| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03939/И |
| Дугаар | 181/ШШ2024/03425 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******дугаар хороо, ********* дүгээр хороолол, Д*********ийн гудамж, Офис констракшны байранд оршин байрлах, С.Б.Д.Х.Х.Ү.Х/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Аг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18, Засгийн газрын 2011 оны "Журам батлах тухай" 375 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"- ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь ********* тоот дансны хөрөнгийг бүрдүүлж, зарцуулж, хяналт тавьж ажилладаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Баярмагнайн Алзахгүй /РД:С85041800/-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №04 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу Б.Атэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Б.А нь 1,900,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Үүний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2406 тоот албан бичгээр хаяг тодруулах бичиг хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн **** дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 77 тоот албан бичгээр Б.А нь гэрээ байгуулах үед оршин сууж байсан гэх /одоог хүртэл тус хаягт бүртгэлтэй байгаа/ Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Алтайн *** гудамж, ****а тоотод оршин суудаггүй тухай хариу ирүүлсэн. Мөн гэрээнд бичигдсэн Б.А-н *********, ********** тоот дугаарууд руу залгахад "тийм хүн байхгүй" гэсэн хариуг өгч холбоо барих аргагүй болсон.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний т хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Аг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ***** тоот шийдвэрээр Б.Аг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Б.Ан оршин суух хаягийг олж тогтоон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ****** тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо Жаргалантын ****тоотод оршин суудаг утасны дугаар нь ******* болохыг олж тогтоосон. Мөн эрэн сурвалжлах ажиллагааны дагуу Б.А тус хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д**********тай 2024 оны 04 сарын 22-ны өдөр ирж уулзаж тооцоо нийлсэн актыг үйлдэж, тайлбар бичиж өгсөн. Эрэн сурвалжлах ажиллагааны дагуу тус хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ****** тоот албан бичгээр хариуцагч Б.Агээс гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг /тухайн үеийн үлдэгдэл/ гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ****** тоот захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо Жаргалантын ***** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоогоор Б.А нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан хаягтаа оршин суухгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй тул Б.А-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б.Д.Х.Х.Ү.Хнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.А-г эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б.Д.Х.Х.Ү.Хнь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Б.А-г эрэн сурважлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч С.Б.Д.Х.Х.Ү.Хнь Б.А-тэй 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №04 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Б.Аг үзэх үндэслэлтэй байна.
Б.А нь Чингэлтэй дүүрэг, ****дугаар хороо, Жаргалантын **** тоот хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Б.Д.Х.Х.Ү.Хнь хариуцагч болох Б.Ан оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Б.Аг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х****н овогт Б******н А******* /РД:ДС*********/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ****н овогт Б******н А******* /РД:ДС*********/-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д********р, холбоо барих утас:********/ талд мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ