Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 297

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа цагаатгагдсан этгээд Б.М , хохирогч Ж.О-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ж.О-ын өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, П.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан гомдол, прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

П.М нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дулааны 3 дугаар цахилгаан станц”-ийн зүүн хойд автомашины уулзвар орчим хохирогч Ж.О-тай “Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан Ж.О-ын нүүрэн тус газар маажиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх болоогүй хэргийн нөхцөл байдлыг дур мэдэн тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд хийгдээгүй нөхцөл байдлыг бий болгож хэрэгт авагдсан баримтыг үгүйсгээгүй ба энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

2. Цагаатгах тогтоол болон магадлалын тодорхойлох хэсэгт П.М-ын “...намайг баруун гараараа заамдаж байгаад баруун хацар луу зүүн гараараа алгадсан...” /хх-106/, гэрч П.М-ын хадам эх Б.Бямбасүрэнгийн “...бэрийг заамдаж нэг удаа нүүрэн тус газар цохисон, мөн багалзуурдаж цээж хэвлийн тус газар олон удаа цохиж...” /хх-25/ гэх хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгийг шүүх үнэлж хохирогчийг буруутай гэж үзсэн нь нотлох баримт болоод хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй болсон. Хэрэв П.М болон гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлгүүдийг үнэлж байгаа тохиолдолд олон удаа цохигдсон П.М-ын цээж, хэвлий, нүүрэн тус хэсгүүдэд гэмтэл тогтоогдоогүй болно. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

3. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэлээ П.М-ыг “хууль ёсны шаардлага тавьсан” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Бямбасүрэн дүрэм зөрчсөн талаар Ж.О-т хэлсэн байдаг.

4. Гэрч Ц.Ц “...заамдаад сэгсэрч байсан...” гэдэг бөгөөд түүний энэ мэдүүлэг хохирогч Ж.О-ын мэдүүлэгтэй тохирч байдаг.

5. Хохирогч Ж.О нь П.М-ыг заамдсан, сэгсэрсэн үйлдлийг хийсэн байдаг ба үүнийг түүний хууль бус довтолгоон гэж үзэх үндэслэлгүй.

6. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдлийг П.М үйлдсэн. Өөрт нь болон хамт явж байсан хүмүүст нь Ж.О-ын зүгээс “аюултай ямар довтолгоо” хийсэн нь нотлогдож тогтоогдоогүй.

7. П.М хоёр удаагийн үйлдлээр Ж.О-т эхлээд баруун хацарт, дараа нь дух хэсэгт машиныхаа хажууд маажиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг байхад үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар П.М-ын үйлдэл нотлогдож тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хохирогчийн эрх ашгийг хохироож цагаатгах тогтоол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтад цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүх дүгнэсэн нь хууль зөрчжээ. Мөн прокурорын эсэргүүцэл болон, өмгөөлөгчийн саналыг цагаатгах тогтоол болон магадлалд дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн байна.

Нотлох баримтаар хэн нэгний гэм буруутай үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж болох боловч энэ нь хуулийн үндэслэлтэй нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэгдэх ёстой. Иймд П.М-ыг цагаатгасан тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд аргагүй хамгаалалт гэж дүгнэн П.М-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн П.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.М-г 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 3 дугаар цахилгаан станцын зүүн хойд талын уулзвар орчимд Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар маргалдан, Ж.О-ын нүүрэн тус газар маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх П.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хохирогч Ж.О нь зүй ёсны шаардлага тавьсан эмэгтэй, П.М-г заамдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, дахин цохихыг завдаж, улмаар довтолгооноо үргэлжлүүлж П.М-н жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудлын шал руу П.М-ыг багалзуурдан шахаж дараад цохьсон үйлдлээс шүүгдэгч нь өөрийгөө хамгаалж Ж.О-ын нүүрэн тус газар нь маажиж хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн П.М-ыг аргагүй хамгаалалтын үед Ж.О-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэн П.М-ыг цагаатгахдаа  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж хангалттай тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд, П.М, Ж.О нар маргалдах явцдаа Ж.О  нь П.М-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан бодит халдлагын эсрэг П.М  өөрийгөө хамгаалах хүсэл зориг бүхий хариу довтолгоон хийж, халдагч этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн хохирол учруулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэв.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар цагаатгах тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН