| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2110 01163 0666 |
| Дугаар | 2022/ДШМ/1083 |
| Огноо | 2022-11-10 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/1083
Х.Өт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Н.Нямдаа, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Өт холбогдох 2110 01163 0666 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
....., 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, э...., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .....н хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../,
Х.Ө нь үргэлжилсэн үйлдлээр:
1. Үнэгүй.мн цахим хуудас ашиглан “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулан бусдын орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр төөрөгдөлд оруулах замаар Н.Тамараг хуурч, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг О.Намууны Хаан банк дахь 5429553500 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
2. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулан бусдын орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр төөрөгдөлд оруулах замаар Б.Балжиннямыг хуурч, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Cup chicken гэх газраас урьдчилгаа мөнгө 600.000 төгрөгийг Б.Батбилгүүний Хаан банк дахь 5047379780 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
3. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.Хуланг хуурч, төөрөгдөлд оруулснаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 29-68 тоот гэрээсээ 750.000 төгрөгийг В.Нямцэцэгийн Хаан банк дахь 5315502395 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
4. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М.Уртнасанг хуурч, төөрөгдөлд оруулснаар 400.000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Б.Отгонцэцэцэгийн Хаан банк дахь 5020995369 дуугаарын данс руу шилжүүлсэн авсан,
5. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.Батлувсанг хуурч, төөрөгдөлд оруулснаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 650.000 төгрөгийг В.Нямцэцэгийн Хаан банк дахь 5315502395 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
6. 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Т.Тогоосүрэнг хуурч, төөрөгдөлд оруулснаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сан орчмоос 500.000 төгрөгийг В.Нямцэцэгийн Хаан банк дахь 5315502395 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
7. 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Б.Сувдааг хуурч, төөрөгдөлд оруулснаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 1.400.000 төгрөгийг В.Нямцэцэгийн Хаан банк дахь 5315502395 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
8. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Шинэцэцэгийг хуурч, төөрөгдөлд оруулснаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 1.300.000 төгрөгийг Г.Тэмүүжингийн Хаан банк дахь 5758036675 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
9. 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр М.Ану-Үжинг хуурч, төөрөгдөлд оруулснаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2.400.000 төгрөгийг Б.Батцэцэгийн Хаан банк дахь 5068222395 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
10. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Г.Солонгыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулснаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33-233 тоот гэрээсээ урьдчилгаа төлбөр болгон 750.000 төгрөгийг В.Нямцэцэгийн Хаан банк дахь 5315502395 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
11. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Дөлгөөнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулснаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2.100.000 төгрөгийг О.Намууны Хаан банк дахь 5429553500 данс руу шилжүүлэн авсан,
12. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ц.Бат-Эрдэнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэй 15-387 тоот гэрээсээ 650.000 төгрөгийг Ч.Отгончимэгийн Хаан банк дахь 5087323140 данс руу шилжүүлэн авсан,
13. 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Э.Энхсаруулыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Номин худалдааны төв орчмоос 1.800.000 төгрөгийг Б.Батцэцэгийн Хаан банк дахь 5068222395 дугаарын данс руу шилжүүлэн авсан,
14. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Загварлаг шоп” дэлгүүрийн худалдагч Т.Янжинлхамд “машинаа холдуулаад ирье” гэж худал хэлэн хуурч, 599.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авч явсан буюу 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “үнэгүй.мн” цахим хуудас ашиглан хуурамч зар оруулан бусдын орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр төөрөгдөлд оруулах замаар бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, бусдад 14.199.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Х.Өийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Өт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Х.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Өээс 300.000 төгрөг гаргуулж Н.Тамарад, 600.000 төгрөг гаргуулж Б.Балжиннямд, 750.000 төгрөг гаргуулж Д.Хуланд, 400.000 төгрөг гаргуулж М.Уртнасанд, 650.000 төгрөг гаргуулж Г.Батлувсанд, 500.000 төгрөг гаргуулж Т.Тогоосүрэнд, 1.400.000 төгрөг гаргуулж М.Сувдаад, 1.300.000 төгрөг гаргуулж А.Шинэцэцэгт, 2.400.000 төгрөг гаргуулж А.Ану-Үжинд, 750.000 төгрөг гаргуулж Г.Солонгод, 2.100.000 төгрөг гаргуулж Б.Дөлгөөнд, 650.000 төгрөг гаргуулж Ц.Бат-Эрдэнэд, 1.800.000 төгрөг гаргуулж Э.Энхсаруулд, 599.000 төгрөг гаргуулж Т.Янжиндуламд тус тyc oлгoхыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х.Ө баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн ухамсаргүй үйлдлээсээ болж 14 хүнийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироосондоо үнэхээр их харамсаж байна. Одоо би 20 настай, хүү минь 3 настай. Энэ жил цэцэрлэгт явж эхэлсэн. Өдөр ирэх тусам том болж, ухаан сууж байгаа хүүгийнхээ өмнө гэмт хэрэгтэн болоод зогсож байгаадаа үнэхээр ичиж, гэмшиж байна. Би маш их мөрөөдөлтэй. Хамгийн эхний мөрөөдөл минь зөв амьдарч, шударгаар хөдөлмөрлөж хохирлоо барагдуулах билээ. Мөн миний зүйлчлэлийг эргэн хараасай гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Би буруу хүмүүстэй нийлж эдгээр 14 хүмүүсийг залилсан нь үнэн боловч амьдралын эх үүсвэр болгоогүйг минь эргэн нэг харж үзээсэй. Ээж, дүү хоёр минь хоёулаа ажил хийж гэр бүл, амьдралынхаа амьжиргааг залгуулдаг. Энэ талаар миний ээж Хонгорзул гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Миний бие ковидын улмаас 2 настай хүүгээ харж байсан учир гэрт байсаар зугаа цэнгэл хөөж буруу хүмүүстэй нөхөрлөснөөс болж ийм гэмт хэрэг үйлдсэн. Иймд зүйл ангийг минь өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Өийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Х.Ө үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинжийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх хууль зүйн ойлголт юм. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Х.Ө нь 14 удаагийн үйлдлээр бусдаас залилан мэхлэж авсан 14.199.000 төгрөгийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулсан, үйлдвэр үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаандаа зарцуулсан үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Х.Ө 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Ө пицца хүргэлтийн газар ажиллаж байсан, эх Д.Хонгорзул Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний газар тогооч ажилтай цалин орлоготой, охиноосоо амжиргааны тусламж туслалцаа авахааргүй, залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлэн оролцож мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Х.Өт шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Х.Ө нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Үнэгүй.мн цахим хуудас ашиглан “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулан бусдын орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр төөрөгдөлд оруулан зарын дагуу холбогдсон 13 иргэнээс 13.600.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Т.Янжинлхамд “машинаа холдуулаад ирье” гэж худал хэлэн хуурч, 599.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авсан буюу бусдад нийт 14.199.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Тамара /1хх 10-14/, хохирогч Б.Балжинням /1хх 156/, хохирогч Д.Хулан /1хх 184/, хохирогч М.Уртнасан /2хх 74-75, 78-79/, хохирогч Г.Батлувсан /2хх 130-131/, хохирогч Т.Тогоосүрэн /2хх 164-165/, хохирогч М.Сувдаа /2хх 246-247/, хохирогч А.Шинэцэцэг /3хх 57-58/, хохирогч А.Ану-Үжин /3хх 102-104/, хохирогч Г.Солонго /3хх 241-242/, хохирогч Б.Дөлгөөн /4хх 65-66/, хохирогч Ц.Бат-Эрдэнэ /4хх 113/, хохирогч Э.Энхсаруул /4хх 161/, хохирогч Т.Янжинлхам /3хх 170-171/, гэрч О.Намуун /1хх 21-22, 4хх 59-60/, гэрч Б.Батбилгүүн /1хх 158-159/, гэрч В.Нямцэцэг /1хх 186-187, 2хх 168-169, 3хх 9-10/, гэрч Б.Отгонцэцэг /2хх 87-88/, гэрч Н.Цэрэндолгор /3хх 6-7/, гэрч Б.Батцэцэг /3хх 109-111, 4хх 186-188/, гэрч М.Дагиймаа /3хх 187-188/, гэрч Б.Золзаяа /3хх 191-192/ нарын мэдүүлгүүд, Хаан банкны харилцагч О.Намууны 5429553500 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 51-52/, Хаан банкны харилцагч Б.Балжиннямын 5495590112 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 132/, Хаан банкны харилцагч Б.Батбилгүүний 5047379780 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 137/, Хаан банкны харилцагч В.Нямцэцэгийн 5315502395 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 195/, Хаан банкны харилцагч Б.Отгонцэцэгийн 5020995369 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 94/, Голомт банкны харилцагч Г.Батлувсангийн 1105246626 дансны хуулга /2хх 143/, Хаан банкны харилцагч В.Нямцэцэгийн 5315502395 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 176/, Хаан банкны харилцагч Т.Тогоосүрэнгийн 5692055319 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 177/, Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11654 дугаартай албан бичиг, харилцагч В.Нямцэцэгийн 5315502395 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 238-240/, Хаан банкны харилцагч Н.Цэрэндолгорын 5087117819 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 22/, Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 50/13419 дугаартай албан бичиг, харилцагч Г.Тэмүжингийн 5758036675 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 46-48/, Хаан банкны харилцагч Б.Анхбаярын 5029680204 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 137/, Хаан банкны харилцагч Б.Батцэцэгийн 5068222395 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 139/, Хаан банкны харилцагч Б.Дөлгөөний 5070382172 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 47/, Хаан банкны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 50/6324 дугаартай албан бичиг, харилцагч О.Намууны 5429553500 дугаартай депозит дансны хуулга /4хх 58-59/, Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 50/11830 дугаартай албан бичиг, харилцагч Ц.Бат-Эрдэнийн 5017252579 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 105-106/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн ТХҮ-921/2805 дугаартай дүгнэлт /3хх 196-198/, “Үнэгүй групп” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 27/21 дугаартай албан бичиг /1хх 150/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Х.Өийг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Х.Өийн 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Үнэгүй.мн цахим хуудас ашиглан “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулан бусдын орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр төөрөгдөлд оруулан зарын дагуу холбогдсон 13 иргэнээс 13.600.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Т.Янжинлхамд “машинаа холдуулаад ирье” гэж худал хэлэн хуурч, 599.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авсан буюу бусдад нийт 14.199.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Х.Өийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Өийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нар нь “...хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Х.Ө нь нийт 13 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Үнэгүй.мн цахим хуудас ашиглан “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулан зарын дагуу холбогдсон 13 иргэнээс 13.600.000 төгрөг, мөн Т.Янжинлхамд “машинаа холдуулаад ирье” гэж худал хэлэн хуурч, 599.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авсан буюу бусдаас үлэмж хэмжээний мөнгийг авсан бөгөөд эдгээр үйлдэл нь иргэдийн хэвийн аж амьдрах үйл ажиллагааг алдагдуулж, хохирогч нарын байр түрээслэн суух хүсэл зоригийг ашиглан төөрөгдөлд оруулж, дансаар мөнгө шилжүүлэн авч эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсныхаа дараа, утсаа салгаж алга болсон олон удаагийн үйлдэл нь амьдралын эх үүсвэр болгосон гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нь шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ