| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0017/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О- |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0017/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч ******* -,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* т холбогдох эрүүгийн 1718004040210 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Г- урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн ээж *******-ыг толгойн тус газар цайны халуун саваар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол *******тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн ээж*******-ыг толгойн тус газар цайны халуун саваар цохиж биед нь зулайн хуйхны шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г-ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз дуудаад гэрээсээ 20 цаг өнгөрч байхад гарсан. Манай найз Япон явах гэж байгаа гээд бид Хээтэй хоорооллын 5-4 дүгээр байранд очиж пиво ууж юм ярьж сууж байгаад шөнө 3 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Үерхдэг байсан залуу руугаа залгахад холбогдохгүй байхаар нь гэрт байгаа байх гэж бодоод иртэл байхгүй байсан. Тэгээд хоол идэх гэж байхад ах намайг битгий юм түжигнүүлээд бай гэхээр нь би халуун сав аваад шидтэл хананд цохигдож ойгоод санамсаргүй ээжийг оносон гэх мэдүүлэг,
Хохирогч ******* -ы өгсөн: Г- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрт орж ирээд халуун сав шидэхэд хананд цохигдож ойгоод миний толгойг цохьсон. Охин надаас уучлалт гуйсан бид одоо эвлэрсэн, эв зүйтэй байгаа. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Хохирогч ******* -ы өгсөн: ...******* уурлаад ширээн дээр байсан халуун сав аваад ах руугаа шидэх үед нь би “хүүе юу болж байна” гээд боссон чинь миний толгойд цайны халуун сав нь таарч онож миний толгойг цохиж гэмтээсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 20, 21/,
Гэрч *******ийн өгсөн: ...******* найз залуутайгаа маргалдсан уу яасан их ууртай, гэрт байсан юм хум авч шидлээд байсан. Тэгэхээр нь би сэрээд “яасан бэ юу болов, би өглөө эрт ажилтай, миний дүү унтаж амар” гэж дүү ******* т хэлэхэд гал тогооны өрөөнд орилж хашгираад байсан. Тэгээд би орноос босоод очихын завдалгүй ******* юм авч шидэх шиг болсон. Тэгсэн ээж “******* чулуун толгой халуу төөнөөд явчихлаа. Намайг оночих шиг боллоо” гэж хэлсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1129 дугаартай “******* -ы биед зулайн хуйхны хуучин шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 9-15/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г-, хохирогч ******* - нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь Г- нь эх, ахын хамт ам бүл 3-уулаа амьдардаг гэх Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч, хохирогч болон гэрч *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* -ы биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г-т 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР