Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 564

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн С.А*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, гуравдагч этгээд Б.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.А******* миний бие Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо Бэлх Хадатын амны зуслангийн 700 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг үндэслэн 2008 оны 5 дугаар сарын 22-ний өдөр 0161100 дугаар гэрчилгээг олгосон.

Энэ газарт би 2004 онд хашаа барьж 2007 онд кадастрын зураг гаргуулж газрын мэдээллийн санд 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1******* нэгж талбарын дугаараар орсон байтал, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тухайн үед ******* дугаар хорооны Бэлх Хадатын амны зуслангийн газрыг хариуцан ажиллаж байсан байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Б.Э*******од 2011 оны 309 дүгээр шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн 0357408 дугаар гэрчилгээ 1******* нэгж талбарын кадастрын зурган дээр давхцуулсан гэрчилгээ байгаа.

Миний бие иргэн Ц.Мт газрынхаа эрхийг шилжүүлэхээр 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж нэрээ шилжүүлэхээр удаа дараа Газрын албанд хандахад иргэн Б.Э*******ын газрын кадастрын зурагтай давхцаж байна гэснээр энэ асуудал анх үүссэн.

Уг асуудлаар тухайн үед би Газрын албаны хуучин дарга н.Бд учраа хэлж уулзахад кадастрын зурагтай давхцсан учраас Б.Э*******, С.А******* та нар хоорондоо зохицох ёстой зохицоход хүндрэлтэй асуудал алга байна, зохицчихвол асуудал шийдэгдэнэ гэсний дагуу Б.Э*******ой удаа дараа утсаар ярьж уулзах хүсэлт тавьсан боловч ирдэггүй байсан. Дахин н.Б даргад хандаж албан ёсоор Б.Э*******ыг дуудуулахад Б.Э******* нь ирээд Уээс Мд, Мгээс шилжсэн өөрийнхөн үндсэн газар дээр гэрчилгээ гаргаад өгчих тэгвэл би С.А*******тай тохиръё гэсэн. н.Б дарга энэ тохиролцсон яриагаа бичгээр бичиж байцаагчид өг гэхэд Б.Э******* нь бичиж өгөлгүй таг чиг болсон.

Би 2013 онд н.Б даргатай дахин уулзаж мөн л учраа хэлж асуудлыг хурдан шийдэж өгөөч гэхэд н.Б дарга Б.Э*******од ирж уулз гэсэн шаардах хуудас буюу албан тоот өгөхөөр ирэхгүй байна, хоосон газар дээрээ гэрчилгээ гаргуулахын тулд ирнэ тэр үед та нарыг дуудаж асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн.

Гэтэл Газрын албаны дарга солигдож Б.Э*******од биднийг дуудахгүйгээр гэрчилгээ гаргаж өгсөн. Дуудах ёстойгоо байцаагч С.Д******* нь мэдэж байсан. Энэ асуудлаас болж миний газар эзэмших эрх зөрчигдөж улмаар газраа эргэлтэд оруулах боломжгүй болчхоод байна.

С.А******* би тухайн үед дүү С.У, С.Уийн нөхөр Г.Л, өөрийн аав Ж.С нарын хамт зэрэгцээ 4 айлын газар авч байсан. Миний дүү С.У нь иргэн С.Мд 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газраа зарсан. Харин С.М нь Б.Э*******од 2011 онд газраа тус тус зарсан.

Иргэн Б.Э******* нь 2015 оны 10 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Мийг хариуцагчаар татаж Ц.М, Р.Ц нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Тэгээд би энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад дахин хандаж өргөдөл гаргахад 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1717 дугаар албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.

Мөн Нийслэлийн Засаг даргад энэ асуудлаар өргөдөл гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн л шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А******* болон түүний дүү С.У нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар тус дүүргийн ******* дугаар хороо, Бэлх зусланд тус бүрдээ 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг мэдээллийн санд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн дүү С.У нь өөрийн эзэмшиж байсан тусдаа гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай газраа иргэн С.Мд 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 319 дүгээр захирамжаар иргэн С.Мд шилжүүлсэн. Уг гэрээндээ газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар, нэгж талбарын дугаарыг тодорхой дурдсан байдаг. Иргэн С.М нь гуравдагч этгээд Б.Э*******од газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ мөн гэрээ байгуулсан. Гэрээнд С.Уээс газар шилжүүлж авсны үндсэн дээр гэрчилгээ олгосон гээд гэрчилгээний дугаар, нэгж талбарын дугаарыг мөн дурдаж гэрээ байгуулсан. Нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай гэрээ байгуулж газрын албанд хүсэлтээ гаргасан боловч, маргаан бүхий 2011 оны 309 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг Б.Э*******од шилжүүлэхдээ нэхэмжлэгч С.А*******ын нэгж талбарын дугаартай газрыг сольж шилжүүлсэн. С.Уийн газрыг шилжүүлэх ёстой байхад яагаад С.А*******ын газрыг шилжүүлсэн тухай шийдвэр байхгүй, тодорхойгүй байдаг. 

Нэхэмжлэгч С.А******* нь иргэн С.М болон Б.Э*******той газар шилжүүлэх талаар огт гэрээ хийгээгүй. Газраа шилжүүлэх хүсэлт, ашиг сонирхол байхгүй. Гэтэл төрийн захиргааны байгууллага ганцхан шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Тэр нь С.У болон иргэн С.А******* нар нь нэгж талбарын дугаартай газраасаа булангийн цэгүүдийг буруу тодорхойлсон юм уу?, С.У нь С.А*******ын газар уруу оруулаад өөрийн хашаагаа татсан, тэрийгээ С.Мд зараад тэрийг нь цаашаа Б.Э*******од зарсан гэх шалтгаанаар нэхэмжлэгч С.А*******ын газрыг ямар нэгэн шийдвэр, гэрээгүйгээр гуравдагч этгээд Б.Э*******од шилжүүлж, маргаан бүхий захирамжийг гаргасан байгаа. 

Энэ байдлыг төрийн захиргааны байгууллага засч залруулах ёстой байтал энэ зөрчлийг арилгахын оронд эрх хэмжээгээ хэтрүүлж, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “Газар эзэмших эрхийг шилжүүлэх” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Одоогоор нэхэмжлэгч С.А*******ын газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр, захирамж гараагүй байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр боловч нэгж талбарын дугаараараа гуравдагч этгээдэд шилжиж очсон байгаа учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэг буюу “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг ноцтойгоор зөрчиж байна. 

С.Уээс С.Мд газар эзэмших эрхийг шилжүүлсэн Засаг даргын 2010 оны 319 дүгээр захирамжаар нэгж талбарын дугаар тэр чигээрээ шилжсэн. Үүнээс үүдэн С.Мгийн нэр дээр нэхэмжлэгч С.А*******ын нэгж талбарын дугаартай газар хууль бусаар бүртгэгдээд байгаа. Маргаан бүхий 309 дүгээр захирамжаар С.Мгийн газар гэж гарч ирээд байна. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсч байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“....”Иргэн С.А*******ын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

С.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн *******-р хороо Бэлхийн хадатын аманд 700 мкв газрыг 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар захирамжаар гэрчилгээ авсан. Уг асуудлаар тухайн үед ...би газрын албаны хуучин дарга н.Бд учраа хэлж уулзахад Б.Э******* нь ирээд баруун талын газар дээр гэрчилгээ гаргаад өгчих тэгвэл би С.А*******тай тохиролцъё. 2013 онд газрын дарга н.Б даргатай дахин уулзаж мөн л учраа хэлж, нийслэлийн Засаг даргад энэ асуудлаар өргөдөл гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн л шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн" гэж нэхэмжлэлдээ дурдсанаас үзвэл нэхэмжлэгч газар эзэмших эрх нь 2013 оноос өмнө зөрчигдсөнөө мэдсэн бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж хэзээ гомдол гаргаж болох талаар заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг 2-оос доошгүй жилийн өмнө мэдсэн атлаа 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд нь тус асуудлаар гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд гомдол гаргах хугацааг хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...“Иргэн С.У нь С.Мд газраа шилжүүлэхдээ С.А*******ын газрыг шилжүүлсэн байдаг. С.У, С.А*******ын нарын эргэлтийн цэгийн координатууд 2012, 2013 онуудад мэдээллийн санд байхгүй байсан. 2013 онд С.У газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан зүйл байхгүй байсан. С.Уийн газрын координатууд мэдээллийн санд байхгүй байгаа. С.А*******ын газрыг С.У нь С.Мд шилжүүлсэн гэх нь үндэслэлтэй байна. С.А*******ын газрын нэгж талбарын дугаарыг шилжүүлсэн байна. Үүнийг манай алба С.Уийн газрын координатыг Б.Э*******од сүүлд 2014 оны *******6 дугаар захирамжаар баталгаажуулж өгсөн. Энд С.А*******ын газарт 2 талаас байшин барьснаас болж маргаан үүссэн байгаа. Нэмж тайлбар хэлэхэд, Сүхбаатар дүүргийн газрын албанаас хэргийн оролцогчидтой эвлэрэх санал тавьсан. Талууд уг асуудалд эврэхгүй гэсэн. Үүнээс үүдэн талууд захиргааны хэргийн шүүхэд хандсан. Маргаан үүсч хажуу талд нь байшин баригдаад С.А*******ын газар 2 хуваагдсан. ************** дугаартай газар мэдээллийн санд ороогүй, ямар нэгэн давхцал байхгүй байсан. Б.Э******* уг газарт хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн эзэмшүүлсэн. Маргаан үүссэн учраас 1******* дугаартай газрыг хувааж эзэмшүүлье гэж шийдвэрлэсэн. 

Одоо тэгээд С.А******* ямар ч газаргүй болчхоод л байгаа юм л даа. Хашаа байшин барьсан бодит байдлаараа л бүртгэе гэж байгаа. Би 2013 оны 01 сараас газар зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хэрэг өмнө нь өчнөөн маргаантай байсан. Түрүүн асуусан Б.Э*******оос та 4 цэгээ яг тогтоож газраа авсан уу? Энгийн нүдээр хараад цэг тэмдэг, координатыг мэдэх боломжгүй. Үүнийг заавал тэмдэглэж газар бэхэлсэн байх ёстой. Б.Э******* худалдаж авахдаа үүнийг анхаарч шалгах ёстой байсан. н.Мгийн гэрчилгээнд С.А*******ын нэгж газрын дугаар орсон нь манай үйл ажиллагаа байх. Нэгэнт 1******* дугаартай газар 2 талаас нь үл хөдлөх хөрөнгөө аль хэдийн барьсан учир хувааж олгоё гэсэн. Талууд эвлэрэхгүй бол Дүүргийн Засаг дарга буруу гаргасан захирамжаа зөвтгөөд өмнөх шийдвэрээ хүчингүй болгож болно. Тэгэхээр энэ хүмүүст чирэгдэл үүснэ. Тэгээд асуудлыг зөвшилцөх байдлаар шийдье гэж байгаа. Гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Нэхэмжлэгч тал тэгье Н.Мөнгөнцэцэгт шилжүүлсэн байшингаа авъя гэсэн. Энэ нь давхцалтай учраас шилжүүлэх ямар ч боломжгүй байгаа.” гэв.

Гуравдагч этгээд Б.Э******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:”...”Иргэн С.А*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 1. Миний бие 1******* тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших” эрхийн 0357408 дугаар бүхий гэрчилгээ, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээний дагуу 2011 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж байна. 

2 Энэхүү газрыг Сүхбаатар дүүргийн Газрын албатай байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээнд заасны дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болно. 

3. Мөн энэхүү эзэмшил газар дээрээ 152 м.кв талбайтай хувийн сууцанд 2011 оноос амьдарч байгаа бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан болно. 

Иймээс Б. Э******* миний эд хөрөнгө, хууль ёсны эрх,ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж иргэн С.А*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ маргааныг үзэхэд Газрын тухай хуульд газар “эзэмших” гэж зохицуулалт байдаг. Газар эзэмшихийн тулд эхлээд хүсэлт гаргах ёстой. Хүсэлтэд ямар бичиг баримт хавсаргах вэ гэхээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт “...эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргасан байх ёстой” гэсэн байдаг. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлд эзэмшигч, ашиглагч байгууллагын үүргийг заасан байдаг. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэгт “...өөрийн эдлэн  газрын  хилийн эргэлтийн  цэгүүдийг   газар дээр нь  тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтад авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой” гэсэн үүрэгтэй байдаг. 

Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч өөрөө энэ үүргийг биелүүлээгүй байдаг. Хил заагийг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй. 2009 онд дүү С.У нь хажуу талын эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлээд, шилжүүлж авсан хүн нь 2010 онд байшин барьсан. Байшин барсныг өөрсдөө мэдэж байсан. Өөрсдөө энэ талаар ямар нэгэн байдлаар санал гомдол гаргаагүй байдаг. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт “...эзэмшиж, ашиглаж байгаа газартаа 

геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглэлийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэхийг хориглоно” гэсэн байдаг. Тэгэхээр хуулиар олгогдсон эрх үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр төрийн байгууллагыг буруутгаад байна. Өнөөдөр газрын албаны үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр цахим системд шилжин, боловсронгуй болж байгаа. 

Цахимаар маргаж байгаа талбайг харахад Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон кадастрын зураг нь маргаж байгаа *******6503242737 гэсэн нэгж талбарын дугаартай газар байна. С.А******* нь миний газар гэж маргаад байгаа газраа 2010 онд бусдад шилжүүлсэн байдаг. Үүнийг цахим мэдээллийн дагуу эрх бүхий байгууллагууд нь бүртгэсэн байна. Газрын харилцааны геодези зураг зүйн газрын 2016 оны 1/1195 тоот албан бичгээр“...2011 онд УУ63040912 регистрийн дугаартай, нэр бүхий иргэний нэр дээр бүртгэлтэй болсон. 2013 онд гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Э*******ын эзэмшлээр бүртгэгдсэн байна гэсэн” хариу ирсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Засаг даргын захирамжтай маргаж байгаа. Кадастрын зурагтай холбоотой ямар нэгэн байдлаар маргаагүй гэж ойлгож байна. 

Мөн захиргааны шүүхэд гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацааны асуудал байдаг. Анх маргаан бүхий захирамж гараад 5-6 жил, 7 жил хүрэх гээд явж байна. Кадастрын зургийн асуудалд гомдол гаргаагүй, захирамжийг хүчингүй болгох тухай гомдол байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Засаг даргын захирамж гаргах үндэслэл нь кадастрын зураг байдаг. Кадастрын зураг өөрчлөгдчихөөд байхад энэ хүн ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Дээр нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн заалтыг зөрчсөн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны шүүхэд гомдол гаргах хугацаа, эрх зөрчигдсөн асуудал гэж байгаа. Гомдол гаргах хугацаа нь 2009 онд авсан гэж үзвэл 7 жилийн хугацаа хүрэх гээд явж байна. 2009 онд дүү нь С.У нь өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлсэн. Тухайн үед газрын хил заагийг өөрөө хянаж шалгаж хөдөлсөн, өөрчлөгдсөн зүйлийг хянаж шалгаад явж байх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл кадастрын зурагт гомдол гаргаагүй. Зөвхөн Засаг даргын захирамжид гомдол гараагүй. Захирамж гаргах үндэслэл нь кадастрын зураглал байдаг гэдгийг дахин хэлмээр байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А******* тус шүүхэд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 309 дүгээр  захирамжаар Б.Э*******од 1******* нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг иргэн С.Мгээс шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх нэгж талбарын дугаар бүхий газрыг нэхэмжлэгч С.А*******д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар  захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээнд  2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар  захирамжийг үндэслэн олгогдсон гэж бичигдсэн боловч уг шийдвэрээр С.А*******д газар эзэмших эрх олгогдоогүй, харин С.А*******ын Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан газар эзэмших хүсэлт, эзэмших хүсэлт гаргасан газрын байршлын кадастрын зураг, бүртгэл хяналтын карт, захирамжийн хуулбар зэрэг баримтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар  захирамжаар газар эзэмших эрхтэй болсон нь нотлогдож байна.

Гуравдагч этгээд Б.Э******* Сүхбаатар дүүргийн газрын албанд 2011 оны 6 дугаар 17-ны өдөр С.Мгийн 03*******820 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ************** нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг шилжүүлэн эзэмших хүсэлт  гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар ************** нэгж талбарын дугаар бүхий газрыг  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар С.Ут эзэмшүүлсэн бөгөөд С.У нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С.Мд эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 319 дүгээр  захирамжаар уг газрыг С.Мд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Д.Э******* С.Мгээс ************** нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, гэрээ хийсэн атал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 309 дүгээр захирамжаар Б.Э*******од нэхэмжлэгч С.А*******ын эзэмшлийн 1******* нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болжээ.

Мөн гуравдагч этгээд Д.Э******* С.Мгээс шилжүүлэн авахаар хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан ************** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших хүсэлтийг дахин 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргаж,  дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/*******6 дугаар захирамжаар уг газрыг Д.Э*******од эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэн хэн нь маргаантай газар гэдгийг мэдэж байсан. Эвлэрүүлэхийн тулд ************** гэсэн газрыг Б.Э*******ын нэр дээр баталгаажуулж өгье, 1******* дугаартай газрыг 2 хуваая гээд ************** дугаартай газрыг Б.Э*******ын нэр дээр өгсөн. Харин үүнийг Д.Э******* хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд ирсэн” гэсэн,  мөн нэхэмжлэгч ” ************** дугаартай газарт нэгэнт байшин баригдсан юм чинь байшингаас цааш булангийн хэсэг газрыг буцааж авъя гэж ярьсан. Тухайн үед Б.Э******* миний газрыг андуурч авсан гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд газрын албатай тохироод ************** дугаартай газрыг баталгаажуулж олгоё, энэ байшингийн доорх тал газраа мөн ав гэж шийдсэн. Тухайн үед тохиролцох юм байна гэж бодоод ************** дугаартай газрыг Б.Э*******од өгсөн. Дараа нь нэг өдөр С.Ут газар чөлөөл гэсэн хуудас ирсэн. Газрын албаны даргатай уулзаад асуухад Б.Э******* тохиролцохгүй гээд гэрчилгээгээ аваад яваад өгсөн гэсэн. Дараагийн газрын албаны даргад нөхцөл байдлаа хэлсэн. Одоо ингээд шүүхээр маргаж байна” гэж тайлбарласан, түүнчлэн гэрч С.У, С.М нарын мэдүүлгээс үзэхэд гуравдагч этгээд Д.Э*******ын   С.Мгээс 700 м.кв газрын нэгж талбарын дугаарыг сольж, нэхэмжлэгч С.А*******ын газар эзэмшиж байсан 1******* нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн, түүнчлэн энэхүү газрын маргааныг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Газрын албанаас Д.Э*******од ************** дугаартай газрыг нэмж эзэмшүүлснээр гуравдагч этгээд Д.Э******* 1400 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, нэхэмжлэгч С.А******* эзэмшил газаргүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3/5203 дугаар  албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “...мэдээллийн санд 1******* нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын кадастрын зурагт ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 16-нд С.А*******, 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр С.М, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх байдлаар Б.Э*******ын нэр дээр бүртгэлтэй байна.” гэжээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч С.А******* газар эзэмших эрхээ С.Мд шилжүүлээгүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын С.Мд газар эзэмшүүлсэн 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 319 дүгээр захирамжид  ************** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад С.Мгээс гуравдагч этгээд Б.Э*******од газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захирамжид 1******* нэгж талбарын дугаар бүхий газрыг  шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг болон нэхэмжлэгч С.А*******ын газар эзэмших эрхийг зөрчсөн байна.

Харин хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар газрын давхцлын талаар хэн аль нь мэдэж, холбогдох газрын албанд тасралтгүй гомдол гаргаж байсан нь нотлогддог бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар гомдлыг урьдчилан шийдүүлэх журмаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг Нийслэлийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгч уг хариуг авч хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймд нэхэмжлэгч С.А*******ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн тгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН