Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2020/00020

 

М.Бгийн нэхэмжлэлтэй, О.Бд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэртэй, М.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Бд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2010 онд О.Бтэй танилцаж, гэр бүл болон 2012 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2012.07.23-ны өдөр охин Б.Оюундарь, 2018.09.07-ны өдөр охин Б.Нарансолонго нар төрсөн. Би гэр бүл болохдоо 3 өнчин хүүхэдтэйгээ Бтэй гэрлэсэн. Бид сайхан амьдарч байсан. Бага охиноо төрүүлээд би хүүхдүүдээ асран аймгийн төвд байх гэртээ амьдарч байсан. Хөдөө гэртээ очьё гэхээр Б наашаа ирээд хэрэггүй, хүүхдүүд зутарчихна гэдэг байсан. Гэтэл нөхөр маань энэ хойгуур хөдөө гэртээ Баяндун сумаас Энхцэцэг гэх эмэгтэйг авчран хамт амьдарч байгаа болохыг мэдээд асуухад чамаас сална гэж хэлсэн. Үүнээс хойш бидний хооронд хэрүүл маргаан тасрахгүй болсон. Үүнээс хойш нөхөртэйгөө уулзахаар хоёр удаа хөдөө гэртээ очсон боловч уулзаж чадаагүй, надаас зугтаад байдаг болсон. Надад болон хүүхдүүддээ хоол хүнс, хэрэгцээний мөнгө төгрөг огт өгөхгүй болж, холбоо ч барихгүй болсон. Энэ олон жил гэр бүл болон хамт амьдарч, үр хүүхдүүдийг нь төрүүлээд анхаарал халамж тавьж амьдарч явсан би эцэстээ энэ хүнд хаягдаж хохирч үлдэж байна. Миний бие нөхрөөсөө салмааргүй байгаа боловч үнэндээ энэ байдалд яах ч учраа олохгүй аргагүй байдалд оруулж арга буюу шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна. Бид гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж нилээдгүй хөрөнгөтэй бөгөөд нөгөө эмэгтэй нь бидний хөрөнгийг үрэн таран хийж амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг миний асрамжинд үлдээн эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг нь хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хуваах шаардлага байгаа боловч О.Бгийн тайлбарыг харсны эцэст нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө миний бие шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандан өргөдөл гаргасан боловч О.Б нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд огт хүрэлцэн ирээгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие О.Бгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. О.Б нь миний гаргасан нэхэмжлэлийг дэмжинэ, хүүхдүүддээ өмч хөрөнгө тасалж өгнө, хүүхдүүддээ байраа ч өгнө гэж надруу утсаар ярьсан. Иймд миний бие гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд бид гэр бүл болж хамт амьдрахдаа малаа хамтран маллан өсгөсөн бөгөөд О.Б мал дээрээ, би хүүхдүүдээ харж хүмүүжүүлэх үүрэгтэй байсан. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1691 тооны мал тоолуулсан бөгөөд адуу 43, үхэр 132, хонь 1254, ямаа 272 тооны малыг 2017 оны манай сумын ИТХурлаас баталсан малын жишиг үнэлгээгээр тооцвол нийт 295 050 000 төгрөг болж байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоот хоёр өрөө байрыг 40,0 сая төгрөгөөр үнэлж, нийт 335 050 000 төгрөгийн эд хөрөнгө буюу малыг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хувааж, орон сууцнаас надад болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Б надтэй эвлэрье, дахин хамт амьдарцгаая гэвэл миний хувьд одоо ч хүлээн авахад бэлэн байна. Гэвч О.Б заавал гэрлэлтээ цуцлуулна гээд байгаа учир миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Малын хувьд 2018 оны тооллогоор нийт адуу 41, үхэр 131, хонь 1249, ямаа 270 буюу нийт 1691 тооны мал тоолуулсан байсан. Гэтэл 2019 оны мал мооллогоор 182 тооны малтай, бусдыг нь зарж борлуулсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. О.Б ах дүү болон найз нөхдийнхөөрөө малаа тарааж, маллуулж байгаа гэсэн сураг би дуулсан. Энэ нь ч үнэн байх гэж би бодож байна. Надад хурал болохоос өмнө 10 бод, 80 бог мал өгье гэснийг би зөвшөөрөөгүй. Харин 300 тооны хонь ямаа, 50 тооны адуу үхэр өгнө гэвэл би зөвшөөрнө гэдгээ хэлсэн. О.Б шүүх хуралдааны явцад бидэнд 21 адуу, 29 үхэр, 260 хонь, 40 ямаа буюу нийт 300 бог мал, 50 бод мал үлдээе гэснийг хүлээн зөвшөөрч малын хувьд бид эвлэрч байна. Харин Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоот хоёр өрөө байрны хувьд биднийг гэрлэхээс өмнө О.Б худалдаж авсан нь үнэн тул энэ талаар маргахгүй. Бид 2012 онд гэр бүл болоод 2014 оноос хойш би хүүхдүүдийн хамт энэ байранд амьдарч байгаа нь үнэн. О.Б хоёр хүүхэддээ байраа өгнө гэсэн учир би өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд уг орон сууцнаас бидэнд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр М.Бтай 2011 оны хавар танилцан, гэрээр нь ирэн очин амьдарч байгаад том охин Б.Оюундарийг төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Том охиноо төрсний дараа М.Б нь аймгийн төвд байх миний байранд ээжтэйгээ өөрийн 3 хүүхдийн хамт ирж амьдарсан. Үүнээс хойш М.Б хөдөө гэртээ буюу мал дээрээ очиж амьдарч байгаагүй. 4 хүүхдээ харж байна гээд хөдөө очдоггүй байсан. Миний бие Баяндун сумын харъяат Зоригоо, Энхцэцэг гэх хоёр хүнийг өмнө нь зүс таньдаг бөгөөд 2019 оны хавар 5 сард тэр хоёроор малаа маллуулахаар тохирч Баяндун суманд малаа маллуулсан. Би өөрөө энэ жил найз Ганбатынд урд голын эрэг дээр хэдэн малаа төллүүлсэн. Энэ үед манай мал голын шаварт олноороо орж зоогдож үхэх, шавраас гарч ирсэн нь осгож үхэх зэргээр мал маань хорогдоод байсан тул нутаг ус таарахгүй нь гээд Дашбалбар, Баяндунгийн зааг дээр нутаг сэлгэж нүүж суусан. Гэтэл нүүдэл хийх үед Б хүрч ирээд Энхцэцэгийг хараад надтай хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Бг явсны дараа надад газраа түрээслүүлж, мал маллахаар ярьж тохироод байсан Энхцэцэг, түүний нөхөр Зоригоо нар ийм хэл амтай айлд мал маллахгүй, газраа түрээслүүлэхгүй гээд яваад өгсөн. Түүнээс биш би нөхөртэй хүнтэй нэг гэрт амьдарч, машин унаа авч өгч, байшин барьж өгсөн асуудал байхгүй. Бтай хамт амьдарч байхдаа охиноо төрснөөс хойш хүүхдүүдээ аймгийн төвд харж асраг гээд аймгийн төвд байгаа байрандаа амьдруулж байсан бөгөөд хэрэгтэй цагт нь хоол хүнс, мөнгө төгрөг байнга өгдөг байсан. Миний ХААН банк-ны харилцах дансны хамтран эзэмшигчээр М.Бг бүртгүүлж, М.Б хэрэгтэй үедээ данснаас мөнгө авч хэрэглэдэг. Мөн М.Б сүлжээний бизнес эрхэлж байна гэж надаас мөнгө авч сүлжээндээ өгдөг, хэр зэрэг ашиг олдогийг нь би мэдэхгүй. Энэ хавар ямаагаа самнаад 9 сая орчим төгрөг болсны 8 сая төгрөгийг нь М.Бд өгч байсан. Энэ мэтээр би ноолуур зарах, мал хуй зарах зэргээр мөнгө олсон үедээ М.Бд өгдөг байсан ба гэр бүлээ би мөнгө төгрөг, хоол хүнсээр дутаагаагүй. Гэр бүл, үр хүүхдээ хүнээс дутаахгүй юмсан гэсэн амьдралын төлөө хэдэн малын араас эрүүл мэндээ үл тоон гадаа гандаж, хөдөө хөхөрч ирсэн байхад М.Б ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдож байна. Гэвч М.Б гэрлэлтээ цуцлуулна гэвэл би татгалзахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Хоёр охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Мөн тэтгэлэг төлнө.

Хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд 2018 оны мал тооллогоор 1691 тооны мал тоолуулсан нь үнэн. Миний бие хар багаасаа мал малласан. М.Бтай суухаас өмнө өөрийн гэсэн малтай байсан бөгөөд энэ мал маань өсөөд ийм хэмжээнд хүрсэн. Гэвч 2019 оны хавар мал төллөх үеэр мал маань ихэнх нь хорогдож үхсэнээс гадна нилээн хэдэн тооны малыг зарж борлуулсан. 2019 оны мал тооллогын үеэр үхсэн малыг бүгдийг зарж борлуулснаар бичсэн байсан. Цөөхөн хэдэн тооны мал тоолуулсан. Одоо мал маань төллөсөн. Мөн найз нөхдөөрөө малаа маллуулж байгаа. Би шүүх хурлын өмнө М.Бд 80 тооны бог мал, 10 тооны бод мал таслан өгч, одоо амьдарч байгаа хоёр өрөө орон сууцыг өөрт нь үлдээе гэсэн санал тавьсан боловч М.Б зөвшөөрөөгүй. Одоо шүүх хурал дээр гаргасан 300 толгой бог мал, 50 толгой бод мал өгөхийг зөвшөөрч байгаа юм байна. Харин орон сууц бол миний өөрийн хөрөнгө учраас өгөхгүй. Хүүхдүүдээ том болсны дараа байрны асуудлыг шийднэ.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрээр:  

- Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан .................... овгийн О.Б/РД:............./, .................. овгийн М.Б /РД:................./ нарын гэрлэлтийг цуцалж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.О, Б.Н нарыг эх М.Бгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай охин Б.О, 02 настай охин Б.Ннарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Бгээр сар тутам тэжээн тэтгүүлж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн дагуу хариуцагч О.Бгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн малаас нийт 64 800 000 төгрөгийн үнэ бүхий 260 хонь, 40 ямаа, 29 үхэр, 21 адууг тус тус нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дорнод аймгийн Хэрлэн сумын ............., ...... дугаар байрны 26 тоот хоёр өрөө орон сууцнаас болон 230 250 000 төгрөгийн малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

- Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдэж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Бгийн урьдчилан төлсөн 191 369 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 432 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд 191 369 төгрөгийг олгож, үлдэх 240 975 төгрөгийг, нэхэмжлэгч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 240 975 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч О.Бгийн өмчлөлийн 1691 тооны малыг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2019/02683 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Б 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч М.Б би хариуцагч О.Бд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хууль бус гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон сууцтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг буруу шийдвэрлэсэн. Би Бтэй 2012 онд гэр бүл болоод хүүхэд төрүүлсэн. Хүүхэд төрөхөөс өмнө бид хамтран амьдарч байсан. 2012 онд хүүхэд төрөхөд бид ................... тоот байранд орсон. Хүүхдүүдийн орон байрны халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн. Хүүхдүүдийн тэтгэмжийн асуудлыг шийдсэн ч хүүхдүүдийг насанд хүрээгүй байхад гудманд гаргаж байгаа нь буруу байна. Шүүх надад байрны оногдох хэсгээс өгөхгүй байж болох ч яагаад насанд хүрээгүй хүүхдүүдийг шүүхийн шийдвэрээр орон байргүй болгож байгааг ойлгохгүй байна. Үүнд насанд хүрээгүй миний 3 хүүхдийн эрх ашиг ч зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуулинд эх нялхсын эрх ашгийг төр хамгаална гэж заасан байхад төрийн шүүх, шүүгчид насанд хүрээгүй хүүхдийн орон байрны эсрэг, хүүхдийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Би эх хүний хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс насанд хүрээгүй бага насны /ой 8 сартайгаас 14 нас/ хүүхдүүд орон гэргүй, гудамжинд гарна гэж бодохоос бидний сэтгэл санаа шүүхийн шийдвэрээс болж маш их дарамтанд орж байна. Иймд эх нялхсын эрх ашиг орон байрны халдашгүй байдлыг нь шүүх хамгаалж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж, гомдол гаргаж байна.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч О.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 13 дахь талууд/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Бгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал, шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд гэр бүлийн бусад гишүүд уг эд хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөөс шаардах эрхгүй тул хариуцагч О.Бгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцнаас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Бгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эх өөрийн хөрөнгөөс үр хүүхэддээ өгөх, өвлөн үлдээх нь эцэг эхийн эрх, үүрэгт харшлахгүй.” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна. 

Иймд нэхэмжлэгч М.Бгийн давж заалдах гомдолд дурдагдсан “ шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг орон байрнаас нь хөөх  агуулгатай  шийдвэр гарсан.” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүхийн шийдвэрээр “хүүхдүүдийг амьдарч байгаа орон сууцнаас нь гаргана.” гэсэн агуулга байхгүйгээс гадна хариуцагч О.Бгийн гэрлэхээс өмнө буюу 2010 онд худалдаж авсан 2 өрөө орон сууц түүний хуваарьт хөрөнгө болох талаар дүгнэлт хийсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эх хүүхдүүдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.  

Нэхэмжлэгч М.Бгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.НАРАНБАЯР

     ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ