Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1012

 

 

      2022         10           20                                         2022/ДШМ/1012

 

М.Б, Г.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б, Г.Э нарт холбогдох 2102 00000 0338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....., 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ...... нарын хамт .... дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар хороолол, ...ны ... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

2. ......, 19... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ....., ..... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ....., эхийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Г.Э нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

2021 оны 10 дугаар сарын дунд үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 3 гудамж 362 тоотод оршин суух М.Бд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 65 дугаар байрны 16 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.Б нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол замчид гудамж 14 дүгээр байр 2 тоотод оршин суух хаягтай Г.Эгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан 51-90 УАА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Э, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч ......г хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .....г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Бийг, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Эг тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 32,4451 грамм, 7,7355 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг гааз, бор өнгийн гаанс зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хүчингүй болгож, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1999 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Миний ээж Ариунзул нь түрээсийн дэлгүүр ажиллуулдаг. Би таксинд явж, заримдаа ээжийн түрээсэлдэг дэлгүүрт ажилладаг бөгөөд 2015 оноос хойш ээжийн хамт түрээсийн байранд амьдарч байгаа юм. Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/1222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэн. Би сэтгэцийн эрүүл мэндийн шинжээчдийн дүгнэлтээр “Сэтгэцэд нөлөөлөх эм, бодисоос хамааралтай гэх илэрцгүй” гэсэн дүгнэлттэй гарсан бөгөөд тохиолдлын чанартай нэгээс хоёр удаа л хэрэглэж үзсэн юм. Миний бие өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болно. Мөн тухайн үед бусдад уруу татагдан тохиолдлын чанартай нэгээс хоёр удаа л тус хорт зүйлийг хэрэглэж үзсэн бөгөөд буруу зүйлд сонирхол төрж, хэрэглэж улмаар яллагдан шийтгэгдэж байгаадаа маш их гэмшин, өөрийн алдаа дутагдлыг ойлгож, ухамсарлаж байна. Би дахин мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл огт хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. Та бүхэн миний энэ гомдлыг хүлээн авч, хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байгааг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож, үлдсэн ялын хугацааг минь тэнсэн, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эрх чөлөөт, эрүүл зөв амьдрах боломжийг надад олгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт бөөрний түүдгэнцэр архаг үрэвсэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Миний эрүүл мэндийн байдал муу байна. Би эхтэйгээ, хойд эцэгтэйгээ, дүүтэйгээ дөрвүүлээ түрээсийн байранд амьдардаг. Эх маань нурууны өвчтэй, банкинд өртэй. Миний бие бөөрний түүдгэнцэр архаг үрэвсэл, улаан эс, цагаан эс, уургаа алддаг өвчтэй, 50 хувийн группэд байдаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, алдаа дутагдлаа ойлгож, гэм буруугаа чин үнэнээсээ хүлээж байна. Би хурдан хорих ангиас гарч, ажил хийж, ээжийн сайн хүү болж, шинэ хүн болмоор байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмнө нь 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан алдаа зөрчлийг Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/449 дугаартай магадлалд заасан /тодорхойлох хэсэгт заасан/ “...Шүүх аливаа хэрэг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, хуулийг чанд мөрдөгдсөн эсэх, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх, хэргийн бүх үйл ажиллагааг хянах...” зэрэг үүрэгтэйг заасан. Анхан шатны шүүх гаргасан алдаагаа зөвтгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх байсан боловч дахин алдаа гаргаж хууль буруу тайлбарлаж хэрэглэлээ. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /18 хуудас/ “...мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан байх бөгөөд мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар ажиллагааг хүчинтэйд тооцуулах процесс явагдаж прокурор хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүйгээр үндэслэл бүхий тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна” гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтан дотор /ху058/ прокурорын тогтоол 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дугаар 155 байна. Энэ тогтоол дээр хүлээн авсан өдөр, цаг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний 10:30 минут гэсэн байна. Энэ хугацаанаас 24 цагийг тоолбол 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:30 цагт дуусч байна. Гэтэл прокурор энэ хугацаанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 31, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл бүтэн 48 цаг өнгөрсөн буюу нийт 72 цагийн дараа тогтоол үйлдсэн байна. Прокурор үүнийгээ анхан шатны шүүх хурал дээр амралтын өдөр таарсан тул дараагийн ажлын өдөр тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Хэрэв прокурор ажил, амралтын өдөр гэж цаг хугацааг авч үзэж байгаа бол хуульд заасан 24 цагаа баримталбал 2021 оны 10 дугаар сарын 29-ний ажлын өдрөө тогтоолоо гаргах боломжтой байсан. Хуульд цагаар хугацааг тоолж байгаа тул амралтын цаг гэж тоолохгүй юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 3-т “Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна” гэж заажээ. Иймээс прокурор өөрийгөө зөвтгөх үндэслэлгүй байна. Шүүх үүнийг хууль зөрчөөгүй байна гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хуулийг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул энэ зүйлийн 2-т заасны дагуу “...гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу прокурор, шүүгч нарт хариуцлага тооцох үндэслэлтэй болж байна. Мөн дээрх тогтоол болон бусад баримтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулах болсон талаар мөрдөгч прокурорд мэдэгдсэн талаар баримт байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хойшлуулшгүй ажиллагаа явуулахаас өмнө мөрдөгч прокурорд даруй мэдэгдэж...” гэсэн заалт зөрчигдсөн байна. Энэ заалт зөрчигдсөнөөр прокурорын хяналтгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, сэжигтэн нараас шөнийн цагаар мэдүүлэг авах, эрхийг нь эдлүүлэхгүй биологийн шинжилгээ авах зэрэг зөрчил гаргасан байна.

2. Прокурор дээрх тогтоол үйлдэхдээ мөрдөгчийн хойшлуулшгүй явуулсан ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг нягталсан байх ёстой. Гэтэл /ху008/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд Билгүүний гарын үсэг байхгүй, түүнд уг тэмдэглэлийг танилцуулаагүй болж байна. Мөн үзлэг хийсэн тэмдэглэлд эд мөрийн баримтаар өвс гэх зүйлийг хураан авсан талаар ямар нэг тэмдэглэл байхгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...эд мөрийн баримтын жагсаалт, ...хураалгасан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг ...эзэмшигч, ..өмгөөлөгчид даруй гардуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д “...хэсэгчлэн хураан авах”, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “оролцогч ...гарын үсэг зуруулна”, 2-т “...танилцуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байхад мөрдөгчийн ажиллагааг хүчинтэйд тооцож тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...хуулийг чанд сахина” гэсэн заалтыг мөн л зөрчиж байхад шүүх зөрчилгүй гэж дүгнэсэн нь мөн л энэ заалтыг зөрчиж байна.

3. Шүүх Эрүүгийн хууль тайлбарлаж, шүүхийн шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт: “Хадгалах, бусдад өгсөн, олж авах” зэргийг тайлбарлаж бичжээ. Гэтэл шүүгчид хууль тайлбарлах эрхийг хуулиар олгоогүй байна. Нөгөө талаар тайлбар хийхдээ өөрийнхөө ойлголтыг бусдад ойлгуулах замаар тайлбарлаж болохгүй юм. Энэ нь шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдаж байгаагийн илрэл болж байна. Тайлбар бол хууль зүйн шинжлэх ухааны үндэслэл бүхий буюу хуульд тусгайлан зааж өгснөөр хэрэглэх учиртай. Дээрх тайлбарыг авч үзвэл “хадгалсан” гэж ямар нууц байдалд байлгасан, хүн олохооргүй газар нууцалсан шинж байна уу, “олж авсан” гэж ямар хууль бус аргаар олж авсан, хулгайлсан уу, дээрэмдсэн үү, залилсан уу, худалдаж авсан уу гэж, харин хүмүүсийн хооронд эд зүйл өгч авдаг үйлдэл нь хууль бус үйлдэл үү гэх зэрэг үндэслэл бүхий дүгнэлтийг хийж тайлбарлаагүй байна. Нөгөө талаар хууль тайлбарласан иш татвал ишлэлийг хийж өгөх шаардлагатай бөгөөд хууль ёсны зарчмыг гажуудуулахгүй, хуулийн хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх учиртай. Энэ нь хуулийг яллахад биш, яллагдагчид ашигтайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэглэх хууль зүйн зохицуулалтыг зөрчсөн байна.

4. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг дурдахдаа “...нийгэмшүүлэх зорилготой” гэдгийг хэд хэдэн удаа дурдсан байгаа боловч үүний эсрэг шийдвэр гаргасан. Энэ нь “...хөнгөн ял шийтгэл оногдуулах нь ...нийгэмшүүлэх зорилгыг үгүйсгэж байдаг” гэж дүгнэсэн. Нийгэмшүүлэх ойлголт нь шууд утгаараа гэр бүл, хамт олон, нийгмийн харилцаанд оролцох, зөв зохистой ажиллах, амьдрах, түүнд нөлөөлөх, тэр боломжийг хэлж байгаа бөгөөд хөнгөн ял шийтгэх, хорих асуудал нь үүнтэй холбоогүй юм. Шүүх Билгүүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн, мөн сэтгэцэд нөлөөт эм бодисоос хамааралтай гэх шинж баримт үгүй байна гэж дурдсан бөгөөд Билгүүн нь чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, дахин ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байгаа, уг хэргийн мөн чанарыг ухамсарлан ойлгосон гэдгээ илэрхийлсээр атал Эрүүгийн хариуцлага ногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хүнлэг бус...шинжгүй байх” заалттай зөрчилтэй шийдвэр гаргалаа. Мөн шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан нь Билгүүнд авсан эрүүгийн хариуцлагын арга хэмжээг ухамсарлан ойлгуулсан, цаашид нийгэмшүүлэхэд боломжтой гэж үзсэнтэй холбоотой арга хэмжээ авч байсан боловч эргээд хорих шийдвэр гаргаж байгаа нь өөрөө өөрийнхөө шийдвэртэй зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

5. Өмгөөлөгчийн байр суурийг няцаасан талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг зөвтгөж /дээр дурдсан/, хуулийн тайлбарыг дахин тайлбарлаж, мөрдөгч “...олж илрүүлэх нь тодорхой байдаг” гэсэн бодит бус дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын зөвшөөрлөөр хийгдэх, хойшлуулшгүй тохиолдолд гэж тодорхойлж байгаа бол хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл авагдах учиртай. Энэ зөвшөөрөл хуульд заасны дагуу явагдаагүй хууль зөрчсөн байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд буруутгаж буй өвсийг /бодис/ хураан авсан баримтгүй, мөн хуулийн журам зөрчигдсөн байгаа учир Билгүүн сайн дураараа шилжүүлэн өгсөн болж байгаа юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7-д заасан журам баримтлаагүй. Мөн мөрдөгч нар Билгүүний унаж явсан автомашиныг олж илрүүлээгүй, хамгаалалтанд аваагүй бөгөөд Билгүүн өөрөө мэдүүлээгүй бол олж илрүүлэх байсан нь эргэлзээтэй, эд зүйл устах, алга болох, эд мөрийн баримтгүй байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл шүүх үүнийг “...олж илрүүлэх нь тодорхой байдаг” гэж хийсвэрээр дүгнэж байгаа нь нэг талыг баримталсан, хэргийг тал бүрээс нь бодит байдлаар, эргэлзээгүй тал талаас нь дүгнээгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд хадгалсан гэм буруугийн асуудлаар маргахгүй бөгөөд харин бусдад өгсөн буюу 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ худалдааны төвийн орчимд шүүгдэгч М.Бд өгсөн гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бусдад өгсөн гэдэг талаар шүүхийн шийдвэрт 3 нотлох баримтыг үндэслэсэн. Энэ нь гэрч Ч.Ганцэцэг, Д.Анхбаяр нарын мэдүүлэг болон шүүгдэгч М.Бий мэдүүлэг. Эдгээрийг дараах байдлаар няцаан үгүйсгэж, доорх тайлбарыг гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: а/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийг хэзээ, хаана, ...үйлдсэн” гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж, тогтоогоогүй. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэхүү хэзээ, хаана үйлдсэн гэдгийг М.Бий мэдүүлгийг үндэслэн тодорхойлсон байна. Гэтэл нэг талаар шүүгдэгч М.Б нь энэ хэргийн хууль бусаар олж авсан гэх үйлдлийн эзэн, нөгөөтэйгүүр харилцан эсрэг сонирхолтой яллагдагч, шүүгдэгч билээ. Тэгэхээр түүний мэдүүлэг дангаараа гэмт хэрэг гарсан байдал буюу хэзээ, хаана үйлдэгдсэнийг нотлох чадваргүй бөгөөд Г.Эг яллах үндэслэл болохгүй юм.

б/ Гэрч Ч.Ганцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо зөрүүтэй 3 удаагийн мэдүүлэг өгсөн. Тэрбээр шүүгдэгч М.Бий найз охин нь байсан. Ийм байтал шийтгэх тогтоолд түүний мэдүүлгийг иш татжээ. Тэр нь ч хөдөлбөргүй мэдүүлэг биш агаад тэрбээр “...Билгүүнээгээс асуухад ...Энхжин өгсөн өвс гэж надад хэлсэн” гэж хэрэг учрал гарсны хойно, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Бтэйгээ уулзсныхаа дараагаар мэдүүлсэн байдаг. Түүнчлэн гэрч Д.Анхбаярын мэдүүлэгт “...яг хэний өвсийг нь сайн мэдэхгүй байна. ...Өвсийг нь Г.Э авч ирдэг гэж би боддог” гэж мэдүүлснээс бус Г.Эг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ худалдааны төвийн орчимд М.Бд өгсөн гэдгийг мэдүүлээгүй. Тэгэхээр дээрх 2 гэрч нь гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй бөгөөд энгийнээр бол өөрсдийн найзын хэлснийг л дамжмал байдлаар өөрсдийн ойлгосноороо өгүүлсэн байна.

в/ Өмнөх давж заалдах гомдолд дурдагдаж байсанчлан харилцан эсрэг сонирхолтой Г.Э, М.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ноцтой зөрүүтэй байдал байсаар байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу гэж үзнэ.

2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс, тэр тусмаа өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч М.Бээс асууж байсныг сөхөн үзвэл түүний мэдүүлэг эргэлзээтэй, барин тавин гэдэгчлэн байгааг харж болох агаад тэрбээр 2021 оны 10 сараас өмнө буюу 8 дугаар сард Д.Анхбаяр дээр өөрөө өвс авч очин хэрэглэж байсан болох нь давхар гэрч Д.Анхбаярын мэдүүлгээр /хх 55/ нотлогдоно. Үүнээс харвал өвсийг 2021 оны 10 дугаар сард өгсөн, олж авсан гэдгээс илүү, түүнээс өмнөх цаг хугацаанд М.Бд байсан болох нь тодорхой байгаа юм. Тэгэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд харвал Г.Эг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ худалдааны төвийн орчимд шүүгдэгч М.Бд өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх агаад үүгээр гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 8.3. яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсанчлан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохдоо зөвхөн яллагдагч, шүүгдэгч М.Бий мэдүүлгийг үндэслэжээ. Шүүгдэгч М.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцохдоо гэрч Ч.Ганцэцэгийн мэдүүлэг дээр нэмээд өөрийнх нь мэдүүлгээр шийтгэх тогтоолд үндэслэлээ тодорхойлсон. Өмнө нь өгүүлсэнчлэн гэрч Ч.Ганцэцэгийн мэдүүлгийн эх сурвалж нь М.Б өөрөө юм. Тэгэхээр энэ нь анхан шатны шүүхийн ноцтой зөрчил бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” гэх үндэслэлд хамаарч байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Г.Эг сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 10 дугаар сарын дунд үед М.Бд өгсөн, шүүгдэгч М.Бийг мөн сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Г.Эгээс олж авсан...” гэх дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэр нь ноцтой зөрчлийг агуулсан байгаа тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна. Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж буюу шүүгдэгч Г.Эгийн “...2021 оны 10 дугаар сарын дунд үед М.Бд өгсөн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тухайн үйлдэл хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг бууруулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Билгүүн, Энхжин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч М.Бд 1 жил, Г.Эд 2 жилийн хорих ял оногдуулсан. Хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Сэтгэцэт нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг Монгол Улсын Үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулсан, тухайн төрлийн гэмт хэргийн хор хохирол, хор уршиг, нийтлэг эрх ашигт аюул учруулж болохуйц нөхцөл байдлыг үнэлж дүгнэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулашгүйгээр хийсэн. Уг ажиллагааг хойшлуулашгүйгээр хийсэн болохоо прокурорт нэн даруй мэдэгдсэн. Прокуророос тус хойшлуулашгүй ажиллагааг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн. Хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Сайн дураараа гаргаж өгсөн гэх асуудлыг ярьж байна. Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирсний дараа хэргийн газрын үзлэг, нэгжлэг хийж эхэлсэн үед гаргаж өгсөн. Үүнийг сайн дураараа гаргаж өгсөн гэж үзэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зааж өгсөн үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч М.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Энхжингээс уг бодисыг авсан болохоо хэлдэг. Үүнийг гэрч Ганцэцэг давхар нотолж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Э нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 3 гудамж 362 тоотод оршин суух М.Бд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 65 дугаар байрны 16 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн “...Г.Эгээс “...хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу? Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд “байгаа” гээд том өрөөний хойд хананд байрлах гялгар ууттай хувцсыг заасан ба уг гялгар ууттай хувцасыг нэг бүрчлэн торноос гаргахад гялгар ууттай дотроо өвс мэт зүйлтэй байсныг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 42.3 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг гялгар ууттай хувцаснаас хар өнгийн даавуугаар ороосон гааз мэт зүйл гарч ирснийг 2 гэж дугаарлав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд өөр өнгийн даавуугаар ороосон 2 ширхэг гааз угаалгын машины доод хэсэгт байсныг 3, 4 гэж дугаарлан хураан авав. ...үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-7/,

Г.Эгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Г.Э Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /ОРI, ТМL, СОС, КЕТ, ТНС, LSD, МОР, МDМА, МЕТ, АМР/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг Г.Эд өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад “татгалзах зүйл байхгүй” гэснээр зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 3 минутын дараа “5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ дээр 1 улаан зураас “эерэг” тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Ажиллагааны явцад ай фоне 12 про макс загварын гар утсаар 4 минут 40 секундын бичлэг хийв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 4989 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн гаанс зэргээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 41.9362 грамм, цэвэр жин нь 32.4451 грамм байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 85-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5370 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Энхжин УШ92121218 2021.10.18” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 90-92/,

гэрч А.Энхтуулын “...Энхжингийн найз Билгүүнээ гэх залуу залгаж Энхжингийн гэрийн ойролцоо уулзсан. Төд удалгүй гарч ирээд “уух уу, өвс шаая гэнээ” гэхээр “за тэгье” гэж хэлсэн. ...Энхжин замаасаа машинаа аваад гэрээсээ хол тавиад машинаасаа цагаан өнгийн ууттай зүйлийг аваад гэр рүүгээ орсон. Ингээд бид хэд үргэлжлүүлж уугаад Энхжин, Билгүүнээ хоёр өвсөө татсан. Тухайн үед Энхжингийн гэрт жижиг аравын ууттай өвс байх шиг байсан. Билгүүнээ Энхжин хоёр хаанаас, хэнээс авсан талаараа яриагүй. Харин түүсэн гэж ярьж байсан. Билгүүнээгийн машин, Энхжингийн гэрээс өвс гэдэг зүйл гарч ирсэн байгаа. ...” /1хх 43/,

гэрч Ч.Ганцэцэгийн “...Энхжингийн гэр нь 805 дугаар ангийн ойролцоо орон сууцанд байсан. Ингээд Энхжингийн гэрт ороод Энхжин цагаан өнгийн ууттай өвс гаргаж ирээд дахиж хэрэглэсэн. Энэ үед Анхаа ирээд хамтдаа хэрэглэж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Билгүүнээ өвсөө Энхжингээс авсан гэж байсан. ...Энхжин гэртээ орсныхоо дараа өөрийнхөө куртикны карманаас цагаан уутанд боосон өвс гаргаж ирээд Энхжин өөрөө гаансандаа хийж хэрэглэж байгаад дараа нь Билгүүнээд хэрэглүүлээд түүний дараа би сонирхоод нэг удаа сорж үзсэн. ...Билгүүнээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Билгүүнээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Энхжин Билгүүнээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн. ...” /1хх 45-48/,

гэрч Д.Анхбаярын “...Билгүүнээ залгаад “боломжтой бол ирээд машин бариад өгөөч, би Энхжинтэй уулзаад гэрт нь байна” гээд хаягаа хэлж өгсөн. ...Энхжингийн гэрт ороход Энхжин, Билгүүн, Ганаа, мөн нэг танихгүй эмэгтэй нар пиво уугаад сууж байсан. Мөн намайг орох үед буйдангийн хажуу талын шалан дээр гялгар ууттай өвс байсан. Мөн хажууд нь гаанс байсан. Ингээд Энхжин буюу Монти намайг нэг авчих гээд надад гаанстай өвсөө өгөхөөр нь 2-3 удаа сорж хэрэглэсэн. Тэгээд гарах гээд байж байтал 23 цаг 30 минутын үед цагдаа нар орж ирсэн. ...Надад 2020 оны зун анх Энхжин өвс хэрэглүүлж байсан. Түүнээс хойш 3 удаа өвс хэрэглэж үзсэн. Өвс хэрэглэхдээ дандаа Энхжин, Билгүүний хамт хэрэглэж байсан. ...Билгүүнээ Энхжинтэй танил болсноос хойш өвс хэрэглэдэг болсон. Өвсийг нь Энхжинг авч ирдэг гэж би боддог. ...2021 оны 8 дугаар сард өдрийг нь санахгүй байна Билгүүнээгийн хамт манай гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шар хаданд өвс хэрэглэж үзсэн. Энэ өвсийг Билгүүнээ авч ирсэн. Мөн 2021 оны 9 дүгээр сард Энхжингийн хамт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны Шар хадны өндөр крантай гудамжинд өвсийг хэрэглэсэн. Тухайн үед Энхжингийн авч ирсэн өвсийг Энхжингийн хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн. Тухайн үед Энхжин өвсийг машиныхаа голын хайрцгаас гаргаж ирсэн. Энхжин бид хоёр өвсийг ундааны савны бөөрийг цоолж байгаад цоолсон нүх рүү нь мөнгө хуйлж хийгээд тунгалаг цаасаар тогоо хийж байгаад сорж хэрэглэсэн. ...” /1хх 53-55/,

шүүгдэгч М.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би цагдаад баригдахаас 10 хоногийн өмнө Энхжинтэй уулзсан. Тэгтэл Энхжин надад нэг ууттай зүйл өгөхөөр нь юуг нь асуулгүй машиныхаа урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан. ...Би баригдахаас 10 гаруй хоногийн өмнө тэр зүйлийг Энхжин миний машины урд талын хайрцаг руу хийсэн гэхээр 2021 оны 10 дугаар сарын дундуур буюу 15-ны хавьцаа гэж санаж байна. Энхжин таксинд явж байна гээд зүгээр уулзахаар болоод хорооллын Дүүхээ төвийн хойно уулзсан. Би тухайн үед машин барих боломжгүй пиво уусан байсан. Энхжинтэй хамт таксинд явж байгаад уусан пивоо гаргаад Дүүхээ төвийн хойно байсан машинаа бариад эмээгийндээ очсон. Машины урд хайрцаг руу Энхжинг юм хийж байхыг харсан хүн байхгүй. Бид 2 хоёулаа байсан. Энхжингийн өгсөн зүйлийг цагдаад баригдах хүртэл машины урд талын хайрцагт мартчихсан байсан. ...” /1хх 128-130/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

М.Б нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол замчид гудамж давхрын 14 дүгээр байр 2 тоотод оршин суух хаягтай Г.Эгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан 51-90 УАА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “М.Б нь миний унаж яваа 51-90 УАА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хар тамхи, хууль бус зүйл байгаа гээд жолоочийн эсрэг талын урд хар хайрцагыг онгойлгож ногоон өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж ирснийг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 42 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-10/,

М.Бий биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...М.Бийг Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /ОРI, ТМL, СОС, КЕТ, ТНС, LSD, МОР, МDМА, МЕТ, АМР/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг Г.Эд өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад “татгалзах зүйл байхгүй” гэснээр зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 3 минутын дараа “5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ дээр 1 улаан зураас тодорч “эерэг” гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Ажиллагааны явцад ай фоне 12 про макс загварын гар утсаар 4 минут 6 секундын бичлэг хийв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 27-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4988 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 10.5397 грамм, цэвэр жин нь 7.7355 грамм байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 96-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4990 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М.Б УМ99082718 2021.10.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 101-103/,

гэрч А.Энхтуулын “...Төд удалгүй гарч ирээд “уух уу, өвс шаая гэнээ” гэхээр “за тэгье” гэж хэлсэн. Энхжин машинаа “Магнай трейд”-ийн колонк дээр үлдээгээд Билгүүнээгийн машинд суусан. ...Замаасаа дэлгүүрээс пиво авсан. Билгүүнээ машинаасаа ногоон өнгийн ууттай гарын атганы хэмжээтэй зүйл гаргаж ирээд түүнийгээ газаар сороод бас эм уугаад байсан. Тухайн үед Билгүүнээ Энхжин хоёр хэрэглэсэн. ...Билгүүнээгийн машин, Энхжингийн гэрээс өвс гэдэг зүйл гарч ирсэн байгаа. ...” /1хх 43/,

гэрч Ч.Ганцэцэгийн “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Билгүүнээ машиныхаа арын багажинд хийсэн байсан ногоон өнгийн ууттай өвсийг гаргаж ирээд ууж байх үедээ Энхжингийн хамтаар хэрэглэсэн. Энэ үед Анхаа хүрч ирээд хэсэг байж байгаад бид хэд ярилцаад Энхжигийн гэрлүү явахаар болсон. ...Энхжингийн гэр нь 805 дугаар ангийн ойролцоо орон сууцанд байсан. Ингээд Энхжингийн гэрт ороод Энхжин цагаан өнгийн ууттай өвс гаргаж ирээд дахиж хэрэглэсэн. Энэ үед Анхаа ирээд хамтдаа хэрэглэж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Билгүүнээ өвсөө Энхжингээс авсан гэж байсан. ...Энхжин гэртээ орсныхоо дараа өөрийнхөө куртикны карманаас цагаан уутанд боосон өвс гаргаж ирээд Энхжин өөрөө гаансандаа хийж хэрэглэж байгаад дараа нь Билгүүнээд хэрэглүүлээд түүний дараа би сонирхоод нэг удаа сорж үзсэн. ...Билгүүнээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Билгүүнээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Энхжин Билгүүнээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн. Билгүүнээ тэр өвсийг машиныхаа багажаас гаргаж ирэхийг би харсан. ...Билгүүнээ машиныхаа араас өвс гаргаж ирээд усны саванд жоохон ус хийж байгаад хажуу талын бөөрөн дээр тамхиар цоолж нүх гаргаж байгаад нүх рүү хуйлсан мөнгөө хийгээд сорж хэрэглэсэн. ...Энхжин, Билгүүнээ хоёр хэрэглэсэн. Би Билгүүнээгийн машины арын багажид өвс байгаа гэдгийг Билгүүнээг өвс гаргаж ирэх үед л мэдсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ найз залуу Билгүүнээг машины арын багажаас өвс гаргаж ирсэн гэж мэдүүлсэн. Билгүүнээ машиныхаа урд хайрцгаас өвс гаргаж ирснийг нь би андуураад багажаас гээд хэлчихсэн байна. Бусад яриад байгаа зүйл маань бүгд үнэн зөв. Билгүүнээг машины урд хайрцгаас өвс гаргаж ирэх үед Билгүүн жолоочийн суудал дээр суусан, би хажууд нь, хойд талын суудал дээр Энхжин, Энхтуул хоёр суусан байсан. Билгүүнээг машины урд хайрцгаас өвс гаргаж ирэх үед бүгд Билгүүнээгийн машинд сууж байсан. Билгүүнээгийн машины урд талын хайрцгаас ногоон өнгийн гялгар уутны буланд боосон жижиг хэмжээний зүйл байсан. Тэгээд гялгар уутыг Билгүүнээ нээхэд дотор нь ногоон өнгийн нунтаг зүйл байсан. Түүнийг Энхжин, Билгүүнээ хоёр хэрэглэсэн. Хэрхэн хэрэглэсэн талаар өмнөх мэдүүлэгтээ ярьсан байгаа. ...Энхжингийн гэрт байхад Энхжин өөрийнхөө куртикны карманаас цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гаргаж ирсэн. Түүнийг гаансаар сорж хэрэглэсэн. ...” /1хх 45-48/,

шүүгдэгч М.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би цагдаад баригдахаас 10 хоногийн өмнө Энхжинтэй уулзсан. Тэгтэл Энхжин надад нэг ууттай зүйл өгөхөөр нь юуг нь асуулгүй машиныхаа урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан. ...би баригдахаас 10 гаруй хоногийн өмнө тэр зүйлийг Энхжин миний машины урд талын хайрцаг руу хийсэн гэхээр 2021 оны 10 дугаар сарын дундуур буюу 15-ны хавьцаа гэж санаж байна. Энхжин таксинд явж байна гээд зүгээр уулзахаар болоод хороололын Дүүхээ төвийн хойно уулзсан. ...Машины урд хайрцаг руу Энхжинг юм хийж байхыг харсан хүн байхгүй. Бид хоёр хоёулаа байсан. Энхжингийн өгсөн зүйлийг цагдаад баригдах хүртэл машины урд талын хайрцагт мартчихсан байсан. ...” /1хх 128-130/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Эг хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг, шүүгдэгч М.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Эгийн М.Бд дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, мөн 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг,

шүүгдэгч М.Бий Г.Эгээс дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд 51-90 УАА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмуудыг баримталдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан нь анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх нь эрх олгосон зохицуулалт билээ.

Хуульд заасан үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /1-5 жилийн хорих/ заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулахдаа  шүүгдэгч М.Бий үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Эгийн хувийн болон эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдолд дурдсан буюу 1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” мөрдөгчийн саналд прокурорын газрын ямар прокурорт бичгээр танилцуулсан нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэсэн хуулийн заалт,

мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд” гэрч Билгүүнд гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Хураан авсан эд мөрийн баримтын тэмдэглэлийг эд зүйл баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулна” гэсэн заалтыг тус тус мөрдөгч нь зөрчжээ.

Шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн бичлэг, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад баримтаар баримтат мэдээлэл нь тогтоогдоно.

Хэрэг хянан шийдвэрэлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, бусад оролцогчоос мэдүүлэг авч болох бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүйг хуульчилж өгсөн хэдий ч шүүгдэгч Г.Эгийн мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасан болно.

Давж заалдах шатны шүүхээс хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож бодит байдлаар хянаж, нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлсний үндсэн дээр шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудад хийсэн дүгнэлт нь цогц байдлаараа шүүгдэгч Г.Э, М.Б нар нь үйлдлээрээ, санаа зорилгоороо нэгдэн гэмт хэрэг үйлдсэн байдал нь эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлогдож, тэдгээрийн үйлдэл, гэмт хэрэг гарсан байдал нь хангалттай тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1222 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1222 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Эг тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Эг тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч Г.Эд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Э нарын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ        

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ