| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0005/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0005/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718002830169 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б- -- , урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг 27 дугаар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр *******улсын дугаартай Хьюндай Портер загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг 27 дугаар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр ******* улсын дугаартай Хьюндай Портер загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд тархины зүүн талын дух-чамархайн урд хэсгийн цусархаг няцрал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын дотоод даралт ихсэлт, дагзны яс төвгөрийн баруун талаар болон зүүн чамархайн хугарал, баруун шагайны дотор хавчаар ясны битүү хугарал, хамар ясны хугарал, дагз, дух, зүүн хацар, бүсэлхий нурууны зулгаралт, цус хуралт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *******ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө хонь аваад махыг нь хүргэж өгөх гэж явж байгаад олон улсын зам дээр зам тээврийн осол болсон. Би тэр даруйд түргэн дуудаж, цагдаагийн газар очиж байцаалт өгсөн. Гялбаанд ороод явган зорчигчийг хараагүй юм гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад
Хохирогч*******ын өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Олон улсын худалдааны төвийн урд талаас Хабитат явдаг таксинд суух гээд алхаж явсан. Тэгээд Шинэ хорооллын 27 дугаар байр болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн голоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Олон улсын худалдааны төв тал руу зам хөндлөн гарч байгаад мобикомын зүгээс ирж байгаа портер машинд мөргүүлсэн. ...Би тэр үед ажлын автобусаас буугаад шүд өвдөөд байхаар нь ажлынхаа хоёр хүнтэй 0.5 литрийн Тайга нэртэй архи хувааж уучихаад алхаж байсан... Би явган хүний гарцаар гаралгүй, шууд зам хөндлөн гарсан. Замаар гарахад нэг машин их хол харагдаж байсан боловч гэнэт намайг баруун талаас мөргөчихсөн. Машинд мөргүүлснээс хойш юу болсныг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг,
Гэрч *******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******ыг ажлаасаа буугаад ирэхэд нь 22 цагийн орчимд Шинэ хороололд байдаг *******нэртэй пабад уулзаад бид 2 хамт сууж 0.5 литрийн Хараа архи хувааж ууж жаахан юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд ******* пабнаас гараад ******* гэр лүүгээ явна гээд Олон улсын худалдааны төвийн урдаас таксинд сууна гээд байрны голоор Олон улсын худалдааны төв чиглээд ганцаараа алхаад явсан. Би чигээрээ урагшаа 9 дүгээр сургуулийн хажуугаар гараад Хуучин хороолол руу алхсан. Маргааш нь *******ыг тэгж явж байгаад машинд мөргүүлсэн гэдгийг сонссон. Яг яаж явж байгаад машинд мөргүүлснийг бол мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1014 дугаартай *******ын биед тархины зүүн талын дух-чамархайн урд хэсгийн цусархаг няцрал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын дотоод даралт ихсэлт, дагзны яс төвгөрийн баруун талаар болон зүүн чамархайн хугарал, баруун шагайны дотор хавчаар ясны битүү хугарал, хамар ясны хугарал, дагз, дух, зүүн хацар, бүсэлхий нурууны зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто машинд мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 39/,
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахмад *******ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 104 дугаартай “Hyundai Porter маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь зам тээврийн осол гарах үед МУ-ын ЗХД-ийн 15 дугаар бүлэг 15.1-а (Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.) гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч *******ыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Явган зорчигч *******нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4 (Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна) гэсэн заалт мөн бүлгийн 3.9-г (өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно) гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч ******* нь Hyundai Porter маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг осол гаргах үед 50 км цагийн хурдтай жолоодож явсан болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер *******гийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 040 дугаартай “*******ын жолоодож явсан Портер маркийн ******* дугаарын тээврийн хэрэгсэлд урд салхины шил хагарсан, баруун гар талын толь сууриараа хугарсан, урд нүүр хэсгийн баруун гар талд хонхойсон зэрэг авто машины гадна талд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын дараа гарсан, ослын өмнө эвдрэл гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43, 44/
Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: ******* эхнэр гэр бүлийн хамт манай “******* ХХК-ний хашаанд амьдардаг юм. *******ын эхнэр нь манай байгууллагад үйлчилгээний ажилтан хийж байгаад одоо түр гарчихсан байгаа. Хэрэг болдог 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын эзэмшилд байдаг ******* улсын дугаартай Портер маркийн машиныг хувийн ажилдаа унаж хэрэглэхээр тухайн үед салбар хариуцаж байсан менежер *******аас дээрх тээврийн хэрэгслийг унах зөвшөөрөл аваад байгууллагын машиныг жолоодож явсан байсан. Тэгээд би дараа нь *******нь ******* улсын дугаартай Портер маркийн машиныг жолоодож яваад явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргаад машин нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа гэдгийг мэдсэн. *******аас асууж тодруулахад тухайн үед ямар ч байсан ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ хэлсэн. Манай байгууллагын *******улсын дугаартай Портер маркийн машинд учирсан эвдрэл гэмтлийг шинжээчийн үнэлгээгээр гарсан 410.000 төгрөгийг*******аас нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 31/
*******ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн:
*******ын жолоодож явсан Хьюндай супер портер маркийн *******улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны авто машинд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг 27 дугаар байрны зүүн талын асфальтан хучилттай зам дээр болсон зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл, хохирлын үнэлгээг 410.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52, 53/
Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Олон улсын худалдааны төв болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хооронд байрлах эсрэг урсгалтай зам байх бөгөөд уг зам дээр ******* улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин хүн мөргөсөн гэх ба Портер маркийн машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 18/, ослын бүдүүвч зураг /хх-ийн 19/, яллагдагч*******аас гаргаж өгсөн 930536 дугаартай, *******ын “В” ангиллын жолоочийн 1 ширхэг үнэмлэхийн эх хувь зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч*******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын биед хүнд хохирол, “*******ХХК-ний Портер маркийн авто машинд 410.000 төгрөгийн эвдрэл учирсан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний төлбөрт 1.347.158 төгрөг /1.173.158 төгрөгийг Тэнгэр даатгалаас, 174.000 төгрөгийг шүүгдэгч *******аас/ төлсөн болох нь Хас банкны цахим гүйлгээний баримт, хохирогч болон шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар /хх-ийн 156, 157/, ******* ХХК-ний Портер маркийн ******* дугаарын тээврийн хэрэгсэлд үүссэн урд салхины шил хагарсан, баруун гар талын толь сууриараа хугарсан, урд нүүр хэсгийн баруун гар талд хонхойсон зэрэг авто машины гадна талд үүссэн эвдрэл гэмтлүүдийг бүрэн засварласан нь шүүгдэгчийн шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрэл зураг /хх-ийн 160, 161/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч *******ад шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохиролд 1.347.158 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн портер маркийн *******улсын дугаартай авто машины эвдрэл, гэмтлийг засварлаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч ******* нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4 (Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна) гэсэн заалт мөн бүлгийн 3.9-г (өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно) гэсэн заалтуудыг зөрчсөн зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд тухайн зүйл хэсэгт заасан үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нөхцөлд нэмэгдэл ялыг дангаар оногдуулах боломжгүй юм.
Иймээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн хамт ирүүлсэн 930536 дугаартай *******ын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар ******* тэнссэн хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хэргийн хамт ирүүлсэн 930536 дугаартай В ангилалын *******ын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР