Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2024/0025/З |
Дугаар | 118/ШШ2024/0031 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 118/ШШ2024/0031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржавын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... "...аймгийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/216 дугаартай албан бичгээр "Эрдэст даян сат" ХХК-с гаргасан зөрчлийн шинжтэй гомдлыг шалгуулахаар хүргүүлсэн..." зөрчлийн МЭГ-01 дугаартай гомдол, мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шалгаад, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Л.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5-1-2 зааснаар №0716401 дугаартай шийтгэлийн хуудсаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд аймгийн прокурорын газарт гаргасан "Эрдэст даян сат" ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24/03 дугаартай гомдол, холбогдогч Э.Цэрэнбатын мэдүүлэг, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан.
Материалд цугларсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь материалд аймгийн прокурорын газарт гаргасан "Эрдэст даян сат" ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24/03 дугаартай гомдол, холбогдогч Л.Ганболдын мэдүүлэг, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан байгаа нь эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, гэрч, хохирогчоор "Эрдэст даян сат" ХХК-ний малчин Л.Дашдоржоос мэдүүлэг аваагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтааp тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэсэн хуулийн шаардлагыг бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу уг зөрчлийн улмаас учирсан хохирлыг тогтоолгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Мөн холбогдогч Л.Ганболдын биеийн байцаалтаас үзэхэд тэрээр тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Эрдэнэ-Алдар ХХК-нд ажилладаг болох нь харагдаж байна. Харин тус Эрдэнэ-Алдар ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, уг хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг нотолсон талаарх баримтыг хавсаргаагүй, Л.Ганболд нь мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан "Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5-1-2 зааснаар" гэж зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу тус аймгийн Алдархаан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржавын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 5-1-2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...прокурорын дүгнэлттэй бүрэн танилцаж ажиллагаа хийх явцын материал бүрдлийг туршлага дутагдалтай ажиллаж тухайн прокурорын гаргасан дүгнэлттэй санал нийлж байгаа учир хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...гуравдагч этгээдээр оролцуулах захирамжтай танилцлаа. Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржав нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дүгээр шийтгэлийн хуудсаар 500 000 төгрөгөөр торгуулж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч уг мөнгийг төлж барагдуулсан. Уг хэрэгт миний эрх ашиг хөндөгдөхгүй хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржаваас Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5.2-д заасныг үндэслэн “... анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч хуульд заасан хугацаанд мал эмнэлгийн тасагт хүргүүлээгүй ...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Л.Ганболдыг 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих ахлах прокурор Б.Бавуудорж нь тус аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржавын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан. Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...хохирогчоор тогтоож түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хохирлын хэмжээг тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, зөрчилд холбогдогч мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Бяхаржав дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Л.Ганболдыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа миний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0716401 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Бавуудоржийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА