-ын зүгээс барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан авч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч биелүүлээгүй. Иймд Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13,300,000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч барьцааг худалдсан дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрээгүй болно. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байгаа тул тус ББСБ-ын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний үнэмлэхний хаягаар хандсан боловч бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №**************тоот захирамж гарсан байна.

Иймд хариуцагч Д.М одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Мыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Д.Мыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК нь Д.Мтай 2022.05.31-ний өдөр №********* дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн №*********** дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан ба зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Д.Мыг үзэх үндэслэлтэй байна.

Д.М нь Сонгинохайрхан дүүрэг, ****** дугаар хороо, Баянтуруун ***** дугаар гудамж, **** тоот хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн **********дугаартай захирамжаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК нь хариуцагч Д.Мын оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Д.Мыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д***********ийн М**********т /РД:ДИ*************/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д***********ийн М**********т /РД:ДИ*************/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболд, Ц.Анхзаяа холбоо барих утас:*******, ************/ талд мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ