Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2022/0823/З |
Дугаар | 128/ШШ2024/0383 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М,
Хариуцагч: Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо,
Хариуцагч: Батлан хамгаалахын сайд,
Хариуцагч: Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс,
Гуравдагч этгээд: Ц.Б,
Маргааны төрөл: Иргэн Ц.Бд Орон сууц эзэмших эрхийг бичиг-ийн дагуу орон сууц хувьчилсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, гуравдагч этгээд Ц.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Ц.М нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нарт холбогдуулан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Бд холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг Ц.Мы нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Батлан хамгаалахын сайдад холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Батлан хамгаалахын яамны Орон сууц хувьчлах төв комиссын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Анх Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын дарга Бригадын генерал М.Э нь 2019 оны 7/1386 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ц.Мг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хотхоны 10 дугаар байрны 7 тоотод ажлын шаардлагаар оруулж, гэрээ байгуулан ажиллахыг Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчид мэдэгджээ.
2.2.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
2.3.Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар 10 дугаар байрны 29 айлын орон сууцыг хувьчлах асуудлаар санал авах, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, Зэвсэгт хүчинд он удаан жил тус ангид ажиллаж байгаа албан хаагчид хувьчлуулах саналыг 100 хувийн саналаар дэмжиж, улмаар маргаан бүхий орон сууцыг Батлан хамгаалахын дэд сайд, орон сууц хувьчлах төв комиссын даргаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг Ц.Бд олгожээ.
2.4.Дээрх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тушаалын 1 дэх заалтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны оршин суугчдын нэрсийн жагсаалтыг баталсны дотор 7 тоот орон сууцыг Ц.Бд хувьчлах шийдвэр багтжээ.
2.5.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан оршин суугчдад өмчлөх асуудлыг шийдвэрлэхийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хүргүүлжээ.
2.6.Улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор 597 иргэнд орон сууц өмчлөх эрх олгож шийдвэрлэжээ.
2.7.Дээрх шийдвэрийн хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг Ц.Бд олгосон байх бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
2.8.Ц.Мгаас Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Ц.Бд холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дугаар өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо шинэ хотхон 10 дугаар байр, 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулахаар 2022 оны 09 дүгээр арын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Ц.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 06-р тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг Зэвсэгт хүчний -р ангийн тасгийн захирагч ахлах ахлагч Ц.Бд хувьчилж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд харшилсан хууль бус шийдвэр байх бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний төдийгүй манай гэр бүлийн бусад гишүүдийн албан тушаалын орон сууцанд амьдрах, эзэмшиж ашиглаж буй албаны орон сууцаа хувьчлан авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул ийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах асуудлыг Орон сууц хувьчлах тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа, сууц эзэмшигчийн өмчлөлд шилжүүлэхийг, 3.5-д сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө"-г сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг, 4 дүгээр зүйлийн 4.1-д Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-г түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална, 6 дугаар зүйлийн 6.3-т Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна, 17 дугаар зүйлийн 17.1-д Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана, 18 дугаар зүйлийн 18.1-д Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай орон сууц хувьчлах тухай тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтын нэгдүгээрт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 1998 онд ашиглалтад орсон 10-р байрны 29 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн 10-р байрны 29 айлын орон сууцыг хүн тус бүрээр хувьчилж, гэрчилгээ олгохдоо тус байранд нэг ч удаа амьдарч, эзэмшиж ашиглаж байгаагүй Ц.Бд Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг хувьчилж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан оршин суугч албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, холбогдох төрийн байгууллагаас өөрийн үзэмжээр хэн дуртай танил тал иргэн, албан тушаалтан /албан тушаалтан биш/-д шударга бусаар төрийн өмчийг хувьчлах, бусдад шилжүүлэх эрхийг олгосон, төрийн албан хаагчдын ялгаварлан гадуурхах нөхцөл байдлыг бий болгож байна.
Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг ахмад Ц.М миний бие нь Зэвсэгт хүчний жанжин штабын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7/1856 тоот албан бичгийн дагуу мөн сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль ёсоор ашиглаж, эзэмшиж байна.
Миний бие нь 2012-2013 Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 110-р тусгай салбарт офицер орон тоон дээр энгийнээр, 2013-2016 онд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 тушаалаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 110-р тусгай салбарт Сантехникийн инженер, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/586 тушаалаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Хяналтын инженерээр, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/843 тушаалаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тасгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Б/149 тушаалаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Цэргийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга, 2021 оноос Зэвсэгт хүчний 310 дугаар ангид Барилга байгууламжийн засвар, үйлчилгээ ашиглалтын тасгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын даргын шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцанд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч, тус байрны цахилгаан сантехникийн засвар үйлчилгээг давхар хариуцах нөхцөлтэйгөөр "Цэргийн анги байгууллагын мэдлийн орон сууцыг ашиглах гэрээ байгуулж байрны төлбөрийг төлж, тухайн 10 дугаар байранд гарсан ус, дулаан, бохир ус зайлуулах систем, цахилгааны гэмтлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн болно.
Гэтэл албан хаагч намайг 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06-р тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг Зэвсэгт хүчний -р ангийн тасгийн захирагч ахлах ахлагч Ц.Бд хувьчилж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү тус байранд нэг ч удаа амьдарч, эзэмшиж ашиглаж байгаагүй Ц.Б Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууц хувьчилж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06-р тогтоолын Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.М нь тус шүүхэд хандаж 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууц хувьчлах товчоо болон Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалах яамны Орон сууц хувьчлах төв комиссоос гаргасан шийдвэрүүд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжүүдийг агуулж байна. Хэдийгээр эдгээр актууд нэхэмжлэгчид хандаж гараагүй ч түүний оршин сууж байсан орон сууцыг бусад этгээдэд хувьчлахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт халдсан хууль бус захиргааны актууд юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасны дагуу хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгуулах, өөрийнх нь нэр дээр хувьчлах болон өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Орон сууц хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Орон сууц хувьчлах товчоонд сууц тус бүрээр хувьчлах шийдвэр гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор зохицуулагдсан байдаг. Тухайн байрыг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргаж, сууц тус бүрээр хувьчлах шийдвэрийг Орон сууц хувьчлах товчоо гаргах эрх хэмжээ олгогдсон. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын яаманд орон сууц хувьчлах шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй ч Орон сууц хувьчлах товчооны хувьчлах шийдвэр гаргахдаа Батлан хамгаалахын сайдын 2020 оны дүгээр тушаалыг үндэслэсэн. Иймээс энэхүү шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм. Хэргийн материалд авагдсан Батлан хамгаалахын яамны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1а/851 тоот албан бичгээр Батлан хамгаалахын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт дүгээр тушаалыг хүргүүлээд сууц эзэмшигчдийн өмчлөлд орон сууц шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгаар хандсан байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Батлан хамгаалахын яамны тус албан бичиг, тушаалыг хүлээж аваад 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/552 тоот албан бичгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар буюу Орон сууц хувьчлах товчоонд хүргүүлсэн. Үүний дагуу Орон сууц хувьчлах товчоо 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 06 тоот сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, хувьчлах тухай шийдвэрийг гаргасан. Иймээс Батлан хамгаалахын сайдын шийдвэр эрх зүйн үр дагаврыг бий болгосон, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ үйл баримт тогтоогдож байна. Ц.М Зэвсэгт хүчний Жанжин штаб болон орон сууц хуваарилах салбар комиссын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг ашиглаж ирсэн. Энэ үеэс эхлэн тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, холбогдох төлбөр тооцоог төлж байсан. Ц.Б 7 тоот байрыг хувьчилж авсан хэдий ч байранд өмнө болон хувьчлах шийдвэр гарах үед оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаагүй байхад Ц.Бд хувьчилсан шийдвэрийг бид үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Орон сууц хувьчлах тухай хуульд орон сууцыг хэрхэн, хэнд хувьчлах талаар тодорхой заасан. Зэвсэгт хүчний дугаар ангийн мэдлийн орон сууцтай холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд Төрийн өмчийн байгууллагууд эд хөрөнгөө хэрхэн хувьчлах талаар заасан байдаг. Гэхдээ өөрийнхөө мэдлийн орон сууцыг хувьчлах тохиолдолд орон сууц хувьчлах тухай хууль үйлчилнэ гээд хуульд заачихсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 болон 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр болон орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж заасан байдаг. Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц хувьчлан авах иргэд иргэний баримт бичгийн ямар нэгэн зөрчилгүй, сууцынхаа түрээсийн зардлын ямар нэгэн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Эзэмших гэдэг нь ашиглах, өмчлөх ойлголтоос ялгаатай. Тиймээс оршин сууж байгаа, хууль ёсоор амьдарч байгаа хүнд хувьчлахаар хуульд заасан байдаг гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчид энэ хуулийн үзэл баримтлал, үзэл санааг юу гэж хуульд зааж оруулсан гэхээр хэрвээ хувьчлах тохиолдолд хууль ёсоор эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчилна буюу хувьчлах шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээдэд ямар нэгэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд танил талаараа, эсхүл даргын үзэмжээр, шударга бусаар хувьчлах боломжгүй. Зөвхөн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа хүнд хувьчилна гэдгийг Орон сууц хувьчлах тухай хуулиас харж болно. Хуулийг үндэслээд Засгийн газар тогтоол гаргасан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлд орон сууцыг ямар тохиолдолд хувьчлах болон хувьчлах шийдвэрийг хэн гаргах талаар заасан байдаг. Цэргийн ангийн мэдлийн орон сууц нь хуульд заасан хувьчилж үл болох байранд хамаарч байгаа. Гэхдээ тухайн байрыг Засгийн газар шийдвэр гарган хувьчилж болно гэж хуульд заасан байдаг. Ингэхдээ Засгийн газар тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ гэдэг. Өөрөөр хэлбэл 10 дугаар байрыг хувьчлахыг Батлан хамгаалахын яамнаас санал ирүүлсэн тохиолдолд Засгийн газар хувьчлахаар шийдвэр гаргаж болно гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Үүний дагуу Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 56 дугаар тогтоол гаргасан. Засгийн газар уг тогтоолоор Батлан хамгаалахын яам болон зэвсэгт хүчний мэдлийн орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад хувьчлахаар шийдвэр гаргасан. Тэрнээс биш ямар нэгэн шалгуур үзүүлэлт, болзол заагаад, өөрсдөө эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлээд орон сууцыг хувьчил гэсэн шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл хувьчлах этгээдийг тодорхой зааж өгсөн. Эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ тусгай болзол, шалгуур тавиад шийдвэрлэх боломжтой. Гэхдээ хувьчлах шийдвэр гарсны дараа энэ байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзээд байгаа. Засгийн газрын тогтоолоор үнэгүй хувьчлах, оршин сууж байгаа иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах гэсэн 2 асуудлыг шийдсэн. Үүнийг зохион байгуулахдаа Батлан хамгаалах яам хууль тогтоомжийн хүрээнд хувьчлах ажиллагааг зохион байгуулахыг даалгасан. Үүний дагуу Батлан хамгаалахын яам ажлын хэсэг томилоод тухайн ажлын хэсгийн ажиллах түр журмыг баталсан. Тухайн журмын 3.2-т ажлын хэсэг орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахдаа харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд шийдвэр гаргана, тэр шийдвэрийг Батлан хамгаалахын яамны сайд тушаалаар баталгаажуулна гэж заасан. Цэргийн ангиас ирүүлсэн саналыг хянаж үзнэ, тэрнээс биш ангиас ирүүлсэн саналын дагуу шийдвэрлэнэ гэж журамд заагаагүй. Ангиас ямар санал, судалгаа ирүүлснийг холбогдох баримт, хууль тогтоомжийн хүрээнд хянаад шийдвэрээ гаргана. Ангийн захирагчийн зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр биш гэдэг нь яамны ажлын хэсгийн түр ажиллах журмаас тодорхой харагдана. Цэргийн анги эрх мэдлийнхээ хүрээнд өөрийнхөө байрыг хэнд хувьчлахаа шийдвэрлэсэн. Тэрнийх нь дагуу бид шийдвэрээ гаргасан гээд байдаг. Гэтэл анги нь Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабаас бид нарт чиглэл, зөвлөмж өгсөн гээд байдаг. Батлан хамгаалахын яамнаас болон Зэвсэгт хүчний Жанжин штабаас чиглэл хүргүүлж байсан үйл баримт хэргийн материалд байгаагүй. Үүнтэй холбоотойгоор ангийн захирагчийн зөвлөл хувьчлах асуудлыг хэлэлцэх эрх хэмжээтэй байгууллага мөн эсэх асуудал яригдаж байгаа. дугаар ангийн захирагчийн зөвлөл Батлан хамгаалахын яамны орон сууцыг хувьчлах ажлын хүрээнд асуудлыг хэлэлцээд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144 тоот 2 албан бичгээр 10-р байранд оршин суугчдын судалгаа, хувьчлах санал хүргүүлсэн. Ингэхдээ 7 тоот орон сууцанд нэг жил Ц.М амьдарч байгаа юм байна, тухайн хүнд хувьчлахад татгалзах зүйлгүй гээд хувьчлах саналаа хүргүүлсэн. Гэтэл Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабаас ямар нэг чиглэл, үүрэг өгөөгүй байхад 2020 оны 10 дугаар сард дахиад өөрсдийн гаргасан судалгаа, саналаа өөрчилж, ангийн захирагчийн хурлаар хэлэлцээд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 432 тоот албан бичгээр Ц.Б Зэвсэгт хүчинд 19 жил ажилласан, тухайн байранд мөн 19 жил амьдарсан учраас энэ хүнд хувьчлахад татгалзах зүйл байхгүй гэж худлаа судалгаа гаргаад хувьчлах санал хүргүүлсэн. Энэ судалгаа, саналыг гаргаж хүргүүлэхдээ Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хуралдааны 4, 5-р хуралдааны тэмдэглэлийг хавсаргаж явуулсан байдаг. Батлан хамгаалахын яамнаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ Орон сууц хувьчлах тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд ангийн захирагчийн зөвлөлийн саналыг хүлээж авах үндэслэлтэй эсэхийг шийдэх ёстой байсан. Тэр зөвлөлийн хурлын тэмдэглэлээс 7 тоот орон сууцанд Ц.Б амьдарч байгаагүй хэдий ч ангийн захирагчийн зөвлөл Ц.М хууль бусаар албан тушаалын орон сууцанд амьдраад байгаа учраас хувьчлахаас татгалзаж байна, тиймээс зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, олон хүүхэдтэй, хүнд хувьчилсан шийдвэрийг хүлээж авч, тушаал гаргаад байгаа нь үндэслэлгүй. Албан тушаалын орон сууцыг эзэмшүүлж, ашиглуулах журмын зорилго нь батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид болон ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино гээд зорилгоо тодорхойлсон. Үүнээс харахад албан тушаалын байранд амьдарч байгаа тухайн ангийн хүнд хувьчлах биш Батлан хамгаалахын салбарт, Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа гэж тодорхойлогдоод байгаа. Тухайн ангид нэг жил эсхүл 2 жил ажилласан эсэх нь хамаагүй. Зэвсэгт хүчинд, Батлан хамгаалахын салбарт хэдэн жил ажилласныг шалгуур үзүүлэлт болгон хувьчлах санал гаргасан. Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан Албан тушаалын орон сууц ашиглах журмын 1.4-т энэ журмын зорилго, зохицуулах харилцаа нь албан тушаалын орон сууц бүх албан хаагчдад зориулагдахаар заасан. Бүх албан хаагчид гэдэг нь Батлан хамгаалахын яам, зэвсэгт хүчний бүх анги нэгтгэл хамаарч байгаа. Уг журмын 1.6-д зааснаар нэгтгэл, анги, байгууллага нь орон сууцны зөвхөн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг нэгж болж таараад байгаа. Мөн журмын 1.7-д эзэмших, захиран зарцуулах, анги хооронд шилжүүлэх, үндсэн хөрөнгөдөө бүртгэх асуудлыг Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб шийдвэрлэхээр харагдаж байгаа юм. Маргаан бүхий 10 дугаар байр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эзэмшлээс дугаар ангид шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ Зэвсэгт хүчний Жанжин штаб шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл балансаас балансад шилжүүлэх асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб шийдвэрлэсэн байна. Мөн хувьчлах асуудлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдлийн эзэмшлийн орон сууц гээд шийдвэр гаргаад байна. Орон сууц хувьчилсны дараа тухайн орон сууцыг үндсэн бүртгэлээс заавал хасах шаардлагатай болж байгаа. Учир нь тухайн байрыг оршин суугчдад хувьчлаад өгч байгаа учраас ангид ямар нэгэн эрх, үүрэг байхгүй болно. Тэгэхээр данс бүртгэлээс хасах асуудал ангийн шийдвэрээр биш, Зэвсэгт хүчний Жанжин штабын шийдвэрээр гарна. Үүнээс үзэхэд захиран зарцуулах эрх Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт байдаг. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдлийн орон сууц юм байна. Ангийн мэдлийн орон сууцад заавал тухайн ангийн албан тушаалтан оршин суух ёстой юу, үгүй юу гэдэг зохицуулалт байгаа. Албан тушаалын орон сууц ашиглуулах журамд энэ талаар заасан. Уг журамд өөр ангийн албан тушаалтан өөр ангийн мэдлийн ашиглалтад байгаа орон сууцанд амьдарч болно гээд заачихсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 157 дугаар тушаалаар 310-р ангийн эзэмшилд байсан 10-р байрыг -р ангид шилжүүлсэн. Захирагчийн зөвлөлийн шийдвэрээр хамгийн анх тус байранд байсан 35 айлын нэрс гарч ирж яг тэр нэрстэй давхацдаг. Өөрөөр хэлбэл, 310-р ангийн мэдэлд байхад тухайн байранд 017-р ангийн албан тушаалтнууд байсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын ажилтнууд, дугаар ангийн албан тушаалтнууд байдаг байсан гэдэг нь харагдаж байгаа. Ингээд -р анги тухайн орон сууцыг 310-р ангиас шилжүүлж авсныхаа дараа байранд заавал манай ангийн албан тушаалтнууд байх ёстой гэж үзээд Зэвсэгт хүчний Жанжин штабын оршин суугчдыг гаргасан зүйл байхгүй. Яг байгаа чигээр нь хүлээж аваад гэрээ хэлцлийг нь үргэлжлүүлээд төлбөр тооцоог нь хүлээж авсан байна. Тиймээс дугаар ангийн байранд заавал дугаар ангийн хүн байх ёстой гэдэг үзэл санаа хуульд нийцэхгүй байна. Ц.М Зэвсэгт хүчний 017-р ангид ажилладаг тухайн орон сууцад хууль ёсоор амьдарч байсан эсэх асуудал яригдаж байгаа. Ангийн захирагчийн зөвлөл хууль ёсоор оршин суугаагүй учраас хувьчлахаас татгалзаж шийдвэрлэж байна гээд байгаа боловч бидний зүгээс хууль ёсоор амьдран сууж байсан гэж үзэж байна. Учир нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын, мөн тухайн орон сууц хууль хуваарилах салбар комиссын даргын буюу генерал н.Эн зөвшөөрлөөр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1385 тоот албан бичгээр Ц.Мыг ажлын шаардлагаар 7 тоот орон сууцанд оруулж, гэрээг нь байгуулж ажилла гэж үүрэг чиглэл болгосон. Албан тушаалын орон сууц ашиглуулах журамд Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний орон сууц хуваарилах салбар комиссын зөвшөөрөлгүй албан тушаалын орон сууцыг гадны хүнд ашиглуулахыг хориглоно гээд заачихсан. Тэгэхээр уг 2 байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гаднын хүнд ашиглуулж болно гэж ойлгогдож байгаа. Эндээс харах юм бол Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын шийдвэрийн дагуу орж болох юм байна. Мөн тухайн албан тушаалын орон сууц нь зэвсэгт хүчин болон Батлан хамгаалахын яаманд ажиллаж байгаа бүх албан хаагчдад хамаарагдах юм байна. Мөн ангийн байранд зөвхөн ангийн албан тушаалтнаас гадна өөр анги байгууллагын албан тушаалтан гэрээ байгуулаад байж болно. Тухайлбал хөдөлмөрийн чадвараа алдсан, ажиллаж байгаад нас барсан зэрэг тохиолдолд ашиглуулж болно гэсэн зохицуулалтын хүрээнд ангийн байранд заавал тухайн ангийн албан хаагч байх ёстой гэсэн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Ц.М орон сууц хувьчлах шийдвэр гарах үед 7, 8 жил зэвсэгт хүчинд ажиллаж байсан хүн. Орон сууц эзэмшүүлэхээр санал хүргүүлсэн судалгаанаас харахад 2 тоотын оршин суугч н.Н******* 017-р ангид ажилладаг, 7 тоотын оршин суугч н.М******* сургуулийн багш, 11 тоотын оршин суугч н.Ж******* 311-р ангид олон жил ажиллаж байгаа, 24 тоотын оршин суугч н.Т******* 311-р ангид, 25 тоотын оршин суугч н.Ч******* Зэвсэгт хүчний жанжин штабт, 28 тоотын оршин суугч н.Ц******* 311 дүгээр ангид, 32 тоотын оршин суугч н.Б******* мөн Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус ажилладаг хүмүүст хувьчлаад байна. Ц.Мыг нэг жил амьдарсан учраас хувьчлахад татгалзах зүйл байхгүй гэж гаргасан судалгаанаас харах юм бол мөн 4, 5, 15 тоотод -р ангийн хүмүүс амьдардаг хэрнээ 1, 2 жил ажилласан учраас он удаан жил ажилласан гэж үзэхгүй гээд хувьчлахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдлыг Батлан хамгаалахын яам хүлээж аваад бүх судалгаа, зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг харгалзаад захирагчийн зөвлөлийн шийдвэрийг хуульд нийцэж байна, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзээд тушаал, шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй шударга бус байна. Захирагчийн зөвлөлд ийм эрх хэмжээ олгогдоогүй, эрх хэмжээгээ хэтрүүлээд байна. Захиргааны үйл ажиллагаанд захиргааны албан тушаалтанд хуулиар зөвшөөрсөн бүхэн л зөвшөөрөгдөнө. Ангийн захирагчийн зөвлөл өөрсдийн эрх хэмжээнд байхгүй, хуульд заагаагүй шалгуур үзүүлэлт тавиад Ц.Маас гадна маш олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа нь хууль бус юм.
Мөн орон сууц хувьчлах төв комиссын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Бд олгосон орон сууц эзэмших эрхийн бичиг хууль бусаар гарсан. Өөрөөр хэлбэл Ц.Б тухайн байранд хувьчлах шийдвэр гарахаас өмнө амьдарч эзэмшиж байгаагүй, тухайн байранд нэг ч байрны түрээсийн төлбөр төлж байгаагүй. Гэтэл захирагчийн зөвлөлөөс Ц.Б 19 жил амьдарч байгаа, ямар нэг төлбөр тооцооны үлдэгдэлгүй тухайн орон сууцад амьдарч байсан гээд хорооны Засаг даргын хуурамч материалуудыг өөрсдөө бүрдүүлээд, үүнийг үндэслээд эрхийн бичиг олгоод, орон сууц хувьчлах товчоо руу хүргүүлсэн байдаг. Үүнийг хууль бус гэж үзэж маргаж байна. Орон сууц хувьчлах товчооны үндсэн шийдвэр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоол байгаа. Уг тогтоолын хавсралтаар Ц.Бд 7 тоотыг хувьчлаад, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тиймээс хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан гэж үзэж байна. Учир нь Батлан хамгаалахын яамны шийдвэр хууль бус учраас хууль бус шийдвэрийг үндэслээд гарсан шийдвэр хууль бус байна. Ц.М 7 тоотод амьдарч байсан, төлбөр тооцооны өргүй учраас Ц.Мд хувьчлах шийдвэр гаргаад, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын хүрээнд орон сууцыг олгох боломжтой. Орон сууц хувьчлахтай холбоотой хууль, Засгийн газрын тогтоол гэж байгаа. Тэрнээс биш хувьчлахтай холбоотой дүрэм, журам, нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тиймээс хууль болон Засгийн газрын тогтоолыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.
3.3.Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ******* тоот албан бичгийг үндэслэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 597 орон сууцуудыг хувьчилсан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хотхоны 10 дугаар байрны 7 тоот, 1 өрөө 30 м.кв орон сууцыг Батлан хамгаалах яамнаас олгосон 10 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Ц.Бд Орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор хувьчилж дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна гэжээ.
3.4.Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шийдвэрээ гаргахдаа холбогдох хууль журамд нийцүүлэн эзэмших эрхийн бичигтэй иргэний хүсэлтийг үндэслээд баримт бичиг гаргадаг. Мөн хорооны тодорхойлолт болон холбогдох баримт бичгийг хуурамч гэж байна. Бид тэрийг мэдэхгүй. Учир нь тодорхойлолтыг гаргаж байгаа байгууллага тамгаа дараад, гарын үсгээ зурж баталгаажуулж байгаа. Шат шатны байгууллагуудаас ирсэн бичиг баримтууд, эзэмших эрхийн бичгийг нь үндэслээд орон сууц хувьчлах товчооны хурлаа хийгээд, хурлаас гарсан шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг олгодог гэв.
3.5.Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн "Орон сууц хувьчлах тухай" 56 дугаар тогтоол болон Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх 2020 Хэсгийн ажиллах түр журам-ыг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар үнэгүй хувьчлах Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны оршин суугчдын нэрийн жагсаалтыг баталсан. Засгийн газрын шийдвэрээр үнэгүй хувьчлалд хамааруулсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байр нь Зэвсэгт хүчний дугаар ангийн эзэмшлийн байгууллагын мэдлийн орон сууц юм.
Уг жагсаалтын 10 дугаарт тус байрны 1 дүгээр орцны гуравдугаар давхрын 7 тоотын 1 өрөө 30 м.кв байрыг Зэвсэгт хүчний дугаар ангийн Тасгийн захирагч ахлах ахлагч Цэрмаа овогтой Бд /ам бүл 6/ хувьчлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001038793 дугаартай гэрчилгээгээр Хамба овгийн Цэрмаагийн Бд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, шинэ хотхон 10 дугаар байр 7 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэл ******* дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгожээ.
Харин нэхэмжлэгч Ц.М нь Зэвсэгт хүчний дугаар ангийн албан тушаалтан биш, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Цэргийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга, ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байсан офицер юм. Ц.Мг Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, бригадын генерал М.Эгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1385 дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн толгойтын 20 дугаар хороонд байрлах тус ангийн албан тушаалын 10 дугаар байрны 7 тоот орон сууцанд зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга, ахлах дэслэгч Ц.Мг ажлын шаардлагаар хуваарилан оруулж оруулж, гэрээ байгуулан ажилла гэсэн албан бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний дугаар ангийн удирдлага тус байранд түр байрлуулсан байна.
Зэвсэгт хүчний дугаар ангийн зүгээс байгууллагын мэдлийн уг орон сууцанд нэхэмжлэгч Ц.Мг тус байранд байрлуулахдаа орон сууц ашиглах гэрээг байгуулаагүй бөгөөд орон сууцыг хувьчлах асуудал яригдах үед тухайн байрнаас Ц.Мг гаргаж, ангийн хамт олны санал шийдвэрээр удаан жил ажилласан, ам бүл олонтой гэдэг үндэслэлээр ахлах ахлагч Ц.Бд олгохоор шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус ангийн захирагчийн зөвлөлийн 04 дүгээр Ангийн мэдлийн 10 дугаар байрны 29 айлын орон сууцыг хувьчлах асуудлаар санал авах, шийдвэрлэх хуралдааныг зохион байгуулж, тус уралдаанаар 1 дүгээр орц, 3 давхар, 7 тоот, 1 өрөөг ахлах дэслэгч Ц. М нь тус Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажилладаг. Ангийн мэдлийн 29 айлын байранд анх орохдоо Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын даргын шийдвэрээр тус байранд түр оршин суухаар орсон. Ахлах дэслэгч Ц.М нь албан тушаалын байр ашиглах журмын шаардлагыг зөрчиж байгаа тул тухайн байрыг Зэвсэгт хүчинд он удаан жил тус ангид ажиллаж байгаа албан хаагчид хувьчлуулах саналыг зөвлөлийн гишүүд 100% санал-аар дэмжсэн байна.
Тус хуралдаанаас гарсан шийдвэрийнхээ саналыг Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах ажлын хэсэгт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 432 тоот албан бичгээр ... дугаар ангийн мэдлийн албан тушаалын 29 айлын орон сууцанд оршин суугчдын судалгаа, хувьчлах саналыг хавсралтаар хүргүүлж байна. Хавсралтын 10 дугаарт ахлах ахлагч Цэрмаагийн Б 7 тоот, ам бүл 6, ашигтай талбай 30м.кв, өрөөний тоо 1, 1 орц 3-р давхар, дугаар ангид Тасгийн захирагч, ажилласан жил 19, хувьчлахад татгалзах зүйлгүй гэж ирүүлсэн байна.
Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар "Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам батлах тухай тушаал, түүний хавсралт нь:
-Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 56 дугаар тогтоолын 2-т "... холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлан хамгаалахын сайдад ... даалгасугай гэсэн;
-Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалын хавсралтын 1.1-д Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын 2020 оны Орон сууц хувьчлах тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх, ажлын хэсгийн удирдлага, зохион байгуулалт, үнэ тогтоох, хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай өргөдлийг хянан шийдвэрлэх, ...түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 1.2-т Тогтоолд заагдсан орон сууцыг хувьчлах, хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх үнийг тогтоосон ажлын хэсгийн шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна, 1.3-т Орон сууцыг хувьчлах, хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлыг зохион байгуулахдаа ил тод, нээлттэй, шударга ёсыг эрхэмлэн ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах зарчмыг баримтална, 2.5.2-т Байгууллагын эзэмшлийн орон сууцыг хувьчлаах болон хөнгөлөлттэй Үнээр худалдан шилжүүлэх ажлын явц, үр дүнгийн талаар холбогдох агентлаг, байгууллагын санал, мэдээлэл, эзэмшигчдийн өргөдөл, хүсэлт, 2.5.3-т "Ажлын батлах хувьчлах болон худалдан шилжүүлэх орон сууцны оршин суугчдын нэрийг батлах бөгөөд хөнгөлөлттэй үнээр худалдах орон сууцны үнэ тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, 3.2-т Ажлын хэсэг нь орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахдаа харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг хянан хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна гэсэн хууль тогтоомжуудын зохицуулалттай бүрэн нийцэж гарсан болно.
Ц.Мд тус ангийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 245 тоот албан бичгээр тус байрны 07 тоотод тасгийн захирагч ахлах ахлагч Ц.Бг оруулахаар шийдвэрлэсэн байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 28- ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус ангийн мэдлийн албан тушаалын байрыг чөлөөлж хүлээлгэн өгнө үү гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоо болтол хууль зөрчиж тухайн хувьчлагдсан байранд амьдарсаар байна.
Иймээс Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай" тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.6.Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон сууцыг хувьчилсан. Ц.М тухайн орон сууцанд түр оршин сууж байсан. Ангийн дотоод зохион байгуулалтын, орон сууц хувьчлах талаарх асуудалд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Батлан хамгаалахын сайд ч оролцох боломжгүй. Авлига, ашиг сонирхлын зөрчил, ангийн шийдвэрт нөлөөлж байгаа асуудал болно. Батлан хамгаалах тухай хуульд зааснаар Батлан хамгаалахын сайд батлан хамгаалах зориулалттай өмч, хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Орон сууц хувьчлах комисс байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Алдаатай бүртгэл хийх, нэр хаяг буруу бичих зэрэг асуудлууд Орон сууц хувьчлах товчооны асуудал. Өөрөөр хэлбэл Орон сууц хувьчлах товчоо хууль журмын дагуу холбогдох ажиллагаагаа хийсэн байна. Ц.М 017-р ангитай гэрээгээ байгуулсан байсан. Тэгэхээр Ц.М өмч хөрөнгийг хариуцаж байгаа -р ангитай гэрээгээ байгуулах ёстой байсан. Батлан хамгаалахын сайд ямар хууль зөрчсөнийг тодорхой тайлбарласангүй. Орон сууц хувьчлах тухай хууль, журмын талаар ярьж байна. Ажлын хэсгийн шийдвэрийг Батлан хамгаалахын сайд баталгаажуулссан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ Ц.Б, Ц.М нар нэг анги байгууллагад ажилладаг байсан бол зөвлөлийн хуралдаанаараа мөн адил хэлэлцээд гаргаад ирэх байсан. Өөр анги байгууллагын албан хаагчид хувьчлахгүй гэсэн зарчим баримталж асуудлыг шийдвэрлэсэн байсан. Тухайн байгууллагын мэдлийн асуудал учраас байгууллага өөрөө шийдвэрлэнэ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал шийдвэрээр албан тушаалын байранд ороогүй. Газрын даргын албан бичгээр Ц.Мыг албан тушаалын орон сууцанд оруулах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Шилжих, томилох гэх мэт бүхий л асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, шийдвэрээр шийднэ. Тэрнээс биш газрын дарга асуудлыг шийдвэрлэдэггүй, харин асуудлыг уламжилж өгдөг эрх бүхий этгээд юм. Хуульд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн даргын эрх гэж байдгаас биш газрын даргын эрх гэж байхгүй. Тиймээс Ц.Мыг тухайн байранд албан бичгийн дагуу оруулсан нь хууль бус гэв.
3.7.Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо хотхон 10-р байрны 7 тоот 30 м.кв байрны хууль ёсны өмчлөгч юм. Энэ байрыг Зэвсэгт хүчний -р ангийн ажилчин албан хаагчдад төрөөс өгсөн байр, 2021 онд -р ангид ажиллаж байсан ажилчдад хувьчлагдахаар болж, олон жил нэр хүндтэй ажилласан, олон хүүхэдтэй гэр бүлд буюу ангийн захирагчийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 06-р тогтоолоор надад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Би Зэвсэгт хүчний -р ангид 2003 оноос хойш 20 жил ажиллаж байж хувьчилж авсан байр юм. Хууль бусаар аваагүй, хууль журмын дагуу авсан байр гэж ойлгож байна.
Энэ байрны зориулалт нь -р ангид ажилладаг ажилчид амьдардаг байсан байр ба үргэлжлүүлээд тухайн -р ангийн албан хаагчдад хувьчилсан. Манай ангид олон жил ажиллаагүй тухайн -р ангиас олгоогүй шууд дээр дарга нараас цохолт хийж түр амьдарч байсан Ц.М миний байр гэж надад хувьчилсан байрыг авах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Ц.М 017-р ангид ажилладаг, -р ангид харьяалалтай хүн биш. Танил талаараа манай ангид хуваарилагдсан байранд түр амьдарч байсан гэж ойлгож байна. Иймд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний хувьд 5 хүүхэдтэй ам бүл 7, 07 сараас 15 нас хүртэлх бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг, он удаан жил тасралтгүй ажиллаж байж шударгаар авсан байр юм. Өөрийн өмчлөлийн орон байраа авч чадахгүй, энэ хүмүүс нь түр хүлээж бай гээд байсан учир хадмынхаа хашаанд гэрт амьдарч байна. Урд нь ч өөрийн гэсэн орон байр байхгүй олон хүүхэдтэй айл айлын хашаанд түрээсээр амьдарч явдаг байсан. Ийм учир Зэвсэгт хүчний байгууллага амьдралыг минь харж олон жилд улсад ажилласныг минь үнэлж миний өмчлөлд шилжүүлсэн. Ингээд би байр чөлөөлж өгөхгүй болохоор Сонгинохайрхан дүүргийн шүүхэд орон байр чөлөөлж өгөх нэхэмжлэл гаргасан боловч Ц.М захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргасан учир тухайн нэхэмжлэл түр түдгэлзээд байна.
Төрийн өмчийн орон сууцыг хуулийн дагуу төр надад хувьчилж олгосон гэж ойлгож байна. Энэ байр -р ангийн ажилчин албан хаагчдад олгосон байр ба Ц.М өөрийнхөө ажилладаг албан газраасаа байр хуваарилуулж авах нь зөв байх. Ц.Мгийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй, харин миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж 7 ам бүлтэй миний бие хуулийн дагуу өмчлөх эрх олж аваад байрандаа орж чадахгүй хохирч байна. Би хуулийн дагуу миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөөч гэж, эдгээр хүмүүстэй уулзаж ярилцахад, түр хүлээж байгаарай, нүүхэд хүн хүч муутай байна гэсэн учир би ойлгож хүлээж байсан. Мөн ангийн захирагч дарга нар олон шаардах бичиг өгч байхад түр хүлээгээч гээд өдийг хүрсэн болно гэжээ.
3.8.Гуравдагч этгээд Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд тус ангид 2003 оноос хойш өдийг хүртэл нийтдээ 22 жил ажиллаж байна. Би 6 хүүхэдтэй мөн элэгний цирроз гэж өвчтэй хүн. 2 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад байрыг хувьчлах шийдвэр гаргасан гэж бодож байна. Ангиас байрыг албадан чөлөөлүүлэх бичиг гараад 2022 оны 06 дугаар сард би Ц.Мыд очсон. Ц.М энхийг сахиулах ажиллагаанд явчихсан байсан учраас эхнэртэй нь уулзахад би 2, 3 бага насны хүүхэдтэй учраас юу ч хийж чадахгүй, манай нөхөр 11 дүгээр сард ирнэ, тэр хүртэл хүлээгээч. Нөхрийгөө ирэхээр байраа суллаад өгье гэсэн. Тэгэхэд нь би за, тэгвэл засвар хийх зүйл байгаа эсэхийг ороод харчихъя гээд гал тогоо болон ариун цэврийн өрөөнүүдээр орж харж байсан. Хэрвээ хүн хүч байхгүй бол би туслаад та нарт дараа болохгүй нүүлгээд өгч болно шүү гэхэд эхнэр нь за гэж хэлж байсан. Би өөрөө эхнэр, хүүхдээ орхиод гадаад руу ажиллагаанд явдаг хүнийхээ хувьд энэ нөхцөл байдлыг нь ойлгоод хүлээсэн. Гэтэл Ц.М ирснийхээ дараа маргаад эхэлсэн. Ц.М надтай уулзъя гэхэд нь очоод уулзсан. Байраа зарчих гэж гуйж үзсэн. Тэгэхэд би улсаас өгсөн байрыг зарахгүй. Авдгаараа авна гэхэд нь шүүхээр шийдүүлье гэсэн. Надад энэ байрыг хууль ёсны дагуу хувьчилсан гэж бодож байна. Судлаад үзэх юм бол зэвсэгт хүчинд надтай хамааралтай нэг ч хүн байхгүй. Би өдийг хүртэл өөрийн бор зүрхээрээ явж байгаа хүн. Генералын албан бичгээр албаны орон сууцанд түр оршин суухаар орж ирчхээд би сантехникийн асуудлыг хариуцдаг гэж тайлбарлаад байна. Ямар ч албан тушаалын байранд амьдарч байгаа хүн тухайн байрныхаа засвар, төлбөр тооцоо гээд бүхий л зүйлсийг хариуцдаг. Би тухайн байрны гал тогооны өрөөнд 2004-2006 оны хооронд амьдарч байсан. Манай ангийн өөр нэг байр байдаг би тэнд 7, 8 жил амьдарч байгаад эхнэр, хүүхэдтэй болоод хадмынхаа хашаанд гэр бариад тусдаа гарсан. Намайг 19 жил албан тушаалын байранд амьдарсан гэж гаргасан судалгааг худлаа гэж байна. Энэ худлаа биш. Ангийн мэдлийн байранд гэж байгаа. Манай анги 2 албан тушаалын байртай. Энэ байранд амьдарсан хугацааг тооцож гаргасан судалгаа. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолтыг хуурамч, эзэмших эрхийн бичгийг хууль бусаар авсан гэж байна. Энэ ангийн удирдлагууд, орон сууц хувьчлах комиссын гишүүд болон дээд шатны албан тушаалтнууд шалгаад надад хувьчлахаар шийдвэр гаргасан. Иймд хууль бусаар олгоогүй гэж үзэж байна. Ц.М ахлах офицер хүн. Ц.Мыг энхийг сахиулах ажиллагаанд явчихсан байхад Батлан хамгаалахын яаманд хурандаа н.Болдбаатар биднийг дуудаж уулзаад эхнэрт нь энэ байр Ц.Б гэж хүнд өмчлөгдсөн, нэгэнт гарчихсан үнэт цаасыг бид өөрчлөх боломжгүй гэж хэлж байсан. Би 2, 3 жил гэрт амьдраад хүлээж байна. Гадны хүмүүст хувьчилсан гэж дурдаад байгаа хүмүүс бүгд манай анги байгууллагад ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт хүмүүс. Хурандаа н.Болдбаатар хэлж байсныг санаж байгаа байх. Анх 1998 онд -р ангид байр олгож байхад 2 байрыг эдгээр хүмүүст үлдээнэ гэж хэлж байсан. Тус байр ангийн байршилд хамгийн ойр байрлалтай, бэлэн байдал зарлахад хамгийн түрүүнд тэнд байгаа хүмүүс очдог, бэлэн байдлыг хангах зориулалттай байр. Энэ утгаараа зөвхөн манай ангийн албан хаагчид байх ёстой гэж ойлгож байна. Ц.Мг генералын албан бичгээр хүчээр орж ирсэн гэж үзэж байгаа. Ороод нэг жил болж байсан хэр нь олон жил амьдарсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.
3.9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбарыг дэмжиж байна. Тухайн байрны хууль ёсны эзэмшигч Ц.Б юм. Ц.Бд хуулийн дагуу байрыг хувьчилсан. Хуулийн дагуу албан тушаалын орон сууцыг ашиглахаар харьяалсан нэгтгэл, анги байгууллагад хүсэлт, өргөдлөө гаргасан хүнийг эзэмшигч, ашиглагч гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч тал тайлбарлахдаа би хуулийн дагуу орон сууцад амьдарч байхад орон сууцыг надад өгсөнгүй. Ц.Бд тухайн анги хууль бусаар олгосон гэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо болон Батлан хамгаалахын яамны сайд тухайн хүнд орон сууц олгохдоо шалгуур үзүүлэлттэй байна гэж заасан байна гээд байгаа. Тэгвэл Ц.М эдгээр шалгуурыг хэрхэн хангасан юм бэ. Олон жил ажилласан, бага насны олон охин хүүхэдтэй, тухайн анги байгууллагад олон ижил ажилласан үүний дагуу байрыг олгосон гээд хариуцагч байгууллагууд хариу тайлбар өгөөд байхад яг юу нь хууль бус байгааг тайлбарлаж чадахгүй, харин ч энэ шалгуур үзүүлэлтээр орох нь зөв өө гэсэн утгатай тайлбар нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргаад байна шүү дээ. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа нөхцөл байдал бодит байдалтай нийцэхгүй байна үзэж байна. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Бд холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн тухай хуулийн 106.3.1, 106.3.4-д заасны дагуу хүчингүй болгуулъя гэж байна. Ц.М өөрөө ямар нэг байдлаар тухайн орон сууцыг эзэмшихээр хүсэлтээ гаргаж, иргэн хүний хүлээсэн наад захын үүргээ биелүүлээгүй байж энэ байр минийх, би авна гэж нэхэмжлэл гаргах эрхгүй. Батлан хамгаалахын яам нь төрийн тусгай субъект бүхий, нууцлалтай байгууллага байтал тухайн байгууллагын дотоод дүрэм, журамд хэт халдсан тайлбар өгч байгаа нь хэр хуульд нийцэх вэ гэдэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөртөө хатуу дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчүүд болон хариуцагч Батлан хамгаалахын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ Ц.Бд хувьчилсан шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Харин Ц.М албан тушаалын орон сууцыг хувьчлахаар болсныг мэдээд генералын албан бичгээр, танил талаа ашиглан албаны орон сууцанд түр оршин сууна гэж орж ирчхээд одоо энэ байр минийх гэж байгаа нь буруу гэж байгаа. Энэ тайлбарыг дэмжиж байна. Батлан хамгаалахын сайд тухайн байрыг хэрхэхийг шийддэг эрх бүхий хүн гэж тайлбарлаж байна. Гэтэл Батлан хамгаалахын сайдын гарын үсгээр баталгаажсан, Орон сууц хувьчлах товчоо хуулийн дагуу олгочихсон гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж чадахгүй байна. Тиймээс нэхэмжлэгчээс гаргасан уг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна. Тухайн байрыг Ц.Мд олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэр нь үүнийхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарласангүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлж, мэдүүлж чадахгүй байна. Хэрвээ шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаж байгаа бол Монгол Улсын нэрийн өмнөөс явагдаж байгаа шүүх хуралдаанд хүндэтгэлтэй хандаад өөрийн байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Гэтэл би энэ байрыг хуулийн дагуу авах ёстой хүн, Батлан хамгаалахын яам, Орон сууц хувьчлах товчоо надад хувьчлаагүй учраас гомдолтой байна гэдгээ хэлж байгаа боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулиа зөв тайлбарлаж, хэлж чадахгүй байна. Хэрвээ тухайн орон сууцанд хууль ёсоор оршин сууж байсан гэж үзэж байгаа бол Батлан хамгаалахын яаманд ямар бичиг баримт бүрдүүлж өгсөн юм бэ, тэр бичиг баримт нь хаана байна. Тухайн байрыг Ц.Мых гэж үзэх нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага хангадах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэж байна. 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Батлан хамгаалахын яамны харьяа төрийн өмчид аж ахуй, нэгж байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, командлал, нэгтгэл, анги байгууллага албан тушаалын орон сууцыг ашиглах журам байгаа. Уг журмын дагуу Ц.Б албаны орон сууцыг хувьчилж авсан. Хэн нэгэн эрх бүхий хурандаа, генерал, дарга нарын оруул гэсэн хүнийг оруулна, гарга гэсэн хүнийг гаргана гэж заасан зохицуулалт тус журамд байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн журмын 1.6-д анги байгууллагын мэдлийн орон сууцыг ашиглах заавар, үйлчилгээний бүх асуудлыг хариуцан зохион байгуулагч нь орон сууцыг эзэмшигч, тухайн албан тушаалын нэгтгэл, анги байна гэж заасан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анги нэгтгэлд ажиллаж байсан бол аль анги нэгтгэлийн албан хаагч нь хамаагүй энэ байранд орох эрхтэй гэж байна. Батлан хамгаалахын яам, зэвсэгт хүчний бүх анги байгууллага, нэгтгэл хариуцна гэсэн үг юм уу. Дээр дурдсан журам нь хуулийн нэгэн адил хэрэгжинэ гэж ойлгож байна. Тус журмын 1.8-д нэгтгэл байгууллага албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тухайн нэгтгэл, анги байгууллагын захирагч, дарга нарын зөвлөлийн журам хурлаар хэлэлцэнэ гээд заачихсан. Энэ асуудлыг зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн, шалгуур үзүүлэлт тавьсан н.Болдбаатар, н.Анхбаяр, н.Түмэнжаргал, н.Бат-Амгалан, О.Очирсүрэн, н.Гүррагчаа, н.Хишигдалай нар хууль дүрмийн дагуу Ц.Бг оруулсан гэдгээ гэрчилсэн. Эдгээр хүмүүсийг худлаа гэрчилсэн гэж үзэх боломжгүй. Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны дүгээр тогтоолыг үндэслэл байхгүй байна. Мөн орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулъя гэж байгаа. Хэдийгээр 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй. Хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Ц.Бд байрыг хувьчилсан гэдгийг хангалттай тайлбарлаж байна. Түр оршин сууж байсан хүнийг эзэмшигч гэж үзэхгүй. Ц.М нь хууль, журамд заасны дагуу Ц.Бд байр хувьчлагдах ёстойг мэдэж байгаа хэр нь тухайн үед Батлан хамгаалахын яамнаас байрнаас гарах талаар мэдэгдэл хүргүүлж байхад одоог хүртэл гараагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс Орон сууц хувьчлах тухай хуульд оршин сууж байгаа, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа хүнд хувьчлахаар заасан, мөн Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолд зэвсэгт хүчний мэдлийн орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад хувьчлахаар шийдвэр гаргасан, Ц.М нь Зэвсэгт хүчний Жанжин штаб болон орон сууц хуваарилах салбар комиссын даргын шийдвэрээр 2019 оноос 10 дугаар байрны 7 тоотыг ашиглаж ирсэн, ...хууль, журамд тухайн ангийн алба хаагчид орон сууц хувьчлах зохицуулалт байхгүй, харин зэвсэгт хүчинд ажиллаж байгаа алба хаагчид хувьчлах зохицуулалтай, Ц.М нь зэвсэгт хүчинд 8 жил ажилласан, ...гуравдагч этгээд Ц.Б нь маргаан бүхий 7 тоотод оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаагүй байхад дугаар ангийн Захирагчийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн байранд огт амьдарч байгаагүй хүнд байрыг хувьчлах шийдвэр гаргасан Батлах хамгаалах сайдын шийдвэр хууль бус, дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Орон сууц хувьчлах товчооны шийдвэрүүд мөн хууль бус байна гэж, хариуцагч Батлан хамгаалах сайд, Орон сууц хувьчлах товчооноос нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр албаны мэдлийн орон сууцанд ороогүй, Жанжин штабын ар талын газрын даргын албан бичгийг үндэслэн орсон нь хууль бус, ...холбогдох хууль журамд заасны дагуу дугаар ангиас ирүүлсэн саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй, түүнийг үндэслэн гарсан Орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
2.Албан тушаалын орон сууц ашиглах эрхийн тухайд:
2.1.Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталсан Албан тушаалын орон сууц ашиглах журам[1]-ын 1.1.Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн командлал, нэгтгэл, анги, байгууллагын офицер, ахлагч, ажилтан албан хаагчийг алба хаах хугацаанд нь албан тушаалын орон сууцаар хангаж, гэрээгээр ашиглуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна, 1.4.Цэргийн нэгтгэл, анги байгууллагын албан тушаалын орон сууц нь ... нэгтгэл, анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдад зориулагдах бөгөөд тухайн албан тушаалтан уг албан тушаалыг хашиж байх хугацаанд ашиглах эрхтэй, 1.5. ...албан тушаалын орон сууцыг ашиглах эрхийг гэрээгээр баталгаажуулна, 1.6.Цэргийн нэгтгэл, анги байгууллагын албан тушаалын орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний бүх асуудлыг хариуцан зохион байгуулагч нь тухайн орон сууцыг эзэмшигч нэгтгэл, анги байгууллага байна, 2.1.Цэргийн нэгтгэл, анги байгууллагын албан тушаалын орон сууцыг ашиглахаар өргөдөл, хүсэлт гаргасан алба хаагч нь өөр анги байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууц ашиглахгүй байх бөгөөд харьяалагдах нэгтгэл, анги, байгууллага нь тухайн албан тушаалын орон сууцыг ашиглагчтай батлагдсан маягтын дагуу гэрээ байгуулна гэж тус тус заажээ.
2.2.Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд нэгтгэл, анги байгууллага нь өөрийн эзэмшлийн орон сууцанд хүсэлт, өргөдөл гаргасан алба хаагчийг гэрээний үндсэн дээр алба хаах хугацаанд албан тушаалын орон сууцыг ашиглуулах бөгөөд алба хаагч нь өөр анги байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууц ашиглахыг хориглосон байна.
2.3.2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч болон нэхэмжлэгч Ц.М нарын хооронд байгуулсан Цэргийн анги байгууллагын мэдлийн орон сууцыг ашиглах гэрээ[2]-ээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 10 дугаар байрны 7 тоот, 30 м.кв, 1 өрөө орон сууцыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Цэргийн хүрээний барилга байгууламж завсар ашиглалтын тасгийн дарга, ахлах дэслэгч Ц.Мд ашиглаж эхэлсэн ба энэ талаар талууд маргаагүй.
2.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/157 дугаартай Балансаас балансад шилжүүлэх тухай тушаалаар[3] Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас Зэвсэгт хүчний 017, дугаар ангиудад шилжүүлэх 4 нэрийн 2,630,996,623.16 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийн жагсаалтыг баталж, маргаан бүхий Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах албан тушаалын 29 айлын орон сууцыг Зэвсэгт хүчний дугаар ангид шилжүүлжээ.
2.5.Улмаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар[4] Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас Зэвсэгт хүчний 017, дугаар ангиудад орон сууцыг балансаас балансад, орон сууцны гэрээ, төлбөр тооцоог шилжүүлэх ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж, Зэвсэгт хүчний дугаар ангид Албан тушаалын 29 айлын орон сууц-ны барилга, байгууламжийн хувийн хэрэг, ус, дулаан, хог хаягдал татан зайлуулах гэрээ, айл, өрхүүдийн төлбөр тооцоог хүлээлгэн өгсөн байна.
2.6.Дээрх үйл баримтаас үзвэл маргаан бүхий 29 айлын орон сууцны эзэмших эрхийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас дугаар ангид шилжүүлснээр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Цэргийн анги байгууллагын мэдлийн орон сууцыг ашиглах гэрээ-ний харилцаа дуусгавар болсон, улмаар нэхэмжлэгч Ц.М 7 тоот албан тушаалын орон сууцыг ашиглах гэрээг дугаар ангитай байгуулаагүй байх тул түүнд маргаан бүхий орон сууцыг ашиглах эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.7.Гэхдээ Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/1385 дугаартай албан бичгээр[5] Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10 байрны 7 тоот орон сууцанд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Цэргийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга ахлах дэслэгч Ц.Мг ажлын шаардлагаар хуваарилан оруулж, гэрээ байгуулж ажиллах-ыг Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчид мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч Ц.М маргаан бүхий 7 тоот орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч, хэрэглээний ус, дулааны төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер[6] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.8.Харин гуравдагч этгээд Ц.Б уг 7 тоот орон сууцанд амьдарч байгаагүй болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрснөөс үзвэл Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10 байрны 7 тоот орон сууцыг хууль ёсоор ашиглах эрх нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алинд нь үсээгүй байжээ.
2.9.Дээрх дүгнэвэл нэхэмжлэгч Ц.М нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр ашигладаггүй буюу дугаар ангитай албаны орон сууц ашиглах гэрээ байгуулаагүй, тухайн анги байгууллагад ажилладаггүй, орон сууц эзэмших эрхийн бичиг/ордер/-гүй болох нь тогтоогдож байх бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан орон сууц хувьчлан авах эрх үүсээгүй, хууль ёсны сууц эзэмшигч/ашиглагч/ этгээд биш байна.
2.10.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид маргаан бүхий 7 тоот орон сууцыг ашиглах эрх хууль тогтоомжийн дагуу үүсээгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэхээр байна.
3.Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Бд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
3.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг, 2 дугаар хавсралтаар оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх орон сууцны жагсаалтыг тус тус баталсан бөгөөд 1 дүгээр хавсралтад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1998 онд ашиглалтад орсон 29 айлын сууц багтсан байна. Мөн тогтоолын хоёр дахь заалтаар албан тушаалын орон сууцнуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх болон хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлах хамгаалахын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгажээ.
3.2.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах аргыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан хэдий ч энэ маргааны тухайд төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан Орон сууц хувьчлах тухай хуулийг хэрэглэхээр байна.
3.3.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг, мөн зүйлийн 5-д сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгохоор заасан байх ба орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцыг хувьчлан авах эрх үүснэ гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зохицуулжээ.
3.4.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигч гэдэгт сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгох ба сууц эзэмшигч нь тухайн сууцыг хувьчлан авах эрхтэй байна. Энэ маргааны тухайд хуульд заасан хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигч гэдгийг тодорхойлох нь маргааны гол зүйл байна.
3.5.Батлан хамгаалахын сайдын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар[7] Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолтой холбогдуулан албан тушаалын орон сууцыг ашиглаж байгаа оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнэ тогтоож, худалдан шилжүүлэх, хувьчлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулан байгуулж, Байгууллагын эзэмшлийн /албан тушаалын/ орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх түр журмыг шинэчлэн боловсруулж батлуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байх ба Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалаар Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд байгуулагдсан Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам-ыг баталжээ.
3.6.Тус журмын 3.2-т Ажлын хэсэг нь орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахдаа харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг хянан хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна гэж заасны дагуу Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр хуралдаанаар 29 айлын орон сууцыг хувьчлах саналыг хэлэлцэж, 7 тоот 1 өрөөг тус ангид он удаан жил ажилласан алба хаагч, тодруулбал Ц.Бд хувьчлуулах саналыг зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн болох нь хуралдааны тэмдэглэл[8], гэрч нарын тайлбараар тогтоогдож байна.
3.7.Улмаар Зэвсэгт хүчний дугаар ангийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 432 дугаар албан бичгээр[9] маргаан бүхий 7 тоот 30 м.кв орон сууцыг дугаар ангийн Тасгийн захирагч Ц.Бд хувьчлахад татгалзах зүйлгүй гэсэн саналыг Батлах хамгаалах яамны Орон сууц хувьчлах ажлын хэсэгт хүргүүлжээ.
3.8.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд цаг хугацааны хувьд Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/188 дугаар тушаалаар Албан тушаалын орон сууцыг ашиглаж байгаа оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнэ тогтоож, худалдан шилжүүлэх, хувьчлах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг, тус ажлын хэсгийн мөрдөж ажиллах Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам батлагдахаас өмнө Зэвсэгт хүчний дугаар ангиас маргаан бүхий 7 тоот орон сууцыг Ц.Мд хувьчлах саналыг Зэвсэгт хүчний Жанжин штабд хүргүүлж байсан болох нь дугаар ангийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаартай[10], 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 144 дугаартай албан бичгээр[11] нотлогдож байна.
3.9.Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журмын 2.5.Ажлын хэсгийн хуралдаанаар:, 2.5.2.Байгууллагын эзэмшлийн орон сууцыг хувьчлах ...ажлын явц, үр дүнгийн талаар холбогдох агентлаг, байгууллагын санал, мэдээлэл, эзэмшигчдийн өргөдөл, хүсэлт, 2.5.3.Ажлын хэсэг нь хувьчлах ... орон сууцны оршин суугчдын нэрийг батлах бөгөөд хөнгөлөлттэй үнээр худалдах орон сууцны үнэ тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, 3.1.Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан, байгууллагын эзэмшилд байгаа орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилна. 3.2.Ажлын хэсэг нь орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахдаа харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг хянан хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна гэж заасны дагуу ажлын хэсэг харьяалах нэгтгэл, анги, байгууллагаас ирүүлсэн байгууллагын эзэмшлийн орон сууцыг хувьчлах саналыг хянан хэлэлцэж, хувьчлах орон сууцны оршин суугчдын нэрийг батлах бөгөөд шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулахаар байна.
3.10.Хэдийгээр шүүхээс хийсэн үзлэгээр тус ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр зэрэг баримтууд олдоогүй боловч Батлан хамгаалах яамны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/841 дугаартай албан бичигт[12] ...Батлан хамгаалахын дэд сайд, Орон сууц хувьчлах төв комиссын даргын газрын үсгээр Сонгинохайрхан дүүрэг, хотхон 20 дугаар хороо, 10 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот 1 өрөө 30 м.кв орон сууцыг ... Цэрмаагийн Бд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн олгосон байна ... гэснээс үзвэл ажлын хэсэг харьяалах Зэвсэгт хүчний дугаар ангиас ирүүлсэн саналыг хэлэлцээд маргаан бүхий 7 тоот орон сууцыг гуравдагч этгээд Ц.Бд хувьчлах шийдвэр гаргасан, уг шийдвэрийг баталгаажуулан Батлах хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалын[13] нэгдүгээр хавсралтаар Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан үнэгүй хувьчлах нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны оршин суугчдын нэрийн жагсаалтыг баталж, 7 тоот 30 м.кв орон сууцыг Зэвсэгт хүчний дугаар ангийн Тасгийн захирагч Ц.Бд хувьчлахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
3.11.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын 29 айлын орон сууцыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн ба албан тушаалын орон сууцыг ашиглах эрх нь гэрээний үндсэн дээр хууль ёсоор үүсэх бөгөөд энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд 7 тоот орон сууцыг хууль ёсоор ашиглах эрх үүсээгүй байсан хэдий ч Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журмын 2.5.3, 3.2-т заасны дагуу харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн Батлах хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалаар маргаан бүхий 7 тоот орон сууцыг Ц.Бд хувьчлахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
3.12.Учир нь дээр дурдсанаар Орон сууц хувьчлах тухай хуульд сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигч нь тухайн сууцыг хувьчлан авах эрхтэй байхаар зохицуулсан боловч сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг ямар үндэслэл, журмаар олгохыг хууль тогтоогч тусгайлан заагаагүй учир Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам-ын дагуу харьяалах байгууллагаас ирүүлсэн санал-ыг үндэслэн албан тушаалын орон сууцыг Зэвсэгт хүчинд он удаан жил ажиллаж байгаа алба хаагчид хувьчлах шийдвэр гаргах эрх нь энэ хүрээнд боломжтой гэж үзнэ.
3.13.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 7 тоот орон сууцыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алинд ашиглах эрх хууль ёсоор үсээгүй байсан энэ нөхцөлд Зэвсэгт хүчний дугаар ангийн Захирагчийн зөвлөлийн 2020 оны 4 дүгээр хуралдаанаар гаргасан саналыг Ажлын хэсэг хянан үзэж, Ц.Бг 7 тоот 30 м.кв орон сууцыг хувьчлах эрхтэй буюу хууль ёсны сууц эзэмшигч гэж үзэж Орон сууц эзэмшигч эрхийн бичиг олгосон, улмаар Батлах хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалаар маргаан бүхий 7 тоот орон сууцыг түүнд хувьчлах шийдвэр гаргасан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан орон сууц хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг хангасан, хуульд нийцсэн шийдвэр гэж дүгнэлээ.
3.14.Иймд Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Бд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Бд холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1.Батлах хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1а/851 дугаартай албан бичгээр[14] Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.
4.2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр[15] Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт Орон сууц хувьчлах тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийн дагуу материалыг хянан үзэж, өмчлөх асуудлыг шийдвэрлэхийг даалгаж, хавсралтаар оршин суугчдад нь хувьчлах орон сууцны оршин суугчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсний дотор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны 7 тоот 30 м.кв 1 өрөө орон сууцанд Ц.Бгийн нэр багтжээ.
4.3.Мөн гуравдагч этгээд Ц.Б Орон сууц хувьчлах тухай хуулийн 121дүгээр зүйлд 1-д заасан хууль ёсоор эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах иргэн эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах эрхийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10 байрны 7 тоот орон сууцыг хувьчилж авах өргөдлийг[16] Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан байна.
4.4.Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй: 2/ эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах, 6/өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, 17 дугаар зүйлийн 1-д Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана, 18 дугаар зүйлийн 1-д Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
4.5.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд орон сууц хувьчлах нөхцөл нь хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчид олгосон орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хувьчлан авах тухай өргөдөл байх бөгөөд орон сууц хувьчлах товчоо уг нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах шийдвэр гаргахаар, тус шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор байна.
4.6.Дээр дурдсанаар нэгэнт Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаал, Ц.Бд олгосон Орон сууцыг эзэмших эрхийн бичиг нь хуульд нийцсэн, Ц.Бгээс хуульд заасан эрхийн хүрээнд орон сууц хувьчлах тухай өргөдөл гаргасан буюу орон сууц хувьчлах хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байх тул Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Ц.Бд 7 тоот орон сууцыг хувьчлах шийдвэр гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг[17] олгосон нь хууль ёсны гэж үзнэ.
4.7.Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Ц.М нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 161 дүгээр зүйлийн 2-т заасан орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ авсан байх, сууц хувьчлан авах тухай өргөдлийг Орон сууц хувьчлах товчоонд гаргасан байх шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ц.Мы нэр дээр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй гэж шүүх үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Ц.Мгаас Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Бд холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Бд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Бд холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 8 дахь тал
[2] Хавтаст хэрэгт хавсаргасан.
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 133 дахь тал
[4] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 236 дахь тал
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 90 дэх тал
[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 139-143 дахь тал
[7] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 19 дэх тал
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 147 дахь тал
[9] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 78-79 дэх тал
[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 144-145 дахь тал
[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 151-152 дахь тал
[12] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 204 дэх тал
[13] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 54 дэх тал
[14] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 17 дахь тал
[15] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 60 дахь тал
[16] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 104 дэх тал
[17] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 84 дэх тал