Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2020/00019

 

 Б.Бгийн нэхэмжлэлтэй, Б.Мэд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дугаар шийдвэртэй, Б.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мэд холбогдох гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Энх-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2019 оны 12 сарын 17-ны өдөр ...Б.Мэд зодуулж, үүдэн 3 шүд булгарч унасан. Дээрх 3 шүдийг эргүүлж тогтоох боломжгүй. Түүнээс шалтгаалж бусад байдлаар ч хохирсон. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан. Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолоор Б.Мийг МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хэргийн явцад Б.Мийн хүсэлтээр эвлэрч, хохирол төлбөрийн талаар 2020 оны 01 сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл үйлдэж, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн дотор зургаан сая төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаанд хохирол барагдуулахгүй байна. Энэхүү хохирлын дүн дээрээ бид эвлэрч, хэлцэл хийснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм. Одоо би энэхүү хохирлын мөнгөө гаргуулан авч, үүдэн 3 шүдээ яаралтай хийлгэх хэрэгтэй байна. Нэхэмжлэлийг хүлээн авч Б.Мээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6 000 000 төгрөгийг гаргуулж Б.Б надад олгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний нөхөр Б.Б нь Б.Мэд зодуулснаас үүдэн талын 3 шүд унасан. Имплант шүд хийлгэх хүсэлтэй байгаа. Нэг шүд нь 2 000 000 төгрөг байдаг юм байна лээ. Шүдний эмнэлэгт үзүүлэхэд энэ 3 шүдийг хамгийн багадаа 6 200 000 төгрөг болно гэсэн. Бас нэг өөр байдлаар хийлгэхэд 7 сая гаран төгрөг болно гэж байсан. Хиймэл шүд хийлгэсэн боловч удахгүй уначихдаг юм байна лээ. Залуу хүн учраас үүдэн шүднүүд нь байхгүй болсонд байнга гутрах болсон. Ер нь ямар ч шүд хийлгэсэн өөрийн шүд шиг байдаггүй. Идэж, уухаас эхлээд асуудал их үүсдэг юм байна лээ. Бидний зүгээс хамгийн багаар тооцож мөнгө нэхэмжилсэн. Ер нь шүдний эмнэлгүүд нь тухайн хүнээ үзэж байж эмчилгээ, үйлчилгээний үнийн саналаа өгдөг юм байна лээ. Тийм учраас Б.Б нь Эвада эмнэлэгт өөрийн биеэр очиж үзлэгт орсны дараа тус эмнэлэг нь ийм ийм үнэтэй шүд хийлгэж болно гэсэн үнийн саналыг өгсөн. Тиймээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь намайг архины шилээр цохих гэж ирэхэд нь би өөрийгөө хамгаалах гэж өшиглөсөн нь үнэн. Би Б.Бд тагнайтай хиймэл шүд хийлгэж өгсөн. Шүдний үнийг ямар байдлаар 6 сая гэж үзэж надаас нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Би энэ 6 сая төгрөгийг төлж барагдуулахгүй.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 01 сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдаг. 3 шүд унасан нь хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед хохирогч нартай эвлэрч тохирсон, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хохирогч нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлөх төлбөргүй гэсэн хэлцэл үйлдсэн боловч хавтаст хэрэгт үүнийгээ хавсаргаагүй байсан. Мөн нэхэмжлэгч талаас өнөөдөр бодит зардлыг нэхэмжлээгүй ирээдүйд үүсэх үр дагаврыг нэхэмжилсэн байна. Иймээс бодит хохирол биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Мэд холбогдох хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх бөгөөд 2020 оны 01 сарын 07-ны өдөр төлөх төлбөргүй гэсэн хэлцэл хийсэн боловч уг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Шинжээчийн дүгнэлтээр 3 шүд унасан гэх боловч шүдний үнийг “Эвада” гэж эмнэлгийн эмч гэх хүний тодорхойлолтоор тодорхойлж болохгүй юм. Нэхэмжлэгч тал бодит зардлыг нэхэмжлээгүй, ирээдүйд үүсэх үр дагаврыг нэхэмжилсэн. Энэ нь ийм хэмжээний бодит хохирол учирсан гэж ойлгож болохгүй юм. Харин хариуцагч Б.М нь анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Бд 2,0 сая төгрөг төлж болно гэсэн учир 4,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.

                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Мэд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М  нь 2019 оны 12 сарын 17-ны өдөр 23 цагийн орчим согтуурсан үедээ Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “SMS” ХХК-ийн ажилчдын байранд ... Б.Б нарыг зодож, Б.Бгийн биед ... зүүн дээд төвийн үүдэн шүдний хугарал, зүүн дээд захын үүдэн шүдний булгарал, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдсон байна. /хх-ийн 3-9 дэх талууд/

Зохигчдын хооронд 2020 оны 01 сарын 07-ны өдөр бичгээр байгуулсан гэрээнд хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндэд учруулсан хохиролд /эмчилгээний зардлын төлбөрт/ 6 000 000 төгрөгийг 2020 оны 01 сарын 24-ний дотор төлөхөөр тохирч, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 2 дахь тал/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой маргааныг хянан шийдэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4,  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд  нь “...  Шинжээчийн дүгнэлтээр 3 шүд унасан гэх боловч шүдний үнийг “Эвада” гэж эмнэлгийн эмч гэх хүний тодорхойлолтоор тодорхойлж болохгүй юм. ...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна. 

Иймд хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧ                            Ж.ДОЛГОРМАА 

                                       З.ЭНХЦЭЦЭГ

  •