Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1033

 

Н.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105 02289 0147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., 19. оны .. дугаар сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, ...., бүрэн дунд боловсролтой, “...........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ..., ........ийн хамт ............... дүүргийн ........... дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 605 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хувийн байдалтай.

Н.А нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед “Хьюндай аэро сити” загварын 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчиж зорчигч Б.Цэрэннадмидыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Цэрэннадмид унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Н.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, хохирогч Б.Цэрэннадмид нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд эмчилгээний зардалд нийт 2.285.789 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.А нь 1.350.000 төгрөг төлсөн болохыг дурдаад үлдэгдэл 935.879 төгрөгийг иргэний хариуцагч “Үнэгтийн-Уул” ХХК-аас гаргуулж, хохирогч Б.Цэрэннадмидад олгож, хохирогч Б.Цэрэннадмидын гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Б.Цэрэннадмид нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Үнэгтийн-Уул" ХХК-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд мод хийж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сардаа 500.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эхнэр, 6-16 насны 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 29-13 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Цэрэннадмидыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ миний бие маш их гэмшиж, гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчид эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг төлсөн, нэг удаа эргэж очсон. Миний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруу дээрээ маргахгүй байгаа болон эмчилгээний төлбөр төлсөн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бус нутгаар тогтоож шийдвэрлэснийг 500.000 төгрөгөөр торгох ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч хэрэг гарах үед хохирогчийг газар унахад автобусаа зогсоож, түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Н.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх үйлдлүүдийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх сонгох зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж хуульчилсан. Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү. Мөн миний үйлчлүүлэгч ам бүл 5, эхнэр болон 6-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Түнхэл тосгонд хувиараа мод бэлтгэдэг бөгөөд сардаа 500.000-1.000.000 төгрөгийн орлоготой. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Аын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл тохирч байгаа. Тэрээр гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлоготой талаар нотлох баримт байхгүй байсан учир түүнд зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Н.Аын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед “Хьюндай аэро сити” загварын 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчиж зорчигч Б.Цэрэннадмидыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Цэрэннадмид унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:

хохирогч Б.Цэрэннадмидын “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Их Засаг их сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад Гандантэгчлэн хийдийн автобусны буудал дээр буух гээд автобусны хойд хаалгаар буухдаа зүүн хөлөө газарт гишгээд баруун хөлөө автобусны шатнаас буулгаж амжаагүй байхад автобус хөдөлсөн. Тэгээд би зүүн талаараа газарт унасан. Гэтэл жолооч автобусаа зогсоогоод над руу ирсэн. Тухайн үед миний хөл, гуя, өгзөг хэсэг хавдсан бөгөөд би хүүхдүүд рүүгээ залгаж тэр даруй түргэн дуудаж ГССҮТ-өөс ирж намайг эмнэлэг авч явсан. Надад учирсан гэмтлийг автобусны жолооч учруулсан бөгөөд би маш их гомдолтой байна. ...” /1хх 21/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Аын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр 29-13 УАС улсын дугаартай автобустай Гандангийн арын автобусны буудал дээр очоод зорчигчдыг буулгаж суулгасан. Тухайн үед 10 орчим хүн бууж, хүн суугаагүй. Ковидын үе байсан болохоор гялгар уутан хаалттай байсан. Би ар талын хаалгаа хаалгүйгээр хөдөлсөн бөгөөд тэр настай хүнийг бууж байгааг хараагүй. Хүн буугаад дууссан гэж үзсэн учир хөдөлсөн. Тэр настай эмэгтэйд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. ...” /1хх 106/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10562 дугаартай “...Б.Цэрэннадмидын биед зүүн дунд чөмгийн төвгөр дайрсан далд хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн ар доод гадаргуугийн сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 28-31/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны 221 дугаартай мөрдөгчийн “...H.AEROCITY маркийн 29-13 УАС улсын дугаартай автобусны жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зогчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” /1хх 95-96/ гэх магадлагааг тус тус нотлох баримтууд болно.

Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 71-76/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-39/, хохирогч Б.Цэрэннадмидын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх /1хх 24-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Аыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Аын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчиж зорчигч Б.Цэрэннадмидыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Цэрэннадмид унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Н.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Н.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг буруу бичсэн байх бөгөөд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэн шүүх өөрийн санаачилгаар залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.” зөрчилд хамаарч байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдав.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хайнга хариуцлаггүй алдааг цаашид гаргахгүй байх талаар хатуу анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ