Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт байрлах, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /4075536/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Мянган угалзат орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /4067088/-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны  06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны төлбөр болох 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 35,109,797 /гучин таван сая нэг зуун есэн мянга долоон зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй.

 Нэхэмжлэлийн агуулга: Мянган угалзат ОНӨААТҮГ-н халаалтын төлбөр болох нийт 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг нэхэмжилсэн.

Анх 2017 онд 819 метр квадрат талбайтай байсныг дээрээсээ шинэчлээд дахин талбайн метр кубээр гаргахад 2106 куб эзлэхүүнтэй болсон. Ингээд 2106 метр куб-ээр бодоод үндсэн төлбөр болон алдангийг гаргасан. Энэ төлбөр нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх төлбөр байгаа. 2019 онд м.куб-ын үнийн өөрчлөлт орсон боловч өмнөх жилүүдтэйгээ адилхан 1 м.куб-ын үнэ 1485 төгрөг байгаа. ....Манай байгууллага 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр 21,891,870 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр 21,891,870 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн. Энэ хугацааны дулааны төлбөр огт төлөгдөөгүй....2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсан. 1 м.куб-ын үнийг 1485 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. ....Хариуцагч байгууллагын 2106 м.куб талбайтай бүхий объектыг дулаанаар хангадаг.Айл өрхийг м.квадратаар тооцдог. Харин аж Ахуй нэгж төсөвт байгууллагыг метр куб-аар тооцдог. ...Хариуцагчийн сарын дулааны төлбөр 3,127,410 төгрөг байгаа гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбартаа:  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мянган угалзат ОНӨААТҮГ-ын хувьд нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь дулаан дамжуулж байгаа тоног төхөөрөмж нь Мянган угалзат ОНӨААТҮГ-ын хөрөнгө юм. Өдийг хүртэл Ховд дулааны станцын өмчлөл, ашиглалтад байгаа тоног төхөөрөмж ашигласны төлбөр болон түрээсийн төлбөрийг огт аваагүй байдаг. Тухайн тоног төхөөрөмжөөр ойролцоох 2 байр гэсэн объектуудад дулааныг түгээж байгаа. Гэтэл энэ хэдэн жилийн хугацаанд ямар ч дулааны тоног төхөөрөмж ашигласны зардал болон элэгдлийн зардлыг тооцож аваагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Төлбөрөөс төлөөгүй байгаа....Манай байгууллагын зүгээс алданги төлөхгүй. Нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 35,109,797 төгрөгийг хасуулж тооцуулна. Энэ нь тоног төхөөрөмж ашигласны элэгдлийн зардалд 24,175,143 төгрөг, цахилгааны төлбөрт 2,564,654 төгрөг, түрээсийн төлбөрт 8,370,000 төгрөг, нийт 35,109,797 төгрөг болж байгаа. Үүнээс үлдэгдэл 8,673,943 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2106 м.куб эзлэхүүний талаар маргаан байхгүй.....1 м.куб-ыг 1485 төгрөгөөр тооцсон талаар маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Мянган угалзат ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай Хөрөнгө бүртгэх тухай тогтоолоор хөрөнгийн бүртгэлийг тусгасан ашиглалтыг Мянган угалзат ОНӨААТҮГ-т хариуцуулан ашиглалтын гэрээ хийж ашиглахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Тус тогтоолд 847,371,542 төгрөгийн үнэтэй нийт 30 ширхэг тоног төхөөрөмжийг Мянган угалзат ОНӨААТҮГ-т өгсөн байдаг. Эдгээр тоног төхөөрөмжийг Ховд дулааны станц ТӨХК ашиглаад, объектуудад дулаан дамжуулсан байдаг. Иймд түрээсийн төлбөрийг 31 сараар буюу 1 сард 270,000 төгрөгөөр бодоод 8,370,000 төгрөг, элэгдлийн зардал 24,175,143 төгрөг, Ховд дулааны станц ТӨХК нь Мянган угалзат ОНӨААТҮГ-ын хариуцаж байгаа Ахуй үйлчилгээний байранд байрлаж 2 объектыг дулаанаар хангадаг. Энэ байрны цахилгааны төлбөр 2,564,654 төгрөг, нийт 35,109,797 төгрөгийг Ховд дулааны станц ТӨХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан....2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цахилгааны төлбөр 2,564,654 төгрөгийг нэхэмжилсэн.

Ахуй үйлчилгээний байрны тодорхой хэсгийг ашиглаад дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг байрлуулсан байгаа учраас тэр байрыг ашиглуулсныхаа түрээсийн төлбөр болох 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 270,000 төгрөгөөр бодоод нийт 31 сарын төлбөр 8,370,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гандөш шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манай байгууллагын зүгээс хариуцагч талаас нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөр 2,564,654 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Дараа нь Мянган угалзат ОНӨААТҮГ-ын Ахуй үйлчилгээний байрыг барихдаа өөрсдөө уурын зуухаар галлана гэсэн байдаг. Гэтэл Аймгийн засаг даргын зүгээс төвд гал түлүүлэхгүй гэсэн учраас хариуцагч байгууллагыг дулаанаар хангана гэсэн учраас манай байгууллагын хүлээн авсан байсан тоног төхөөрөмжийг хариуцагч байгууллагын байранд суурилуулж дулаанаар хангаж эхэлсэн. Тухайн тоног төхөөрөмжүүд нь манай байгууллагын тоног төхөөрөмжүүд учраас элэгдлийн зардлыг төлөхийг зөвшөөрөхгүй байна. ...Түрээсийн төлбөрт 8,370,000 төгрөгийг хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжилсэн. Ямар үндэслэлээр түрээсийн төлбөрийг бодож гаргасныг мэдэхгүй байна. Тоног төхөөрөмжөө суурилуулахдаа түрээсийн гэрээ байгуулаагүй учраас түрээсийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төлбөрөө өгөхгүй байсан учраас албан бичгийн хамт хүсэлтийг хүргүүлж байсан бөгөөд 2 сар дараалан төлбөрөө төлөөгүй тохиолдолд дулааныг таслахаар гэрээнд тусгасан байгаа гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч Мянган угалзат ОНӨААТҮГ-аас дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 10,945,935 төгрөг, нийт 54,729,675 /тавин дөрвөн сая долоон зуун хорин есэн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 10,945,935 /арван сая есэн зуун дөчин таван мянга есэн зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д заасныг баримтлан Ховд дулааны станц ТӨХК-иас цахилгааны төлбөр 2,564,654 /хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан Мянган угалзат ОНӨААТҮГазарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 32,545,143 /гучин хоёр сая таван зуун дөчин таван мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мянган угалзат ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 431,598 /дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-д олгосугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Мянган угалзат ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд дулааны станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 55,984 /тавин таван мянга есэн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан Мянган угалзат ОНӨААТҮГазарт олгосугай гэж шийдвэрлэжээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 1.1-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хангаж хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар заасан. Үүнээс хойшхи хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь 2017-2018 он, 2018-2019 оны дулааны эрчим хүчээр хангасны төлбөрийн алданги нийт 21,891,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх бичгээр гэрээ байгуулаагүй үеийн алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа алдангийг тооцохдоо гэрээний хугацаагаар биш нийт алдангийн үнийн дүнгээс 50 хувиар тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Эрчим хүчний тухай хуульд заасан гэрээ, гэрээний үнэ, эрчим хүчний үнэ тариф, хуульд зааснаар алданги төлөх эсэх, мөн дулааны эрчим хүч дамжуулах шугам сүлжээний ашиглалтын талаарх маргааны зүйл байгаа нь эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Эрчим хүчний зохицуулах зөвлөл мэргэжлийн үүднээс дүгнэлт, шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалттай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь Мянган угалзат ОНӨААТҮГ-т холбогдуулан дулааны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг нийт 65,675,610 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ “Ховд дулааны станц ТӨХК нь манай Мянган угалзат ОНӨААТҮГ-ын 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг ашигласны элэгдлийн зардал 24,175,143 төгрөг, байрны түрээсийн төлбөр 8,370,000 төгрөг, цахилгааны төлбөр 2,564,654 төгрөг нийт 35,109,797 төгрөг төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  Мянган угалзат ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-нд холбогдуулан 35,109,797 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ховд дулааны станц ТӨХК нь сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад цахилгааны төлбөр 2,564,654 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг ашигласны элэгдлийн зардал 24,175,143 төгрөг, байрын түрээсийн төлбөр 8,370,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ “тухайн тоног төхөөрөмжүүд нь манай тоног төхөөрөмж тул элэгдлийн зардал төлөхгүй, мөн түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул байрны түрээсийн төлбөр төлөхгүй” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх Ховд дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь: Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь хариуцагч  Мянган угалзат ОНӨААТҮГ-т холбогдуулан дулааны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг нийт 65,675,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ хавсаргаж ирүүлснийг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Мянган угалзат ОНӨААТҮГ нь “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2106м3 талбайг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны эрчим хүчээр хангасан, 14 сарын нийт үндсэн төлбөр 43,783,740 төгрөгийн тооцоо гарсан” гэх үйл баримттай маргаагүй байх тул дулааны эрчим хүчээр хангасан төлбөр 43,783,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж алданги 10,945,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс алданги 10,945,935 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ховд дулааны станц ТӨХК нь хэрэглэсэн цахилгааны төлбөр 2,564,654 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Ховд дулааны станц ТӨХК-иас 2,564,654 гаргуулан Мянган угалзат ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй гэж үзсэн, мөн 15 нэр  төрлийн тоног төхөөрөмжүүд нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны балансад бүртгэлтэй байх тул Мянган угалзат ОНӨААТҮГ нь 15 нэр бүхий тоног төхөөрөмж ашигласны элэгдлийн зардлыг нэхэмжлэх эрхгүй гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Мянган угалзат ОНӨААТҮГ нь 15 нэр  төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулан байршуулсан байрны /өрөөний/ түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боловч талуудын хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул түрээсийн төлбөр 8,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,598 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан боловч хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431598 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

 

          

                         ШҮҮГЧИД                                                                   Б.ДАМБА

 

                                  

                                                                                                             М.НЯМБАЯР