Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 115/2024/0008/З |
Дугаар | 115/ШШ2024/0007 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 115/ШШ2024/0007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0719037 дугаартай шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг “6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” гэсэн, 2 дахь хэсэгт 100000 гэснийг “500000 гэсэн” өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичив” гэжээ
Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаарт прокурорын дүгнэлтэд тусгагдсан иргэн М-т 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0719037 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг “6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” гэсэн, 2 дахь хэсэгт 100000 гэснийг “500000” гэсэн өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн эрх бүхий албан тушаалтан болох Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е-ийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0719037 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн дээрх хүсэлт нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” гэж заасныг буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Е-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА