Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0394/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- холбогдох эрүүгийн 1718003150142 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д-  /регистрийн дугаар --, , Урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 ооны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны оройн 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн шарын гол сум Санжинт баг Ойчдын 12-01 тоотод хамтран амьдрагч С.Уранчимэгийг “Чи гадуур хүнтэй алцаганаж байгаад ирлээ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар сүхээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны оройн 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн шарын гол сум Санжинт баг Ойчдын 12-01 тоотод хамтран амьдрагч С.Уранчимэгийг “Чи гадуур хүнтэй алцаганаж байгаад ирлээ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар сүхээр толгойн тус газарт нь цохиж, биед нь духны шарх, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д-ын өгсөн: Би Уранчимэгтэй 3 жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш хамт амьдраад 3 жил болж байна. Миний буруу. Уучлалт гуйсан. Би үнэхээр цохисон миний буруу гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Уранчимэгийн өгсөн: “... Даваажаргал намайг гадуур алцаганаж байгаад ирлээ гээд хардаад уурлахаар нь би “яасан гэж алцаганадаг юм бэ” гээд маргалдсан чинь намайг орон дээр байхад боож, дуу гарахгүй болтол боосон. Тэгээд шууд газар авч шидээд хажууд байсан мод хагалдаг сүхээр толгойны дунд хэсэг рүү цохисон. Тэгээд би цусаа гоожуулаад байж байхад миний цээж рүү хөлөөрөө цохисон. Манай хүү орилоод хашгирахад хүүхдийг дуугүй бай гээд загнаад хашгираад байсан. Даваажаргал бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Даваажаргал намайг байнга зодож дарамталж байдаг юм ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Насанд хүрээгүй гэрч У.Бат-Ирээдүйн өгсөн: “...Манай аав ээжийн толгой руу төмөр иштэй сүхээр цохиод цус гаргасан. Мөн ээжийн дээрээс хөлөөрөө дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1044 дугаартай “С.Уранчимэгийн биед духны шарх, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/,

С.Уранчимэг нь эрсдлийн бага түвшинд байгаа болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д-, С.Уранчимэг нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэж 2 жилийн хугацаанд хамтран амьдарсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Уранчимэгийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол, саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Дархан АЗЗА ТӨХК-д эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай төмөр иштэй 6.5 см өргөн, 3 см зузаан толгойтой, ажлын ирмэг нь 9 см урт төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан АЗЗА ТӨХК-д эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай төмөр иштэй 6.5 см өргөн, 3 см зузаан толгойтой, ажлын ирмэг нь 9 см урт төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР