Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0302/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч ******* ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц-,  

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* д холбогдох эрүүгийн 17180022280113 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

 

Монгол Улсын иргэн Б- , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ---  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг Төмөр замын******* тоотод байх өөрийн гэртээ эхнэр ******* ыг жирэмсэн болохыг мэдсээр байж хэл амаар доромжлон толгой, цээж, хөл, гэдсэн тус газар олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн Төмөр замын******* тоотод байх өөрийн гэртээ эхнэр ******* ыг жирэмсэн болохыг мэдсээр байж хэл амаар доромжлон толгой, цээж, хөл, гэдсэн тус газар олон удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун тохой, шуу, баруун, зүүн гуяны цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай 10 жилийн ангийнхан уулзаад гэрээсээ 16 цагийн алдад ангийнхантайгаа уулзахаар гарсан. Тэр өдөртөө гэртээ очиж хоноогүй. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 11 цагийн алдад гэртээ согтуу орсон. Гэртээ ороход эхнэр гадуур хувцсаа өмсчихсөн гарах гэж байсан. Хаачих гэж байгаа юм гэхэд дуугарахгүй байсан. Гар утас нь дуугараад утсаар нэг хүнтэй ярьсан. Эрэгтэй хүний хоолой сонсогдохоор нь хардаж уурлаад эхнэртээ “чи намайг үл тоолоо намайг хүндэлсэнгүй” гэж уурлаад маргаад толгой руу нь болон гэдэс, хөл рүү өшиглөж цохисон. Тэгээд эхнэр гомдоод уурлаж хашхирч байгаад гэрээсээ гарч явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг,

 

   Хохирогч ******* ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   ...Би нөхөр ******* тэй гэрлэлтээ батлуулаад 3 сар болж байгаа.  Хамт амьдраад 5-6 сар болж байна. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр ******* 10 жилийнхээ ангийн хүүхдүүдтэй уулзана гэж хэлж гарч яваад тэр орой нь надтай ярьж байгаад утас нь холбогдохоо больчихсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим гэртээ архи үнэртүүлсэн, уусан архи нь бүрэн гараагүй ирсэн. Тэгээд би гэрээсээ гарч Улаанбаатар хот руу таксинд юм өгч явуулахаар гадуур хувцсаа өмсөөд гутлаа өмсөж байтал ******* гэртээ орж ирж таараад намайг хаачих гэж байгаа юм гэхээр би гарлаа гэсэн чинь намайг хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь гэртээ ирж хоноогүйд нь уурлаад “чамд ямар хамаатай юм" гэтэл чи намайг хүндлэхгүй байна, намайг үл ойшоолоо гэж уурлаж маргалдаад ******* миний толгой руу эхэлж гараараа цохихоор нь уурлаад би хашхирч уйлаад маргаан хурцадсан. Тэгсэн таскины хүн над руу утсаар залгаж таараад аваад ярьтал нөхөр наадах чинь хэн юм гээд миний гар утсыг булааж аваад хэн бэ чи гэж ярьж байгаад маргаан улам даймжраад ******* миний гэдэс рүү 2 цохиод, мөн аарцаг салтаа хэсэг рүү маань 2-3 удаа өшиглөсөн. Ингээд би уурлаад ******* тэй зодолдсон. Мөн сандлаар түүнийг цохисон. Тэгээд гэрээсээ гарч явахдаа чи намайг зоддог хэн бэ гэж уурлаж маргаж байгаад Тосгонд байдаг өөрийнхөө эцэг, эхийнд очсон. Тэднийх тухайн үед эзгүй байсан. Ээж аав 2 нутаг явсан байсан. Ингээд эцэг, эхийндээ тэр орой нь хоноод хэд хоногийн дараа Улаанбаатарт байх ах дүүгийнхээрээ очиж гэртээ очилгүй 7 хоносон. Тэгээд би Улаанбаатараас Дарханд ирээд эцгийндээ байхад ******* над дээр ирээд надаас уучлалт гуйж авч харьсан. Одоо бол буруу зөвөө нөхөр бид 2 ярилцаж ойлголцсон. Надаас уучлалт гуйсан. Гэртээ хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг,

Гэрч******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Нөхөр бид хоёр 2017 оны 9 дүгээр сард нутаг /Баян-Өлгий аймаг/ яваад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дарханд байх гэртээ ирсэн. Тэгсэн миний төрсөн охин ******* надад “та хоёрын эзгүйд нөхөр ******* тэй би архи уулаа гэж маргасан. Үүнээс болж ******* намайг зодсон, танайд та 2-г эзгүйд ******* өд зодуулаад би ганцаараа ирж хэд хоносон, буцаж гэртээ харьсан. Одоо эвлэрсэн гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 21/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 939 дугаартай дүгнэлт:

 

            “1.******* ын  биед тархи доргилт, баруун тохой, шуу, баруун, зүүн гуяны цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 25/, аюулын зэргийн үнэлгээ /хх 12-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ******* ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.     

 

            Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүйг дурдаж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн зэргээс дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр А- зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-өд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ