Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2024/0032

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын  байцаагч Ш.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0039852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...******* ХХК-аас гаргасан ...гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Э.*******ад Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар 0039852 дугаар шийтгэлийн хуудсаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд Завхан аймгийн прокурорын газарт гаргасан ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24/03 дугаартай гомдол, холбогдогч Э.*******ын мэдүүлэг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хуудас зэрэг нотлох баримтууд цуглуулж, зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь ...эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг шалгаж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, гэрч, хохирогчоор ******* ХХК-ийн малчин Л.*******оос мэдүүлэг аваагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэсэн хуулийн шаардлагыг бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу уг зөрчлийн улмаас учирсан хохирлыг тогтоолгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн холбогдогч Э.*******ын биеийн байцаалтаас үзэхэд тэрээр Алдархаан сумын Мал эмнэлгийн тасгийн тархвал зүйч гэсэн ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байх бөгөөд уг албан тушаал нь Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэсэн тодорхойлолтод хамаарч байна. Материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогч Э.*******ад Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан "өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй" гэсэн зүйл, заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0039852 дугаартай шийтгэлийн хуудсаар Э.*******ад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Алдархаан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...би Завхан аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.*******ийн  2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлттэй бүрэн танилцаж, ажиллагаа хийх явцын материал бүрдлийг туршлага дутагдалтай ажиллаж, тухайн прокурорын гаргасан дүгнэлттэй нийцэж байгаа учир хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.******* нь Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан "өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй" гэх зөрчлийн дагуу 0039852 дугаар шийтгэлийн хуудсаар миний бие Э.*******ыг 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Би тухайн үед ажил үүргийн тодорхойлолтын дагуу ямар нэгэн дуудлага авах эрх байхгүй, шууд удирдлагын үүрэг даалгаврын дагуу дуудлагаар очиж тус айлын малд анхан шатны үзлэг хийж холбогдох арга хэмжээнүүдийг авсан. Иймд дээрх хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна... зөрчилд холбогдолгүй гэж үзэж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.*******аас Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг үндэслэн “... өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0039852 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Э.*******ад 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах прокурор Б.******* нь Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0039852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...зөрчил үйлдэгдсэнийг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсан, хохирогчийг тогтоож, тайлбар аваагүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Э.*******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Э.*******ын зөрчил үйлдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан талаараа тайлбарлаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0039852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                              ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ