| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04924/И |
| Дугаар | 181/ШШ2024/04427 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/04427
| 2024 11 08 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,....байрлах, АШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: М.М г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.М г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч М. Ма.а "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 7100410296 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2.200.000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 7100506586 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 480.000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 7100441641 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1.020.000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7100619934 тоот гэрээ байгуулж 180.000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/Ш32024/04817 тоот захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжласан.
Иймд Мягмарын Мандахтуяаг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 183/Ш32024/04817 тоот шүүгчийн захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Р20134421 тоот хэрэглээний зээлийн эрхийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 2-13/
Шүүхийн журмаар: хур системийн лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч АШ ББСБ ХХК нь М.М г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас АШ ББСБ ХХК, нөгөө талаас М.М нар харилцан тохирч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 183/Ш32024/04817 тоот шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, туулын 4, 22 тоот хаяг тус хороонд байдаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.Шүүхээс бүртгэх байгууллагын хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг Хан-Уул дүүрэг, . тоот байна.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хамаатан н.Мөнхтулга гэж гардан авчээ.
Улмаар М.М 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, би Хан-Уул дүүрэг, 2..дүгээр байр, 117 тоот хаягт оршин сууж байгаа, утас:99. талаараа тодорхойлжээ.
Иймд М.М гийн оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.М г эрэн сурвалжлуулах тухай АШ ББСБ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ