Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0831/з |
Дугаар | 221/МА2017/0429 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0429
2017 оны 06 сарын 15 өдөр Дугаар 221/МА2017/0429 Улаанбаатар хот
Л.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0288 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Л.Д-н нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0288 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-н “нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар иргэн Д.Э-д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Э-ны “Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 041 тоот шаардах хуудас, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны актын биелэлтийг хэрэгжүүлэхийг даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Тухайн орон сууцанд хойд болон урд талаас автомашинаар орох боломж хязгаарлагдсан, чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон бөгөөд урд төв замаас шууд орж байсан орц гарцыг хааж, давхардуулан газар эзэмшүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан байна. Тухайн орц гарцыг хааснаар тухайн орон сууцанд хэрхэн орж, гарах нь ойлгомжгүй болсон бөгөөд бусдын эзэмшил, өмчлөлийн талбай дундуур жижиг машин орох төдий зай байгаа. Гэтэл шүүхээс ийнхүү бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийлээ.
Тухайн байрны оршин суугчдын эзэмшлийн зөвшөөрөлгүй контейнер, автомашины гараж зэргийг орц гарц хааж, нарийсгаж тавьсан зүйл байхгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаагүй билээ. Гэтэл шүүхээс таамгаар тухайн орон сууцны урд талд байсан контейнерүүдийг оршин суугчдынх, зөвшөөрөлгүй, орц гарцын өргөний хэмжээ нарийсгасан гэх бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчийг нийтийн эзэмшил газарт, бусдын орц, гарцыг хаан газар эзэмшүүлсэн гэж буруутгах нөхцөл тогтоогдохгүй байх тул ...” гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Шүүхээс газрыг кадастрын зургийн дагуу эзэмшиж байгаа хэмээн гэрээг дүгнэхдээ хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлэхгүй, хэрхэн үнэлснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заасангүй. Тухайлбал гуравдагч этгээд Д.Э-ны эзэмшил гэх тухайн газрын хэмжээ тодорхойгүй.
Гуравдагч этгээдийн тайлбарласан шиг талбайн хэмжээг огт ихэсгээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Ийнхүү өөрчлөгдөж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эцэст нь гуравдагч этгээдээс гаргасан газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ талбайн хэмжээг нэмэгдүүлэн иргэдийн орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн нь харагдаж байна.
Нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол захиргааны байгууллагын актаар хэрхэн зөрчигдсөн болохыг бодитойгоор тогтоохын оронд хэрэгт авагдсан баримтуудаас хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтай баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх 34-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
“Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар Д.Э-д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцыг хааж олгосон газрыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаар иргэн Л.Д нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.Э нь бидний 26 жил орж, гардаг байсан орц, гарц, явган хүний замыг хааж хашаа барьсан. Нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын зөвшөөрөлгүй хашаа, барилга барих үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг ноцтой зөрчсөн тул хуулийн дагуу газрын зөвшөөрлийг хүчингүй болгож хууль бусаар хүч түрэн барьсан хашааг буулгаж орц гарцыг нээж өгнө үү” гэж тодорхойлжээ.
Анх маргаан бүхий газар буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо “А-О” зочид буудлын баруун талд байрлах 854 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дүгээр захирамжаар Тээвэр хөгжлийн банкны 902 дугаар салбарт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн газрын албанд хандаж Тээвэр хөгжлийн банкнаас 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/59 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар дээрх газрыг Д.М-т шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд ингэхдээ газрын хэмжээг 956 м.кв гэж тодорхойлжээ.
Харин дээрх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчны гудамж 5 хаягт орших 956 м.кв газрыг Д.М-с Д.Э-д “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээг 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулжээ.
Дээрх гэрээг үндэслэн Д.Э нь “гражын зориулалттай 402 м.кв талбайтай обьектыг, 956 м.кв газрын хамт хамтран эзэмших” гэсэн хүсэлтийг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандаж гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Э-д Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 868 м.кв газрыг 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.
Харин нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
Эдгээр газар эзэмшүүлсэн шийдвэрээс үзэхэд Д.Э-д нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 868 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар Д.Э-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн оршин суугаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцыг хаагаагүй бөгөөд уг захиргааны шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тиймээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн “бидний 26 жил орж, гардаг байсан орц, гарц, явган хүний замыг хааж хашаа барьсан. Нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын зөвшөөрөлгүй хашаа, барилга барих үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг ноцтой зөрчсөн тул хуулийн дагуу газрын зөвшөөрлийг хүчингүй болгож хууль бусаар хүч түрэн барьсан хашааг буулгаж орц гарцыг нээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны оршин суугчид “... 12 дугаар байрны орж, гарах нийтийн эзэмшлийн гарцыг “А” зочид буудал хааж хашаа барьж оршин суугчид байр луугаа орж, гарах гарцгүй болсон тул “А” зочид буудлын нийтийн эзэмшлийн гарцыг шийдвэрлэж өгч тусална уу” гэж гомдлыг Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргаж байжээ.
Оршин суугчдын гомдлын дагуу Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шаардах хуудас зэргээр газрын зөрчил арилгуулах талаар “А” зочид буудал болон Д.М-д хаяглан хүргүүлсэн байна.
Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1053 дугаар захирамж “тус дүүргийн 3 дугаар хороо “А” зочид буудлын газар эзэмшигч иргэн Д.М нь эзэмшил газраараа хэтрүүлэн хашаа татсан байх тул зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Д.Э-ны эзэмшил газрын баруун талд байршуулан эзэмшүүлэхээр Д.Д-д Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар 216 м.кв, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 335 дугаар захирамжаар 120 м.кв газрыг олгож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.
Тиймээс анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/243 тоот албан бичиг хавсаргасан Д.М, Д.Д нарын эзэмшил газрыг харуулсан сансрын зураг, Д.М, Д.Д нарын газар баталгаажилтын хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Д-ын оршин суугаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцыг гуравдагч этгээд Д.Э хашаа барьж хаагаагүй, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 868 м.кв газрыг Д.Э эзэмшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн байрны орц, гарц хаагдаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцын асуудлыг Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар шийдвэрлэж байсан бөгөөд уг захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг нь хангуулах талаарх хүсэлт, гомдлыг нэхэмжлэгч Л.Д хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “... Д.Э-д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцыг хааж олгосон газрыг хүчингүй болгуулах” гэж шаардлага гаргасан байхад бусад этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох замаар “орц, гарц гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Харин шүүхийн энэхүү дүгнэлт, шийдвэр нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байрны орц, гарцыг бусад этгээд хаасан талаар нэхэмжлэгч маргахад хязгаарлалт болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээд Д.Э-ны бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий байна.
Тиймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР